Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2018/01424

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/01424

 

 

О.Баттөмөрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/00994 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч О.Баттөмөрийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Амин орон био энерги, сургалт судалгааны төв ТББ, Г.Оюундэлгэр нарт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй

Би даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Эрдэнэтуяагийн О.Баттөмөрт холбогдуулан гаргасан

2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баяраа

Хариуцагчийн өмгөөлөгч: А.Адалбек

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: С.Эрдэнэтуяа

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч:

Н.Төмөрбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч О.Баттөмөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.Баттөмөр нь 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр иргэн С.Эрдэнэтуяатай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 15 дугаар байрны, 31 тоотод байрлах 88.87 мкв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2203015670 дугаарт бүртгэлтэй 4 өрөө орон сууцыг 70 000 000 төгрөгөөр худалдан авсан. Нийслэлийн улсын бүртгэлийн газраас уг орон сууцыг 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг О.Баттөмөрийн нэр дээр болгосон. Гэвч уг орон сууцыг өнөөдрийн байдлаар Амин орон био энерги, сургалт судалгааны төв ТББ болон түүний тэргүүн С.Эрдэнэтуяа, удирдах зөвлөлийн гишүүн Г.Оюундэлгэр нар хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа төдийгүй О.Баттөмөрийн өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн дагуу хариуцагч нарыг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 15 дугаар байрны, 31 тоотод байрлах 88.87 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг Амин орон био энерги, сургалт судалгааны төв ТББ, түүний удирдах зөвлөлийн гишүүн Г.Оюундэлгэр нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Оюундэлгэр тус орон сууцыг худалдан авахад өөрийн хөрөнгийг оруулсан гэж мэдүүлсэн, тус орон сууцанд иргэн С.Эрдэнэтуяа бус хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байгаа гэж мэдүүлсний дагуу хариуцагчийг тодорхойлсон болно гэжээ. 

Хариуцагч Амин орон био энерги, сургалт судалгааны төв ТББ-ын үүсгэн байгуулагч С.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан тайлбартаа:

Амин орон био энерги, сургалт судалгааны төв ТББ нь 2008 онд үүсгэн байгуулагдсан С.Эрдэнэтуяа, Б.Буян нарын үүсгэн байгуулагчтай, удирдах зөвлөлийн 5 хүн буюу С.Эрдэнэтуяа, Г.Оюундэлгэр, Гаригцацралт, Мэндбаяр, Дагвадорж нарын бүрэлдэхүүнтэй болно. С.Эрдэнэтуяа нь  2011 онд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 15-31 тоотод байрлах 4 өрөө орон сууцыг худалдан авсан бөгөөд миний үүсгэн байгуулсан төрийн бус байгуулагатай огт хамааралгүй орон сууц юм.  2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус байранд үйл ажиллагаа явуулахаа зогсоож тухайн байрнаас гарч, иргэн С.Эрдэнэтуяад  хүлээлгэн өгсөн болно. Одоо энэхүү маргаан  бүхий байрны хадгалалт, хамгаалалт, эзэмших, ашиглах эрх нь иргэн С.Эрдэнэтуяад байгаа. Уг орон сууц угаасаа иргэн С.Эрдэнэтуяагийн хөрөнгө. Иймд энэ хэргийн хариуцагч нь тус төрийн бус байгууллага биш тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. 

Хариуцагч Амин орон био энерги, сургалт судалгааны төв ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Г.Оюундэлгэр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Оюундэлгэр миний бие тус төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн боловч энэ хэрэгтэй хамааралгүй. Нэхэмжлэгч О.Баттөмөрийг огт танихгүй, тэр хүнээс ямар ч мөнгө аваагүй, маргаан бүхий энэ хэрэгт огт оролцоогүй болно. 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн төрийн бус байгууллагатай холбоотой үйл ажиллагааг энэ байранд явуулахаа зогсоосон бөгөөд миний бие уг хэргийн хариуцагч биш тул нэхэмжлэгч О.Баттөмөрийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:

Барилга угсралтын чиглэлээр ажил эрхэлдэг Б.Батзориг гэгч танил дүү ажил зогсох гээд байна, та өөрийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 15 дугаар байрны 31 тоотод байрлах 88.87 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьцаанд тавиад зээл аваад өгөөч гэсний дагуу 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зээлийн барьцаанд тавих итгэмжлэл хийж өгсөн. Б.Батзориг нь Эко капитал ББСБ ХХК-иас зээл авахаар болсон, харин зээл олгохдоо О.Баттөмөр гэдэг хүнд С.Эрдэнэтуяа болон Б.Батзориг нарын өмчлөлийн 2 орон сууцныхаа гэрчилгээг барьцаанд тавьж, орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж өг гэсэн шаардлага тавьсан гэж хэлсэн. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр О.Баттөмөр гэх хүнийг дагуулж ирээд С.Эрдэнэтуяа миний өмчлөлийн 4 өрөө орон сууцыг, Б.Батзориг нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороонд байрлах 111.8 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцаа, гражийн хамт нийт 3 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, 180 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Б.Батзоригийг зээлээ төлөхөөр буцаагаад барьцааг чөлөөлж, байрыг буцаан миний нэр дээр минь шилжүүлж өгнө гэсэн тул холбогдох баримт бичгүүдэд би гарын үсэг зурсан. 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хоёр өөр үнээр нийт 8 гэрээг хийсэн байдаг. Дээрх гэрээнүүдээс үзвэл С.Эрдэнэтуяагийн орон сууцыг 70 000 000 төгрөгөөр, Б.Батзоригийн орон сууцыг 100 000 000 төгрөгөөр, гаражийг 10 000 000 төгрөгөөр тус тус тооцон барьцаалсан боловч барьцааны гэрээ бичгээр үйлдээгүй. Харин худалдах, худалдан авах гэрээг хийж, О.Баттөмөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлсэн байна. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авагч үнийг төлөх, хөрөнгийг хүлээж авах үүрэг хүлээдэг. С.Эрдэнэтуяа миний бие О.Баттөмөр гэдэг хүнд өөрийн өмчлөлийн дээрх 4 өрөө орон сууцыг худалдан борлуулаагүй бөгөөд О.Баттөмөрөөс нэг ч төгрөг аваагүй, худалдах зорилго ч байгаагүй. Харин уг орон сууцыг барьцаанд тавьсан гэж ойлгосон. Би байрандаа өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж, байр, цахилгаан, хог, СӨХ-ийн төлбөрөө төлж, амьдарч байгаа болно. Мөн надтай байгуулсан гэх гэрээг 30 000 000 төгрөг, 70 000 000 төгрөг гэж хоёр өөрөөр хийснээс үзвэл худалдах үнээ ч тохиролцоогүй нь харагдана. Хэрэв талууд худалдах, худалдан авах хүсэл зориг анхнаасаа байсан бол өнөөг хүртэл 2 жил гаран хугацаанд С.Эрдэнэтуяа намайг тус орон сууцанд амьдруулах шаардлага байхгүй. Мөн 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдөр С.Эрдэнэтуяагаас Б.Батзоригт байрыг барьцаанд тавих итгэмжлэл олгосноос харвал худалдах хүсэл зориг байгаагүйг илтгэж байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар О.Баттөмөр, С.Эрдэнэтуяа нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэрээ тул хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Уг гэрээнүүдийн дагуу О.Баттөмөрөөс шилжүүлэн авсан зүйлгүй, хөрөнгө С.Эрдэнэтуяагийн эзэмшилд байгаа тул харилцан буцааж өгөх зүйл байхгүй гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч нь С.Эрдэнэтуяатай худалдах, худалдан авах гэрээг байгуулан улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон. Анх гэрээг хоёр өөр үнээр байгуулсан нь үнэн. Хувь хүний орлогын албан татварын хуулиар худалдагч татвар төлдөг тул төлөх татвараас зайлсхийх зорилгоор хоёр өөр үнээр өөрсдийнх нь хүсэлтээр гэрээг хийсэн. Худалдах, худалдан авах гэрээний үнэ 70 000 000 төгрөг байсан гэдгийг гуравдагч этгээдийн зүгээс үгүйсгэхгүй байна. Нэхэмжлэгч нь Б.Батзориг, С.Эрдэнэтуяа нараас нэг дор 3 хөрөнгө зэрэг худалдан авсан. 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Б.Батзоригийн дансаар 180 000 000 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгөний 70 000 000 төгрөг нь С.Эрдэнэтуяагийн орон сууцны үнэ бөгөөд, түүний өөрийнх нь хүсэлтээр Б.Батзоригийн дансанд цуг шилжүүлсэн. Дээрх шилжүүлгийн мөнгөний 70 000 000 төгрөг С.Эрдэнэтуяагийнх тул өгснөө баталгаажуулж мөнгө хүлээн авсан баримтыг үйлдсэн. Энэ тухай баримтыг хэрэгт өгсөн байгаа. Үүнд гуравдагч этгээдээс маргахгүй байна. Мөнгөө хэрхэн захиран зарцуулах нь С.Эрдэнэтуяагийн эрхийн асуудал бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд өөрийн орон сууцаа зарсан мөнгийг танил Б.Батзоригт шилжүүлэхийг хүссэн. Иймд С.Эрдэнэтуяагийн гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх:    Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан О.Баттөмөр, С.Эрдэнэтуяа нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203015670 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 15 дугаар байрны 31 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Амин орон био энерги, сургалт судалгааны төв ТББ, тус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Г.Оюундэлгэр нарт холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203015670 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 15 дугаар байрны 31 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай О.Баттөмөрийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШЗ2017/16380 дугаар шүүгчийн захирамжийн 1 дэх заалтын үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 307.950 төгрөг гаргуулж С.Эрдэнэтуяад олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа давж заалдах гомдолдоо:

... Хариуцагч нь зээл авсан хэмээн маргаж байгаа ч үүнийгээ нотлох нэг ч баримт шүүхэд гаргаж өгөөгүй, мөнгийг мөн аваагүй хэмээн тайлбарладаг ч гэрч /хамтрагч/ Б.Батзориг нь мөнгийг авсан гэдгээ нотолдог тул худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн нь нотлогдож байна. Хавтаст хэргийн 19 дүгээр хуудсанд Б.Батзоригийн дансанд худалдаж авсан байрны үнэ шилжиж орсныг нотолсон дансны хуулга байдаг. Гүйлгээний утга дээр маргааны орон сууцны үл хөдлөх хөрөнгийн дугаарыг бичсэн байдаг. Тухайн үед С.Эрдэнэтуяа нь Б.Батзоригийн дансаар мөнгийг шилжүүлэхийг хүссэн бөгөөд С.Эрдэнэтуяа нь тухайн байрыг зарж мөнгийг хүлээн авсныг нотлох баримт болгож, "бэлэн мөнгө хүлээлцсэн акт" үйлдэж талууд гарын үсэг зурсан байна. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрч Э.Ёндон нь "... С.Эрдэнэтуяад зээл олгогдоогүй,.... Баттөмөр, Эрдэнэтуяа нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй... харин худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн, Б.Батзориг нь удахгүй мөнгөтэй болохоороо буцааж худалдаж авна гэж байсан,....С.Эрдэнэтуяад тухайн орон сууцыг бусдад худалдан борлуулах хэлцэл хийгдэж байгааг сайтар тайлбарлаж ойлгуулсан... " гэх мэтээр мэдүүлэг өгсөн байдаг. Гэвч шүүхийн шийдвэр нь гэрч Э.Ёндонгийн мэдүүлэгт үнэлэлт дүгнэлт өгсөнгүй, зөвхөн хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан хариу тайлбар, мэдүүлэгийг үндэслэжээ. Түүнлэн хариуцагч гэрч Г.Оюундэлгэрийн иргэний шүүхэд анх өгсөн гэрчийн мэдүүлэг, сүүлд шүүхэд гаргасан хариу тайлбарт ноцтой гэмээр зөрүүтэй байдал гарсныг шүүх дүгнэх ёстой байсан. Хариуцагч Г.Оюундэлгэр нь С.Эрдэнэтуяагийн хүсэлтээр 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Гэрч Г.Оюундэлгэрийн шүүхэд өгсөн мэдүүлгээс тухайн орон сууцыг худалдан авах саналыг анх гаргаж байсан, бид нар ярилцаад түрээсийн биш, өөрийн гэсэн байртай болохоор шийдвэрлэсэн, тухайн байрыг худалдан авах үед хувиасаа 20 000 000 төгрөг гаргасан, тухайн байраа худалдан авах үед мөнгө дутсан тул зээл авах шаардлага гарсан, бид нар тогтвор суурьшилтай ажил хийдэг С.Эрдэнэтуяа багшийн нэр дээр байрны ордер гаргаад, байраа банкинд барьцаанд тавьж зээл авсан, янз бүрийн сургалт, хандиваар зээлээ төлж байсан, дунджаар 12 000 000 төгрөгийн хандив хөрөнгө оруулалт хийсэн, байрыг барьцаалж зээл авсан хэмээн С.Эрдэнэтуяа тайлбарласан. Гэвч тэрээр шүүхэд хамгийн сүүлд өгсөн тайлбартаа дээрх бүх мэдүүлгээ үгүйсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн байна.

Мөн гуравдагч этгээд С.Эрдэнэтуяа, гэрч Б.Батзориг нар нь шүүхийн шийдвэрийг өөрсөддөө ашигтай гаргуулах зорилгоор өмгөөлөгч Д.Төмөрбаатарыг байлцуулан гэрчийн этгээд Б.Батзоригоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа руу утсаар хоёр удаа яриулж, утасны ярианы бичлэгийг нууцаар хийж, сиди дээр буулган баримтжуулан, гүйцэтгэх ажиллагаа явуулж хууль зөрчсөн. Дээрх үйлдлийг хийхдээ урьдаас төлөвлөсөн асуух асуулт, хариулах хариултаа урьдчилан боловсруулж, хүссэн хариултаа хөтлөн асуух замаар авч, хариуцагч С.Эрдэнэтуяа нь өөрөө тэмдэглэл хөтлөн, өмгөөлөгч нь баталгаажуулсан байдаг. Дээрх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтаас хасуулж байсан.

Худалдах, худалдан авах хэлцлийг хоёр өөр үнийн дүнгээр хийсэн нь худалдагч талын хүсэл сонирхлоор хийгдсэн болохыг шүүх хурлын хэлэлцүүлгийн шатанд хангалттай тайлбарласан боловч шүүх өөр агуулгаар тайлбарласныг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүгч нь дээрх худалдах худалдан авах гэрээнүүдийг иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дэх заалтыг баримтлан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон боловч үр дагаврыг нь орхигдуулсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд С.Эрдэнэтуяа нь анх иргэний хэрэг үүсэх үед хариуцагч байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч биш болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр хариуцагчийг сольж шийдвэрлэсэн. Гэвч шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж шүүх хуралдааны үеэр С.Эрдэнэтуяаг бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээдээр хэрэг маргаанд орж болохыг зөвлөж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бие даасан гуравдагч этгээдийн шаардлага болгож өөрчилсөн. Иймд анхан шатны шүүх нь тухайн иргэний хэргийг нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримт, гэрчийн мэдүүлгүүд, хариуцагч нарын шүүхэд үзүүлсэн зохисгүй үйлдэлд үнэн зөв үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, үр дагаврыг шийдвэрлээгүй байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг үндэслэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/00994 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч нь О.Баттөмөр нь хариуцагч Амин орон био энерги, сургалт судалгааны төв ТББ, Г.Оюундэлгэр нарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 15 дугаар байрны 31 тоотод байрлах 88,87 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрөн маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэтуяад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн хариуцагчийг сольж, хариуцагчаар Амин орон био энерги, сургалт судалгааны төв ТББ, Г.Оюундэлгэр нарыг оролцуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 181/ШЗ2018/01951 дугаар захирамжаар хүлээн авч, хариуцагч С.Эрдэнэтуяаг хариуцагч Амин орон био энерги, сургалт судалгааны төв ТББ, Г.Оюундэлгэр нараар сольсон байна. /1хх-ийн 182, 184-185 тал/

 

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Эрдэнэтуяа нь бие даасан шаардлага гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 181/ШЗ2018/02702 дугаар захирамжаар хүлээн авч С.Эрдэнэтуяаг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр татан оролцуулсан байх бөгөөд С.Эрдэнэтуяа нь нэхэмжлэгч О.Баттөмөрт холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай бие даасан шаардлага гаргажээ. /1хх-ийн 206-208 тал/

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр О.Баттөмөр, С.Эрдэнэтуяа нарын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр О.Баттөмөр нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 15 дугаар байрны 31 тоотод байрлах 88,87 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 70 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцжээ. /1хх-ийн 2 тал/ Мөн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр О.Баттөмөр, С.Эрдэнэтуяа нарын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр О.Баттөмөр нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 15 дугаар байрны 31 тоотод байрлах 88,87 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 30 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна.

 

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 15 дугаар байрны 31 тоотод байрлах 88,87 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц нь С.Эрдэнэтуяагийн өмчлөлд байсан болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /1хх-ийн 39 тал/ Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 7/6736 тоот албан тоотоос үзэхэд дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр С.Эрдэнэтуяагийн өмчлөлөөс О.Батзоригийн өмчлөлд шилжиж бүртгэгджээ. /1хх-ийн 50-54 тал/

 

2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хийгдсэн С.Эрдэнэтуяагаас О.Баттөмөрт олгосон итгэмжлэлээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 15 дугаар байрны 31 тоотод байрлах 88,87 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих, холбогдох гэрээ хэлцэлд гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэл хангуулах, барьцааны гэрээг УБЕГ-ЭХЭБГазарт бүртгүүлэх, хүлээн авах үйлдэл хийх бүрэн эрхийг Б.Батзоригт итгэмжлэн олгосон байна. /1хх-ийн 13 тал/

 

О.Баттөмөр, Б.Батзориг нар 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /орон сууц/ байгуулж, уг гэрээгээр Б.Батзориг нь О.Баттөмөрт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж 72 дугаар байрны 601 тоотод байрлах 111,45 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 30 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байна. /1хх-ийн 124 тал/ О.Баттөмөр, Б.Батзориг нар мөн өдрөө үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /орон сууц/ дахин байгуулж, уг гэрээгээр Б.Батзориг нь О.Баттөмөрт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж 72 дугаар байрны 601 тоотод байрлах 111,45 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 100 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцжээ. /1хх-ийн 130 тал/ Мөн өдрөө О.Баттөмөр, Б.Батзориг нар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /авто зогсоол/ байгуулж, уг гэрээгээр Б.Батзориг нь О.Баттөмөрт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, үйлдвэр туул гол байрны зоорийн давхрын 5 тоот хаягт байрлах 24 м.кв талбай бүхий автозогсоолыг 50 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байна. /1хх-ийн 125 тал/ О.Баттөмөр, Б.Батзориг нар мөн өдрөө үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /авто зогсоол/ дахин байгуулж, Б.Батзориг нь О.Баттөмөрт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, үйлдвэр туул гол байрны зоорийн давхрын 5 тоот хаягт байрлах 24 м.кв талбай бүхий автозогсоолыг 10 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон үйл баримтууд тогтоогдсон байна. /1хх-ийн 129 тал/

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 18-20 дугаар талд Б.Батзоригийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга авагдсан байх бөгөөд уг баримтаар 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Б.Баттөмөрөөс орон сууцны худалдан авалт гэж 180 000 000 төгрөг шилжиж Б.Батзоригийн дансанд орсон байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Э.Ёндонг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Б.Батзориг, Г.Оюундэлгэр нарыг тус тус гэрчээр асуужээ. /1хх-ийн 104-108, 118-122, 148-151 тал/

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд анхан шатны шүүх мөнгийг С.Эрдэнэтуяад шилжүүлээгүй болох нь тогтоогдсон гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

 

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд талууд худалдах, худалдан авах гэрээг Б.Батзориг, О.Баттөмөр нарын зээлийн гэрээний барьцааг хангуулах үүднээс хийгдсэн тохиролцоог халхавчлах зорилгоор байгуулсан гэж үзэн анхан шатны шүүх гуравдагч этгээд С.Эрдэнтуяагийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Амин орон био энерги, сургалт судалгааны төв ТББ, Г.Оюундэлгэр нар маргааны зүйл болж буй байрыг чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд О.Баттөмөр нь үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авсан өмчлөгч биш тул Амин орон био энерги, сургалт судалгааны төв ТББ, Г.Оюундэлгэр нарыг маргааны зүйл болж буй орон сууцанд үйл ажиллагаа явуулж байгаа эсэх, нэхэжлэлийг хариуцах үүрэг хүлээсэн этгээд мөн эсэхт дүгнэлт өгөх шаардлагагүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/00994 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч О.Баттөмөрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ц.ИЧИНХОРЛОО