Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 129

 

2018 оны 7 сарын 05 өдөр                           2018/ШЦТ/129                       Хэрлэн сум

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/0145/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                       А.Уламбаяр,

Улсын яллагч                                          Ц.Цэен-Ойдов

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал,

Шүүгдэгч                                                       С.Б нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Иөншөөбү овогт Сандагийн Бт холбогдох 1839002030101 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй,бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар баг Жаргалант гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 5 сарын хорих ял, 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сум дундын 28 дугаар шүүхийн 19 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан Иөншөөбү овогт Сандагийн Б /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт саарал өнгийн приус 20 маркийн 69-88 ХЭҮ улсын дугаартай автомашинаас иргэн Ө.Төгсжаргалын гээгдэл цагаан өнгийн Самсунг ноте 5 маркийн гар утсыг завшиж 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт саарал өнгийн приус 20 маркийн 69-88 ХЭҮ улсын дугаартай автомашинаас иргэн Ө.Төгсжаргалын гээгдүүлсэн цагаан өнгийн Самсунг ноте 5 маркийн гар утсыг завшиж 320.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

Хохирогч Ө.Төгсжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өглөө 09 цаг 30 минутанд Ханбүргэдэй дэлгүүрийн гаднаас мөнгөлөг саарал өнгийн приус 20 маркийн 69-88 ХЭҮ улсын дугаартай такси бариад хорихийн байраар орж айлаар ороод гүүрний постон дээр буусан. Би гар утсаар ярих гээд үзсэн чинь байхгүй байхаар нь камераар шүүлгэсэн. 12 цагийн орчимд тэр таксины жолоочийг авчирсан. Тэр жолоочоос гар утсаа асуусан чинь би аваагүй. Чиний дараа улаан өнгийн дээлтэй 30 гаран насны эрэгтэй хүн суугаад улсын бүртгэлийн урд талын зогсоол дээр буусан. Улсын бүртгэл орж камер шүүж үзсэн чинь улаан дээлтэй хүн байхаар нь зургийг нь аваад цагдаа дээр өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 хуудас/

Гэрч М.Бямбатогтохын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би гар утсаа алдсан гэх хүүхэнтэй уулзаад чиний дараа улаан өнгийн дээлтэй эрэгтэй хүн суугаад улсын бүртгэлийн гадна буусан тэр залуу иргэний лавлагаа авна гэж байсан таалар хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/

Гэрч Б.Энхнарангийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 19-ний би хичээлээ тараад 01 цаг 40 минутын орчим гэртээ очсон чинь гэрт эмээ Буяндэлгэр байж байсан чинь нэг удас дуугаараад байсан тэгэхээр нь би тэр утсыг аваад харсан чинь цагаан өнгийн самсунг маркийн гадуураа  ягаан өнгийн гэртээ утас байсан. 20 гаран дуудлага ирсэн мөн 2 мессеж ирсэн. Буяндэлгэр эмээ надад хэлэхдээ Баянхутаг сумаас Б ах чинь ирсэн наад утсыг чинь унтраагаад цааш нь хийгээд орхичих гэж хэлээрэй гээд үлдээгээд гарсан гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/

2018 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 001313 дугаартай эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 8 хуудас/

2018 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 001313 дугаартай эд зүйл хураан хүлээлгэн тэмдэглэл /хх-ийн 10 хуудас/

С.Бийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...... намайг тухайн машинаас буух үед миний хажууд нэг цагаан өнгийн марк нь тодорхойгүй гар утас унасан. Тэгэхээр нь би тухайн утсыг өвөртөө хийгээд аваад явсан. Тэгээд би ажилаа амжуулаад Хэрлэн сумын 1 дүгээр баг Өгөөжийн хажуу талын хашаан байдаг ээж Буяндэлгэрийн гарт очсон. Ээжийн гэрт байж байгаад би явахаар болоод сая нэг утас олсон энд үлдээгээд явлаа шүү гээд Баянхутаг сум руу явсан. Явсан хойгуур ээжийн гэрт цагдаа нар ирээд нөгөө олсон утсыг авсан байсан......” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Төгсжаргалд 320.000  төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь нэхэмжилэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгч С.Бийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн хохирол төлбөргүй байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Иөншөөбү овогт Сандагийн Бийг бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох   ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч шүүгдэгч С.Бт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчинтэй болсоноос хойш сард 100.000 төгрөг төлөхөөр буюу 5 сарын хугацаанд төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.  

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай. 

 6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Бт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ