Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2025/ДШМ/496

 

   2025          05          01                                         2025/ДШМ/496

                                                                 

Б.М-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Ундармаа,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн,

хохирогч Б.М-гийн өмгөөлөгч Л.Жавзмаа,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

**********, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/510 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.М, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн нарын давж заалдах гомдол, прокурор Д.Энхбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.М-д холбогдох 240600904926 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.      

Ц овгийн Б-ийн М, **** оны * дүгээр сарын **-ны өдөр ***** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***** *** ” ХХК-д үйл ажиллагааны менежер ажилтай гэх, ам бүл 5, эцэг, эх, хоёр дүүгийн хамт ***** дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байр ** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй /РД: **********/,

Шүүгдэгч Б.М нь 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ********** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны ** тоотод хохирогч Б.М-гийн биед халдаж биед нь “зүүн хөлний чигчий хурууны өлмий, угийн шивнүүр, ядам хурууны угийн шивнүүр, дунд хурууны үзүүрийн шивнүүр ясны зөрүүгүй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн хохирогч Б.М-гийн эзэмшлийн гар утсыг хууль бусаар устгасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

********** дүүргийн прокурорын газраас: Б.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

**********, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ц овогт Б-ийн М-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж эдлэх ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-гаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролд 8,573,000 төгрөг гаргуулан хохирогч *******дүүргийн ** дугаар хороо ******* *******тоотод оршин суух, Х овогт Б-ийн М /РД: *********/-д олгож, хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Г.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүгдэгч Б.М-гийн аймшигтай дарамт, хүчирхийлэл, доромжлол, эд материал, сэтгэл санаа, бие махбодын маш их хохирол учруулсан хэргийг шударга, үнэн зөвөөр шүүсэн гэдэгт эргэлзэж байгаа тул давж заалдах шатны шүүхэд хандаж байна. Мөрдөн байцаалтын явцад хүчингийн болон заналхийлэл, сэтгэл санааны хохирлын талаар дахин дахин гомдол гаргаж холбогдох шүүх шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулан, гэрчийн мэдүүлэг өгүүлсэн ч нотлогдоогүй хэмээн хэт нэг талыг баримтлан шийдвэрлэж уг шүүх хурлын материалд оруулаагүйд гомдолтой байна.

Би ОХУ-ын Москва хотын ******* Их сургуульд сурдаг байсан бөгөөд өдөр шөнөгүй утсаар ярьж дарамтлан, араас чинь очиж ална хядна хэмээн заналхийлсээр байгаад түүндээ ч хүрч араас минь Москва хотод очин хичээл сургуульд нь ч явуулалгүй зодож дарамтлан ар гэрийнхэндээ хэлвэл чинь дүү, гэрийнхнийг чинь бүгдийг нь ална хэмээн айлган сүрдүүлж хүчирхийлж байсан. Энэ бүх дарамт, доромжлол, хүчирхийллээс миний сурлага эрс муудаж, хичээлээ ч хийж чадахаа больж, шалгалтаа өгч чадалгүй сургуулиасаа хөөгдөхдөө тулсан. Би хичээлдээ онц сурдаг, нийгмийн идэвхтэй оюутан байсан. Ингээд ч зогсохгүй айлгаж дарамталсаар байгаад шалгалтыг минь ч өгүүлэлгүй, ар гэрийнхэнд ч хэлүүлэлгүй Москвагаас ирүүлж гэртээ аваачин олон хоног хорьж зодон дарамталж хүчирхийлэн улмаар тэсэхийн аргагүйд хүрч хураалгасан байсан утсаа олж аван ар гэр рүүгээ мэдэгдэх гэхэд утсыг минь хана руу шидэж гишгэчин эвдэлж хүнд модон сандлаар чамайг бүр мөсөн алчихъя хэмээн дайрч миний биед гэмтэл учруулан, хөлийн хуруунуудыг бяц цохиж араатан мэт авирлаж байх үед алахынх нь өмнөхөн самбаачлан гадуур хувцас ч үгүй, хөл нүцгэн амь мэнд зугтан аймшигт араатны гараас мултарсан билээ.

Мөн шүүгдэгч Б.М нь шүүх хуралд өмгөөлөгчтэйгөө үгсэн шүүхийн танхимд илтэд худал ярьж, гүтгэн доромжилж шүүх хурлыг үл хүндэтгэсэн байдлыг гаргалаа. Үүнд:

1. Нэг ч удаа биеийг нь яаж байгааг асуугаагүй хэрнээ уучлал гуйсан гэж илт доромжиллоо. Нэг удаа утсаар яриагүй ба уулзаагүй бөгөөд огт уучлал гуйгаагүй болно.

2. Миний ар гэрийнхнийг ажил дээр нь очиж ажлаа хийх аргагүй болтол нь дарамталсан мэтээр гүтгэсэн. Ээж маань ажил дээр нь нэг удаа очиход ажлын байрандаа ч байгаагүй. Мөн намайг бас нэг өөр залуутай хөтлөлцөн ирээд доромжилж дарамталсан мэтээр үндэслэлгүй гүтгэсэн. Би урьд өмнө нь хүнтэй үерхэж байгаагүй бөгөөд шүүгдэгч Б.М- нь надтай хос байсан мэтээр худал мэдүүлсэн. Үнэн хэрэгтээ намайг хүчээр айлган дарамталж бэлгийн хүчирхийлэл үйлдсэнийг нь хүртэл хамт сурч байсан найз нар маань гэрчилж утасны бичлэг хийснээ мөрдөн байцаагчид нотлох баримт болгон өгсөн.

3. Дургүй байхад минь айлган сүрдүүлж хүчиндэж гэмтэл учруулчихаад амь мэнд хувцасгүй зугтан гарсныг минь жишим ч үгүй өөрөө гараад явсан мэтээр худал мэдүүлсэн.

4. Б.М нь шүүхийн танхимд гэмшсэн дүр исгэн суусан боловч шүүх хурлын дараа гадаа гарчихаад уг хэрэгтээ огтхон ч гэмшээгүйгээр барахгүй намайг төлөөлсөн хүмүүсийг илтэд тохуурхан басамжилж байсан. Энэ бүх байдлаас харахад шүүгдэгч Б.М нь уг үйлдсэн гэмт хэрэгтээ өчүүхэн ч гэмшихгүй байгаагаар барахгүй цаашид дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй гэх баталгаагүй бөгөөд үйлдсэн хэрэгтээ гэмшиж, ухамсарлах өчүүхэн ч сэтгэлгүй байгаа нь харагдлаа.

Иймд шүүгдэгч Б.М-д оногдуулсан ялыг үйлдсэн хэрэгт нь тохироогүй хэт хөнгөн ял оногдуулсан байна хэмээн үзэж шүүхийн тогтоолтой санал нийлэхгүй байна. Мөн уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хагалгаа, эмчилгээ, эм тарианы төлбөр болон үүнтэй холбогдон гарсан бусад зардлуудыг шүүгдэгч талаас нотлох баримтаар нэхэмжлэх болно.” гэжээ.

Хохирогч Г.М-гийн өмгөөлөгч Л.Жавзмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлтийн тухайд: Яллах дүгнэлтэд "Шүүгдэгч Б.М- нь 2024 оны 01 сарын 26-ны өдөр ********** дүүргийн ** хорооны нутаг дэвсгэрт байрлах ** байрны ** тоотод хохирогч Б. М-гийн биед халдаж биед нь “зүүн хөлний чигчий хурууны өлмий, угийн шивнүүр, ялдам хурууны угийн шивнүүр, дунд хурууны үзүүрийн шивнүүр ясны зөрүүтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн Б.М-гийн эзэмшлийн гар утсыг хууль бусаар устгасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шийтгэх тогтоолд хохирогчийн мэдүүлгийг бүрэн гүйцэт тусгаж, хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

Хохирогч мэдүүлэхдээ: “Б.М 2024 оны 01 сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүсээгүй байхад нь бэлгийн харилцаанд орсон, хувцсаа тайлах, архи уухыг шаардаж, өөрийнх нь хэлж ярьснаар байхыг шаардаж, хий хардах хэл амаар доромжлох, нүүр лүү нь алгадаж зодох, гэр бүлийнхнээсээ харилцаагаа салгахыг шаардан, гэртээ хорьж гар утсыг авч хана руу шидэн эвдэж хэн нэгэнтэй холбоо барих боломжгүй болгосон, эд хогшлоо авч шидэх, сандал шидэж зүүн хөлөнд гэмтэл учруулсан” гэжээ. Хохирогч нь шүүгдэгчийн харгис хэрцгий үйлдлээс айж эмээн өвлийн хүйтэнд дотуур хувцасгүй дан ганц футболктой зугтаж, өөртэй учирч болох эрсдэлээс өөрийгөө хамгаалж” бие махбодь, сэтгэл санааны асар хүчтэй шаналал, зовиур үүсгэж үйлдсэн газраас мултарч гарсан" байдаг. Мөн гэрч Ш.Н... 2024 оны 01 сарын 26-ны өдөр гэрийн үүдэнд Б.М- футболктой, гуталгүй, өмдгүй, бүсэлхий хэсгээрээ орны бүтээлэг шиг зузаан зүйлээр уясан дотуур хувцасгүй байдалтай байсан, оруулаад цай өгч өрөөнд оруулсан ...М-гийн ээж ирсэн, би цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгчийн дараах үйлдлүүд нотлогдож тогтоогдсон байхад шүүх тухайн хохирогчийн болон гэрчийн мэдүүлгийг хэрхэн үгүйсгэж ямар үндэслэлээр няцаасан талаар үнэлэлт дүгнэлт хийгээгүй.

Өмгөөлөгчийн хувьд ********** дүүргийн цагдаагийн газар болон прокурор, анхан шатны шүүхэд “... Өвлийн хүйтэнд даарч чичирч айж сандран зугтааж явахдаа зам дээр машинд гараа өргөн зогсож байхад нь эрэгтэй эмэгтэй 2 хүн таарч, гадуур нөмрөг зүйл өгч улмаар *******дүүргийн “И март” худалдааны төвийн урьдаас 15.30 цагаас 16.30 цагийн үед “UB сав” такси үйлчилгээ үзүүлсэн машины дугаар, жолооч, хаанаас хаана хүргэсэн мэдээлэл болон анх хэдэн номерын утаснаас ямар хүн дуудлага өгсөн, төлбөрийг хэн хийсэн зэрэг асуудлыг тодруулан шалгаж, жолооч болон хохирогчид тусалсан 2 хүнийг гэрчээр мэдүүлэг авч дээрх нөхцөл байдлыг шалгуулах хүсэлт тавьсан боловч хүлээж аваагүй.

Шүүхийн шатанд хийх боломжгүй дээрх ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн гүйцэт хийх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох” нь нотолгооны ач холбогдолтой байсан. Прокурорын хяналтын шатанд болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт нотлох баримт гаргах цуглуулах, нэмэлт ажиллагаа хийлгэх санал хүсэлтийг гаргасан боловч хүлээж аваагүйгээс шүүгдэгчийн гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв тогтоогоогүй, шүүхээс оногдуулсан ял хариуцлага түүний гэм бурууд тохироогүй өөрөөр хэлбэл Шүүхийн дүгнэлт, Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, 3 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаap зүйлийн 1,2, 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд болон хэргийн бодит байдлыг тогтоох" ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрэн гүйцэт нягтлан шалгаагүй, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1-д “нотлох баримт нь хэрэгт хамааралтай ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлнэ", 2 дахь хэсэгт заасан “нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай бүрэн гүйцэт бодит байдлаар нь хянан үзэж, нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ", 3 дахь хэсэгт заасан "нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана" гэсэн заалтуудыг хэрэглээгүй тул Шийтгэх тогтоол хэргийн бодит үнэнд нийцээгүй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухайд: Шүүгдэгч Б.М-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.М-гийн биед “зүүн хөлний чигчий хурууны өлмий, угийн шивнүүр, ялдам хурууны угийн шивнүүр, дунд хурууны үзүүрийн шивнүүр ясны зөрүүтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд” тогтоогдсон нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2045 дугаар Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Шүүгдэгч Б.М- нь гэмт хэрэг үйлдэхдээ “хохирогчид бие махбодь, сэтгэл санааны зовиуртай байдлыг үүсгэж, гэмт хэргийг санаатай үйлдсэн хохирогч өнөөдөр хүртэл эмчилгээ сувилгаа үргэлжлэн хийгдэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, үр дагавар бүрэн арилгаагүй тул шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шийдвэрлэх нь Улсын дээд шүүхийн 2009 оны 15 дугаар Тогтоол, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Хуулийн 36.5 дүгээр зүйлийн 1-д заасан шаардлагад нийцнэ гэж үзэж байна. Мөн Эрүүгийн 2406009041926 дугаартай хэргийн хохирогч Б.М-гийн биед гэмт хэргийн улмаас учирсан гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж Шинжээч эмчийн 2024 оны 5 сарын 1-ний өдрийн 5319 дүгнэлтээр тогтоосон бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хөлний гэмтэл бүрэн эдгэрч илаарьшаагүй, явах, зогсох үед тулгуур эрхтэн хөл ердийн хөдөлгөөнд оролцох байдал зовиуртай, хор уршиг бүрэн арилаагүй тул эм тариа эмчилгээний зардал хохирлыг хуульд заасан журмыг нэг мөр хэрэглэн эрүүгийн хэрэгт хамт шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-д зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн бие махбодь, сэтгэл санаа, эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байна” гэжээ.

Өмгөөлөгч Л.Жавзмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүгдэгч Б.М- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.М-тэй хүсээгүй байх үед бэлгийн харилцаанд орсон. Энэ үйлдлийг бидний зүгээс мөрдөгчдөд шалгаж, тогтоож өгнө үү гэхэд огт шалгаагүй. Б.М-гийн өөрийн бичгээр гаргасан тайлбарт дурдсанаар, шүүгдэгч Б.М- нь түүнийг хэл амаар доромжлох, хувцсаа тайлахыг шаардах, архи уухыг тулгах, өөрийн хүссэнээр байлгахыг шаардах, хий хардаж зодох, нүүр рүү нь алгадаж цохих, гэр бүлийнхэнтэй нь харилцаагаа таслахыг албадах, гэрт нь хорьж, гар утсыг нь хураах, мөн утсыг нь хана руу шидэх зэрэг харгис, хэрцгий үйлдлүүдийг удаа дараа гаргасан болохыг дурдсан байна. Гэтэл мөрдөгч эдгээр үйлдлүүдийг гаргасан эсэхийг шалгаагүй.

Тиймээс Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан мөн үүнийг бие махбод болон сэтгэл санааны асар их шаналал зовуурь үүсгэж үйлдсэн байхад гэх зүйлчлэлийг 11.4 дүгээр зүйлийн 2.2 “хохирогчийг тохуурхан доромжилж” 2.3 “бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж үйлдсэн” гэж үзэж байна. Шүүгдэгчийн энэ үйлдлүүдийг огтхон шалгаж, тогтоогоогүй. Мөрдөн байцаалтын шатанд хоёр охиныг гэрчээр мэдүүлэг авах хүсэлт гаргасан. Энэ нь дараах үндэслэлтэй. Хохирогч Б.М- нь тухайн үед сэтгэл зүй болон бие махбодын шаналал, зовууриас зугтаж, биеэ хамгаалах зорилгоор зөвхөн футболк өмссөн, доогуураа нүцгэн байдалтайгаар зугтаасан. Түүнийг замаас олж, таксинд суулгасан хоёр хүн түүнд нөмрөх зүйл өгч тусалсан бөгөөд энэ тухай мэдүүлэг өгөх боломжтой. Эдгээр гэрчүүдийн мэдүүлэг нь хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн зүйлчлэлийг зөв тогтооход чухал ач холбогдолтой гэж үзсэн ч мөрдөн байцаалтын явцад уг ажиллагаа хийгдээгүй. Мөн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын асуудлыг мөрдөн байцаагчид хандан мэдэгдэж, хохирлын төлбөр тооцооны баримтыг гаргасан боловч нотлох баримтын шаардлага хангахгүй, нотариатаар баталгаажуулж ирэх шаардлага тавьсан. Баримтыг хуулийн дагуу бүрдүүлэн өгч амжаагүй байхад хэрэг шүүх рүү шилжсэн. Үүнээс шалтгаалан нотлох баримт дутуу үлдсэн тул давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо 12.470.249 төгрөгийн хохирол бүхий 19 хуудас баримтыг хавсарган ирүүлсэн. Эдгээр баримт нь анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдээгүй боловч эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлэгдэх учиртай гэж үзэж байна. Иймд тогтоолыг хүчингүй болгож, үйл баримтыг үнэн зөвөөр тогтоож, зүйлчлэлийг дахин зөвтгөхийг хүсэж байна.  Мөн хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн боловч эмчилгээний зардалд ямар нэгэн төлбөр гаргаагүй. Хохирогчийн сэтгэл санааны зовуурь одоог хүртэл арилалгүй үргэлжилж байгаа бөгөөд жишээлбэл, Улаанбаатар хотод сэтгэл зүйчийн зөвлөгөөний 1 цагийн үнэ 100.000 төгрөг байна. Хохирогчийн эцэг эх нь түүнийг хэд хэдэн удаа сэтгэл зүйч дээр аваачиж, эмчилгээ хийлгүүлсэн. Хохирогч хэр их хэмжээний сэтгэл санааны хохирол, хор уршиг амссаныг үгээр бүрэн тодорхойлох боломжгүй учраас гэрчийн мэдүүлэг авахаар хүсэлт гаргасан. Иймд Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтэд хохирол нь хүндэвтэр байсныг маргахгүй боловч хохирогчийн хувьд маргаад буй зүйл нь дээр дурдсан үндэслэлүүд юм. Иймд гомдлыг хангаж, зүйлчлэлийг зөвтгөн өөрчилж, эмчилгээний зардал болох 12,470,249 төгрөгийг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхийг хүсэж байна...” гэв.

Шүүгдэгч Б.М-гийн өмгөөлөгч М.Цэнгүүн нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...шүүгдэгч Б.М- нь хохирогч Б.М-гийн гар утас буюу эд хөрөнгийг эвдэлж гэмтээсэн үйлдлээ мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн хүлээн зөвшөөрч, гэм буруутай үйлдэлдээ гэмшиж, хохирол төлбөр болох 1,325,000 төгрөгийг төлж барагдуулсан байх бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн байгаад ямар нэгэн гомдол саналгүй байна.

Харин хохирогч Б.М-гийн зүүн хөлний хуруунд үүссэн гэмтлийг шүүгдэгч Б.М- нь учруулаагүй гэж маргадаг бөгөөд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэснийг эс хүлээн зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Учир нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2045 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Б.М-гийн биед зүүн хөлний чигчий хурууны өлмий, угийн шивнүүр, ядам хурууны угийн шивнүүр, дунд хурууны үзүүрийн шивнүүр ясны зөрүүгүй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо” хэмээн дүгнэсэн байдаг. Мөн шинжээч 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр авсан мэдүүлэгт "Асуулт: Уг гэмтэл нь цохиж, цохигдох үед үүсэх боломжтой юу? эсвэл нүцгэн явж байхад үүсэж болох гэмтэл үү? Хэрэг болох үед үүсэх боломжтой эсэх Хариулт: Уг гэмтэл нь мохоо үйлчлэлээр дэвсэх цохих мөн унах үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлийг хөл нүцгэн явж байгаад юманд цохигдох үед тусах боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хэм хариулсан байдаг бөгөөд хохирогч Б.М- нь шүүгдэгч Б.М-тай маргалдаж улмаар гэрээс нь хөл нүцгэн гарч явсны улмаас дээрх гэмтэл үүссэн байх боломжтой хэмээн шинжээч эмч хариулсан байдаг. Б.М- нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн тогтвортой мэдүүл өгдөг бөгөөд хохирогч Б.М-тэй муудалцсан, алгадсан, чемодантай хувцсыг гаргаж цацсан, нүүрэн тус газар нь алгадсан, гар утсыг нь хана руу шидсэн хамаа тухайн үед болсон бүхий л зүйлийг үнэн зөвөөр нь мэдүүлдэг. Мөн тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд Б.М-г гарч явсны дарааraap Б.М- нь араас гарч хайсан гэж мэдүүлдэг бөгөөд эргээд гэртээ орох гэтэл хаалга нь түгжигдсэн байсан тул дүү Б.М-ийг дуудаж гэртээ орсон байдаг. Энэ талаар Б.М-аас 2024 оны 09-р сарын 05-ны өдөр гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд тэрээр “2024 оны 01-р сарын 26-ны өдөр ажил дээр байхад төрсөн ах Б.М- над руу залгаад гэрийн түлхүүрээ дотор орхисон байна. яаралтай хүрээд ир гэж хэлэхээр нь би явж очсон... тэгээд түлхүүрээрээ гэрийнхээ хаалгыг онгойлгоод орсон. Гэр лүү ороход Б. М-гийн хувцас том өрөөний шалаар тарсан байдалтай байсан. Улмаар М- ах найз охинтойгоо муудалцаад 2 алгадсан чинь хөл нүцгэн гараад гүйчихлээ гэж хэлэхээр нь....” хэмээн мэдүүлдэг бөгөөд тухайн цаг хугацаанд хэрэг болсон орон байрны нөхцөл байдлыг ямар байсныг мэдэж байсан гэрчийн мэдүүлэгт сандал том өрөөний шалан дээр унасан байсан гэж мэдүүлээгүй байдаг. Анхан шатны шүүхээс “Шүүгдэгч Б.М- нь хохирогч Б.М-гийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна” гэж дүгнэсэн байдаг. Ийнхүү дүгнэхдээ... хохирогчийн... тэгээд над руу түшлэгтэй сандал аваад шидэх үед миний зүүн хөлийг оносон гэх мэдүүлэг нь хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэлд дурдсан түшлэгтэй сандал гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгчийн тухайн үед үйл баримт болсон өрөөнд тухайн сандал байдаг тухай, мөн хохирогчийн чемодантай эд зүйлсийг авч шидэж тараасан гэж мэдүүлж буй мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна” хэмээн дүгнэж улмаар хохирогч Б.М-гийн зүүн хөлний хуруунд учирсан хүндэвтэр гэмтлийг Б.М- үйлдсэн хэмээн дүгнэж байгаа нь учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар хохирогч Б.М-гийн зүүн хөлний хурууны өлмий, уг хэсэгт гэмтэл үүссэн гэж дүгнэсэн, мөн шинжээч гэрчээр мэдүүлэг өгөхдөө хөл нүцгэн явж байхад үүсэх боломжтой гэмтэл хэмээн мэдүүлдэг. Үүнээс харахад хэрэв Б.М- нь Б.М- рүү сандал шидэж улмаар түүний зүүн хөлийг хурууг оносон бол өлмий болон уг хэсэгтээ бус хөлийн хурууны дээд хэсгээр гэмтэх байсан болов уу. Цаашлаад тухайн хэрэг болсон цаг хугацаанд хэргийн газрын үзлэг хийгээгүй, ямар сандлаар, хэрхэн яаж хохирогчийн биед халдаж хүндэвтэр гэмтэл учруулсан гэдгийг бүрэн дүүрэн тогтоогоогүй, чемодантай хувцсыг тарааж шидсэн гэж мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгээр түүнийг хохирогчийн биед халдаж хүндэвтэр гэмтэл учруулсан гэж дүгнэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд **********, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/510 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, тус зүйл ангиар зүйлчилсэн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.

Өмгөөлөгч М.Цэнгүүн шүүх хуралдаанд гарагсан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд тухайн хэргийн нөхцөл байдал болон баримтуудыг дэлгэрэнгүй тайлбарлан дурдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "нотолбол зохих байдал" хангагдаагүй, шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Тухайлбал, шүүгдэгч Б.М- нь хохирогч Б.М-гийн биед, тухайлбал зүүн хөлийн хуруунд гэмтэл учруулаагүй гэж гомдол гаргасан. Энэ талаарх үндэслэлийг нотлох баримтад тулгуурлан дэлгэрэнгүй тайлбарласан. Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын явцад Б.М- рүү ямар нэгэн байдлаар сандал зэрэг биет зүйл шидээгүй тухай тогтмол мэдүүлж байсан. Хохирогч Б.М-гийн зүүн хөлийн чигчий хурууны өлмий хэсэгт далд хугаралт, зөөлөн эдийн гэмтэл байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Уг шинжээч, эмчээс гэрчээр мэдүүлэг авахдаа мөрдөгчийн асуултад хариулахдаа уг гэмтэл нь хурц иртэй, мохоо зүйлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой, эсвэл хөл нүцгэн явах үед ямар нэгэн биет зүйлд хөлөө цохисноос ч болж үүсэж болзошгүй гэсэн тайлбар өгсөн. Түүнчлэн хэргийн газрын үзлэгийг нөхөж хийхэд гэрэл зургийн үзүүлэлт бүхий баримтаар баталгаажуулсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.М-гийн өгсөн мэдүүлэгт хохирогчийн чемодантай хувцсыг шидсэн тухай дурдагдсан. Мөн хувцас, эд зүйлсийг тарааж шидэж байх үед хохирогчийн биед гэмтэл үүссэн байх магадлалтай хэмээн үзэж, шүүгдэгчид хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэдгээр ял оногдуулсан нь эрх зүйн үндэслэл дутмаг байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэрэгт буй нотлох баримтуудыг бүрэн гүйцэт үндэслэн үнэлж, анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч Б.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие, Б.М- нь 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр болсон үйл явдалд харамсаж буйгаа илэрхийлье. Монгол Улсын иргэний хувиар хуулийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан, дуудсан бүрд цаг тухайд нь хүрэлцэн очиж, үнэн зөвөөр уучлалт хүсэж, асуудлыг хууль журмын дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байсан болно. Гэвч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон прокурорын зүгээс санаатайгаар үндэслэлгүй, худал мэдүүлэг өгч, намайг гүтгэн, илтэд харлуулах оролдлого хийж байсан. Эдгээрт миний зүгээс ямар нэгэн гомдол гаргаагүй нь, энэхүү нөхцөл байдал надаас үүдэлтэй хэмээн дотроо хүлээн зөвшөөрч байсантай холбоотой юм. Иймд уг хэргийг дахин хянан хэлэлцэж, бодит нөхцөл байдалд үндэслэн шударга шийдвэрлэж өгнө үү хэмээн хүсэж байна.  Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед Л.Жавзмаа өмгөөлөгч Б.М- “гарч, гүйж яваад хөлөө бэртээсэн” гэдэг. Үүний дараа шүүх хуралдаанаар манай гэрт ямар тавилга байдаг тухай асуухад түшлэгтэй сандал болон хуванцар сандал байдаг тухай хэлсэн. Үүний дараа 100-200 грамм сандал шидээд хөлийг нь гэмтээчихсэн юм биш үү гэж хэлсэн. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлийг унших юм бол “сандал хананд ойгоод хөлийг нь оносон юм биш үү” гэх ч тайлбар байгаа гэв.

Прокурор Д.Энхбаяр тус шүүх хуралдаанд бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй”, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй" ба 90 хоногоос багагүй буюу 3 жил хүртэл хугацаагаар торгох ял биелүүлэх хугацаа болон төлөх хэмжээг хэсэгчлэн тогтоох гэсэн агуулгаар ойлгож хэрэглэх талаар шүүхийн практик тогтсон байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулиар торгох ялыг биелүүлэх хугацааны доод хязгаарыг тогтоож өгөөгүй боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногийн хугацааг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлөх доод хугацааг тогтоож хуульчилсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй" гэсэн зарчимд харшлахгүй бөгөөд тусгайлан зохицуулсан хуулийн хугацаанаас богино хугацаагаар торгох ялын биелэлтийг тогтоож шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж дүгнэхээр байна. Иймд **********, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн дугаартай шийтгэх тогтоолд “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож...” гэж өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив...” гэжээ.

Прокурор Э.Ундармаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эсэргүүцлийн гол үндэслэлийг танилцуулсан. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэв.” гэв

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ  хохирогч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгийн өмгөөлөгч, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Б.М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудал, хэргийн бүхий л нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тал бүрээс нь бүрэн хангалттай, бодитойгоор тогтоогоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хохирогч Б.М- анх цагдаагийн байгууллагад гаргасан гомдол болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт тухайн үед болсон үйл явдлын талаар тодорхой мэдүүлж “...2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Б.М- ирсэн. ...Ц гэх эмэгтэй над руу өнөөдөр уулзъя гэж чат бичсэн чинь тэрийг хараад уурлаж эхэлсэн. Вискийг ганцаар ууж эхлээд орилж, хашгирч эхэлсэн юм. Мөн намайг бас вискинээс уу гэж шахаж шаардсан, уухгүй гэх хэлэхэд улам уурлаад миний нүүр рүү  нэг удаа алгадсан. Би тэр үед нь бол эсэргүүцэл үзүүлээгүй, аль болох уурлуулахгүй байхаар хичээж байсан боловч миний үгэнд ерөөсөө орохгүй байсан ба дахиад намайг 2-3 удаа алгадсан мөн яг алагдах гэж байгаа юм олон удаа зангасан үйлдлүүд гаргаж байсан.

...Б.М- гэрийнхээ эд зүйлийг авч шидсэн, тэр үед хажуу талын айлын хүн хана цохьсон, тэгсэн чинь Б.М- нь миний гар утсаар хана руу цохьсон, гар утсыг минь шидсэн. Тэгээд над руу түшлэгтэй сандал аваад шидэх үед миний зүүн хөлийг оносон, үргэжлүүлэн намайг дахин 4-5 удаа алгадсан.

Би тэр үед маш их айдастай байсан ба намайг хүсээгүй байхад хувцсаа  тайлахыг шаардаж надаар хувцсыг маань тайлуулаад ор руу яв гэж хэлсэн, орон дээр аваачиж байгаад хүчээр бэлгийн харилцаанд орсон, би тэр үед битгий гэж маш их гуйсан, өөрөөсөө холдуулах гэж түлхсэн боловч би Б.М-г дийлэхгүй байсан, надтай хүчээр бэлгийн харилцаанд орж байхдаа янз бүрийн зүйлс асууж “Хариулахгүй бол би болихгүй шүү” гэж хэлсэн. Би асуусан асуулт болгонд нь хариулж байсан. Ер нь бол Б.М-гийн хий гэсэн болгоныг л хийсэн чинь хувцсыг маань өмсүүлэхгүй, дахиад орилж хашгираад “Би чамайг ална, гэр орныхныг чинь ална, аав, ээжээсээ харилцаагаа тасал” гэх мэтээр заналхийлж байсан. Би тэр үед Б.М-гийн гэрээс хурдан гарч зугтаахаа л бодож байсан, Б.М- агсан согтуу тавьж, орилж хашгирч, тайвширахгүй байх үед нь би өмссөн байсан ганц фудволктойгоо хаалгыг онгойлгоод гараад гүйсэн...” / 1 хх 13-14/, гэх мэдүүлэг авагджээ.

Гэтэл прокуророос шүүгдэгч Б.М-г “2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ********** дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 77 дугаар байрны 15 тоотод хохирогч Б.М-гийн биед халдаж биед нь “зүүн хөлний чигчий хурууны өлмий, угийн шивнүүр, ядам хурууны угийн шивнүүр, дунд хурууны үзүүрийн шивнүүр ясны зөрүүгүй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн хохирогч Б.М-гийн эзэмшлийн гар утсыг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж,

**********, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэргийг хүлээн авч прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.М-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11, 17 дугаар бүлэгт заасан  “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг”, “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч, үгүйсгэгдэж байгаа талаар болон өөр бусад гэмт хэргийн шинж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэрийн шинжийг бүх талаас нь шалгаж нарийвчлан тогтоогоогүй, хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах ажиллагааг бүрэн гүйцэд хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзнэ.

Тухайлбал, хавтаст хэрэгт хохирогч Б.М-гийн өгсөн мэдүүлэгт “Хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орсон” талаар дурдаж, энэ талаар гомдолтой байгаагаа илэрхийлсэн баримтат мэдээллүүд хэрэгт авагдсан байхад энэхүү мэдүүлэгт дурдсан үйл баримтыг няцаан үгүйсгэсэн талаар дүгнэлт хийгээгүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхэд хүргэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, мөн хэсгийн 1.3-т заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” үндэслэлүүд байх тул **********, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/510 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

Ийнхүү анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн  өмгөөлөгч М.Цэнгүүний “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгуулах” талаар гаргасан давж заалдах гомдол, “Торгох ялыг биелүүлэх хугацааг өөрчлүүлэх” талаар бичсэн прокурорын эсэргүүцэлд тус тус хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. **********, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/510 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.                   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                С.БОЛОРТУЯА

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТЗОРИГ

                                                ШҮҮГЧ                                              Ц.ОЧ