| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0139/Э |
| Дугаар | 130 |
| Огноо | 2018-06-05 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | Я.Сансар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 130
2018 оны 7 сарын 05 өдөр 2018/ШЦТ/130 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0139/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шүүгч Д.Ганзориг даргалж шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Сайнболд,
Улсын яллагч Я.Сансар,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Баярсайхан,
Шүүгдэгч Н.Б, Б.А нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гучид овогт Нарантуяагийн Б, Боржигон овогт Батдэмбэрэлийн А нарт холбогдох 1839001310135 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1983 оны 04 дүгээр сарын 06-нд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсрол мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар баг “Адаг даваа” гэх газар оршин суух хаягтай , улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Гучид овогт Нарантуяагийн Б /РД: /
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгонд 1997 оны 07 дугаар сарын 09-нд төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 5-21 тоотод оршин суух хаягтай , улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Боржигон овогт Батдэмбэрэлийн А /РД: /
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.Б, Д.А нар нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг “Дөтлүүрийн даваа” гэх газар түлээний мод бэлтгэж байхдаа хөрөөдөж байсан мод нь унаж Б.Отгонбаатарыг цохиж, амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Б, Д.А нар нь 2018 оны 03 дугаар сарын 10-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг “Дөтлүүрийн даваа” гэх газар мод бэлтгэж байхдаа Б.Отгонбаатарын амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон болох нь:
Хохирогч Б.Болортуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Чойномын дүү А болон манай дүү Отгонбаатар тэр хоёр 02 дугаар сарын 21-ний үеэр Чойномынх руу мал төллүүлэхээр явсан. Тэгээд 20-иод хоногийн дараа надруу Чойномын хадам ээж Туяа эгч утасдаад энэ хэд модонд яваад Отгонбаатар модонд даруулаад өнгөрчихлөө гэж хэлсэн. ... Б модоо хөрөөдөөд А хөрөөдөж байгаа модыг түшээд зогсож байхад Отгонбаатар, Ганбаяр хоёр тракторын чиргүүл дээр юм яриад тамхи татаад зогсож байхад Бын хөрөөдөж байсан мод нь унах үед өөр тийшээ түлхэж унагаах байсан А нь модоо дийлэхгүй нөгөө мод нь Отгонбаатар, Ганбаяр хоёрын сууж байсан тракторын чиргүүл чигт унахад Ганбаяр нь хажуу тийшээ зугтаагаад Отгонбаатар нь тракторын чиргүүл дээрээс үсэрч буугаад зугтааж амжихгүй модны үзүүрт цохиулчихсан гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 22-23 хуудас/
Шүүхийн шинжилгээний шинжээч эмчийн 2018.018 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 52,23 хуудас/
Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа: “....Н.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай....” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 56-57 хуудас/
Гэрч Н.Ганбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...... Би 2018.03.10-ны өдөр 09 цагийн орчим А, Б, Отгонбаатар нарын хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар багийн нутаг “Дөтлүүрийн даваа” гэх газар руу түлээний мод бэлтгэхээр бага оврын трактортой явсан. Талийгаач Отгонбаатар бид хоёр бэлтгэсэн модоо трактортоо ачиж дуусаад би тракторын чиргүүл дээр, талийгаач Отгонбаатар чиргүүлийн хажууд газар сууж байсан. Б, А хоёр дахин мод унагахаар баруун судаг гарсан. Гэнэт Б, А хоёр хөөе гээд хашгирсан тэгэхээр нь харахад талийгаач Отгонбаатар бид хоёрын баруун талаас зүүн тийш чигтэй урт мод унаж байсан. Би тракторын чиргүүл дээрээс үсрээд модноос зайлсан. Харин талийгаач Отгонбаатар модонд цохиулаад газар унасан байсан.......” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 25-26 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Отгонбаатарын амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болортуяад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө нь гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан тул хурааж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдлууд болон хохирол, төлбөргүй зэргийг нь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гучид овогт Нарантуяагийн Б, Боржигон овогт Батдэмбэрэлийн А нарыг болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч Г.Б, Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнсэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр 3, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5, 3.3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нарыг тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосугай.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч нарын тэнсэгдсэн хугацаанд болон эрх хязгаарлах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэгийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч нарт анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн цахилгаан хөрөөг улсын төсөвт шилжүүлж, 84 см урттай 10 см диаметртэй модны хугархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Б, Б.А нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ