| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0162/Э |
| Дугаар | 136 |
| Огноо | 2018-07-23 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Т.Баярмаа, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 136
2018 оны 7 сарын 23 өдөр 2018/ШЦТ/136 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0162/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Уламбаяр
Улсын яллагч Т.Баярмаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг, Л.Цогзолмаа
Шүүгдэгч Б.Б, Ш.А нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжууд овогт Бархасын Б, Зээрд адуун овогт Шугарын А нарт холбогдох 1839002700153 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 10, ээж, дүү нарын хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 12-р хороо, Булгийн 12 дугаар гудамж, 805 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,Тайжууд овогт Бархасын Б /РД: /
Монгол улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой хэсгийн 0 тоотод оршин суух хаягтай, “Ургах наран” хорооллын уурын зууханд галч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Зээрд адуун овогт Шугарын А /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б, Ш.А нар хамтран 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар баг, Баянзүрх багийн нутгаас иргэн Л.Түмэнбаярын 5 тооны адууг хулгайлж, 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Б, Ш.А нар нь хамтран 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар баг, Баянзүрх багийн нутгаас иргэн Л.Түмэнбаярын 5 тооны адууг хулгайлж, 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Л.Түмэнбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр манай адуу усанд орж ирэхэд бор гүү, хонгор морь, гурван хүрэн морьд маань харагдахгүй байсан. Тэгээд би 5 тооны морио эрээд олохгүй байхаар нь уулаар явж байгаа юм болов уу гэж бодсон. Манай сумын Ууганбаяр гэх залуу хөдөө гэр рүү залгаж, надтай ярихдаа Түмээ ахаа танай бор гүүтэй хэдэн морь чинь алдагдчихаад байгаа юм биш үү, ТV5 телевизээр гарч байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй миний гар утас руу Улаанбаатар хотын цагдаагийн хошууч залгаад танай адууг олсон, Налайх дүүргээс ирж аваарай гэсэн. Тэгээд би очиж 5 тооны адуугаа авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 тал/,
Иргэний нэхэмжлэгч Г.Нямбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...А надаас 40-48 УБ улсын дугаартай мотоциклоо зарах уу гэж асууж байсан. Тэгэхээр нь би зарна гэж ярьж байсан. Тэгээд малаар зараад өгье гэж байсан. Би өөрийн мотоциклоо эргүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,
Гэрч П.Болдоогийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 26-ны өглөө СХД-ийн 3-р хороо Бага нарангийн 13-170А тоотод гэртээ хэвтэж байтал төрсөн ах П.Амгалан гэрт орж ирээд дөрвөн тооны адуу зарах гээд байна. Налайх орж ирээд үнэ тохироод авья гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд өөрийн 33-75 УБВ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэйгээ Налайх дүүрэг рүү явсан юм. Тэгээд замдаа Баянзүрх дүүргийн товчоо өнгөрөөд адуу зарах гэж байгаа хүнийг машиндаа суулгаад Налайхад 11 цагийн үед ирээд шууд сайжруулсан шороон замаар явсаар байгаад малын зүчээн дээр очсон. Тэнд нэг бор гүү, нэг хонгор морь, гурван зээрд морь гээд нийтдээ таван тооны адуунаас бор гүүг нь оролцуулахгүй үлдсэн дөрвийг нь 2 сая төгрөгөнд авахаар тохиролцсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,
Гэрч П.Амгалангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Өчигдөр орой 20 цагийн үед Төвшин над руу залгаад 4 залуухан морь байнаа, та авах уу 2 сая төгрөгөөр зарна, аваач гэхээр нь би үзье гэж хэлсэн. Тэгээд Отгонбаатар гэх залуу Налайхад бойн дээр хонь зарж байсан залуутай уулзаад ах нь 4 морь авчихлаа. Төв аймгийн Баянцогт сум оруулаад өгөөч 100.000 төгрөг өгөхөөр хөлсөө тохироод би түрүүлээд морин дээрээ очоод хүлээгээд байж байтал араас цагдаа нар ирж шалгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,
Ш.Түвшинбаярын яллагдагчаар болон мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 5 сарын 21-ний өдөр Мөнхөөгийн хамт 14 цаг жаахан өнгөрөөгөөд манай гэрээс улаан өнгийн 40-48 УБ улсын дугаартай Мустанг маркийн мотоцикльтой гарсан. ...Өмнөдэлгэр сумаас гарахад 16 цаг өнгөрч нилээн өнгөрч байхад сумаас зүүн тийш 10 орчим км яваад зүүн тал руугаа булаг шандтай газар байсан бөгөөд адуунд захалсан 5 тооны адуу байхаар нь тэр адууг туугаад наашаа гарсан. ...бид хоёр гол гарчихаад Багануурын уурхайн доогуур гараад Төв аймгийн Баянжаргалан сумын нутгаар дайраад Эрдэнэ суман дээр ирсэн. Тэгээд би Эрдэнэ суман дээр ирээд өөрийн төрсөн дүү Түвшинбат руу утсаар залгаад 5 тооны адуу тууж явна зарчихмаар байна гэж хэлсэн. Тэгтэл Түвшинбат болох байлгүйдээ гээд урдаас хоол аваад тосоод ирсэн. Түвшинбат ирэхдээ өөрийнхөө хар өнгийн машинтай Хүдэрчулуун, мөн нэг тарган бор залуутай ирсэн. Мөнхөө, бид хоёр Эрдэнэ сумын цаад талд адуугаа идүүлж байсан. Түвшинбат ирээд адуунуудыг хараад түрүүлээд яваад өгсөн. Би араас нь Мөнхөөгийн хамт адуугуу туугаад Налайх орж ирсэн. Налайхад орж ирээд Түвшинбатын таньдаг айлын хашаанд адуугаа оруулсан... Би ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй, миний буруу, надад хөнгөн ял оноож өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 тал/
Б.Бын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бодож байгаагаар 10 орчим км явсан байх. Тэгээд нэг хэсэг бөөн олон адуу байсан, тэр адуунууд 2 хуваагдсан байсан. 5 тооны адуу тусдаа гэмээр байсан. Тэр адуунууд айлын саравчинд ойрхон байхаар нь шахаж байгаад Ү үсгэн тамгатай цавьдар морь барьж унаад үлдсэн 4 адууг туугаад явсан. Баатар ах намайг морьтой туугаад яв, мотоцикльтой явах юм бол гэрэл нь харагдаад баригдана гээд намайг морьтой явуулсан. Баатар ах араас мотоцикльтой дагаж яваад гүйцэж чадалгүй төөрсөн. ...Бид хоёрыг амарч байхад машинтай 3 хүн ирсэн. Намайг адуу туугаад айлын хашаа руу оруулахад Баатар ах надад Төв аймгийн Жаргалант сум руу явуулна миний адуу гэж хэлээрэй гээд оруулсан... Би дахин ийм хэрэг хийхгүй, миний буруу” гэх мэдүүлэг /хх-ийн 59-61 тал/,
Алдагдсан малын үнэлгээ /хх-ийн 42 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Түмэнбаярт нийт 3.500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд алдсан гэх 5 адуугаа зүсээр нь бүрэн гүйцэд хүлээн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул /хх-ийн 86 тал/ шүүгдэгч Б.Б, Ш.А нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 40-48 УБ улсын дугаартай “Shineray Mustang” маркийн мотоциклийн өмчлөгч нь Эрдэнэтуяагийн Ууганбаяр, эзэмшигч нь Гантөмөрийн Нямбаяр болох нь №01232859 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, иргэний нэхэмжлэгч Г.Нямбаярын мэдүүлэг /хх-ийн 17 тал/ зэргээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар үнэлгээний комиссын үнэлгээгээр тогтоогдсон үнэ болох 700.000 төгрөгийг /хх-ийн 46 тал/ шүүгдэгч нараас тэнцүү хуваан гаргуулж улсын төсөвт шилжүүлэн, эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эмээл, хазаар, бугуйл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар тусгайлан бэлтгэсэн эд зүйл байх тул хурааж, хохирол барагдсан тул эдгээрийг улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д зааснаар шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүгдэгч Б.Б, Ш.А нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог харгалзан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Тайжууд овогт Бархасын Б, Зээрд адуун овогт Шугарын А нарыг хамтран бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 06 сарын хорих ялаар, шүүгдэгч Ш.Аыг 08 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 06 сарын хорих ялыг, шүүгдэгч Ш.Ат оногдуулсан 08 сарын хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 3, 5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эмээл, хазаар, бугуйлыг болон шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 40-48 улсын дугаартай “Мустанг” маркийн мотоциклийн үнэ 700.000 төгрөг буюу шүүгдэгч Б.Баас 350.000 төгрөг, шүүгдэгч Ш.Ааас 350.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ