| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 240607932556 |
| Дугаар | 2025/ДШМ/498 |
| Огноо | 2025-05-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Отгонжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2025/ДШМ/498
2025 05 01 2025/ДШМ/498
Э.Т-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Отгонжаргал,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
*********, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/488 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ү.Содномцогийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Э.Т-д холбогдох 240607932556 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Э-ы Т, **** оны * дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлага мэргэжилтэй, **********төрлийн ял ***** ажилтнаар ажилладаг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ****** дүүргийн ** дугаар хороо, **-*** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй /РД: ********/,
Шүүгдэгч Э.Т нь 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ********* дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *********хохирогч Ж.Г-ыг “Шаардлага биелүүлсэнгүй” гэх шалтгаанаар зодож, түүний биед 1 шүдний булгарал, 4 шүдний сулрал, хэвлийд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
********* дүүргийн прокурорын газраас: Э.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
*********, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х овгийн Э-ы Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Э.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюy 900,000 төгрөгөөр торгох ялаас шүүгдэгчийг чөлөөлж, шүүгдэгч 1.565.594 төгрөгийг хохирогч Ж-гийн Г- /РД:*********, *********сумын 4 дүгээр баг, **** тоотод оршин суух хаягтай/-д олгож шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор Ү.Содномцог давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичив.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно: 1.1 дэх заалтад “1.1.энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл*****төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөх оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх, гэж заасан байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр хуульчилжээ. Э.Т нь хохирол төлбөрөөс 4.000.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 1.565.594 төгрөгийг төлж барагдуулаагүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан шүүгдэгчийг ялаас чөлөөлсөн нь хууль зүйн хувьд алдаатай, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхэд эрх олгосон хэм хэмжээ боловч уг зүйлийг хэрэглэж байгаа тохиолдолд урьдач нөхцөл хангагдсан байхыг шаардах бөгөөд энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийх учиртай. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч Э.Т-өс 1.565.594 төгрөгийг гаргуулах ажиллагааг хэрхэн гүйцэтгэх нь ойлгомжгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн, дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэв.
Прокурор М.Отгонжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Э.Т-д холбогдох эрүүгийн хэрэгт хяналтын прокурор Б.Цэцэгмаа яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх хэргийг хэлэлцэн шийдвэрлэж, шийтгэх тогтоол гаргасан болно. Уг шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Гэвч эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлээр прокурорын зүгээс эсэргүүцэл бичсэн болно. Тодруулбал, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлөөгүй байсан байтал анхан шатны шүүх уг заалтыг үндэслэн, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж байна. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад заасан, шүүгдэгч Э.Т-өс 1.565.594 төгрөг гаргуулах тухай шийдвэр нь хэрхэн гүйцэтгэгдэх, ямар журмаар хэрэгжих нь тодорхой бус, ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэсэн. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Прокуророос шүүгдэгч Э.Т “2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ********* дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *********хохирогч Ж.Г-ыг шаардлага биелүүлсэнгүй гэх шалтгаанаар зодож, түүний биед 1 шүдний булгарал, 4 шүдний сулрал, хэвлийд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Т-д холбогдох хэргийн гэм бурууг хянан хэлэлцэж, хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Харин шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч санал гомдолгүй... зэргийг харгалзан ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг журамлан ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:
1.1.энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл*****төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол*****төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж хуульчилсан.
Энэхүү заалтын томъёоллыг үгчилэн тайлбарлавал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо “нөхөн төлсөн бол”, “нөхөн төлөхөө илэрхийлсэн бол” гэсэн хоёр өөр нөхцлийг хуульчилж үүнээс үүдэн гарах хуулийн хэрэглээг өөр өөр байдлаар тусгасан байна.
Гэтэл анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа “нөхөн төлсөн” гэсэн нөхцөлтэйгээр хэрэглэх “ялаас чөлөөлөх” шийдвэрийг гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлд хамаарч байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэм буруутайтай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ял оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг ерөнхий зарчмын хүрээнд бус тухайн хэргийн жинхэнэ байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй.
Гэтэл анхан шатны шүүх “шүүгдэгч Э.Т нь хохирол төлбөр төлөхөөр хуульд заасан ажлын 5 хоног завсарлага авсан хугацаанд 4.000.000 төгрөг төлж барагдуулсан тул үлдэх 1.565.594 төгрөгийг гаргуулж” гэснээс өөрөөр хохирол төлбөртэй холбоотой ямар ч хууль зүйн дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт баримтлавал зохих Иргэний хуулийн холбогдох заалтыг бичээгүй байгаа нь ойлгомжгүй байдлыг үүсгэж байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр, түүнийг нөхөн төлөх асуудлаар хууль зүйн ямар ч дүгнэлт өгөөгүй шүүхийн шийдвэрийг хууль ёсны гэж үзэх боломжгүй болно.
Иймд *********, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/488 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Ийнхүү анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *********, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/488 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Э.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ