| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2026/00006/И |
| Дугаар | 157/ШШ2026/00022 |
| Огноо | 2026-01-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 157/ШШ2026/00022
2026 01 05 157/ШШ2026/00022
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 1 дүгээр хороо, П гудамж, А 13 давхар, 1301А тоот П ББСБХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Х аймгийн Б сум, 4 дүгээр баг У 16-5 тоотод оршин суух, Г овогт С-ийн Э-т холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 18,202,998.68 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн хууль, эрсдлийн удирдлагын газрын захирал П.Ошүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч С.Э нь манай компанитай 2025 оны 5 сарын 23-ний өдөр L1000132520 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгч С.Эын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас:
-2025 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 7811434963 зээлийн дансны дугаартай, 2,373,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946396987 банкны тоот дансанд;
-2025 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 7100503084 зээлийн дансны дугаартай, 13,180,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.7 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946396987 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 12 сарын 4-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1. 2025 оны 7 дугаар сарын 14-ний зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл 2,373,000 төгрөг, шимтгэл 47,460 төгрөг, үндсэн хүү 446,254.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 70,526.87 төгрөг, нийт: 2,937,240.89 төгрөг
2. 2025 оны 7 дугаар сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл 13,180,000 төгрөг, үндсэн хүү 2,035,663.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,593.84 төгрөг, нийт 15,258,257.79 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан нотариатын зардал 7,500 төгрөг. Иймд хариуцагч С.Эаас нийт 18,202,998.68 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч С.Э шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие С-ийнЭнхбаяр нь 18,202,998.68 төгрөгийг П ББСБ-д төлөхөд маргах зүйлгүй. 8 сарын дотор зээлээ төлж барагдуулах нь үнэн болно.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П ББСБХХК нь хариуцагч С.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,202,998.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч С.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...18,202,998.68 төгрөгийг П ББСБ-д төлөхөд маргах зүйлгүй. 8 сарын дотор зээлээ төлж барагдуулах нь үнэн болно.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч С.Эын нэхэмжлэлийн шаардлага болох 18,202,998.68 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч П ББСБХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,965 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 248,965 төгрөгийг тал хувиар бууруулж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.Эаас 124,482.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос 124,482.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч П ББСБХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П ББСБХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Э-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 18,202,998.68 (арван найман сая хоёр зуун хоёр мянга есөн зуун ерэн найман төгрөг жаран найман мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П ББСБХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,965 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.Эаас 124,482.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос 124,482.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч П ББСБХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч С.Э нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ