| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0160/Э |
| Дугаар | 131 |
| Огноо | 2018-07-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 131
2018 оны 07 сарын 05 өдөр 2018/ШЦТ/131 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0160/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Уламбаяр
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов
Шүүгдэгч Р.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өндөр овогт Ренчиндоржийн Бод холбогдох 1839002580145 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1977 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Галшар суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 20-16 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй Өндөр овогт Ренчиндоржийн Б /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Р.Б нь согтуугаар 2018 оны 5 дугаар сарын 23-ны орой Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 20-16 тоотод эхнэр А.Золзаяатай маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Р.Б нь согтуугаар 2018 оны 5 дугаар сарын 23-ны орой Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 20-16 тоотод эхнэр А.Золзаяатай маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч А.Золзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр би 21 цагийн үед ажлаа тараад гэртээ ирэхэд гэрт хүн байхгүй байсан. 30-аад минутын дараа манай нөхөр гаднаас согтуу 2 найзаа дагуулаад гэрт орж ирэхээр нь согтуу байна гээд гэрээс хөөгөөд явуулсан. Тэгсэн хаагуур банзалтаад яваад байгаа юм бэ гэхээр нь би дүүгийндээ хоносон гэж хэлсэн. Тэгсэн чинь намайг худлаа яриад байна чи дүүгийндээ очоогүй гэж хэлээд намайг хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би гэрт орж ирээд цагдаа дуудсан. ... нөхөр араас орж ирээд банзал гээд миний цээжин хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд нүүр рүү гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/
Яллагдагч Р.Бын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн“...Би 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр найзуудтайгаа архи уусан. Гэтэл тэр орой эхнэртэйгээ тааралдаагүй. Ингээд би 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр архи уучихсан юм. Тэгээд орой 21 цагийн үед Лутаа, Гантулга гэдэг хоёр найз руугаа дагуулаад хашааны үүдэнд очиход эхнэр маань чи хаагуур архидаад байгаа юм бэ гэж уурлаад манай хоёр найзыг гэрт оруулахгүй гэртээ харьцгаа гээд хөөгөөд явуулсан. Би хоёр найзыгаа гэртээ оруулсангүй гэж эхнэртээ бага зэрэг бухимдсан. Тэгээд чи өчигдөр хаагуур хоноод гэр орондоо хонохгүй байгаа юм бэ гэж уурласан. Тэгсэн чинь эхнэр чамайг архи уусан гэдгийг чинь мэдээд уур хүрээд дүүгийндээ очиж хоносон гэж хэлсэн. ...би уурандаа цээж рүү нь өшиглөөд, гараараа эрүүнд нь нэг удаа цохисон... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахин ийм хэрэг хийхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-12, 27-28 тал/
Шүүх эмнэлгийн №243 тоот: А.Золзаяагийн биед эрүү, зүүн хөхний баруун дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 17 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч А.Золзаяад хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй, Р.Бтой эвлэрсэн гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг байдлуудыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өндөр овогт Ренчиндоржийн Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Быг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бод оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Р.Бод авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ