| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2406008212324 |
| Дугаар | 2025/ДШМ/515 |
| Огноо | 2025-05-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Бат-Орших |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2025/ДШМ/515
2025 05 06 2025/ДШМ/515
Э.Г-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Бат-Орших,
шүүгдэгч Э.Г-н өмгөөлөгч Ж.Баяржавхлан,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/507 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Г-н өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Г-д холбогдох 2406 00821 2324 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Г овгийн Э-н Г, ... оны .. дугаар сарын ..-ны өдөр .............. төрсөн, .. настай,........, бүрэн дунд боловсролтой, ............. мэргэжилтэй, “.........” ХХК-д ....... ажилтай, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Скай ресидент хотхоны 190 дүгээр байрны 128 ....................тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........./;
Шүүгдэгч Э.Г нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “Цэцэрлэгт хүүхдийг чинь оруулж өгнө гэж” хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Б.А-аг .................. тоотод гэртээ байхад нь өөрийн эзэмшлийн Хаан банкны ........ дугаарын данс руу 800.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр иргэн М.У-г ............. тоотод гэртээ байхад нь “Цэцэрлэгт хүүхдийг чинь оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өөрийн эзэмшлийн Хаан банкны ........ дугаарын данс руу 650.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э.Г-г “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийх ялын 8 цагийг дүйцүүлэн хасаж нийт 232 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-г нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Г-н өмгөөлөгч Ж.Баяржавхлан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Э.Г-н хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, тус гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролгүй зэрэг нөхцөл байдлыг дурдаж байна. Түүнчлэн шүүгдэгч Э.Г нь нөхөр, 5 хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүрэгт байрлах “.......” ХХК-ийн худалдааны төвд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж, ар гэрээ тэжээдэг. Мөн түүний нөхөр нь элэгний хорт хавдарын онош тогтоогдсон зэрэг хөнгөрүүлэх байдлууд байдаг. Хэрэв түүний хувьд нийтэд тустай ажил хийлгэх ял биелүүлэх тохиолдолд тэрээр ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж, түүний төдийгүй төрсөн 5 хүүхэд, ар гэрийн амьдралын нөхцөл байдал илт доройтох болно. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/507 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Э.Г-д оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор С.Бат-Орших тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх, шүүгдэгч Э.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, үргэлжилсэн үйлдлээр 2 хүнийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөр төлөгдөөгүй байсныг харгалзан түүнд ял шийтгэл оногдуулсан. Шүүх түүний анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг болон гэм буруугийн талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг хөнгөрүүлэн үзэж, тухайн зүйл, хэсэгт заасан хамгийн бага буюу 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналыг гаргаж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Э.Г-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Шүүгдэгч Э.Г нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “Цэцэрлэгт хүүхдийг чинь оруулж өгнө гэж” хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Б.А-г ............. тоотод гэртээ байхад нь өөрийн эзэмшлийн Хаан банкны ......... дугаарын данс руу 800.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр иргэн М.У-г .............. тоотод гэртээ байхад нь “Цэцэрлэгт хүүхдийг чинь оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өөрийн эзэмшлийн Хаан банкны ............... дугаарын данс руу 650.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.А-н “... У нь надад чатаар холбогдох хүний утасны дугаар, дансны дугаарыг нь явуулахаар нь би тухайн данс руу нь “99..... дугаарыг утган дээр нь бичээд явуулчихаарай” гэхээр нь би тэр дугаарыг нь утга хэсэгт нь бичээд 800.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд түүнээс хойш У-с түүний фейсбүүк хаягийг нь авч байгаад харилцахад “09 дүгээр сарын 15-ны өдрөөс авч эхэлнэ, тэр үед нь холбогдоно” гэж хэлэхээр нь яг тэр өдөр нь холбогдоход “арай болоогүй байна, 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд явуулахаар байна шүү” гэж хэлсэн, ... 11 дүгээр сарын 01-ний өдөр хэлэхэд дахиж хойшлуулахаар нь “одоо больё, мөнгөө авъя” гэхэд “маргааш өглөө шилжүүлье” гэж хэлээд дахиж холбогдоогүй. Утсаар нь залгахад огт авдаггүй, зөвхөн чатаар хариу бичдэг. ...” /хх 43/,
хохирогч М.У-н “...Миний том хүү, бага охин хоёр цэцэрлэгт орох шаардлагатай байсан. ... Тэгэхэд гэртээ хамгийн ойр байсан цэцэрлэг нь ... дугаар цэцэрлэг байсан бөгөөд тухайн цэцэрлэгт нь миний эхнэр таньдаг хүн байгаа эсэх талаар сураглаад боломжтой байдаг эсэхийг судалж байхад цэцэрлэгийн туслах багш Э.Г гэгч эмэгтэй манай эхнэртэй холбогдсон байсан бөгөөд Э.Г нь “хоёрдугаар бүртгэлээр нь шилжүүлэг хийж өгч болно, эхний бүртгэл дууссан бол дараагийнхаар нь оруулчхаж болдог” гэж хэлээд “1 хүүхдийн 300.000 төгрөг өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэрэнд нь итгээд тухайн Э.Г гэгч эмэгтэйн өөрийнх нь өгсөн данс руу нь 650.000 төгрөгийг нэг удаагийн гүйлгээгээр шилжүүлж өгсөн. ...” /хх 95/,
гэрч Н.Б-н “... Би Э.Г гэдэг хүнийг танина, .. дугаар цэцэрлэгт туслах багшаар ажилладаг хүн байсан. Мөн намайг ажиллаж байх хугацаанд ажлаа олон хоногоор тасалсан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. ... Э.Г нь ажиллах хугацаандаа иргэдийн хүүхдүүдийг цэцэрлэгт элсүүлэх эрх мэдэл байгаагүй. ... Цэцэрлэгийн байгууллага нь улсаас цалинждаг бөгөөд бусдаас ямар нэгэн шан харамж авах ёсгүй, энэ нь хууль бус юм. ...” /хх 47/ гэсэн мэдүүлгүүд,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн .. дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/59, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/134 дугаартай Э.Г-г ажилд авсан, халагдсан тушаалын хуулбар /хх 50/,
Б.А-н Хаан банкны ..... дугаарын данснаас Э.Г-н Хаан банкны ......... дугаартай данс руу 800.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх 29/,
М.У эзэмшигчтэй Голомт банкны ....... дугаарын данснаас Э.Г-н Хаан банкны ....... дугаартай данс руу 650.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх 97/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Э.Г-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Г-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Үүнээс гадна, хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Э.Г-д нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулахаас өөр төрлийн ял шийтгэл оногдуулах үндэслэл бүхий хувийн байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.
Түүнчлэн, шүүгдэгч Э.Г-д анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангаж гарчээ.
Иймд шүүгдэгч Э.Г-н өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн “... ял шийтгэлийг хөнгөрүүлэх ...” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/507 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Г-н өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ М.АЛДАР