Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 212/МА2017/00044

 

 Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дүгээр шийдвэртэй, Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй Ш.Бахыт, М.Айгерим нарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ергулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ш.Бахыт, М.Айгерим нараас үндсэн зээл 20,488,607 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 727065 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3272 төгрөг, нотариатын зардал 7800 төгрөг нийт 21,226,744 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: Ш.Бахыт нь 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр тус банктай зээлийн гэрээ байгуулж 35,000,000 /гучин таван сая/ төгрөгийн зээлийг сарын 2% хувийн хүүтэй, 24-н сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар авсан. Зээлдэгч Ш.Бахыт нь зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд банкны ажилтнуудаас удаа дараа тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй өнөөдрийг хүрлээ. Иймээс банк Ш.Бахыттай байгуулсан зээлийн гэрээний 3.2.5 дахь заалтыг зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа тул 6.2.3 заалтыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцалж,доор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 20,488,607 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 727065 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3272 төгрөг, нотариатын зардал 7800 төгрөг нийт 21,226,744 төгрөг төлөгдөөгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага: зээлдэгч Ш.Бахытаас зээл, ээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 21,226,744 төгрөгийг гаргуулж Төрийн банканд олгож өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: Өлгий сумын 9 дүгээр багийн иргэд Ш.Бахыт, М.Айгерим бид Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр танай шүүхэд гаргасан хүсэлттэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Тус салбарын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй холбогдох тайлбарыг өмнө нь хүргүүлсэн.Энэ тайлбар дээр нэмж гаргах тайлбаргүй. Харин нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан хүсэлтэд 916093/ есөн зуун арван зургаан мянга ерэн гурван/ төгрөг нэмж нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тус салбараас 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр танай шүүхэд хандахдаа зээлийн гэрээг өөрсдийн санаачилгаар цуцалж нэхэмжлэл гаргасан. Нэгэнт тухайн өдрөөс гэрээ цуцлагдсан учир нэмж хүү тооцох үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 4 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг тус тус баримтлан РД:ПЯ90100400, Санырау овогт Мадекегийн Айгерим, РД: БЭ83021812, Узынмылтых овогт Шайзадагийн Бахыт нараас 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 506 дугаар зээлийн гэрээний үлдэгдэл 20,488,607 төгрөг, хүү 727065 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3272 төгрөг нийт 21218944 /хорин нэгэн сая хоёр зуун арван найман мянга есөн зуун дөчин дөрвөн/ төгрөгийг гаргуулан Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгож, илүү нэхэмжилсэн 923893 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид 2015 оны 3 дугаар сарын 20-нд 24 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй 35 сая төгрөгийн зээл авсан. Нийт дүнгээр 44.411.712 төгрөг, сард 1.850.488 төгрөг төлөх ёстой. 2016 оны 10 дугаар сарын 26-нд гэрээ цуцалсан гэж үзэхээр 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 6 сар дутуу. Энэ 6 сарын хугацаанд зээл, түүний хүүд нийтдээ 11.102.928 төгрөг төлөх ёстой./ 6x1.850.488 төгрөг =11.102.928/ Гэтэл банк нэхэмжлэл гаргахдаа үлдэгдэл 20.488.607 төгрөг, хүү 727065 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3272 төгрөг, нийтдээ 21.218.944 төгрөг нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид банкны салбартай харилцан тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээгээр өмнөх зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Банкны салбар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа энэ гэрээний талаар огт дурдаагүй. Шүүхийн шийдвэрт ч энэ талаар ямар нэгэн заалт ороогүй байна. Иймд миний гомдлыг давж заалдах журмаар хянаж гомдлын шаардлагыг хангаж өгнө үү гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

Төрийн банкны Баян-Өлгий салбар нь хариуцагч Ш.Бахытад холбогдуулан 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр тус банктай зээлийн гэрээ байгуулж 35000000 төгрөгийн зээлийг 2 хувийн хүүтэй 24 нь сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар авсан. Ш.Бахыт нь байгуулсан зээлийн гэрээний 3.2.5 дахь заалтыг зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа тул гэрээний 6.2.3 дахь заалтыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 20488607.16 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 727065.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3272.11 төгрөг, нотариатын зардал 7800 төгрөг, нийт 21226744.00 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч анх авсан зээлийн гэрээний хугацааг 9 сараар сунгасан зээлийн хугацаа 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусна. Зээл авснаас хойш зээлийг хуваарийн дагуу төлж ирсэн. Заримдаа хуваарийг зөрчсөн асуудал бий. Гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа дуусаагүй байхад гэрээний аль нэг тал давуу эрх эдэлж дур мэдэн гэрээг цуцлах ёсгүй. Иймд гэрээний хугацаа дуусаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэргийн үйл баримтыг судалбал, Ш.Бахыт, М.Айгерим нар нь 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Төрийн банкны Баян-Өлгий салбартай 35000000 төгрөгийг 2 нь сарын хугацаатай байгуулж зээл авсан байна. Ш.Бахыт, М.Айгерим нар нь байгуулсан зээлийн гэрээний 3.2.5 дахь заалтыг зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа тул гэрээний 6.2.3 дахь заалтыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэж тайлбарлаж байгаа боловч зохигчдын тайлбараар 2015 оны 11 сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний хугацааг сунгасан үйл баримт тогтоогдож байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжгүй буюу хугацаа сунгасан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг нотлох баримтууд нь хавтаст хэрэгт авагдаагүй нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан нэхэмжлэгчийн үйлдэлийг Иргэний хуулийн 208, 221, 225, 227-д заасан болон талуудын хооронд байгуулагдсан гэрээнд нийцсэн эсэхэд шүүхээс дүгнэлт хийх боломжгүй маргааны бодит үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна. Хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул хариуцагчийн маргааны үйл баримттай холбогдуулан гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264046 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагч Ш.Бахытад буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 4 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264046 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж Ш.Бахытад буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

Д.КӨБЕШ