Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2025/ДШМ/497

 

 

 

 

 

     2025          05            01                                        2025/ДШМ/497

                                                                 

С.Г-т холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Хурмандах,

шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П., түүний өмгөөлөгч Ө.Амарбаясгалан,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Т.А, Д.Алтанжигүүр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 1*-ны өдрийн 2025/ШЦТ/527 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн С.Г-т холбогдох 2310034**04*0 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.      

М овгийн С-гийн Г, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ***** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гэр ахуйн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, ганц бие, ******* дүүргийн * дугаар хороо, С-гийн **дугаар гудамж, ***тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй /РД: ******/,

 Шүүгдэгч С.Г нь Хан-Уул дүүргийн * дугаар хороо, С-гийн **дугаар гудамжны ***тоот гэртээ 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр амь хохирогч Д.Ц-ийн биед хүч хэрэглэн өшиглөсний улмаас давсагны язрал, урагдлын улмаас хэвлийн хөндийн цусан хураа үүсэж дотуур цочмог цус алдаж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: С.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Мовогт С-гийн Г-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ийг 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-т оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Г-ийн цагдан хоригдсон 139 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 50* дугаар зүйлийн 50*.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ээс амь хохирогчийн оршуулгын зардалд 10.915.079 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд *2.500.000 төгрөг, нийт 93.415.079 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг түшлэгтэй сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр талийгаач Ц-тэй таарсан. “Олон хоног архи уусан эхнэртэйгээ таарамжгүй 20-д хоног тусдаа байгаа” гэж байсан. Тэгээд гэрт нь орж архи уусан, охин нь гаднаас орж ирээд загнасан. Би “Аав чинь согтуу тааралдсан аавтай чинь уулзаагүй сар шахуу болж байна” гээд би гарсан. Талийгаач даган гарч хамт Яармагт ирсэн... Бид хоёр 9 дүгээр сарын 10-ны орой 23:30 минут хүртэл үргэлжлүүлэн архи уусан. Ц- өдөржингөө бөөлжсөн.

Манай ээж хөл муутай хүн байсан тэгээд тэргэнцэр түрж явдаг хоёр гартай дугуйтай түрдэг тэрэг байсан. Намайг хэвтэж байхад пижигнээд явчихсан, өндийгөөд хартал тэргэнцрээ доороо хийгээд нэг гар нь хэвлий доороо, нөгөө гар нь гэдсэн доор байрлалтай тэгнээд  унасан байсан. Тэгээд ор лугаа мөлхөөд очоод дээшээ хараад хэвтсэн. Өглөө нь 0.75 архи уусан байсан. 21:30 цагийн үед 0.75 архи 1 ундаа авчраад уусан, би усан бантан хийсэн идээгүй. Архи 23:30 цаг орчимд ууж дууссан. 24:00 цагийн алдад унтах гээд хэвтсэн. Эхнэр нь 9 дүгээр сарын 10-ны өдөр утсаар ярьсан өмнө зөндөө залгаад авахгүй байсан. Орой нь залгаад авахгүй байсан, над руу залгасан би утсаа авсан эхнэр нь байсан тэгтэл утсаа салга гэсээр байгаад салгуулсан. Би уг нь гэрээ зааж өгнө гэж бодсон, дүү охин загнаад “Наад хүнээ явуул” гээд байсан.

Талийгаач эхнэртэйгээ яриулаагүй, 09 дүгээр сарын 11-ний өглөө 06 цаг өнгөрч байхад бие засах гээд гарахад орой нь хэвтэж байсан газар хэвтэж байсан. “Чи яаж унтаж байгаа юм бэ, хажуу тийшээ болоод унтахгүй” гэсэн дуугарахгүй болохоор нь очоод хацрыг нь илтэл хүйтэн хөдлөхгүй байсан.

Түргэний эмч үзээд “1:30-2:00 цагийн өмнө архины гүн хордлогоор өнгөрсөн” гээд футболктой байсан гараар нь улаан юм туурсныг харуулаад явсан. Хан-Уул дүүргийн 2 дугаар хэлтсээс ахмад Н нэг цагдаатай ирээд ”09 дүгээр сарын 12-ны өдөр 10 цагт очоорой” гэсэн. Би очоод болсон хэргийн талаар ярьсан. 09 дүгээр сарын 14-ний өдөр дахин дуудсан, байцаалт аваад гэрт ирж шинжээч дагуулж ирж тэргэнцэр, байшин доторх зураг, тэргэнцэргүй аваад явсан.

2024 оны 04 сарын 10-нд энгийн хувцастай хоёр залуу ирээд дагуулаад явсан. “Хэргээ хаалгаад гарын үсгээ зурчих, таны хэрэг 7 сар болоод хаагдаж байна. Та харин нэг удаа өшиглөсөн гээд хаачих, таны хэрэгт хамаарахгүй” гэсэн. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хэлтэс дээр ахмад Н дээр оруулж өгсөн. Тэр хоёрын хэлснээр “Нэг өшиглөсөн” гэсэн, “Хаана өшиглөсөн” гэхээр нь “Мэдэхгүй. Өшиглөсөн зүйл байхгүй. Танай хоёр дагуулж ирсэн залуу тэгж хэлээд гарын үсэг зураад болно гэсэн” гэж хэлсэн.

“Та юу яриад байна” гэж Н уурласан. “Өөр маргалдсан зодолдсон юм байгаа юу” гэсэн “Үгүй. Би талийгаачаас 1 сая төгрөг авах байсан. Тэрийгээ бид 2 ярьж байсан, маргалдаагүй” гэж хэлсэн. Тэгээд гарын үсэг зурсан.

Гаднаас нэг хүн орж ирсэн, “Б өмгөөлөгч” гэж танилцуулсан. “Өмгөөлөгч авч таарах байх энэ хүнийг авч болно, гэрээ хийдэг” гэж байсан, би дотроо “Юун өмгөөлөгч яриад байгаа юм бол, гарын үсэг зураад болно гэж байсан” гэж бодсон.

Хан-Уул дүүргийн 2 дугаар хэлтсээс ахлах дэслэгч Ц ирж намайг хэлтэс рүүгээ авч явж байцаалт аваад нийслэлийн прокурор луу оройн 22:30 цагийн үед авч яваад “4* цаг саатуулна” гээд 461 дүгээр хорих ангид 23:30 цагийн алдад авчирсан.

Эмч үзлэг хийсэн “Даралт 170, согтолт 1.3 хувь байна. Манайх ийм хүн авдаггүй, асуудал гарвал хэн хариуцах юм бэ. Архи, даралтыг нь буулгаад маргааш авчир” гэсэн. Ц 461-р ангид гарч байсан харуулын даргатай ярьж байгаад эмнэлэгт хэвтүүлсэн. Маргааш нь 9 дүгээр сарын 11-нд Ц дахин ирж шинжилгээний дүнг танилцуулсан. “Танаас юм асууя” гэсэн би “Өмгөөлөгчгүй хариулт өгөхгүй” гэсэн, “Өмгөөлөгч авбал Б гэдэг өмгөөлөгч байгаа” гэсэн, би “Өчигдөр Нямдагвын өрөөнд уулзсан гэсэн. Тэгээд 2-3 хоногоос дагуулж ирнэ гээд дахиж ирээгүй Н ч нэг өшиглөсөн гэж хэлүүлэхэд дахиж уулзаагүй тэр тэргэнцрийн тухай нэг ч асуугаагүй, яллах дүгнэлт үйлдсэн. Би хоригдож байх хугацаанд Монголын өмгөөлөгчдийн холбоо, Авлигатай тэмцэх газар, Хан-Уул дүүргийн прокурорын газар, Нийслэлийн цагдаагийн хянан шалгах хороо зэрэг газар дээр дурдсан Н, Ц, өмгөөлөгч Б гурвыг шалгаж өгөхийг хүсэж гомдол гаргасан.

Би хүн алах санаа сэтгэл байгаагүй. Шүүхийн энэ тогтоолыг хүчингүй болгож өгөөч гэж хүсэлтийг гаргаж байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд С.Г нь амь хохирогч Д.Ц-ийн биед халдаж, хэвлийн тус газарт өшиглөсний улмаас эрүүл мэндэд “давсагны язрал, урагдлын улмаас хэвлийн хөндийн цусан хурал үүсэж дотуур цочмог цус алдаж амь насыг нь хохироосон нөхцөл байдал тогтоогдсон. Энэхүү нөхцөл байдал нь амь хохирогчийн үхэл, шүүгдэгч С.Гийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд С.Г нь амь хохирогч Д.Ц-ийн хэвлийн хэсэг рүү өшиглөсөн үйлдэл тогтоогдоогүй. 1-р хавтаст хэргийн 32, 34-35 талуудад С.Г нь анх 2023 оны 09 дүгээр сарын 11, 09 дүгээр сарын 13-ны өдрүүдэд 2 удаа мэдүүлэг өгсөн байдаг. Энэхүү мэдүүлэгтээ амь хохирогч тэргэнцэр дээр тээж унасан талаар мэдүүлсэн байдаг. Үүнээс хойш 7 сарын дараа буюу 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр мэдүүлэг авахдаа С.Гээс өмгөөлөгчгүй байцаалт авч Эрүүгийн мөрдөгч Д, Г.М нар нь хэргийг чинь хаах гэж байна “танайд нас барсан хүний биед өшиглөсөн /нэг удаа өшиглөсөн/ гэж хэлээд гарын үсэг зураад хэргээ хаалгаад яв гэж хуурч мэдүүлэг өгүүлсэн талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд ч С.Г нь өөрөө Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Монголын өмгөөлөгчдийн холбоо, прокуроруудад гомдол гаргасан. Гомдлуудыг нь бүрэн гүйцэт шалгаагүй.

Энэхүү мэдүүлэгт өмгөөлөгч Ч.Быг оролцсон гэх боловч С.Г нь “Ч.Б гэх өмгөөлөгч байцаалт дууссаны дараа орж ирж гарын үсэг зурсан. Байцаалтад огт суугаагүй. Хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ огт байгуулаагүй, хууль зүйн ямар нэгэн асуудлаар зөвлөгөө өгөөгүй” гэсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дугаар зүйлийн 4-д заасныг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-д зааснаар сэжигтний мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй юм. Өмгөөлөгчийн зүгээс сэжигтнээр мэдүүлгийг хууль зөрчиж авсан мэдүүлэг гэж үзэж нотлох баримтаар тооцуулахгүй байх хүсэлтийг гаргасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүх бүрэлдэхүүн /үндэслэлгүй/ хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч Ч.Быг байцаалт эхлэхэд өмгөөлөгчийг оролцуулаагүй байж Ч.Б өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байна уу? гэж асуухад С. Г татгалзах зүйлгүй гэсэн байна гэж үндэслэлгүй тайлбар хийсэн. С.Г 1 дүгээр хавтаст хэргийн 110 дугаар талд 2024 оны 04 сарын 11-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар анх удаа мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэж эрхээ эдэлж мэдүүлэг өгөөгүй байдаг. Үүнээс хойш С.Гээс мэдүүлэг аваагүй, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг нь хязгаарласан. Мөн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн шүүх хуралдаанд шинжээч эмч нараас оролцуулах хүсэлт гаргаж оролцуулсан. Шинжээч эмч Т.Чимэд-Очир цахим сүлжээгээр оролцож амь хохирогчид учирсан гэмтэл нь тухайн үед С.Гийн гэрт байсан тэргэнцэр дээр тээж унахад үүсэх боломжтой эсэх гэсэн асуултад ховор тохиолдолд үүсэх боломжтой гэсэн хариулт өгсөн.

С.Г нь хэрэг учрал гарсны дараа 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ амь хохирогч Д.Ц-ийг “Тэргэнцэр дээр тээж унасан байсан” гэж мэдүүлдэг. С.Г нь хүнийг алах, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдалтай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдэх боломжтой гэж үзэж байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны дугаар 02 сарын 1*-ны өдрийн 2025/ШЦТ/527 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Гомдлоо дэмжиж байна. Хэрэгт авагдсан баримтууд болон анхны өгсөн мэдүүлгүүдийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Тодруулбал, хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 32, 34, 35 дугаар хуудсанд тэмдэглэгдсэн 2022 оны 9 дүгээр сарын 11, 13-ны өдрүүдэд С.Гийн өгсөн мэдүүлгүүдэд амь хохирогчийг тэргэнцэртээ тээглэж унасан тухай дурдсан. Энэхүү уналт нь хохирогчийн биед ноцтой гэмтэл учруулж, улмаар амь насанд хүргэсэн байх магадлалтай. Анхан шатны шүүх уг мэдүүлгийг үнэлэхдээ анхаарал дутагдалтай хандсан гэж үзэж байна. Учир нь С.Г сэжигтнээр  мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч н.Б оролцоогүй нөхцөлд авсан бөгөөд хожим өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх хүсэлтээ хууль хяналтын байгууллагад гаргасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх түүний хүсэлтийг үндэслэлгүйгээр үл харгалзан, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгсөн мэтээр тайлбар хийж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн шинжээч эмч н.Чимэд-Очир анхан шатны шүүх хуралдаанд оролцож, тухайн гэмтэл нь тэргэнцэр дээрээс унаж хэвлий хэсгээрээ цохигдсоны улмаас үүсэх боломжтой гэж тайлбарласан. Иймд дээрх нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн онцгойлон анхаарч үзэж, миний үйлчлүүлэгчид ашигтай  байдлаар шийдвэрлэж өгөөч гэх гомдол гаргасан. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маш их гомдолтой байна. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Бид 4 хүүхэдтэй. Том нь 17 настай, бага нь 3 настай” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А-гийн өмгөөлөгч Ө.Амарбаясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой танилцсан. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмч н.Эрдэнэболорын гаргасан дүгнэлтээр тухайн амь хохирогчид учирсан давсагны урагдал гэмтэл тэргэнцрээс унахад үүсэхгүй. Хэвлий доод хэсэг аарцгийн ясаар эргэн тойронд хүрээлэгдсэн байдаг. Ийм учраас хүнд жингээр унахад үүсэх боломжгүй гэх мэдүүлэг өгсөн. Харин давсаг чинэрсэн үед хэвлий хэсэгт цохих үед доргилтоос болж гэмтэл үүснэ гэдэг. Хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар үндэслэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн  2025 оны 02 дугаар сарын 1*-ны өдрийн 2025/ШЦТ/527 дугаар шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож тухайн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Г.Хурмандах шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдолтой танилцсан болно. Уг хэргийг анхан шатны шүүх 2025 оны 2 дугаар сарын 1*-ны өдөр бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ажиллагаа бүрэн, хууль журмын хүрээнд явагдсан бөгөөд улсын яллагчийн зүгээс энэ үйл ажиллагааг хуульд нийцсэн гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарт дурдсанаар уг хэргийг зөвхөн сэжигтний мэдүүлэгт үндэслэн ял оногдуулсан гэж байгаа нь үндэслэлгүй, хэргийн нөхцөл байдалд хамаарах нотлох баримтууд болон шинжээч эмч н.Чимэд-Очирын гаргасан дүгнэлт зэргийг анхан шатны шүүх харгалзан үзэж шийдвэрлэсэн. Мөн анхан шатны шүүх сэтгэцэд учирсан хохирлыг холбогдох баримтад тулгуурлан үнэлж, шүүх бүрэлдэхүүн хуулийн дагуу нотлох баримтуудыг иж бүрнээр нь судалж, шийдвэр гаргасан. Иймд энэхүү асуудалд ямар нэгэн зөрчил, хууль зөрчсөн нөхцөл байдал байхгүй болно. Шинжээч эмч н.Чимэд-Очирын гаргасан дүгнэлтэд дурдсанаар, хохирогчийн хэвлийн хэсэгт "няцралт" зэрэг гэмтэл тогтоогдоогүй бөгөөд тухайн гэмтэл нь өшиглөх, цохих зэргээр үүсэх боломжтой гэж дүгнэсэн. Шүүх хуралдаанд оролцож буй талууд шинжээч эмчийн тайлбарыг өөрсдийн биеэр сонссон бөгөөд шинжээч нь ямар нэгэн унасан байдлаар уг гэмтэл үүссэн гэж дурдаагүй болно. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд, анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар С.Гт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

1. Шүүгдэгч С.Г нь Хан-Уул дүүргийн * дугаар хороо, С-гийн **дугаар гудамжны ***тоот гэртээ 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр амь хохирогч Д.Ц-ийн биед хүч хэрэглэн өшиглөсний улмаас давсагны язрал, урагдлын улмаас хэвлийн хөндийн цусан хураа үүсэж дотуур цочмог цус алдаж амь насыг нь хохироосон болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 9/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /10-13, 17-20/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /14-16/,  эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 20-21 хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 22-23/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А: “...Би талийгаач Д.Ц-тэй 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хамгийн сүүлд уулзсан. Тухайн өдөр манай нөхөр гэрээсээ гарч яваад тэгээд өнөөдрийг хүртэл надтай уулзаагүй. ...2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр талийгаач Д.Ц-ийн 990*3497 гэх дугаар луу залгаад байсан. Тэгтэл нэлээн олон залгуулж байж утсаа авахад талийгаач нь согтуу байсан... Талийгаач нь архи, согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэдэг байсан. Уухаараа олон хоногоор уудаг байсан. Д.Ц-д архаг хууч өвчин байхгүй. ....Би талийгаач Д.Ц-тэй 200* онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж гэр бүл болж байсан бид дундаасаа 3 хүүхэдтэй... Нөхөр маань Гтэй нийлэхээрээ архи уучхаад байдаг болохоор би дургүй байдаг. Г нь дандаа согтуу явж байдаг...” /1хх 27-2*, 29-30/,

- гэрч С.С: “...Г нэг эрэгтэй хүн дагуулаад ирчихсэн архи уугаад байгаа бололтой байсан, ойролцоогоор 3-4 хоногийн дараа хашаанд Гтэй тааралдахад согтуу байхаар нь “Нөгөө хүн чинь байгаа юм уу? гэж асуухад “Байгаа” гэхээр нь “Наад хүнээ явуулаач ээ, яах гээд хүн дагуулж ирээд архи уугаад байгаа юм” гэж загнасан. С.Г хүн дагуулж ирснээс хойш 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл тэр хоёр дээр гаднаас хүн ирээгүй, тэр хоёр гадагшаа гарсан эсэхийг мэдэхгүй, миний нүдэн дээр лав өөр хүн орж, гарч харагдаагүй. 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө эрт Г орж ирээд “Надтай хамт архи ууж байсан хүн нас барчихсан байна” ороод үзээдхээч гээд манай хүү цагдаа, эмнэлэг дуудсан...” /1хх 36-37/,

- шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2409 дүгээр шинжээчийн дүгнэлт: “...Талийгаач Д.Ц- цогцост хэвлийн битүү гэмтэл, давсагны заал, урагдал, хэвлийн хөндийн цусан хураа, хэвлийн баруун доод хэсэгт цус хуралт, зулгаралт, баруун бугалга, цээжний баруун хажуу хэсэг, зүүн урд доод хэсэг, хэвлийн баруун, зүүн хажуу доод хэсэг, зүүн бугалга, шуу, хэвлийн зүүн хэсэг баруун өгзөг, зүүн өвдөгт цус хуралт, баруун, зүүн, тохой, хэвлийн зүүн хажуу хэсэг, зүүн авдаг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Хэвлийн битүү гэмтэл, хэвлийн баруун доод хэсгийн цус хуралт, зулгаралт нь 24 цагийн дотор, баруун бугалга, цээжний  баруун хажуу хэсэг, зүүн урд доод хэсэг, хэвлийн баруун, зүүн хажуу доод хэсгийн цус хуралт нь 1-2 хоногийн дотор, бусад гэмтэл нь 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүдээс хэвлийн битүү гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач нь элэгний архаг үрэвсэл өвчтэй байна. Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл авч давсагны язрал, урагдлын улмаас хэвлийн хөндийн цусан хураа үүсэж дотуур цочмог цус алдаж нас баржээ. 2023.09.11-ний өдрийн 23:05 цагийн цогцсын гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 1*-22 цаг болсон байжээ. Талийгаач нэгдүгээр бүлийн цустай байна. Химийн шинжилгээгээр спиртийн зүйл, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна...” /1хх 64-71/,

- шинжээч Ч.Э: “...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Хэвийн битүү гэмтэл нь хэвлийн баруун доод хэсгийн цус хуралтай, зулгаралт 24 цагийн дотор үүснэ. Баруун бугалга цээжний баруун хажуу хэсэг, зүүн урд доод хэсэг, хэвлийн баруун зүүн хажуу доод хэсгийн цус хуралт нь 1-2 хоногийн дотор бусад гэмтэл нь 3-5 хоногийн өмнө үүссэн байна. 1-2 хоног, 3-5 хоногийн өмнө үүссэн, гэмтлүүдийг нарийвчлан тогтоох боломжгүй. Харин хэвлийн битүү гэмтэл хэвлийн баруун доод хэсгийн цус хуралт зулгаралт нь нэг цаг хугацаанд зэрэг үүссэн байх боломжтой. Эдгээр гэмтлүүд амьдадаа үүссэн гэмтлүүд. Элэгний архаг үрэвсэл нь үхэлд нөлөөлөхгүй. Уг гэмтлүүд талийгаачид учирсан даруйд нас бараагүй. Дүгнэлтэд дурдсанаар уг гэмтлийг аваад дээд тал нь 24 цаг болсон байх боломжтой. Уг гэмтэл учирсны дараа хүний үйлдэл хөдөлгөөн, дуу авианд нөлөөлөхгүй. Талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл нь нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой мохоо зүйлийн цохигдох үйлчлэлээр үүснэ. Давсагны язрал урагдал гэмтэл нь унахад үүсэх боломжгүй... Байрлалын хувьд хэвлийн доод хэсэг аарцгийн хөндийд эргэн тойрондоо аарцагны ясаар хүрээлэгдсэн байдаг учраас хүн өөрийн жингээр унах үед үүсэхгүй. Харин давсаг чинэрсэн үед хэвлий рүү хүчтэй цохих үед доргилтын үед үүснэ. ...Зулгаралт нь хүнийг гараар үүсэхгүй хөлөөр өшиглөх үед үүсэх магадлалтай. Хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад больсноос хойш 1-2 цагийн дотор ялгарч эхлэх бөгөөд 4-6 цагийн дараа гэхэд цусанд ялгарахгүй байх боломжтой. Цогцсын байрлалыг өөрчилсөн гэх шинж тэмдэг илрээгүй. Амь хохирогчийг үхэлд хүргэх гэмтэл үүссэн цаг хугацаанд өөр ямар нэгэн гэмтэл үүсгэгдээгүй байна...” гэх мэдүүлэг /1хх 75-77/

- шүүгдэгч С.Гийн хувийн байдлыг тогтоосон баримт бичгүүд /1хх 131-135/,

- шүүх сэтгэц эмгэг судлалын 46* дугаар дүгнэлт “...С.Г нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. С.Г нь хэрэг учрал болох үед, хэрэг учрал болохоос өмнө, хэрэг учрал болсны дараа сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. С.Г нь юмыг зөвөөр ойлгох, зөвөөр мэдүүлэх чадвартай байна. С.Г нь өөрийн үйлдлийг нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгох, өөрийн үйлдлийг удирдан жолоодох, хянах чадвартай байсан байна. С.Г нь ямар нэгэн сэтгэцийн өвчингүй байна. С.Г нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. ...” /1хх 137-140/, гэх мэдүүлэг, нотлох баримтаар тогтоогдож байна.

2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан байх ба мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна. 

3. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч С.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хэргийн бодит байдалтай нийцэж, эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзан шүүгдэгч С.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 11 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчим, ялын зорилгод нийцсэн байна.

4. Шүүгдэгч С.Г нь “...Хүн алах санаа байгаагүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ...” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр: “...С.Г нь хүнийг алах гэмт үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдалтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашигтайгаар шийдэх боломжтой гэж үзэж байна. Иймд шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг дараах үндэслэлээр гомдлын хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэрэгт авагдсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд:

гэрч С.Сгийн: “...Тэр хоёр дээр гаднаас хүн ирээгүй...” /1хх 36-37/ гэх мэдүүлгээр гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч С.Г, амь хохирогч Д.Ц- нараас өөр хүн байгаагүй болох нь,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2409 дүгээр шинжээчийн: “...Талийгаач Д.Ц- ...Хэвлийн битүү гэмтэл, хэвлийн баруун доод хэсгийн цус хуралт, зулгаралт нь 24 цагийн дотор үүссэн. Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл авч давсагны язрал, урагдлын улмаас хэвлийн хөндийн цусан хураа үүсч дотуур цочмог цус алдаж нас баржээ...” /1хх 64-71/, гэх дүгнэлт,

шинжээч Ч.Эын: “...хэвлийн битүү гэмтэл хэлийн баруун доод хэсгийн цус хуралт зулгаралт нь нэг цаг хугацаанд зэрэг үүссэн байх боломжтой. Гэмтлүүд талийгаачид учирсан даруйд нас бараагүй. Талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл нь нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой мохоо зүйлийн цохигдох үйлчлэлээр үүснэ. Давсагны язрал урагдал гэмтэл нь унахад үүсэх боломжгүй. Учир нь байрлалын хувьд хэвлийн доод хэсэг аарцгийн хөндийд эргэн тойрондоо аарцагны ясаар хүрээлэгдсэн байдаг учраас хүн өөрийн жингээр унах үед үүсэхгүй. Харин давсаг чинэрсэн үед хэвлий рүү хүчтэй цохих үед доргилтын үед үүснэ. ...Зулгаралт нь хүнийг гараар үүсэхгүй хөлөөр өшиглөх үед үүсэх магадлалтай.” гэх мэдүүлэг /1хх 75-77/ зэрэг нотлох баримтуудаар амь хохирогч Д.Ц- нь тухайн үед тэргэнцэр дээр тэгнэж унаж гэмтэл авсан гэх байдал үгүйсгэгдэж байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн үйл баримтыг ямар нэгэн эргэлзээгүйгээр тогтоосон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

5. Анхан шатны шүүх шүүгдэгч С.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний гэм буруу, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж 11 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

Өөрөөр хэлбэл, шүүхээс С.Гт оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангасан байна.

6. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Гийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагчаар татсан байна. Гэтэл 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 12:00 цагт С.Гээс сэжигтнээр мэдүүлэг авч тухайн өдрийн орой нь буюу 21:35 цагт сэжигтнээр баривчилсан баримт хэрэгт цугларчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан журмын дагуу баривчлагдсан эсхүл яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар мэдэгдэх хуудсаар дуудсан хүнийг сэжигтэн гэнэ” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, яллагдагчаар татаагүй, баривчлаагүй байж С.Гээс сэжигтнээр мэдүүлэг авч, уг мэдүүлэг авах ажиллагаанд “өмгөөлөгч Ч.Быг оролцуулсан эсэх нь” тодорхойгүйгээр гарын үсэг зуруулсан байна.

Энэ үндэслэлээр анхан шатны шүүх шүүгдэгч С.Гээс 2024 оны 04 дүгээр сарын 10-өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдсан нь зөв бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг энэхүү магадлалд дурдах нь зүйтэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.  

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод гэм хор учирсан байхыг шаарддаг.

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “бусдын амь насанд” учруулсан гэм хорд ямар хохирлыг тооцох, түүнийг хэрхэн арилгах талаар мөн хуулийн 50* дугаар зүйлд тусгайлан тодорхой зохицуулсан байна.

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан үр дагавар, хор уршгийг арилгуулах зорилгын хүрээнд амь хохирогчийг оршуулахтай холбоотой зардлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Харин, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Агийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад анхан шатны шүүх сэтгэцийн хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэснийг хууль ёсны гэж үзэх боломжгүй байна.

 

Учир нь, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан болно.

Тухайлбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг/-т... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заасан тул хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг дээр дурдсан хууль болон журамд заасны дагуу гүйцэтгэсний эцэст хохирлыг гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад заасан гэм хорын хохирол гаргуулсан хэсгийг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А нь сэтгэцийн хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нэмж оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд шийтгэх тогтоолд Иргэний хуулийн 50* дугаар зүйлийн 50*.1-д зааснаар хохирогч нас барснаас учирсан гэм хорын хохирол буюу оршуулгын зардалд 10.915.079 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Гийг 2025 оны 02 дугаар сарын 1*-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 71 /далан нэг/ түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 1*-ны өдрийн 2025/ШЩТ/527 дугаар шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 50* дугаар зүйлийн 50*.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Гээс амь хохирогчийн оршуулгын зардалд 10.915.079 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ад олгосугай.” гэж өөрчилж,

тогтоох хэсэгт: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарын гаргасан “...Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гийн 2025 оны 02 дугаар сарын 1*-ны өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 71 /далан нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА

 

            ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

 

            ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ