| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2026/00017/И |
| Дугаар | 157/ШШ2026/00017 |
| Огноо | 2026-01-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 157/ШШ2026/00017
2026 01 05 157/ШШ2026/00017
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 8 дугаар хороо, С 15 давхар, м банк ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Х аймгийн Б сум, 1 дүгээр багт оршин суух О-ийн Х-д холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 23,635,887.69 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч м банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч О.Х нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2025-02-19-нд 6000489665 тоот “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж төгрөгийн зээлийг сарын 1.35%-ийн хүүтэй, 31 сарын хугацаатай зээлдэн авсан.
Зээлдэгчтэй байгуулсан 6000489665 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүргийг 148 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000489665 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2027-08-19-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачлагаар цуцлах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлага:
Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000489665 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 21,988,554. төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,598,750.2 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 29,583.2 төгрөг, нотариатын*.төлбөрт 19,000 төгрөг, нийт 23,635,887.69 төгрөгийг зээлдэгч О-ийн Х-аас гаргуулах. Улсын тэмдэгтийн хураамжинд 276,129.0 төгрөг төлсөн болно.” гэжээ.
Хариуцагч О.Х шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие М банкнаас цахим зээлийн гэрээ хийж зээл авсан нь үнэн. Зээлийг авснаас хойш 3 сар тасралтгүй зээлээ хугацаанд нь төлж байсан...2025 оны 3 сард гэнэтийн шаардлагаар ажлаасаа гарсан тул орлогын эх үүсвэр байхгүйн улмаас 2025 оны 5 сараас эхлэн зээлийн эргэн төлөлтөө хийхэд хүндрэлтэй болсон...Шинэ ажилд орж үндсэн ажилтан болсон тул 2026 оны 01 дүгээр сарын 05-наас зээлийн төлөлтөө хийгээд явна. Миний бие зээлээ эргэн төлөхөө амлаж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч м банк ХК нь хариуцагч О.Х-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,635,887.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч О.Х нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...2026 оны 01 дүгээр сарын 05-наас зээлийн төлөлтөө хийгээд явна. Миний бие зээлээ эргэн төлөхөө амлаж байна.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч О.Хгийн нэхэмжлэлийн шаардлага болох 23,635,887.69 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч м банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 276,129 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 276,129 төгрөгийг тал хувиар бууруулж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч О.Хгаас 138,064.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос 138,064.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч м банк ХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч м банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Х-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 23,635,887.69 (хорин гурван сая зургаан зуун гучин таван мянга найман зуун наян долоон төгрөг жран есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч м банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 276,129 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч О.Хгаас 138,064.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос 159,779 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч м банк ХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч О.Х нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ