Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 37

 

2018 оны 03 сарын 06 өдөр                       2018/ШЦТ/37                                   Хэрлэн сум

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/0040/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,

Улсын яллагч: Я.Сансар,     

Сурган хүмүүжүүлэгч:     Х.Уртнасан,

Шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч: Ч.Жаргалцэцэг,                                                                            Х.Оюунцэцэг,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч:                                 Г.Бадамгэрэл,

Д.Гангантөгс, 

Шүүгдэгч:                                 С.Б,

                                           Ж.Б нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сүхбаатарын Б, Боржигон овогт Жамбалсүрэнгийн Б нарт холбогдох 1739001340049 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Батноров суманд 2001 оны 03 дугаар сарын 18-нд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сум 01 дүгээр баг Л60 дугаар байрны 02 тоотод оршин суух,  улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Боржигон овогт Сүхбаатарын Б /РД:СФ01231818/

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Галшар суманд 2000 оны 03 дугаар сарын 04-нд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-р сургуулийн 12г бүлэгт сурдаг, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамт Хэнтий аймгийн Хэрлэн сум 04 дүгээр баг Цацалын 04-07 тоотод оршин суух,  улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Боржигон овогт Жамбалсүрэнгийн Б /РД:СИ00230419/

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 

Шүүгдэгч С.Б, Ж.Б нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг “Шинэ Өндөрхаан” хороололд үйл ажиллагаа явуулдаг иргэн Д.Энхмөрөнгийн эзэмшлийн ТҮЦ болох үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 331700  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Д.Энхмөрөнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 09 дүгэээр сарын 25-ны орой 21 цаг 40 минутын үед Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах “Шинэ Өндөрхаан” хорооллын урд талд байх үйлчилгээний цэгээ хаагаад гэрлүүгээ явсан. 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өглөө 07 цаг өнгөрч байхад үйлчилгээний цэгээ нээхээр ирэхэд вакум цонхны гадна талд байх хамгаалах төмрийг нь тасдаад дэлгээд онгойлгосон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. ... нийт 34 төрлийн зүйл алга болсон байна лээ  ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 35-36 хуудас/

 

Гэрч Г.Золбоогийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Бтэй чаталсан чинь тэднийд Гомбосүрэн, Б нар байна гэж надад хэлсэн. Тэр үед би гэртээ хийх юмгүй зүгээр сууж байсан болохоор тэр 3-тай очиж уулзахаар гэрээсээ гарсан. Гэрээсээ гараад Бийн гэр лүү явж байтал цагдаагийн газрын зүүн талын засмал дээр Гомбосүрэн, Бдорж, Б нартай өөд өөдөөсөө таарсан. Тэр 3-тай уулзаад тамхи авч татахаар болоод Монгол банкны хойд талын ТҮЦ-рүү бид 4 очиход ТҮЦ хаалттай байсан болохоор хойно байдаг “Петровис” шатахуун түгээх газрын дэлгүүр лүү очиж тамхи авахаар явсан. Бт тамхи авах 5.000 төгрөг байсан юм. Петровис шатахуун түгээх газрын дэлгүүр лүү явах замдаа Б нь Өндөрхаан хорооллын ТҮЦ-рүү явах уу тэр ТҮЦ-ыг ухъя гэх яриаг анх гаргасан. Хамт явж байсан Б, Гомбосүрэн 2 тэгье ингэе гэж юм яриагүй, би харин Бд дэмий байхаа больё гэж хэлсэн. Тэгээд “Петровис” шатахуун түгээх газрын дэлгүүр лүү очоод Б тамхи авна гээд ганцаараа орсон, Дэлгүүрээс гарч ирэхдээ тамхигүй гарч ирсэн. Гарч ирээд хойшоо Өндөрхаан хорооллын ТҮЦ-ийг ухна гээд явсан, Бтэй хамт Б, Гомбосүрэн бид гурав хамт явсан. ТҮЦ рүү явж байх замдаа шинэ 1-р сургуулийн баруун талд ирээд би тэр гуравт хандан хулгай хийж яах юм бэ, сүүлд нь цагдаа гээд бөөн юм болно, би сургуульд сурахаар явах гэж байгаа гэхэд Б бид нар өөрсдөө даана, тийм биз дээ гээд Бээс асуусан.. Б ч тэгнэ гэж хэлсэн. Гомбосүрэн харин хулгай хийхгүй гэсэн, Б, Б хоёр ТҮЦ рүү явсан. ... Гомбосүрэнгийн хамт хүлээгээд байж байтал 3 цүнхэнд баахан юм хийгээд ирсэн, Юм хийсэн 3 цүнх нь Б, Б нарын хичээлдээ үүрдэг цүнхнүүд нь байсан байх, тамхинд дэлгүүрлүү явж байхад тэр 3 цүнх үүрчихсэн байсан юм. Хулгай хийж байгааг нь мэдэж байсан ч шөнө дунд болчихсон гадаа харанхуй байсан болохоор айгаад хаяад явж чадаагүй юм. ... Б надад юнителийн нэгж өгсөн. Харин нөгөө 3 хамт үлдсэн, бодвол Бийн гэрлүү явсан байх гэж бодож байна..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 46-48 хуудас/

Гэрч Э.Гомбосүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б, Б хоёр 1 дүгээр сургуулийн хойно байдаг ТҮЦ ухах уу гэсэн. Харин Золбоо бид хоёр хулгай хийж яах юм бэ гэсэн, Золбоо мөн сургуульд явах гэж байгаа хулгай хийхгүй гэсэн. Тэгээд дэлгүүр орчихоод Б, Б хоёр хойшоо ТҮЦ рүү очиж үзнэ гээд явсан. ... би Бийнд хонох байсан учраас хаяад явж чадаагүй, Золбоо мөн хамт гэр лүүгээ явах байсан болохоор хаяад явж чадаагүй байх. Тэгээд 1 дүгээр сургуулийн хажууд ирээд Золбоо бид хоёр хулгай хийхгүй гээд үлдсэн. Б, Б хоёр ТҮЦ рүү очоод эргэж ирээд төмөр хаалттай байна татаад өгчих гэхээр нь би чадахгүй гээд хамт яваагүй. Тэгээд тэр хоёр эргэж очоод хэсэг байж байгаад цүнхэнд баахан чихэр боов идэх юм хийгээд ирсэн..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 44-45 хуудас/

 

Сэжигтэн Ж.Бгийн мөрдөн байцаалтан өгсөн: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 25-ны орой манай найз Бийнд Гомбосүрэн бид гурав юм ярьж сууж байгаад манай найз Бийнд идэж уух юм байхгүй байсан. Тэгсэн манай найз Б нь гурвуулаа хойшоо явж шинэ Өндөрхаан хорооллын ТҮЦ-нээс хулгай хийхүү гэж хэлсэн. Тэгээд бид хэд хойшоо явж байгаад Золбоотой таарсан. Тэгээд бид хэд цуг хойшоо явсан. Манай найз Б нь түцний цонхны төмрийг эвдээд дотор талын цонхыг нь хөлөөрөө өшиглөж онгойлгоод Б нь ТҮЦ рүү цонхоор нь ороод би араас нь цонхоор нь цүнхнүүдээ өгсөн. Тэгээд Б нь цүнхнүүдэд түцний бараануудыг хийгээд эргүүлээд надад цонхоор өгсөн. Тэгээд бид хоёр тэндээс дэлгүүрийн бараануудыг авчихаад Золбоо, Гомбосүрэн нар дээр очсон. Тэгээд бид 4 нийлээд урагшаа нэгдүгээр сургуулийн баруун талаар гараад баруун тийшээ Баянмөнхийн гудамжуудаар явж байгаад Капитал банкны баруун талаар урагшаа гарсан. Тэгээд манай найз Бийнд очсон.   

Гомбосүрэн, Золбоо нар нь хамт хулгай хийгээгүй ээ, Тэр 2 хулгай хийхгүй бид нарт хамаагүй шүү гээд байсан. ТҮЦ рүү бол яг хулгай хийхээр шууд яваагүй, тамхи авахаар клонкын дэлгүүр ороод тэгээд цаашаа явчихсан..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 42-43 хуудас/ 

 

Сэжигтэн С.Бийн мөрдөн байцаалтан өгсөн: “.. ТҮЦ-нээс хулгай хийх талаар ярьсан, харин Золбоо, Гомбосүрэн 2 бол яах юм бэ гээд байсан. Петровис шатахуун түгээх газар очоод Б бид 2 юу ч гэсэн хойшоо очоод үзье гээд ТҮЦ рүү явсан, харин Золбоо, Гомбосүрэн 2 хамт явж байсан учраас араас дагаад явсан. ТҮЦний ойролцоо очоод Золбоо, Гомбосүрэн нар хулгай хийхгүй гээд ТҮЦ-нээс нилээн зайтай зогсоод үлдсэн. Тэгээд Б бид 2 цонхны төмрийг нааш цааш хөдөлгөж байгаад хэсэг газар нь гагнаасаар нь салгасан. Б цүнхэндээ ТҮЦ-нээс баахан юм авч хийгээд цонхоор гаргаж надад өгсөн ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 74-75 хуудас/ зэрэг болно.

Насанд хүрээгүй шүүгдэгч С.Б Ж.Б нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг “Шинэ Өндөрхаан” хороололд үйл ажиллагаа явуулдаг иргэн Д.Энхмөрөнгийн эзэмшлийн ТҮЦ-нд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 331.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэрч Г.Золбоогийн  “...Б нь Өндөрхаан хорооллын ТҮЦ-рүү явах уу, тэр ТҮЦ-ийг ухъя гэх яриаг анх гаргасан... 1-р сургуулийн баруун талд ирээд би ... хулгай хийж яах юм бэ, сүүлд нь цагдаа гээд бөөн юм болно... гэхэд Б бид нар өөрсдөө даана, тийм биз дээ гээд Бээс асуусан.. Б ч тэгнэ гэж хэлсэн. Гомбосүрэн харин хулгай хийхгүй гэсэн, Б, Б хоёр ТҮЦ рүү явсан. ... 3 цүнхэнд баахан юм хийгээд ирсэн” гэх мэдүүлэг, гэрч Э.Гомбосүрэнгийн “...Б, Б хоёр 1 дүгээр сургуулийн хойно байдаг ТҮЦ ухах уу гэсэн. Харин Золбоо бид хоёр хулгай хийж яах юм бэ гэсэн, Б, Б хоёр хойшоо ТҮЦ рүү очиж... хэсэг байж байгаад цүнхэнд баахан чихэр боов идэх юм хийгээд ирсэн..” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Энхмөрөнд 506.500  төгрөгийн хохирол учирсан бөгөөд насанд хүрээгүй шүүгдэгч нар нь хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь 800000 төгрөг авсан нэхэмжилэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгч С.Б, Ж.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Жамбалсүрэнгийн Б нь 2000 оны 03 дугаар сарын 04-нд төрсөн, 18 нас 3 хоногтой байсан бөгөөд ерөнхий боловсролын сургуульд сурдаг, эцэг эхийн асрамжинд байдаг, бие даан амьдрах арга барилд суралцаагүй, нийгэмд төлөвшиж чадаагүй байдал болон түүний нас бие, сэтгэцийн онцлогийг харгалзан түүнийг өсвөр насны хүн гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгч нарт хуульд заасан хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлбэл өсвөр насны хүний зан төлөв, хүмүүжилд сөргөөр нөлөөлөх магадлалтай бөгөөд Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 40 дүгээр зүйлийн 4-т “Хүүхдийн аж байдал, үйлдсэн хэргийн байдалд тохируулан хандах үүднээс асрамжлах, хянан харгалзах, зөвлөгөө өгөх, туршилтын хугацаа тогтоох, асран хүмүүжүүлэх газар, боловсрол, мэргэжлийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, чиглүүлэх тухай захирамж гаргах, түр асрамжид шилжүүлэх зэргээр бусад олон хувилбарын арга хэмжээ  авах нь чухал” гэж заасан байх бөгөөд  шүүгдэгч нарын  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан нийгэмд эзлэх байр суурийг нь олоход туслах, боловсрол эзэмшүүлэх зорилгоор тэдэнд хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзлээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...арван найман насанд хүрээгүй хүнд...” 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд” өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болохоор заасан байх тул өсвөр насны хүнд түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, хүүхдийн сэтгэцийн хөгжилд харшлахгүй нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХнь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Сүхбаатарын Б, Боржигон овогт Жамбалсүрэнгийн Б нарыг бүлэглэн, бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3, 8.2 дугаар зүйлийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч С.Бийг 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3, 8.2 дугаар зүйлийн 1.1, 5,  8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бг 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, С.Б нарт 1 жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт авсан хүмүүжлийн чанартай адбадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Хэнтий аймгийн хүүхэд гэр бүл, хөгжлийн газарт даалгаж, тэднийг хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эх Ч.Жаргалцэцэг, Н.Оюунцэцэг нарт тус тус даалгасугай.

 

 4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай. 

 

 5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Б, Ж.Б нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.   

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ