Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 135

 

2018 оны 7 сарын 19 өдөр                       2018/ШЦТ/135                             Хэрлэн сум

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/0146/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга              А.Уламбаяр,

Улсын яллагч                                     Т.Баярмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч   С.Нарангэрэл, Б.Болортунгалаг,

Шүүгдэгч                                      Д.Б, М.А, Х.Ы, Ц.Х нарыг оролцуулан

  Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мэргэд овогт Дуламрагчаагийн Б, Их мэргэд овогт Цэгмэдийн Х, Их мэргэд овогт Мөнхгэрэлийн А, Их мэргэд овогт Хасбаатарын Ы нарт холбогдох 1839002060113 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 1992 оны 05 сарын 03-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4-р баг хөдөө хэсэгт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Мэргэд овогт Дуламрагчаагийн Б /РД: /

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1994 оны 12 сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2-р баг хөдөө хэсэгт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Их мэргэд овогт Цэгмэдийн Х /РД: /

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1997 оны 06 сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4-р баг хөдөө хэсэгт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Их мэргэд овогт Мөнхгэрэлийн А, /РД: /

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1994 оны 09 сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3-р баг хөдөө хэсэгт оршин  суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Их мэргэд овогт Хасбаатарын Ы, /РД: /

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 

Шүүгдэгч Д.Б, М.А, Х.Ы, Ц.Х  нар нь хамтран 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3-р баг “Хөндлөн булаг” гэх газарт Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын цагдаа Д.Отгончулууныг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, яллагдагч Д.Б нь иргэн Г.Доржпаламын гар утсыг хууль бусаар устгасны улмаас 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б, М.А, Х.Ы, Ц.Х  нар нь хамтран 2018 оны 04 дүгээр сарын 22-нд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3-р баг “Хөндлөн булаг” гэх газарт Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын цагдаа Д.Отгончулууныг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эсэргүүцэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Д.Б нь иргэн Г.Доржпаламын гар утсыг устгаж 600000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

Хохирогч Д.Отгончулууны мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 24-ний өглөө 10 цагт бэлчээрт гэрийнхээ баруун зүгт гараад орой 18 цагийн үед орчим баруун талаас ирэхэд ногоон халзан зүсмийн 5 настай үнээ алга болсон байхаар нь ингэж байгаад ирэх байлгүйдээ гээд маргааш өглөө 10 цагийн үед үхэртээ өвс тавьж өгөөд ирэхгүй байхаар нь ойр хавиар хайгаад олоогүй юм. Би 2018 оны 02 сарын 27-ны өдөр 15 цагийн орчим алдсан үнээгээ хайгаад Хэрлэн сумын 1-р баг банкны байрны урд талын хогийн цэг дээр очтол алдсан ногоон халзан зүсмийн үнээг цохиж унагаагаад өвчөөд арьсыг авч шар махтай нь үлдээгээд явсан байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 14-18 хуудас/

Г.Доржпаламын хохирогчоор мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ы гэх хүн Чука гэх хүнд зодуулчихлаа гэсэн дуудлага өгсөн. Бид хоёр тээврийн хэрэгсэлтэй булаг руу очсон чинь 5 залуу 3 морин дээр сундалсан, 2 залуу нь 1 мотоцикль дээрээ нийт 7 хүн Дэлгэрхаан суманд архи согтууруулах ундааны хэрэглэчихсэн залуучууд байж байсан. Манай нөхөр тэр залуустай уулзахаар машинаасаа гараад очсон. Тухайн үед би машин дотроо сууж байсан. манай нөхөр Отгончулуун тэр Анхчулуун гэдэгтэй нь уулзаад зогсож байхад Мөнхтөр гэх залуу морин дээрээс үсэрч бууж ирэхдээ тэнд байсан тогтсон усан дээр хөлөөрөө буугаад манай нөхрийн цагдаа хувцасыг норгосон юм. Манай нөхөр Отгончулуун яаж бууж ирээд байна аа наад хувцас хунар норгочихлоо гэж хэлсэн чинь тэр Мөнхтөр гэх залуу хэдэн юм хэлээд Отгончулууны хувцаснаас заамдаж аваад А гэх залуу нь манай нөхрийн араар морьтойгоо гараад араас нь татаад морьтойгоо 10 метр газар чирч давхиад тэнд Ы гэх залуу барьж явсан уургаа хугалаад нөгөө залуучууддаа хэсэг хэсгээр нь өгөөд манай нөхрийг уурганы хугарсан хэсгээр зодож цохиж, өшиглөж бүгдээрээ л чамайг ална, энд булна гэх зэргээр хэлээд зодоод байсан. Тэгээд би машинаасаа буугаад та нар болиочээ манай нөхрийг аллаа гэж хэлээд тусламж дуудах гээд гүйсэн чинь араас Анхчулуун тэр Түмээ гэх залуучууд манай машиныг унаж ирээд Түмээ миний үснээс татахаар нь би тэр Түмээ гэх залуугийн хацарнаас эргэж харж хазсан чинь намайг газар унагаагаад нэг удаа өшиглөөд миний самсунг Жи-5 маркийн гар утсыг булааж авч эвдлээд өөрөө өвөртлөөд аваад явсан. Тэгээд цэргийн ангийн машинтай нэг ахмад залуу, эмнэлгийн галч Цогоо гэх 2 хүн ирээд манай нөхрийг салгаад эмнэлэг рүү аваад явсан. Тэнд байсан хүмүүсээс хэн нь ч боли гэж хэлээгүй бүгд л зодоод өмсөж явсан цагдаа савхин куртикийг тайлж аваад дээр нь дэвсэлээд, мориороо гишгүүлээд тэр А гэх залуу манай нөхрийг газар толгойгоо бариад доошоо хараад хэвтэж байхад унаж явсан мориороо санаатайгаар нуруун дээрээс нь хүртэл гишгүүлсэн..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 19-21 хуудас/

Гэрч Д.Анхчулууны мөрдөн байцаалтанд өгсөн: “...Эхнэр хүүхэдтэйгээ дэлгүүрээс гараад явж байхад сумын баруун талд булгийн эхэнд Ы, Б, Батбаяр, Мөнхтөр өөр хэсэг хүмүүс байхаар нь би дээрх хүмүүсийг таниад дэлгүүрээс авсан архиа аваад эхнэр хүүхдээ гэр рүүгээ явж бай гэж хэлээд ганцаараа тэр хэд рүү очсон. Намайг булгийн эхэнд очиход дээрх хүмүүс 2.5 литрийн нийслэл нэртэй пиво уугаад сууж байсан. авчирсан хараа нэртэй архиа гаргаад тэнд байсан Ы, Мөнхтөр, Б, Батбаяр, А.Ы, А, Х нартай хамт архиа уусан. А.Ы гэх залуутай би маргалдаж эхэлсэн. Маргасан учир нь А.Ы гэх залуу одоогоос 3 жилийн өмнө надаас нэг мотоцикль аваад 3 ямаа өгөх дутуу байсан учир би Ыас 3 ямаа өг гэж нэхээд маргалдсан чинь Ы ганцаараа мотоцикльтой яваад өгсөн. Тухайн үед Ы надтай маргалдсандаа сумын цагдаад дуудлага өгсөн юм шиг байна лээ. Ингээд 18 цаг 10 минут өнгөрч байхад манай сумын цагдаа Отгончулуун булгийн баруун талд машинтайгаа ирсэн чинь А Б, Батбаяр нар, энэ гуравын нэгнийх нь ард Мөнхтөр морин дээр сундлаад Отгончулуун цагдааг тосож уулзаад ганц нэг юм яриад Отгончулуун цагдаад зодож эхэлсэн. Тэр үед Ы, Х нар миний хажууд байж байгаад нөгөө хэд рүү морьтой давхиад явсан. Тухайн үед Ы барьж явсан уурганы ишээр Отгончулуун цагдааг цохиж Б, Батбаяр, А нар морины цулбуураар Мөнхтөр нь гар хөлөөрөө Отгончулуун цагдаад зодож цохисон. Тэр үед би булгийн бараан дээрээс зодоон болж байгаа газар руу очих үед манай сумын Бадаахай гэх залуу мотоцикльтой ирээд Бадаахай бид хоёр Гантулгыг боли гээд салгахад удалгүй Цэргийн ангийн Ган-Эрдэнэ, эмнэлгийн галч Цогоо гэх хүмүүс ирээд тэд нарыг салгасан.  Миний харснаар А, Б, Батбаяр, Х нар морьтой мориныхоо цулбуураар Отгончулуун цагдаагийн хөл гар, нуруу, толгой руу гуядсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 24,25 хуудас/

Шүүдэгч Х.Гантулгын гэрчээр мөрдөн байцаалтанд өгсөн: “.....Анхчулуун, А.Ы нар хоорондоо Анхчулууны дүүгээс Ы мотоцикль  худалдаж авсанаас болоод үнэнд нь өгөх байсан 3 ямааг өгөөгүйгээс болж маргалдаж муудалцсан. Анхчулуун Гантулгыг 2 удаа алгадсан. ...сумын цагдаа эхнэртэйгээ хамтаар цагдаа хувцастайгаа машинтай яваад ирсэн. Цагдаад ирэхэд Б /Төмөө/ биднийг байж бай гээд морьтойгоо цагдаа руу давхиад усан дээр үсэрч буугаад цагдаагийн хувцасыг ус шавхай болгоод шууд мориноосоо буунгуутаа цагдааг заамдаж аваад хэд хэдэн удаа цохиж авсан. Дээр доороо орон ноцолдож цагдааг шууд зодсон. Гэтэл А дахин морьтой очоод морин дээрээсээ цагдаагийн хувцасны захнаас бариад газраар чирээд явсан. Тэгэхээр нь би очоод больцгоо гээд уургаараа 2-3 удаа цохисон. Уурга 3 хэсэг болж хугарсан. Би уурганыхаа хугарсан хэсгийг барьж байгаад мориноосоо буугаад цагдааг ч цохисон. А, Төмөрөө нарыг ч больцгоо гээд цохисон. Тэгтэл холбооны Баяраагийн хүү Батбаяр гүйж ирээд цагдааг өшиглөж унагаасан.  Энэ үед эхнэр нь амь авраарай нөхрийг маань аллаа гээд явахад нь Төмөө эхнэрийг явуулж болохгүй шүү гээд очоод бахируулаад араас нь үснээс нь зулгаагаад байсан. Гэтэл нь араас нь хэний нь мэдэхгүй нэг нь намайг арагш н татаад газар цохиж унагаад аймхай руу хэд хэд өшиглөсөн. Цагдаа сумын зүгт ганцаараа гүйж явахад араас нь очоод чи хэзээ ийм болчихсон юм гээд цулбуураа ороолгоод байсан. Төмөө А нар мориор давхиж очиж цагдааг согтуугаар бүлэглэж зодсон. Мориор чирсэн.....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 26-28 хуудас/

Гэрч Б.Батбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “.....Отгончулуун цагдаа руу очоод Б цагдаа Отгончулуунтай маргалдаад хоорондоо барьцалдаад ноцолдож зодолдож эхэлсэн. Тэгээд намайг дахин харахад Х, А нар морин дээрээ цулбуураар гуядаад Ы уурганы цээж модоор явган цохиод байж байсан. Мөнхтөр Отгончулуун цагдаад зодоход оролцоогүй, намайг харахад голын хажууд морьтойгоо зогсож байсан. Мориор гишгүүлж байхыг хараагүй....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 37-38 хуудас/

Гэрч Ч.Элбэгжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “.....Би Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын эрүүл мэндийн төвд ээлжийн сувилагчаар ажилладаг юм. Би 2018 оны 04 сарын 22-ны өдөр орой жижүүртэй байхад 18 цаг 48 минутанд манай сумын цагдаа хүнд зодуулчихсан гээд эхнэртэйгээ хамт орж ирэхээр нь үзсэн.....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 70 хуудас/

Гэрч А.Мөнхтөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “.....сумын цагдаа машинтайгаа  ирэхэд Төөмөө буюу Д.Б гэх залуу морьтой очоод цагдаатай хоорондоо муудсан. Бооёо, холбооны Баяраагийн хүү Батбаяр, Х.Ы нар морьтой очоод цагдааг бүлэглэн зодсон. Би бол ганц ч удаа гар хүрээгүй.....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 31-32 хуудас/

Гэрч Б.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: “.....2018 оны 04 сарын 22-ны өдөр шиг санаж байна. Би өөрийн машинтай сумын төвийн Түшиг нэртэй дэлгүүр орчоод гадаа нь гарч ирсэн чинь сумын төвөөс Аварга амралт явах замд байдаг булгын дунд дэрсэн дотор зодоон болоод байсан. Би Цогоотой тэр хэд рүү очсон. Намайг тэнд очиход 2 билүү 3 морьтой залуучууд бас 2 хүн явган цагдаа Отгончулууныг зодоод, эхнэр нь хажууд нь уйлаад байж байсан. Тэгээд би “хөөш та нар яаж байгаа больцгоо юу болоод байгаа юм” гэхэд тэр хэдэн морьтой болон явган залуучууд тараад явсан.....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 75 хуудас/

Шүүх эмнэлгийн 185 тоот шинжээчийн 

“...-Д.Отгончулууны биед дагзанд шарх, дух, баруун хөмсөг, хацрын төвгөр, хамрын нуруу, нуруу, баруун шуу, зүүн бугалга, шуу, зүүн сарвуунд зулгаралт, баруун нүдний зовхинууд, зүүн нүдний алимны салст, дагз, хүзүү, цээж, 2 дал, нуруу, баруун мөр, бугалга, тохой баруун шуунд цус хуралт, дагз, зүүн зулайн ар, баруун эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

-Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 79-80 хуудас/

Гар утасны үнэлгээ /хх 87 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоодож байна. Шүүгдэгч нарын Дэлгэрхаан сумын цагдаа Д.Отгончулууныг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эсэргүүцэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, хууль сахиулагчийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эсэргүүцсэн үйлдэл нь 23.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Д.Б нь иргэн Г.Доржпаламын гар утсыг устгаж 600000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Отгончулууны эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Г.Доржпаламын эд хөрөнгөд 600000 төгрөгийн хохирол учирсан боловч шүүгдэгч нар нь хохирлыг бүрэн барагдуулсан, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б нь бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэрэг үйлдэхдээ өөрд гэмт хэргийг нуун далдлах зорилгоор үйлдсэн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулж, тэдний анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон шүүгдэгч нарын хувийн байдлуудыг нь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХнь:

1. Мэргэд овогт Дуламрагчаагийн Б, Их мэргэд овогт Цэгмэдийн Х, Их мэргэд овогт Мөнхгэрэлийн А, Их мэргэд овогт Хасбаатарын Ы нарыг хууль сахиулагчийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эсэргүүцсэн, бүлэглэн, эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, 

Мэргэд овогт Дуламрагчаагийн Быг бусдын эд хөрөнгийг устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Мэргэд овогт Дуламрагчаагийн Б, Их мэргэд овогт Цэгмэдийн Х, Их мэргэд овогт Мөнхгэрэлийн А, Их мэргэд овогт Хасбаатарын Ы нарыг тус бүр 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мэргэд овогт Дуламрагчаагийн Быг 1800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.Б, Ц.Х, М.А, Х.Ы нарыг тус бүр 4 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр 3, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5, 3.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нарыг тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1.200.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.800.000 төгрөгөөр торгох ялыг нэмж шүүгдэгч Д.Бын нийт эдлэх ялын хэмжээг 3.000.000 төгрөгийн торгох ял болгон тогтоосугай

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан эрүүгийн хариуцлагаас тусад нь эдүүлүүлсүгэй.

 

  6. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Д.Б, М.А, Х.Ы, Ц.Х нарын тэнсэгдсэн хугацаанд болон эрх хязгаарлах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэгийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.Б, М.А, Х.Ы, Ц.Х нарт анхааруулсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А, Х.Ы, Ц.Х нарт оногдуулсан 1.200.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш сард 300.000 төгрөг төлөхөөр буюу 4 сарын хугацаанд, шүүгдэгч Д.Бд оногдуулсан 3.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш сард 300.000 төгрөг төлөхөөр буюу 10 сарын хугацаанд төлж дуусгахыг тус тус даалгасугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 

10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн уурганы цээж мод, 0.75 литрийн хараа нэртэй архины шил, 0.5 литрийн хараа нэртэй архины шил, хазаарны цулбуурууд, эвдэрсэн Самсунг J5 маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

11. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

12. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Б, М.А, Х.Ы, Ц.Х нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжүүлсүгэй.    

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ