Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2018/0311

 

Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн

 Хурлын Тэргүүлэгч Т.М нарын

нэхэмжлэлтэй захиргааны  

хэргийн тухай

 

         Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, гуравдагч этгээд А.Ч нарыг оролцуулан, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 122/ШШ2018/0006 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Т.М, И.Б, Ш.М, Э.Ө, Д.А, М.Т, Ц.Э нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 122/ШШ2018/0006 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.3, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Т.М, И.Б, Ш.М, Э.Ө, Д.А, М.Т, Ц.Э нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “А.Ч-ыг ажилд томилох тухай” Б/32 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн үндсэн зорилт, зарчмууд, төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийг хэрэглээгүй, буруу тайлбарлан хэрэглэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт заасан хууль хэрэглэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь шүүх хэргийг шийдвэрлэхдээ төрийн жинхэнэ албан хаагчийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид томилно гэж дүгнэсэн нь буруу юм. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлд хурлын тэргүүлэгчдийн бүрэн эрхийг тоочих зарчмаар хуульчилсан бөгөөд тус эрх дотор хурлын нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх эрх хуульчлагдаагүй байна. Харин тус хуулийн 22 дугаар зүйлд хурлын даргын нийтлэг бүрэн эрхийг хуульчилсан бөгөөд “шийдвэрлүүлэх” гэсэн агуулгаар томъёолсоныг анхаарах хэрэгтэй. Учир нь албан тушаалын томилгоотой холбоотой эрхийн зохицуулалт нь томилох, чөлөөлөх гэсэн утгаар хамтатган хэрэглэгддэгийг анхаарах ёстой. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-т заасан төрийн захиргааны албан тушаалтныг томилох, чөлөөлөх эрх зүйн зохицуулалт нь  Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6, 35 дугаар зүйлийн 351.5-д заасан “Мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна”, “Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас энэ хуулийн 351.1-д заасан албан тушаалд санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно” гэж заасныг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга зөрчөөгүй юм. Нөгөө талаар Төрийн албаны тухай хуулийн зохих журмын дагуу томилогдохоор нэр дэвшсэн хүний хөдөлмөрлөх эрхийг хангаж Захиргааны ерөнхий хуулинд заасан зорилгодоо нийцсэн шийдвэр гаргасан байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нар иргэний хувиар эсхүл нийтийн эрх ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээдийн хувиар нэхэмжлэл гаргаж байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй байна.  А.Ч-ыг томилсон 2017 оны Б/32 дугаар захирамж хүчингүй болсноор нэхэмжлэгч нарын яг ямар эрх ашиг нь сэргэх нь тодорхойгүй байгаа юм. Хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн нөхцөл байдлыг холбогдох хууль тогтоомжтой субсумц хийхэд нэхэмжлэгч нарын ямар эрх ашиг хөндөгдсөн, эсхүл хөндөгдөж болзошгүй, мөн А.Ч-ыг томилсон шийдвэр болох тус Б/32 дугаар захирамжийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч нарын ямар эрх ашиг сэргэх нь тодорхойгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:  

Анхан шатны шүүх Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Т.М, И.Б, Ш.М, Э.Ө, Д.А, М.Т, Ц.Э нарын гаргасан “Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “А.Ч-ыг ажилд томилох тухай” Б/32 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Тодруулбал,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “.Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж ... хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор зохицуулжээ.

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөхтэй холбоотой аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон Хурлын даргын хоорондын харилцаа нь нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагдаж байх боловч тухайн хуульд Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх асуудлаар Хурлын Тэргүүлэгчдээс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг тусгайлан заагаагүй байна.

Түүнчлэн, хуульд тусгайлан заасан тохиолдолд захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд нутгийн өөрөө удирдах байгууллага болох Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дотоод үйл ажиллагаа, зохион байгуулалттай холбоотой маргааныг “хуульд тусгайлан заасан асуудлаар нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэх”-ээр нэхэмжлэл гаргасан гэж үзэх боломжгүй.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт “Хамтын удирдлагын зарчмаар үйл ажиллагаа явуулдаг захиргааны байгууллагын шийдвэрийг олонхийн саналаар баталгаажуулах, ийм байгууллагын шийдвэрийг хэн нэгэн дангаар гаргахгүй байх гэсэн зарчмын агуулгыг зөрчөөгүй тул Тэргүүлэгчид уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн” гэж  дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий энэ тохиолдол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэдэгт хамаарч байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 122/ШШ2018/0006 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Т.М, И.Б, Ш.М, Э.Ө, Д.А, М.Т, Ц.Э нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг  улсын төсвөөс гаргуулан буцаан олгож, хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

             3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                              ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

                              ШҮҮГЧ                                                          Д.БААТАРХҮҮ

                              ШҮҮГЧ                                                          О.НОМУУЛИН