| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2402005761550 |
| Дугаар | 2025/ДШМ/510 |
| Огноо | 2025-05-06 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2025/ДШМ/510
Х.Б-, Д.Б-, Я.О-,
Х.Х- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Х.Б-, Д.Б-, Я.О-, Х.Х- нарын өмгөөлөгч Д.Гомбо,
шүүгдэгч Х.Б-, Д.Б-, Я.О- нарын өмгөөлөгч М.Хандармаа,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/279 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Б-, Д.Б-, Я.О- нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Х.Б-, Д.Б-, Я.О-, Х.Х- нарт холбогдох 2402005761550 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
1.А овгийн Х-ын Б, 1984 онд Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, (РД:...), урьд:
-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т зааснаар 7 жил 10 хоногийн хорих ялаар,
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/111 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан;
2.А овгийн Д-ийн Б, 1990 онд Ховд аймаг төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);
3.Б овгийн Я-гийн О, 1981 онд Баянхонгор аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Я” ХХК-д ачигч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, (РД:...), урьд:
-Баянхонгор аймгийн шүүхийн 1996 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 155 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хорих ялаар шийтгүүлж байсан;
4.А овгийн Х-ын Х, 1988 онд Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Б” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);
Х.Б-, Д.Б-, Я.О-, Х.Х- нар нь бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Богдхан Уулын дархан цаазат газарт орших Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өвөр зайсангийн аманд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаал”-д багтсан нийт 713.1 кг буюу 17 шуудай Сибирь хуш модны үр идээ болох цайруулсан самрыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, бэлтгэн ... УЕС улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологи, ургамлын аймагт 352,677,400 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газар: Х.Б-, Д.Б-, Я.О-, Х.Х- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х.Б-, Д.Б-, Я.О-, Х.Х- нарыг байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Б-, Д.Б-, Я.О- нарт 1 жил 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, оршин суугаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглон, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, Х.Х-ийг 6,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
шүүгдэгч Х.Б-, Д.Б-, Я.О-, Х.Х- нараас тус тус 88,169,350 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, Уур амьсгалын санд олгон, мөн тээврийн хэрэгслийн үнэ 6,000,000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс 1,500,000 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.Б-, Д.Б-, Я.О- нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хуш модны самар нь зах зээлийн ханшаар 3,500,000 орчим төгрөг болно. Гэтэл экологи эдийн засгийн үнэлгээ гэж төлж барагдуулж чадахаас хэт өндөр дүнгээр тогтоосон нь бидний амьдралын нөхцөл байдалтай уялдахгүй байна. Мөн эрүүгийн хариуцлагын хувьд 1 жил 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь улсад төлөх төлбөрөө төлж чадахгүй, ажил хийх боломжгүй болсон. Иймд улсад төлөх төлбөрийн хэмжээ болон эрүүгийн хариуцлагыг багасгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Х.Б-, Д.Б-, Я.О-, Х.Х- нарын өмгөөлөгч Д.Гомбо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нар амьдралын нөхцөл байдал хүнд хүмүүс байдаг. 1 жил 6 сар зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар соливол ажил, хөдөлмөр эрхлэх боломжтой. Шүүгдэгч нарын гаргасан “түүсэн самрын зах зээлийн үнэлгээгээр хохирлыг тооцож өгнө үү” гэх агуулгатай гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
Шүүгдэгч Х.Б-, Д.Б-, Я.О- нарын өмгөөлөгч М.Хандармаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Д.Гомботой санал нэг байна. Экологи-эдийн засгийн үнэлгээг хүн тус бүрээс 88,169,350 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд “...байгаль орчинд учруулсан хохирлыг тооцохдоо экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцно...” гэж заасан. Тухайн хэмжээгээр тооцоход хохирлын хэмжээ буурах боломжтой байгааг шүүх харгалзаж үзнэ үү. Шүүгдэгч нарын хувьд зах зээлийн ханшаар тооцуулах хүсэлтэй байгаа. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Х.Б-, Д.Б-, Я.О- нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд,
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Х.Б-, Д.Б-, Я.О-, Х.Х- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хэргийг хүлээн авч, шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ тэдгээрийн гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, гүйцэтгэсэн үүрэг, оролцооны талаар зөв, тодорхой дүгнээгүй байна.
Тухайлбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт, 2 дахь хэсэгт хамтран оролцогчдын төрлийг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлд гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэх талаар тодорхой заасан.
Гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зоригоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл юм.
Шүүгдэгч Х.Х-ийг Х.Б-, Д.Б-, Я.О- нартай бүлэглэн Богдхан Уулын дархан цаазат газарт орших Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өвөр зайсангийн аманд 713.1 кг Сибирь хуш модны үр идээ болох цайруулсан самрыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, бэлтгэсэн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон мэтээр хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүй үйл баримтад гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Түүнчлэн, шүүх шүүгдэгч нарыг Сибирь хуш модны самрыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, бэлтгэсэн талаар дүгнэсэн атлаа прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн нэг шинж болох тухайн самрыг тээвэрлэсэн гэх үйлдэлд огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь учир дутагдалтай болжээ.
Ийнхүү прокуророос яллаж буй гэмт хэргийн шинжүүдийг шүүгдэгч тус бүрийн үйлдэлтэй харьцуулан дүгнэсний эцэст тэдгээрийн гэмт хэрэгт хамтран оролцсон үүрэг, оролцоог тодорхойлж, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн, улмаар ялыг ялгамжтай оногдуулах асуудалд хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/279 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.
Давж заалдах шатны шүүх “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч Х.Б-, Д.Б-, Я.О- нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/279 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Шүүгдэгч Х.Б-, Д.Б-, Я.О-, Х.Х- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
.