| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2102001450350 |
| Дугаар | 2025/ДШМ/618 |
| Огноо | 2025-05-22 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | С.Ууганбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2025/ДШМ/618
Г.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Ууганбаяр,
шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Б.Батжаргал,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/761 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Н.Жамъян нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Б-д холбогдох 2102001450350 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Т овгийн Г-ын Б, 1999 онд Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зурагчин мэргэжилтэй, “Н” ХХК-д үйлчилгээний зөвлөх ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт Хан-Уул дүүрэгт түр оршин суух, (РД:...), урьд:
-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 cap хорих ял шийтгүүлж байсан;
Г.Б- нь 2021 оны 02 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын бодисын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 0.0003 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газар: Г.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.Б-ийг хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 266 дугаар, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 730 дугаар шийтгэх тогтоолууд нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолтой нэмж нэгтгэгдсэн ба би урьд 1 удаа ял шийтгүүлж байсан. Би өсвөр насны хүүхэд байхдаа буруу хүмүүстэй нийлж, гэмт хэрэгт оролцон, түүнийхээ шийтгэлд 2 жил 6 сар хоригдож байх хугацаандаа эцгийгээ алдаж, их зүйлийг ойлгож ухаарсан. Дахин муу хүмүүстэй нийлэхгүй, буруу зүйл хийхгүй гэж өөртөө амласан. 2023 оны 11 дүгээр сард Л.Ц-тай хамтран амьдарч эхэлсэн, эхнэр маань намайг өөрчилж, өөрийн цэвэр хөдөлмөрөөр ажиллаж, амьдарч, гэмт хэрэг үйлдэлгүй өдийг хүрсэн. Хүү М 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн. Эхнэр Л.Ц төрөлхийн түнхний мултралтай, ажил хийж, хүүхдээ тэжээх боломжгүй. Ээж Б.Б нойр булчирхайн хагалгаанд орж, биеийн байдал муу байгаа ийм үед хорих ялаар шийтгүүлсэндээ маш их харамсаж байна. Цаашдаа сайн хүн байх тул надад оногдуулсан 1 жил хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Жамъян давж заалдах гомдолдоо: “...Өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилт нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.14-т “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно” гэж заасан. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Энэ хуулийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан бөгөөд Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа болно.
Өөрөөр хэлбэл, Өршөөл үзүүлэх тухай хуульд коронавируст цар тахал нөхцөл байдал арилснаас хойш буюу энэ цаг хугацаанд хуулийг хэрэглэхгүй байх тухай зохицуулалт байхгүй байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Өмгөөлөгчөөс шүүгдэгч Г.Б-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа байдал, түүний хувийн байдал (нэг сартай нярай хүүхэдтэй, эхнэр Л.Ц байнгын асаргаа сувилгаа шаардлагатай, төрөлхийн түнхний мултралтай, ажил хийж хүүхдээ тэжээх боломжгүй, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг зэрэг)-ийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр 1 жил тэнсэх санал гаргасан боловч анхан шатны шүүх тэнсэх арга хэмжээг хэрэглэх боломжтой байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж ял оногдуулсан.
Шүүгдэгч Г.Б- нь шүүхийн зөвшөөрөлгүй нэг хоног баривчлагдсан, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 29 хоног цагдан хоригдсон. Анхан шатны шүүх шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 1 хоногийг эдлэх ялд оруулж тооцоогүй нь хууль зөрчсөн. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдэж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих боломжтой. Анхан шатны шүүхээс “Өршөөл үзүүлэх тухай хууль коронавируст цар тахлын үед үйлчилнэ, цар тахлын нөхцөл байдал арилсан учраас хуулийн зохицуулалтад хамаарахгүй” гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хуулийг Улсын дээд шүүх тайлбарлана. Шүүгдэгч Г.Б-ийн хувийн байдлын тухайд, хүүхэд нь 3 сартай, төрөлхийн түнхний мултралттай тул байнгын асаргаанд байдаг учраас эх нь ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй. Г.Б-ийн хадам эх хүүхдийг нь хамт асардаг байсан боловч хэдхэн хоногийг өмнө нас барсан. Иймд хувь хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж, хуулийн зорилтод нийцүүлэн түүнд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Прокурор С.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн зохицуулалтын талаар тайлбарласан. Өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байсан этгээд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн зохицуулалтад хамрагдах боломжгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Н.Жамъян нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд Г.Б-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
-гэрч Б.О-ийн: “...Г.Б-д ууттай нунтаг цайны идээ шиг зүйл байсан. Би барьж үзээд “наадах чинь цайны идээ юм биш үү” гэж хэлэхэд “үзээд мэднэ дээ” гэж хэлсэн. Тухайн байранд байхдаа ундааны сав, цаасан мөнгө, шоколадны гялгар цаас ашиглан ороож, намайг “хаалгаа түгжээд, гэрлээ унтраачих” гээд хэрэглэсэн. П.Х бид хоёрыг “хэрэглэж үзэх үү” гэхэд эхлээд “үгүй” гэсэн ч сонирхол төрөөд П.Х-тай хамт 2 удаа сорсон...” (1хх 57-61),
-гэрч П.Х-гийн: ”... Тухайн “шавар” гэх нэршилтэй мансууруулах бодис нь Г.Б-ийнх юм. Г.Б- бид нартай уулзах үед өөрийнх нь биед байсан ба тухайн өдөр нийтийн байрандаа ороод халааснаасаа гаргаж ирсэн. Тэгээд “чук гек” нэртэй чихрийн мөнгөлөг цаасан дээр тавиад амаараа сорж хэрэглээд байсан...” (1хх 67),
-гэрч С.У-гийн: “...“fuze tea” ундааны савтай өвс шиг зүйл байсан. Б.О, П.Х эгч нарт “сорох уу” гээд сонирхуулаад хэрэглүүлээд байх шиг байсан...” (3хх 8),
-гэрч П.Э-гийн: “...Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их дарь эхийн 1-19 тоот саарал ягаан өнгийн нийтийн байранд тухайн үед 127 тоот 1 өрөөг Г.Б- гэх өндөр, туранхай, том нүдтэй залуу, сарын 200,000 төгрөгөөр түрээслэн амьдарч байсан...” (3хх 4) гэх мэдүүлгүүд,
-хэргийн газарт үзлэг хийсэн: “...Шүүгээний баруун буланд “fuze tea” гэх бичиглэлтэй 0.5 литрийн хэмжээтэй савны буланд цоолж, цоорхойд 50 төгрөгийн дэвсгэрт хуйлж хийсэн, цонхны тавцан дээр шар өнгийн хулдаас дор улаан өнгийн асаагуурын бие хэсэг дээр шавар мэт зүйл байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх 40-43),
-шинжилгээнд ирүүлсэн асаагуурын хажуу хэсэгт наалдсан шавар мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнибол илэрсэн ба тус бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаардаг талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1279 дүгээр дүгнэлт (1хх 82-84),
-Г.Б- нь хэрэг хариуцах чадвартай, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж илрээгүйг нотолсон Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 649 дүгээр шинжээчийн дүгнэлт (1хх 190-191) зэргийг харьцуулан шинжлэн судлахад:
шүүгдэгч Г.Б- нь 2021 оны 02 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын бодисын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 0.0003 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Г.Б-ийн хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн зорилгыг тус хуулийн 1.1 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэж тодорхойлж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар хуульчилсан тул шүүхээс ял шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг сонгон оногдуулахдаа эдгээр нөхцөл байдлуудыг зайлшгүй харгалзан үзэх учиртай.
Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээнээс сонгон хэрэглэх, мөн хуулийн ерөнхий ангид заасан хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зэрэг шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалтыг хэрэглэх эсэх нь шүүхэд Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх билээ.
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нь донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлж, өөрийгөө удирдан жолоодох чадварыг алдагдуулж, сэтгэцийн өвчлөл үүсгэдэг аюултай нөлөөлөл бүхий бодис юм.
Тухайн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болохуйц, нийгмийн хор аюул ихтэй тул энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлж, энэхүү бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, таслан зогсоох зорилгоор мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцсон.
Дээрх үндэслэл, зарчмыг удирдлага болгон анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тус гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэрэг нөхцөл байдлуудад тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Хувийн байдлын хувьд шүүгдэгч Г.Б- нь урьд бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, давтан бүлэглэж бусдын эд хөрөнгийг булаах, бусдын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, бүлэглэж, зэвсэг хэрэглэж дээрэмдэх гэмт хэргүүд үйлдсэн ба давж заалдах шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас 2 жилийг өршөөн хассан боловч тэрээр гэм буруугаа ойлгож, ухамсарлаагүй, дүгнэлт хийлгүйгээр дахин санаатай гэмт хэрэг үйлджээ.
Иймд шүүгдэгчийн гаргасан “хорих ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Жамъяны гаргасан “Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй нь үндэслэлгүй” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хүлээн авах нь зүйтэй байна.
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” бол өршөөлийн хуульд хамруулахаар, 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлийг зааснаас гадна, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн зарим хэсэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хязгаартай хэрэглэхээр хуульчилсан.
Г.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 02 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө үйлдэгдсэн буюу Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ...2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах (Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг) гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасанд шүүгдэгч Г.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг хамаарна.
Хууль тогтоогчийн зүгээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлийн хүрээг дээрх байдлаар тодорхойлсноор шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг тухайн хуулийг хэрэглэн аливаа шалгуургүйгээр шууд өршөөл үзүүлэхээр хуульчилсан.
Тодруулбал, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор тогтоосон, уг заалт нь заавал хэрэгжих шинжтэй хуулийн хэм хэмжээ тул анхан шатны шүүх хэрэглээгүй нь үндэслэлгүй болжээ.
Харин прокуророос “өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байсан этгээд дахин хамрагдах боломжгүй” гэсэн тайлбар гаргасан нь үндэслэлгүй.
Учир нь, шүүгдэгчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр баталсан, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн үйлдэл бүр өршөөлд хамрагдах учиртай.
Өөрөөр хэлбэл, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, шүүхээс өршөөл үзүүлсний дараа тухайн этгээд дахин гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн тохиолдолд өршөөлд хамрагдах боломжгүй болно.
Шүүгдэгч Г.Б-ийн хувьд, 2021 оны 02 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын бодисын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 0.0003 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан нь түүнийг 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 508 дугаар магадлалаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэснээс өөр гэмт хэрэг тул тус хуулийн үйлчлэлд хамрагдах үйлдэл гэдгийг анхаарвал зохино.
Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулах үзэл баримтлалд нийцүүлэн мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, түүний нийт 88 хоног цагдан хоригдсоныг зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.Б-ийн оршин суугаа хаяг болох Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар дээрх хугацаанд “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Б- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд 58 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Г.Б-ийн өмнөх үйлдлүүдийг нэмж нэгтгэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан байхад анхан шатны шүүх түүнийг урьд 3 удаагийн ял шийтгэлтэй мэтээр буруу бичсэнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/761 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтыг “2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээр тогтоосугай.” гэж өөрчилж,
тогтоох хэсэгт: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Б- нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.” гэсэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоож, мөн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.” гэсэн нэмэлт заалт тус тус оруулсугай.
2.Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Жамьяны гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 58 хоног (тавин найм) хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэнд тооцож, нэн даруй сулласугай.
4.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН