| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2409000002074 |
| Дугаар | 2025/ДШМ/470 |
| Огноо | 2025-04-24 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Л.Төвхүү |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/470
2025 04 24 2025/ДШМ/470
Г.М-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Л.Төвхүү,
шүүгдэгч Г.М , түүний өмгөөлөгч Э.Сайнсанаа,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/375 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Сайнсанаагийн гаргасан давж заалдах гомдлоор Г.М-д холбогдох 2409000002074 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Г-ийн М , 1*** оны * дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******дүүргийн ** дугаар хороо, ******* ******Д байрны *** тоотод оршин суух хаягтай,
Урьд: - ******дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 397 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, /РД: *******/,
Шүүгдэгч Г.М нь цахим хэрэгсэл ашиглаж сэтгүүл хэвлүүлэх талаар facebook цахим орчинд зар байршуулсан хохирогч Б.Б-ий зарын дагуу холбогдож “Манайх хэвлэлийн үйлдвэр байгаа юм, тань руу үнийн саналаа явуулъя 23 цагт хэвлүүлсэн сэтгүүлээ ирж аваарай” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшлийн ХААН банкны *********** дугаартай дансаар 2 удаагийн гүйлгээгээр нийт 4.200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.М ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б овогт Г-ийн М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.М од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М од оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.М ын өмгөөлөгч Э.Сайнсааа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолд заагдсан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж дараах гомдлыг гаргаж байна.
1. Миний үйлчлүүлэгч Г.М нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад удаа дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлж оролцсон. Тодруулбал, Г.М нь гэмт хэрэг үйлдсэнд огт маргадаггүй. Шүүх хурал товлогдохоос өмнө өмнөх шийтгэлд тогтоолд дурдагдсан 5,000,000 төгрөгийн торгуулиа бүрэн төлж, мөн хохирогч Б.Б-ээс хууль бусаар олж авсан 4,200,000 төгрөгийг бүрэн төлж хохиролгүй болгосон. Гэвч анхан шатны шүүхээс Эрүүгийн хуульд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр эмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зорчигдсон эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, "Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гом буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно; энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгов оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх" гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Г.М нь гэмт хэрэг үйлдлээ хүлээн зөвшөөрч хохирлоо бүрэн нөхөн төлж хохиролгүй болгосон тул дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх нь хууль зүйн үндэслэлтэй байсан.
Шийтгэх тогтоол гарснаас хойш өнөөдрийг хүртэл Г.М ыг цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид хорьж байна. Давж заалдан шатны шүүх хуралдаан болох үед Г.М нь нийт эдлэх ялын талыг эдэлчихсэн байх тул Г.М од оногдуулсан хорих ялыг өөрчлөх нь эрүүгийн хуульд заагдсан хуулийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэж байна.
2. Хэргийн материал болон шүүхийн шийтгэл тогтоолд Г.М ын хувийн байдлыг буруу тогтоосон нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн. Г.М нь шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хугацаанд тогтвортой ажил хөдөлмөр эрхэлж явсан нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тус тус тогтоогддог. Түүнийг ам бүл 3 буюу эхнэр, хүүхдийн хамт амьдардаг гэх боловч Г.М нь хүүгийнхээ хамт амьдардаг. Хүүхдийнхээ ээжтэй гэрлэлтээ батлуулаагүй, мөн хамт огт амьдардаггүй болно.
Өөрөөр хэлбэл Г.М ын хүүхэд өнөөдрийн байдлаар 1 нас 11 сартай хүүхдээ ганцаараа өсгөдөг, ганц бие аав болно. Дээрхээс дүгнэвэл Г.М ыг огт ажил хөдөлмөр эрхэлдэггүй бөгөөд өнөөдөр цагдан хорих газарт орсон ч гэсэн хүүхдийг нь эхнэр нь харж байгаа мэт дүгнэлт төрүүлэхүйц ташаа мэдээлэл хэргийн материалд оруулсан байна. Иймээс миний үйлчлүүлэгч Г.М нь үйлдсэн гэмт хэрэгтээ гүнээ гэмшиж байгаа бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, 3 сар цагдан хоригдсон, ганц бие 2 хүртэлх настай хүүгийн эцэг гэх үндэслэлүүд болон Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.1-т тус тус хуулийн зорилго, ял хөнгөрүүлэх нөхцөлүүдийг тус тус харгалзаж хорих ялыг торгох ялаар сольж, шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна...” гэв.
Шүүгдэгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс надад 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад оногдуулсан хорих ялын үндсэн хугацааг хорихоос өөр төрлийн ял шийтгэлээр сольж өгнө үү. Би өөрийн хайртай хүмүүс болон өөрийн дуртай ажлаа хийж, өөрийн хайртай хүү дээрээ очоод зөв, зүйтэй амьдрах болно. Намайг тухайн төлбөрийг 6 сарын хугацаанд төлөөрэй гэсэн. Надад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансыг өгсөн бөгөөд эхлээд 1 сая төгрөг хийгээд дараа нь 4 сая төгрөгийг төлсөн баримтаа ******дүүргийн шийдвэр гүйцэтгэгч Отгонцэцэгт өгсөн гэв.
Прокурор Л.Төвхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.М од өмнө нь ******дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 397 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь хүндрүүлэх нөхцөл байдал биш боловч түүний гэмт хэрэг үйлдсэн байдал болон учруулсан хохирол хор уршиг болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад энхэр, хүүхдийн хамт ам бүл 3, эрхэлсэн тодорхой ажилгүй гэж мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Г.М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудал, хэргийн бүхий л нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тал бүрээс нь бүрэн хангалттай, бодитойгоор тогтоогоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.М нь урьд ******дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЩТ/397 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар Г.М-ыг 5.000 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэсэн байх бөгөөд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатын шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ДШМ/926 дугаар магадлалаар ******дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/397 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЩТ/397 дугаар шийтгэх тогтоолоор 5.000.000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэсэн ялыг бүрэн дуусгасан талаарх шийдвэр гүйцэтгэлийн баримт байхгүй.
Шүүгдэгч Г.М 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Төрийн сангийн 100900012060 тоот дансанд 2.400.000 төгрөг, 100200100988 тоот дансанд 1.600.000 төгрөг нийт 4.000.000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн гүйцэтгэх газрын дансанд төлсөн баримт хэрэгт авагдснаас үзэхэд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн төлж дуусан гэх баримт хэрэгт байхгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.М нь 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр үйлдсэн заилах гэмт хэрэгт оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг хэмжээг тогтоох асуудлыг анханшатны шүүх шийдвэрлээгүй гэж үзнэ.
Монгол Улс 1990 оны 07 дугаар сарын 05-ны өдөр соёрхон баталсан Хүүхдийн эрхийн тухай конвенцын 7 дугаар зүйлийн 1-д “Хүүхэд төрмөгцөө бүртгүүлэх, төрсөн цагаасаа нэр авах, иргэний харьяалалтай болох, түүнчлэн эцэг эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрх эдэлнэ.” 18 дугаар зүйлийн 1-д “...Хүүхдийн хүмүүжил болон хөгжилд эцэг, эх буюу тодорхой тохиолдолд хууль ёсны асран хамгаалагчид гол хариуцлагыг хүлээнэ.”, 19 дүгээр зүйлийн 1-д Оролцогч улсууд эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, хүүхдийг асран халамжилж байгаа бусад хүн хүүхдийг бие бялдар, сэтгэл зүйн хувьд бүхий л хэлбэрээр дарамтлах, доромжлох, сөргөөр ашиглах, хайр халамжгүй орхих, зүй бусаар хандах, хэрцгийгээр харьцах, албадан хөдөлмөрлүүлэх буюу бэлгийн хүчирхийллээс хамгаалах зорилгоор хууль тогтоох, захиргааны, нийгмийн болон гэгээрлийн бүхий л шаардлагатай арга хэмжээ авна.” гэж тус тус заажээ.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 2-т “Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн.”, Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт “Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална.” гэж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй.” гэж тус тус хуульчилснаас гадна Хүүхдийн эрхийн тухай конвенцид хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавихаар тусгасан байна.
Гэтэл Анхан шатны шүүх шүүгдэгч Г.М ын хувийн байдал, 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү М.Мөнхбатын хамт амьдардаг болох нь хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх 93/, ******дүүргийн 6 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх 92/ зэргээр тогтоогдож байхад Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт заасан хорих ялаар шийтгүүлсэн шүүгдэгчийн хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах талаар шийдвэр гаргаагүй нь учир дутагдалтай байна.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/375 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв. Шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Хорих ялыг торгох ялаар сольж шийтгэлийг хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Шүүгдэгч Г.М од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/375 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Г.М од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Ц.ОЧ