| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2018/0065/Э |
| Дугаар | 55 |
| Огноо | 2018-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 55
2018 оны 4 сарын 02 өдөр 2018/ШЦТ/55 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2018/0065/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Уламбаяр
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов
Насанд хүрээгүй
шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал
Насанд хүрээгүй шүүгдэгч А.Н. нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт А.Н.д холбогдох 1839000860053 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 2001 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт А.Н.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
А.Н. нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн С.Зул-Очирын нүүрэн тус газар нь цохиж, мөн нуруун тус газар нь өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч С.Зул-Очирын “...нөгөө хүүхдүүд араас дуудаж, гүйж ирээд намайг нэг саарал хувцастай хүүхэд нь газар унагааж нүд рүү өшиглөсөн. Тэгээд нэг хүүхэд нь толгой дээр суугаад нэг нь өшиглөсөн. Миний баруун талын нүдний ойролцоо зулгарсан. Мөн зүүн талын нүд хавдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/
Гэрч О.Бат-Эрдэнийн “...Тэгээд Төрөө хамгийн түрүүнд гүйж явж байгаад 2 танихгүй ах явж байхаар нь гүйж очоод ах нараа энэ хүүхдүүд намайг зодох гээд байна гэснээ за, за тоглосон юм гэж хэлтэд Зул-Очир гэх ах би та нарын тоглоомын чинь хүн байна уу гээд Төрөөг хавирч унагаагаад нэг удаа толгой руу нь өшиглөсөн. Тэгээд Төрөө босч ирээд уурлаж нөгөө ахыг толгойн тус газар нь 2-3 удаа өшиглөсөн. Бид нар салгах гэсэн боловч дийлэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 тал/
Гэрч С.Өсөхбаярын “...Нөгөө ах яасан их хүнээр тоглодог юм гээд А.Н.ийг хавирч унагаагаад толгой руу өшиглөсөн. Тэгэхээр нь Хурцбилэг очиж салгасан. Тэгээд А.Н. тэр ахыг газар унагаагаад 2-3 удаа цохьсон. Мөн толгойн тус газар нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/
Гэрч Э.Хурцбилэгийн “...Нэг ах нь би та нарын тоглоомын чинь хүн байна уу гээд Төрөөг хавирч унагаагаад нэг удаа толгой руу нь өшиглөсөн. Тэгээд Төрөө уурлаж босч ирээд нөгөө ахыг толгойн тус газар нь 2-3 удаа өшиглөсөн. Төрөө ганцаараа Зул-Очир гэх ахтай зодолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 тал/
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 053 дугаартай дүгнэлт “...Зул-Очирын биед хөмсөгний зулгаралт, баруун нүдний дээд зовхины ирмэгийн зулгарсан шарх, баруун нүдний алимын гадна хэсгийн цус хуралт, хацар, чамархай, баруун гарын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдоо. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.41-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 34 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч А.Н. нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн С.Зул-Очирын нүүрэн тус газар нь цохиж, нуруун тус газар нь өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар болон насанд хүрээгүй шүүгдэгч А.Н.ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч А.Н.ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Т.Баярмаа шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд А.Н.д эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч С.Зул-Очир нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул насанд хүрээгүй шүүгдэгч А.Н.ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Насанд хүрээгүй шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэг байдлыг нь харгалзан үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигин овогт А.Н.ийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч А.Н.д ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар А.Н.д зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.Н.д авсан 01 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг “Хэнтий аймаг дахь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар”-т даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н.ийг 01 жилийн хугацаанд хяналтандаа байлгахыг Хэнтий аймгийн “Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо”-нд даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА