Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2025/ДШМ/585

 

 

 

 

     2025          05            15                                        2025/ДШМ/585

                                                                 

Б.Б-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Билгүүтэй,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

хохирогч Г.Э,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

*******, Хан-Уул, Сонгинохайрхан үүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/691 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Э-ын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг үндэслэн Б.Б-д холбогдох 240300926023 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.      

Ж овгийн Б-н Б, 1985 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ****** аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ***** дүүргийн ** дугаар хороо, *******дугаар гудамж ** тоотод оршин суух,

Урьд: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 20 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн /РД:*******/,

Шүүгдэгч Б.Б- нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 17:40 цагийн үед ******* дүүргийн 24 дүгээр хороо, *******гүүрний урд талын уулзварын замд “Howo-ZZ1257” загварын **-*****улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 15.1 “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа яввган зорчигч, мөн мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаг гарцаар гарч явсан, насанд хүрээгүй явган зорчигч Г.Эыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

*******, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Б-Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 4,000 /дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний 4,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан ялыг оногдуулсан үеэс тоолж, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 4,000,000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, хохирогч Г.Э нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Э тус шүүхэд гаргасан заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч  Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 4.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Ингэхдээ, шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн бөгөөд хохирогчийн хувьд шүүхийн шийдвэрийн эдгээр хэсэгт санал, гомдол байхгүй. Харин улсын яллагчаас санал болгосон гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгчээс гаргуулахаас татгалзаж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь хохирогч Г.Э миний сэтгэцэд учирсан хохирол 3 дугаар зэргээр тогтоогдсон бөгөөд уг хор уршгийг шүүгдэгчээс гаргуулах тухай хүсэлтээ шүүх хуралдааны явцад илэрхийлсэн, мөн улсын яллагчаас уг хор уршгийг мөн шүүгдэгчээс гаргуулахаа илэрхийлсэн боловч шүүх хүлээн авахаас татгалзсан. Иймд хохирогч Г.Э миний сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Б-ийг анхан шатны шүүхээс 1 жилийн эрх хасах ял, 4,000,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулсан. Энэ хэрэг үндсэндээ хохирогч Г.Э нь өөрөө  автомашины өмнө халтираад унасан. Харин ч өдий зэрэгтээ гайгүй өнгөрсөн нь яамай гэж бодсон. Шүүгдэгчийн зүгээс бодитой хохирлыг нөхөн барагдуулсан. Сэтгэцэд учирсан хохирлыг шүүхийг зөв шийдсэн гэж үзэж байна. Прокурорын зүгээс анхан шатны шүүхэд 9,000,000 төгрөгийн гаргуулах санал гаргасан. Хохирогчийн зүгээс прокурорын хэлсэн үнийн дүнг гаргуулах ёстой гэж ойлгосон юм болов уу гэж бодсон. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн нь буруу гэж бодохгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Прокурор М.Билгүүтэй тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сэтгэцэд учирсан хор уршгийг Улсын дээд шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 4 дугаартай тогтоол, 1 дүгээр сарын 19-ний өдрийн 19 дугаар тогтоолоор шинжээчийн дүгнэлтээр тогтоох нь зүйтэй гэж тайлбарласан. Гэвч хохирогч нь насанд хүрээгүй учраас мөрдөгчийн тогтоосон дүгнэлтээр олгох нь зүйтэй гэж бодож байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах буюу Г.Эын сэтгэцэд учирсан хохирол 3 дугаар зэрэгт байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн буюу 9,900,000 төгрөгийг гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Г.Эын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б- нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 17:40 цагийн үед ******* дүүргийн 24 дүгээр хороо, *******гүүрний урд талын уулзварын замд “Howo-ZZ1257” загварын **-*****улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн “15.1.Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа яввган зорчигч, мөн мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаг гарцаар гарч явсан, насанд хүрээгүй явган зорчигч Г.Эыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, зам тээврийн осол тогтоосон акт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 5-10/,

- насанд хүрээгүй хохирогч Г.Эын: “...Явган хүнийг явахыг зөвшөөрсөн ногоон гэрэл асах үед урдаас хойш чиглэлд гарцаар гарах үед уулзвараар урдаас зүүн зүгт эргэж байгаа улаан өнгийн ачааны автомашин намайг автомашиныхаа баруун урд хэсгээрээ шүргээд газарт унагаасан бөгөөд би зогсож амжаагүй байхад автомашиныхаа арын дугуйнд нь миний зүүн хөлний тавхай хэсэг дээгүүр гарч яваад уулзвараар зүүн тийш өнгөрөөд зогссон. Ингээд жолооч нь автомашинаасаа буугаад ирсэн бөгөөд би автомашинд мөргүүлсэн газраа суугаад босож чадахгүй байсан бөгөөд эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашинтай эмч ирээд намайг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Осол болсон өдөр би гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлэгдээд 9 хоногийн дараагаар эмнэлгээс гарсан. Ослын улмаас миний хөлний өсгий яс бяцарч, цуурсан, тавханы мах нь язарсан байсан. Түүнээс хойш зүүн хөлөө гипсдүүлсэн байгаа. Намайг эмнэлэгт хэвтэж байхад жолооч байнга эргэж ирээд эм болон эмнэлгийн хэрэгсэл, таяг, хөлний боолт зэрэг шаардлагатай бүх зүйлийг худалдан авч өгдөг байсан...” /хх 24-25/,

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14662 дугаар шинжээчийн: “...Г.Эын бие зүүн өсгий ясны их биеийн хугарал, зүүн тавхайд урагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй...” дүгнэлт /хх 28-30/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 3003 дугаартай Мөрдөгчийн магадлагаа:

“Явган зорчигч Г.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн зүйл, заалтыг зөрчөөгүй...

...Жолооч Б.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 15.1 “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн” /хх 64-66/,

- яллагдагч Б.Б-ийн: “...Тээврийн хэрэгслийг жолоодож яваад уулзвар руу урдаасаа баруун тийш буюу зүүн зүг рүү жолоочийг явахыг зөвшөөрсөн ногоон гэрэл асах үед баруун гар тийш эргэсэн бөгөөд энэ үед уулзварын зүүн гар талын явган зорчигчийг явахыг зөвшөөрсөн ногоон гэрэл давхар ассан байсан бөгөөд явган зорчигч явсныг мэдэлгүй автомашины баруун урд хэсгээр шүргээд газарт унагаасан байсан бөгөөд түүнийг босож амжаагүй байхад хойд дугуйгаар хөл дээгүүр нь гарсан бөгөөд уулзвараар эргэх үед хүн орилоод автомашинд хүн дайргуулсныг би мэдээд зогссон...” гэхмэдүүлэг,

- насанд хүрээгүй хохирогч Г.Эын нас тоолсон тэмдэглэл /хх 71/, Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх 84-85/, Хохирол төлсөн баримт /хх 86/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Б.Б-ийг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Б- гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоосон, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн шүүгдэгчийн үйлдэл нь зам тээврийн ослын үндсэн шалтгаан болсон төдийгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан талаар зөв тайлбарлан зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байхыг шаарддаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлаар мэргэшсэн мөрдөгчийн магадлагаа, шинжээчийн дүгнэлт гаргадаг бөгөөд шүүгдэгч Б.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, “15.1.Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан талаар Мөрдөгчийн магадлагаа гарсан, шүүгдэгчийн энэхүү болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Г.Эын биед зүүн өсгий ясны их биеийн хугарал, зүүн тавхайд урагдсан шарх... гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүд болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогджээ.

Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй байх бөгөөд хэргийн үйл баримтыг бүрэн, эргэлзээгүй байдлаар нотолжээ.

Хохирогч Г.Э “...миний сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байна.

Тухайлбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн 27 дугаар бүлэг /Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/-т ... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана”, 40.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хохирогч нь энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх, 40.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх” гэж тус тус заажээ.

Тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хууль болон журмаар зохицуулсан бөгөөд хохирогч Г.Эд сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад шүүх сэтгэцийн хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэх боломжгүй юм.

Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг дээр дурдсан хууль болон журамд заасны дагуу гүйцэтгэсний эцэст хохирлыг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй тул “Нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй” болохыг дурдаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг зөв гэж үзэв.

Иймд, шүүгдэгч Г.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, *******, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/691 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/691 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БАТЗОРИГ

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.ЗОРИГ

                                 ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ