| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2308004680784 |
| Дугаар | 2025/ДШМ/516 |
| Огноо | 2025-05-06 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2025/ДШМ/516
2025 05 06 2025/ДШМ/516
В.Н-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Ундрах,
хохирогч Б.Т, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг,
шүүгдэгч В.Н, түүний өмгөөлөгч Э.Туул,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/730 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Отгонбаярын бичсэн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч В.Н, түүний өмгөөлөгч Э.Туул нарын гаргасан давж заалдах гомдлуудаар В.Н-д холбогдох 2308 00468 0784 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
С овгийн В-н Н, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр ......... төрсөн, .. настай, э.эгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “.........” ХХК-д ...... ажилтай, ам бүл 4, хүүхдүүдийн хамт ............... тоотод оршин суух, /РД: ........../,
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;
Шүүгдэгч В.Н нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ............... тоотод хохирогч Б.Т-тэй хардалтын улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, нүүрэн тус газарт нь болон бие рүү гараараа цохих, толгойн ар дагз хэсэгт гурилын модоор цохиж зодон, эрүүл мэндэд нь дагзны төвгөрөөс нугасны нүх рүү үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн тархины эдэд цус хуралт, зүүн зулайн хуйханд шарх, баруун нүдний доод зовхи, зүүн тавхайд цус хуралт, зүүн чихний дэлбэн, баруун, зүүн дал, тохойд зулгаралт бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: В.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч В.Н-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Н-д оногдуулсан 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Н нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Т-н эмчилгээний зардалд 2.686.026 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн зардалд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8.573.400 төгрөгийг шүүгдэгч В.Н-с гаргуулж хохирогч Б.Т-д олгож, хохирогч Б.Т нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич В.Н-с нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, тэрээр баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “... Тухайн гэмт хэрэг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үйлдэгдсэн байх ба шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын холбогдох хэсгүүдэд өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. 2022 онд шинэчлэн батлагдсан Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан ба тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан зохицуулсан байна. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус тус заасан нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг шаардах эрх дагаж мөрдөх хугацааг Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт зааснаар ойлгоно. Гэтэл улсын яллагч шүүгдэгч В.Н-с гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т-н сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой санал гаргаж, анхан шатны шүүх саналыг хүлээн авч шүүгдэгч В.Н-с сэтгэцэд учирсан хор уршгийн зардалд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8.573.400 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Т-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа уг хуулийг дагалдуулан Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлд 511.3, 511.4, 511.5 дахь хэсгүүдийг нэмсэн байна. Иргэний хуульд ийнхүү нэмэлт оруулсан хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс мөрдөхөөр мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан бол Шүүх шинжилгээний тухай хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр энэ хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зохицуулсан тул уг хууль нь мөн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Харин мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тусгайлан зааснаас гадна сэтгэцэд учруулсан гэм хорыг хэн, ямар хэмжээгээр хариуцан арилгах үүрэгтэйг шинээр зохицуулсан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 511.4, 511.5-д тус тус заасан хэм хэмжээг буцаан хэрэглэх талаар Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуульд заагаагүй тул эдгээр заалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-нээс хойш болж өнгөрсөн үйл явдал буюу үүссэн харилцаанд хэрэглэнэ гэж ойлгохоор байна. Нэгэнт Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан тул гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой харилцааг 2023 оны 07 дугаар сарын 01-нээс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогчийн хувьд сэтгэцэд учирсан гэх гэм хорыг мөнгөн хэлбэрээр шүүх гаргуулах үндэслэлгүй болно. Иймд 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үйлдэгдсэн хэрэгт 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш бий болсон харилцаанд хамааралтай эдийн бус гэм хорыг арилгах тухай Иргэний хуулийн зохицуулалтыг хэрэглэж, гэм хорын нөхөн төлбөрийг тооцож, улмаар шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн үндэслэлд хамаарч байх тул шийтгэх тогтоолын холбогдох хэсгүүдэд өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.
Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа уг хуулийг дагалдуулан Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлд 511.3, 511.4, 511.5 дахь хэсгүүдийг нэмсэн байна. Иргэний хуульд ийнхүү нэмэлт оруулсан хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс мөрдөхөөр мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан бол Шүүх шинжилгээний тухай хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр зохицуулсан. Иймд 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үйлдэгдсэн хэрэгт 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш бий болсон харилцаанд хамааралтай эдийн бус гэм хорыг арилгах тухай Иргэний хуулийн зохицуулалтыг хэрэглэж, гэм хорын нөхөн төлбөрийг тооцож, улмаар шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн үндэслэлд хамаарч байх тул шийтгэх тогтоолын холбогдох хэсгүүдэд өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэнийг дэмжиж байна. ...” гэв.
Шүүгдэгч В.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие 2012 онд Б.Т-г шоронгоос олон жил ял эдлээд гарч ирсний дараа найз Баяраагаар дамжуулж Улаанбаатар хотод танилцаж, би дагавар охинтой өрх толгойлсон ээж учраас урьд нь алдаж эндсэн болохоор, эрх чөлөөт шинэ амьдралдаа хань болж амьдралын төлөө зүтгэвэл болж бүтнэ гэж итгэж найдаж, Б.Т-н 3 хүүхдийг төрүүлсэн. Б.Т нь 2022 оны 03 дугаар сард тээврийн ажилд орох хүртэл 10 жил орчим тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй, найз Э-дээ гар хөлийн үзүүрт зарагдаад явдаг байсан. Тээврийн жолоочоор ажилд ороод гэртээ ирэхээ байж, дагавар болон төрсөн хүүхдүүдээ анхаарахгүй, өөр эмэгтэйтэй гэр бүл болсон байсан. Б.Т-н энэ байдалд маш ихээр гомдож байсан ч би түүнийг хатуу зүйлээр цохиогүй. Б.Т 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэрт ирэхдээ “ажлын газрын залуу зодсон, толгой өвдөөд байна, толгой бариад өгөөч” гээд гараараа барьж өгсөн. Гэвч Б.Т энэ талаар үнэн зөв мэдүүлэхгүй байна. Өмгөөлөгч Э.Туулын гомдолтой танилцаад тухайн өдөр “толгой өвдөөд байна” гээд бариулж байсан талаар мэдэгдэх нь зөв гэж бодож байна. Б.Т баруун зовхины шаргал туяатай цус хуралттай гэсэн нь Б.Т гэрт ирэхээс өмнө тархиндаа гэмтэл аваад яваад байсан байж болзошгүй байгааг шүүх анхаарч, дахин нягталж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч В.Н-н өмгөөлөгч Э.Туул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримт нь эргэлзээтэй, зөрүүтэй гаргасан дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан үндэслэлд хамаарч байна. Үүнд:
1. Хохирогч Б.Т-с 2023.01.08-ны өдрийн огноотой гэмт хэргийн талаарх бичгийн гомдлыг “Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст” хандан гаргасан байна. /1 хх 19-21/ “Хохирогч Б.Т би Н, Э, Г нарт зодуулж биедээ гэмтэл авсан талаараа өмнө 2 удаа цагдаад байцаалт өгсөн. Тэр үед миний бие маш муу ухаан санаа орж гараад маш муу байсан. Одоо бүх зүйлээ тодорхой санаж байгаа тул болсон бүх зүйлийг бичиж хэрэгт хавсаргуулахаар гаргаж байна...” гэж бичжээ. Хэргийн материалд 2023.01.08-ны өдрөөс өмнө өгсөн мэдүүлгийн тэмдэглэл байхгүй. Мөн хохирогч Б.Т-н гэмт хэргийн талаарх 2023.01.08-ны огноотой гомдолд ГССҮТөв эмнэлэгт “2023.02.16-нд эмнэлгээс гарсан” гэж 39 хоногийн өмнөх үйл баримтыг бичих боломжгүй юм. Гэтэл 2023.01.08-ны огноотой гомдлыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Хүрэлбаатар нь 2023.01.08-ны өдрийн 04 цаг 15 минутад хүлээн авч, гомдол гаргасан хэмээн Б.Т гарын үсэг зурж, “СХДЦХ-1 НХ тасаг, 542 бүртгэв. 2023.01.08” гэсэн дардас дарагдсан баримт нь үнэн биш болохыг анхаарч үзсэнгүй. Б.Т-н гомдлыг 2023.01.08-ны үүрийн 04:15 цагт хүлээн авч, 04:20-04:50 цагийн хооронд шууд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол танилцуулж, анхны мэдүүлэг авсан тэмдэглэл авагдсан бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон байгааг анхаарч үзнэ үү. /1хх 33-34/ 2023.01.08-ны өдрийн 04:20 цагийн орчимд ГССҮТөвд хэвтээд 1 хоног болж, эхо болон КТ-ын шинжилгээ хийгдээгүй байхад шууд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байгаа нь эргэлзээтэй байна.
Хоёр. 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн мөрдөгчийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай саналд: “...2023.01.08-ны өдрийн Ө-542 дугаартай гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад: Иргэн В.Н нь 2023.10.05-наас 06-нд шилжих шөнө хамтран амьдрагч Б.Т-тэй хардалтын улмаас маргалдаж, улмаар биед нь халдаж “зүүн зулай хуйханд шарх бүхий хөнгөн гэмтэл” санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон ШШҮХ-ийн шинжээч эмчийн 1238 дугаартай дүгнэлт, цагдаагийн байгууллагын Асап сангийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Яллагдагчаар татах В.Н нь хаана байгаа нь тодорхой байна гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал"-ыг гаргасан байна. /1 хх 2/ 2023.01.26-нд мөрдөгчийн санал бичигдэж мөрдөн шалгах дараах ажиллагааг явуулсан байна. Үүнд: Б.Т-с 3 хуудастай 1 гомдол, 2023.01.08 болон 2023.01.24-ний өдөр 2 удаа хохирогчоос мэдүүлэг өгсөн тэмдэглэл, 2023.01.13-ны өдрийн шинжээчийн 1238 дугаартай дүгнэлт, 2023.01.25-ны өдрийн шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл хэрэгт авагдсан байна. /хэргийн газрын үзлэг хийгдээгүй/ Шинжээч М.Золжаргалаас авсан мэдүүлэгт “...Хохирогчийн биед учирсан шугаман хугарал гэмтэл нь дангаараа хүнд гэмтэлд хамаарна, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн тархины эдэд цус хуралт гэмтэл нь дээрх гэмтлийг авсан даруйд шалтгаант холбоотойгоор үүсэх боломжтой. Зүүн зулай хуйханд шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Зүүн зулай хэсэг рүү хатуу зүйлээр цохиход дагзны төвгөрөөс нугасны нүх рүү үргэлжилсэн шугаман хугарал шугаман хугарал үүсэх боломжтой юу? гэсэн асуултад боломжгүй, дээрх хугарлыг зөвхөн дагз хэсгээр цохигдох, цохих, унах үед үүсэх боломжтой.” гэсэн байна /1 хх 95-96, 112-114/. Хохирогчийн 2023.01.08-ны гомдолд “...хатуу шар юмаар толгойны дух хэсэг рүү цохисон...цус гарсан.... би симээ сугалж амандаа хийгээд утсаа орны ар луу шидсэн. Гэтэл гэнэт миний толгойны ар хэсэг рүү тас хийж нүд харанхуйлсан” гэж бичсэн бол, 2023.01.08-ны өдрийн анхны хохирогчоор өгсөн мэдүүлэгт “...бас хатуу зүйлээр толгой руу цохиод цус гарсан... толгой руу гараараа цохиж байгаад дараа нь хатуу юмаар толгой руу цохисон..” гэж, 2023.01.24-ний өдрийн хохирогчоор 2 дахь удаа өгсөн “...миний дээр суугаад толгой хэсэг рүү гараараа хэд хэд цохисон..., нэг хатуу зүйл гартаа бариад миний зүүн зулай хэсэг рүү хүчтэй цохисон, яг юугаар цохисныг мэдэхгүй, ...толгойноос цус гарсан...” гэсэн мэдүүлгээр хохирогчийн биед цус гарсан, шарх гэмтэл нь зүүн зулай хуйханд шарх буюу шинжээчийн мэдүүлгээр “хөнгөн” гэмтлийг учруулсан талаар хохирогчийн анхны 2 удаагийн мэдүүлэгтэй тохирч байсан тул мөрдөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах саналыг гаргаж байсан байна. 2023.01.30-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” прокурорын тогтоолд “2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ............... тоотод Б.Т бусдад зодуулсан” гэх гомдлыг шалгасан байна. Гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн талаар шалгавал зохих байдлуудыг тогтоогоогүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай бичсэн байна. /1 хх 1/ Хохирогч Б.Т нь 2023.03.21-ний өдөр хэрэг бүртгэлт нээснээс хойш өгсөн 3 дахь удаагийн мэдүүлэгт “...ор луу татаж унагаагаад хатуу зүйл бариад миний зүүн зулай хэсэг рүү нэг удаа хүчтэй цохиход нүд харанхуйлж, толгойноос цус гарсан... миний нуруу, хүзүү, толгой руу гараараа цохиод байсан... симээ орны хойд тал руу шидчихээд босоод зогсож байтал миний хойноос дагз хэсэг рүү ямар нэг ямар нэгэн юмаар хүчтэй цохих шиг болоод ...ухаан алдсан...” гэж хүнд гэмтэл гэж гарсан шинжээчийн мэдүүлгийг батлах мэдүүлгийг нэмж мэдүүлж эхэлсэн.
Гурав. Шинжээчийн 2023.01.13-ны өдрийн 1238 дугаартай дүгнэлт эргэлзээтэй талаар: Мөрдөгчийн 2023.01.08-ны өдрийн шинжээч томилсон тогтоолд “гэмт хэрэг гарсан цаг хугацааны талаар тодорхой он, сар, өдөр бичээгүй” тогтоол үйлдэж, нийт 6 асуултад “гэмтэл үүссэн цаг хугацааны талаар тодорхой он, сар, өдөр заасан асуулт тавиагүй” байхад дүгнэлтийн 5-д “Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэж цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн хариулт бичсэн байна. Шинжээч эмчийн дүгнэлтийн “Болсон хэргийн товч”, “Зовиур”. “Хэсэг газрын үзлэгт ГССҮТ-ийн №377 өвчний түүхээс...” гэсэн хэсгүүдэд гэмт хэрэг гарсан он, сар, өдрийн талаар буюу “2023.01.05” гэдгийг огт бичээгүй атлаа “хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэж дүгнэсэн байна. Мөрдөгчийн 2023.01.08-ны өдрийн тогтоолоор 2023.01.09-ний өдөр шинжээч ГССҮТ дээр хохирогчийн биед үзлэг хийж, ГССҮТ-ийн 377 дугаартай өвчний түүхээс 2023.01.08, 2023.01.09-ний ЭХО-ны болон 2023.01.10-ны өдрийн толгойн КТГ-ийн шинжилгээний дүгнэлтүүдтэй танилцаад 1238 дугаартай дүгнэлтийг гаргасан байна. Шинжээчийн 1238 дугаартай дүгнэлтэд “...ГССҮТ-ийн №377 дугаартай өвчний түүхээс... 2023.01.08-ны ЭХО-д “элэгний 7-р сегментэд 2.3*2 см орчим няцралттай” 2023.01.09-ний ЭХО-д “элэгний хэмжээ хэвийн, гадаргуу тэгш, бүтэц жигд, элэгний эхо ойлт жигд хэвийн, элэгний венүүд хэвийн, үүдэн вен хэвийн, элгэн доторх болон гаднах цөсний цоргууд өргөсөөгүй, элэгний 8-р сегмэнтэд 2,1 см гемангиам тодорхойлогдоно...” гэсэн байна. ЭХО-ны эхний шинжилгээгээр илэрсэн “элэгний 7-р сегментзд 2.3*2 см орчим няцралттай” гэсэн нь давтан шинжилгээгээр үгүйсгэгдэж, “няцрал”-ыг “гемангиам” буюу элэг доторх цусны судаснаас үүдэлтэй, зөөлөн зангилаа, ургацаг болж нарийн шинжилгээний дүгнэлт өөрчлөгдсөн тул шинжээч дүгнэлтдээ үүнийг гэмтэл гэж бичээгүй байна. /1хх 095 ар талд/ Энэ нь ЭХО шинжилгээ хийхэд ашиглагддаг төхөөрөмжийг хэт авианы аппарат гэдэг. Энэ аппарат нь өндөр давтамжтай дууны долгион ашиглан биеийн дотоод бүтэц, эрхтнүүдийн дүрсийг гаргаж харуулдаг. Хэт авиан шинжилгээгээр хохирогч Б.Т-н элэгний няцрал гэсэн нь давтан шинжилгээгээр элэгний зангилаа болж өөрчлөгдсөн байна. Ийм эргэлзээ гарч болохыг энэ шинжилгээ харуулж байна. Толгойн КТГ-ын шинжилгээ хийхэд ашиглагддаг төхөөрөмжийг Компьютер томографийн аппарат буюу товчоор КТ гэдэг. КТ нь толгойн яс, тархи, судас, хаван, цус алдалт, хавдар гэх мэтийг өндөр нарийвчлалтай зургаар харуулдаг шинжилгээ бөгөөд энэ шинжилгээг дүрс оношилгооны чиглэлээр мэргэшсэн радиологч эмч буюу хэт авиа, рентген, КТ, МRI, Маммаграфи, Доппер, Флюороскопи гэх мэт дүрс оношилгооны бүхий л төрлийн аппаратаар хийсэн шинжилгээг тайлбарлаж, онош тавьдаг нарийн мэргэшсэн эмч дүгнэлт гаргадаг. Радиологич эмчийн үүрэг: шинжилгээг гүйцэтгэх, гарсан дүрсийг уншиж оношлох, эмч, өвчтөнд онош, зөвлөгөө өгдөг байна. Хохирогч Б.Т-н өвчний 377 дугаартай түүх нь шинжээч эмчийн дүгнэлтийн үндэслэл, эх сурвалж болсон байна. Хохирогч Б.Т-н ЭХО-ны шинжилгээ зөрүүтэй гарсан нь толгойн КТ-ын шинжилгээ эргэлзээгүй гэж үзэх боломжгүй байдгийг харуулж байна. Мөн шинжээч нь 2023.01.09-ний өдрийн 11:30 цагт гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн үзлэгийг хийсэн тухай дүгнэлтийн эхэнд бичсэн атлаа, энэ өдөр гараагүй байсан 2023.01.10-ны өдрийн КТ-ын шинжилгээтэй танилцсан байх боломжгүй байна. Толгойн КТ-ын дүгнэлтээс “Дагзны төвгөрөөс доош foramen magnum руу үргэлжилсэн шугаман хугаралтай, ...тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн урд хонхорт 2,6*1,7 см хэмжээтэй тархины эдийн цус хуралт, няцралын голомтот өөрчлөлттэй, зүүн духны дэлбэнд 2,1*1,2 см хэмжээтэй тархины эдийн цус хуралт няцралын дараах энцефаломаляцийн өөрчлөлттэй...” гэж бичигдсэн талаар шинжээч бичсэн атлаа дүгнэлтийн 1 дүгээрт “Б.Т-н биед дагзны төвгөрөөс нугасны нүх рүү /foramen magnum/ үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн тархины эдэд цус хуралт, зүүн зулайн хуйханд шарх...” гэж бичсэн байна. КТ-ын шинжилгээнд бичигдсэн гэмтлээс “...Зүүн духны дэлбэнд 2,1*1,2 см хэмжээтэй тархины эдийн цус хуралт няцралын дараах энцефаломаляцийн өөрчлөлттэй” гэсэн хэсгийг бичээгүй байна. Шинжээч эмч Б.Т-н толгойн КТ-ын шинжилгээний дүгнэлт бичигдсэн хэсгээс өөрийн “хүнд” гэсэн дүгнэлтдээ “...Зүүн духны дэлбэнд 2,1*1,2 см хэмжээтэй тархины эдийн цус хуралт няцралын дараах энцефаломаляцийн өөрчлөлттэй” гэсэн хэсгийг бичээгүй байгаа нь анхаарал татахуйц нөхцөл байдлыг үүсгэж, энэ талаар шүүх хуралдаанд оролцогч нарын хэн аль нь шинжээчээс асууж тодруулаагүй байна. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ Хохирогч Б.Т-н толгойн КТ-аар илэрсэн “тархины эдийн цус хуралт няцралын дараах энцефаломаляцийн өөрчлөлт” гэдгийг шинжээч дүгнэлтдээ оруулж бичээгүй шалтгаан нь: хохирогчийн анхдагч гавлын ясны хугарлаас шалтгаант холбоотойгоор хоёрдогчоор үүсэх тархины эдийн цус хуралт няцралын дараах тархины эдийн зөөлрөл үүссэн талаар дүрс оношилгооны эмчийн дүгнэлт нь уг хугарал болон энцефаломаляцийн өөрчлөлт нь 2023.01.05-ны өдөр үүсэх боломжгүй тул энэ хэсгийг санаатайгаар дүгнэлтдээ бичээгүй хасаж бичсэн байна. Хүний толгойн дагзны яс руу хүчтэй цохиход хугарал үүсч болох бөгөөд хүчтэй доргилтын улмаас цохилтын эсрэг талд тархины судас хагарч цус хуралт, няцрал үүсдэг талаар шинжээч 2023.01.24-ний мэдүүлэгтээ хэлсэн. Шинжээч 2024.09.24-ний өдөр өгсөн 2 дахь мэдүүлэгтээ “...Б.Т-н биед учирсан дагзны төвгөрөөс нугасны нүх рүү үргэлжилсэн шугаман хугарал гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэснээс өөр зүйл нэмж мэдүүлээгүй байна. /1 хх 247/ 2023.01.01-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Шүүх шинжилгээний тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-ын 4.1,2 “тусгай мэдлэг” гэж хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай шинжлэх ухаан, техник технологи, урлаг, түүх, соёл, эдийн засгийн болон бусад тодорхой салбарын мэдлэгийг, 17 дугаар зүйлд “Шинжээч дүгнэлт гаргах”, 17 1 “Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан байна.”, 49.2 “Шинжээч дараах үүрэг хүлээнэ”, 49 2.1 “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой хийж, тогтоосон хугацаанд дүгнэлт гаргах” зэрэг заалтуудыг шинжээч эмч зөрчиж дүгнэлт гаргасан. Юуны өмнө “тусгай мэдлэг” гэдэгт тодорхой салбарын мэдлэгийг ойлгохоор хуульчилсан бол шинжээч эмчийн мэдүүлгийн биеийн байцаалт хэсэгт “хүний их эмч” гэсэн байна. Энэ хэргийн хохирогчийн эрүүл мэндэд учирсан өөрөөр хэлбэл, хүний бие дотор болж буй өвчин, эмгэг, гэмтлийг тусгай төхөөрөмж ашиглан дүрс хэлбэрээр оношлох анагаах ухааны тодорхой салбар тул энэ салбарын тусгай мэдлэгт хамаарах толгойн КТ-ын дүгнэлтийг үндэслэн өөрийн шинжээчийн дүгнэлтийг гаргахаар заасан байна. Гэтэл шинжээч эмч нь хүний их эмч мэргэжилтэй боловч дүрс оношилгооны чиглэлээр резидент /мэргэшлийн сургалтанд/ 3-4 жил суралцаж, радиологич буюу дүрс оношилгооны эмч гэх нарийн мэргэжил эзэмшээгүй атлаа өвчний түүхээс өөр эмчийн дүгнэлтийг хуулбарлан дүгнэлтээ гаргасан байна. Ийнхүү хуулбарласан дүгнэлт гаргахдаа зарим гэмтлийг бүрэн бичээгүй, нэмэлтээр шаардлагатай шүүх эмнэлгийн дүрс оношилгооны нарийн мэргэшсэн эмчээр хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бүрэн, бодитой шинжилгээ хийж, дүгнэлт гаргаагүй байна. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 “гавлын хүнхрээ ба суурь ясны хугарал Үүнд: гавлын орой /дух, зулай яс/, чамархай, дагз ба суурь яс /өмнө, дунд, ар хонхор, эрвээхэй яс/-ны хугарал, ...”-ыг үндэслэн хүнд зэргийн гэмтэл гэж дүгнэсэн байна. /Энэ журам 2024.05.21-ний өдөр хүчингүй болсон./ Энэ журмын 1.9.2 “Шинжлүүлэгч нь нэг цагийн хугацаанд биедээ хэд хэдэн гэмтэл авсан бол шаардлагатай тохиолдолд гэмтэл тус бүрт эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох ба эдгээрийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг үнэлж, хэрэв эдгээр гэмтлүүд нэг нэгэндээ харилцан нөлөөлж шинжлүүлэгчийн биеийн байдлыг хүндрүүлсэн бол тэдгээрийг бүрдэл байдлаар авч үзэж эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох”, 1.9.3 “Шинжлүүлэгчийн биед илэрсэн хэд хэдэн гэмтлийг өөр өөр цаг хугацаанд үүссэн гэж үзвэл гэмтэл тус бүрт үүссэн хугацаа, үүсгэсэн хүчин зүйл болон эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох” гэсэн заалтыг баримтлаагүй. Шинжээч эмч Б.Т-н толгойн КТ-ын шинжилгээний дүгнэлтээс “энцефаломаляцийн өөрчлөлт” гэсэн хэсгийг хасаж бичиж, дүгнэлтээ гаргасан. Шинжээч эмчийн дүгнэлт нь дараах байдлаар эргэлзээтэй, бүрэн бус байна. Үүнд:
Дагзны төвгөрөөс доош үүссэн шугаман хугарал нь шинэ, хуучин эсэхэд дүгнэлт егөөгүй. Гавал ясны шугаман хугарал маш удаан бороолдог, ховил хэлбэртэй байдаг бөгөөд хугарлын ирмэг нь хурц бол шинэ, мохоо харагдаж байвал хуучин гэж КТ-ийн зургаас дүгнэх боломжтой. Шинжээч эмч нь дүрс оношилгооны нарийн мэргэшсэн эмч биш учраас толгойн КТ-ын шинжилгээнд үндэслэн ясны хугарлын шинэ, хуучныг тогтоогоогүй. Гавал ясны хугарал үүсгэсэн дагзны хуйханд шинжээч эмч ямар нэгэн үнэлгээ хийгээгүй байна.
Дагзны төвгөрөөс доош үүссэн шугаман хугарлын улмаас тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн урд хонхорт 2,6*1,7 см хэмжээтэй тархины эдийн цус хуралт, няцрал нь шинэ гэмтэл гээд шинжээч дүгнэлтдээ бичсэн бол “зүүн духны дэлбэнд 2,1*1,2 см хэмжээтэй тархины эдийн цус хуралт няцралын дараах энцефаломаляцийн өөрчлөлт” гэмтэл нь хүучин гэмтэл байна. Хуучин буюу гэмт хэрэг гарсан цаг хугацаанд үүсэх боломжгүй байсан тул дүгнэлтдээ оруулаагүй. Шинжээч дүгнэлтдээ оруулаагүй “зүүн духны дэлбэнд 2,1*1,2 см хэмжээтэй тархины эдийн цус хуралт няцралын дараах энцефаломаляцийн өөрчлөлт нь дангаараа гэмтлийн ямар зэрэгт хамаарах, энэ гэмтэл нь дагзны төвгөрөөс доош үүссэн шугаман хугарлын улмаас хоёрдогчоор үүсэх боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаагүй нь 1238 дугаартай дүгнэлтийг эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүйг харуулж байна.
Шинжээчийн 1238 дугаартай дүгнэлтэд бичигдсэн “дагзны төвгөрөөс доош үүссэн шугаман хугарлын улмаас тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн урд хонхорт 2,6*1,7 см хэмжээтэй тархины эдийн цус хуралт, няцрал” нь шинэ гэмтэл буюу гэмт хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэж үзэхээр бол толгойн КТ-ын шинжилгээний дүгнэлтэд “тархины хаван байхгүй, ховдлууд хэвийн, субарханойдал зайнууд хэвийн, цус харвалтгүй” гэсэн байгаа нь дүгнэлтэд эргэлзэх үндэслэл болж байна. Шинжээчийн мэдүүлгээр “дагзны төвгөрөөс доош үүссэн шугаман хугарлын улмаас тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн урд хонхорт 2,8*1,7 см хэмжээтэй тархины эдийн цус хуралт, няцрал үүссэн бол мөн дагзны төвгөрөөс доош үүссэн шугаман хугарлын улмаас зүүн духны дэлбэнд 2,1*1,2 см хэмжээтэй тархины эдийн цус хуралт няцралын дараах энцефаломаляцийн өөрчлөлт гэмтэл учирч болно. Дагзны ясны шугаман хугарал гэмтлийн улмаас тархины 2 өөр хэсэгт 2 өөр цус хуралт, няцрал, няцралын дараа энцефаломаляцийн өөрчлөлт үүссэн байх тул үүнийг ялгаж, тогтоох шаардлагатай байгаа нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн дүгнэлтэд шууд нөлөөлөх ач холбогдолтой байна. “Энцефаломаляци” гэдэг нэр томьёог радиологич тархины глиозтой болон глиозоор хүрээлэгдээгүй паренхими эдийн алдагдлыг илэрхийлэхдээ ашигладаг. “Энцефаломаляци” гэдэг нэр томьёо нь угтаа тархинд янз бүрийн гэмтэл учирсны улмаас нүдэнд харагдахуйц хэмжээний өөрчлөлтийг илэрхийлэх зорилгоор эмгэг судлаачдын зохиосон эртний нэр томьёо бөгөөд тархины шингэрэлийн үхжилийн улмаас үүсэх “тархины эдийн зөөлрөл” гэсэн үг юм. "Энцефаломаляци” нь ихэвчлэн тархины ишеми /судасны нарийсал, цус харвалт/, тархины үрэвсэлт өвчин, тархинд цус хуралт, гэмтэл ослын улмаас үүссэн тархины гэмтэл, тархины мэс засал гэх мэт гэмтлийн дараа үүсэх тархины паренхими эдийн шингэрэлт, үхжилийн үр дагавар юм. Энэ талаар дэлхийн эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хэрэгцээнд зориулсан “Энцефаломаляци/Радилогийн нийтлэл” вэб сайтаас 2024.02.13-ны өдрийн англи хэл дээр нийтлэгдсэн нийтлэлийг монгол хэл рүү албан ёсны орчуулгын үйлчилгээ авч, судалснаар гомдол гаргах үндэслэл болсон. /КТ-ын шинжилгээний дүгнэлтэд бичигдсэн гадаад хэл дээрх нэр томьёог орчуулгыг хавсаргав/.
Дөрөв. Мөрдөгчөөс хохирогчийн өвчний түүхийг прокурорын зөвшөөрлөөр гаргуулж, аваагүй байх тул хохирогч хэзээ толгойн КТ хийлгэсэн талаарх эргэлзээтэй байдалд дүгнэлт хийх боломжгүй байна. Хохирогч болон түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдааны өмнө “ГССҮТ, бүртгэлийн дугаар 283 архив" гэсэн дардастайгаар “Б.Т-н гэх 377 дугаартай, өвчний түүх”-ээс 3 хуудсыг хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн байна. ГССҮТ-ийн 2023.01.07-2023.01.16-ны хооронд хэвтэн эмчлүүлсэн Б.Т-н өвчний түүхийг “2025.02.24-ний өдрийн огноотой, тус эмнэлгийн хуулбар үнэн” дардастай, 3 хуудас буюу бүрэн бус байдлаар гарган өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3, 7 дахь заалт, мөн хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчсөн болон мөн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн байна. Шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон хохирогчийн өвчний түүхийг хэрэгт авч хавсаргаагүй байх тул шүүгдэгчийн талаас шинжээчийн дүгнэлттэй холбоотой бусад байдлаар мэтгэлцэх боломж хязгаарлагдмал байна.
Тав. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл гэмт хэрэг гарсан байдал болон нотолбол зохих байдалд хамаарах бусад нотлох баримтын талаар. Гэмт хэрэг гарах үед хохирогч Б.Т, шүүгдэгч В.Н болон гэрч Н.Т нар байсан бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс болно. Бусад гэрчүүдийн мэдүүлэг болон бичгийн баримтууд нь эргэлзээтэй, дамжмал, шууд бус нотлох баримт байна. Хохирогч Б.Т-с гаргасан гомдол болон удаа дараагийн мэдүүлгүүд нь зөрүүтэй байгаа, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг шүүх “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. 2024.01.24-ний өдөр Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор энэ хэргийн гэрч Н.М, Н.Т нар хохирогчоор, хохирогч Б.Т-н аав Д.Б, шүүгдэгч В.Н нарын хооронд 2023.06.27-ны өдөр /энэ гэмт хэрэг гарснаас хойш 6 сарын дараа/ үл ялих зүйлээр маргалдаж, улмаар хөнгөн гэмтэл учирч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн аав болон шүүгдэгч нар тус бүр 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн тогтоол хэрэгт авагдсан. 2023.06.16-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ЭШ/1554 дугаартай зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай шийтгэврээр “2023.02.23-ны өдөр хохирогч Б.Т нь В.Н-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хорио цээртэй үгээр гутаан доромжилж, зүүн хөл хэсэгт өшиглөсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар 30 хоног албадан сургалтад хамруулж, 12 хоног баривчлах шийтгэх оногдуулах саналтай зөрчлийн хэргийг” шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд зөрчилд холбогдогч Б.Т, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг, хохирогч В.Н, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр нар оролцсон байна. 2023.01.05, 2023.02.23, 2023.06.27-ны өдрүүдэд Б.Т, В.Н нарын хоорондын асуудлаас болж нийт 3 удаагийн шүүхийн шийдвэр гарсан байгаа нь хэргийн оролцогч нараас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, улмаар бие биенийхээ эсрэг мэдүүлэг өгч болох бодит нөхцөл байдлууд байсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг буцааж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Б.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч В.Н болсон асуудлыг шал өөрөөр ярьж байна. ... Би гудамжинд ачаа бараагаа бэлдээд байж байхад “охин чинь гараад явчихлаа” гэж хэлээд араас залгаж надтай хэрүүл хийгээд байсан. Гэртээ ороод иртэл гуд татаж унагааж, “чи яадаг гэнэ ээ” гээд муухай хашгирсан. “Би гэрийг бүгдийг нь шатаана. Хүүхдүүдээ бүгдийг нь шатаана. Ингээд чи муу банзалтаарай. Чи олсон мөнгөө хэнд өгөөд байгаа юм бэ” гэсэн. Тэгээд миний цээж хэсэгт дарж унаад нүдээд байсан. “Чиний уур хүрч байгаа бол намайг уучлаарай. Намайг цохиод сэтгэл чинь ханаж байвал хамаагүй” гээд л цохиулаад байсан. Гэтэл толгой руу нэг юмаар тог хийтэл цохиход толгойноос цус гараад эхэлсэн. ... Тэгээд маргаан ерөнхийдөө гайгүй болоод унтацгаасан. Шөнө унтаж байхад “Чи мөнгөө хэн рүү шилжүүлдэг юм. Дансыг чинь үзье” гэж хэлсэн. Би шагналын сая төгрөгөө Э-д өгсөн. ... “Э-д өгсөн 1 сая төгрөгөө буцаагаад аваад өгье” гэж хэлээд залгасан. Э руу залгаад “болохоо болилоо, цагдаа дуудаарай” гэж хэлсэн. Симээ салгаад утсаа орныхоо ар тал руу шидсэн. “Утсаа өгөөдөх” гэж хэлээд В.Н намайг цохиод байсан. Намайг цохиод байхаар нь би тоогоогүй цохиулаад л байсан. Гэтэл лүг хийтэл намайг цохиход би ухаан алдаад унасан. Ухаангүй байж байгаад сэргэтэл дүү нь миний хөлд суучихсан, “за юу болоод байгаа юм бэ” гээд миний хөлнөөс татаж байхад нь би сэргэсэн. ... Хээр очиж энийг ална гээд машиндаа суулгаад явсан. Машин хөдөлж байх үеийн би санадаг. Би хурд сааруулагч ойртохоор машинаас бууна гэж бодсон. Хээр аваачаад намайг буулгасан тохиолдолд би үхэх юм байна гэж бодогдсон. Хаалга онгойлгоод хурд сааруулагч ойртоход би тээврийн хэрэгслээс үсрээд буусан. ...” гэв.
Хохирогч Б.Т-н өмгөөлөгч Г.Алтанчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Уг гэмт хэрэг нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үйлдэгдсэн. Хохирогч Б.Т өөрийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг гаргуулахаар 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 439 дугаартай дүгнэлт гаргуулахад 2 дугаар зэрэглэлээр тогтоосон. Шүүхээс 8.573.400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. ... Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогчийн биед шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан хүнд зэргийн гэмтлийг шүүгдэгч В.Н учруулсан болох нь тогтоогдсон. Шинжээч нар нь өөрийн гаргасан дүгнэлтээ шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой тайлбарлаж мэдүүлсэн. ... Хохирогч толгойн ард дагз руугаа цохиулсныхаа улмаас тухайн үед ухаан алдсан. Хохирогчийг 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр эх нь Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Тэгэхээр хохирогч нь тухайн хугацаанд гэртээ байсан. Энэ хугацаанд хохирогчийн ухаан орж, гарч байсан. Гэрт нь шүүгдэгч В.Н дусал тариа хийгээд байлгаад байсан. Шүүгдэгч нь хохирогчийг цохисон ба гэмтэл учруулсан талаараа өөрөө мэдсэн. Хохирогчийг эмнэлэг рүү авч явъя гэсэн эхтэй нь явуулахгүй гээд маргалдсан. Шүүгдэгчийн ярьсан шиг өөр хүнд зодуулаад тухайн гэмтлийн авсан зүйл байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдсон. Иймд прокурорын бичсэн эсэргүүцэл болон давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч В.Н-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч В.Н нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ........... тоотод хохирогч Б.Т-тэй хардалтын улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, нүүрэн тус газарт нь болон бие рүү гараараа цохих, толгойн ар дагз хэсэгт гурилын модоор цохиж зодон, эрүүл мэндэд нь дагзны төвгөрөөс нугасны нүх рүү үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн тархины эдэд цус хуралт, зүүн зулайн хуйханд шарх, баруун нүдний доод зовхи, зүүн тавхайд цус хуралт, зүүн чихний дэлбэн, баруун, зүүн дал, тохойд зулгаралт бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч Б.Т-н “... 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хамтран амьдрагч В.Н намайг дуудахаар нь би орой 20 цагийн үед гэртээ яваад очтол Н намайг шууд ор руу, татаж унагаагаад миний дээр суучхаад толгой руу гараараа хэд хэдэн удаа цохихоор нь “намайг уучлаарай” гэж хэлсэн. Миний дээрээс гараараа цохиж байгаад нэг хатуу зүйл гартаа бариад миний зүүн зулай хэсэг рүү нэг удаа хүчтэй цохисон. Яг юугаар цохисныг нь мэдэхгүй, харж амжаагүй. Тэр үед миний нүд харанхуйлаад ухаан санаа орж гараад толгойноос цус гарсан. Тэгэхээр нь би “намайг аллаа” гэж хэлээд В.Н-г түлхэж боссоноо санаж байна. Тэгээд ухаан санаа орж гараад байж байтал нэг мэдэхэд Н-н дүү Э, надаас “юу болоод байна” гэж асууж байхаар нь би эргэн тойрноо хартал Э, Г болон түүний эхнэрүүд ирсэн байсан. Намайг гэрийн баруун хойд орон дээр хэвтэж байхад Г “хөөе пизда минь, юу болоод байна” гэж хэлээд миний утасны цэнэглэгчээр хоолойг боохоор нь би боолтоо суллах гээд ноцолдож байхад миний нүүр хэсэг рүү хөлөөрөө өшиглөх шиг болоход Т “болиоч, та нар хүн аллаа” гэж хэлэх нь сонсогдож байсан. Тэгээд би нэг сэргэтэл гадаа гарчихсан Э намайг “тайчаад” гэж хэлж байхад нь би “яагаад тайчих ёстой юм” гэж хэлтэл Г намайг бариад авсан. Тэгээд сэрээд хартал би дээгүүрээ хувцасгүй цээж нүцгэн доогуураа нэг өмдтэй байж байсан ба намайг нэг нь “суу энэ машинд, хээр аваачиж ална” гээд суудлын тэрэгнээс арай том саарал машины хойно суулгаад Г, Э хоёр өөрсдөө урд суугаад явсан. Тэгээд ........-н сургуулийн ойролцоо хурд сааруулагч дээр сэргээд намайг “хээр аваачиж ална” гэж хэлснийг нь санаад эд нарт алуулснаас өөрөө буусан нь дээр гэж бодоод дахиад нэг хурд сааруулагч гарч ирэхээр нь өөрөө машинаас үсрээд буучихсан. Тэр үед замын эсрэг талд өөдөөс нэг машин ирж байсан ба намайг аваад явах байх гэж бодсон. Би машинаас буухдаа хаагуураа яаж унасныг мэдэхгүй, нэг сэрсэн чинь гэртээ байсан ба Н миний чихнээс татаад яагаад янгуучлаад байгаа юм бэ гэж хэлж байсан ба Э, Г нар байхгүй байсан. Тэгээд хэр удсаныг нь мэдэхгүй байна. Ээж ирчихсэн “миний хүүхэд яачихав, зүгээр үү” гээд Н-тэй хэрэлдэж байгаад намайг эмнэлэг авч явна гэж хэлтэл Н “наад хүү чинь зүгээр байгаа, яах гээд байгаа юм” гэж хэлж байсан ба ээж намайг аваад явсан. ... Миний толгой хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохиж байгаад нэг хатуу зүйлээр зүүн зулай хэсэг рүү нэг удаа цохисон... тэр үед толгойноос цус гарсан бөгөөд ухаан санаа орж гараад явчихсан. ...” /1 хх 31-46/, мөн түүний гэрчээр өгсөн “...намайг алгадаад байхаар нь “санаа чинь амарч байна уу, цохь цохь” гээд зогсож байхад гэнэт нэг хатуу юм аваад толгой руу цохисон. Би тэр зүйлийг гурилын элдүүр гэж харсан. ...” /1 хх 42/,
гэрч Н.М-н “... Миний төрсөн хүү Т нь одоогийн хамтран амьдрагч В.Н-тэй хамт амьдраад 10 орчим жил болсон дундаасаа 3 хүүхэдтэй. ... 2023 оны 01 дүгээр сарын 05-ны орой Н над руу утасдаад “танай хүүхэд чинь гэртээ ирэхгүй байна, одоо би энэ хүүхдүүдийг гэрт нь хийгээд шатаалаа, танайхаас очиж хүүхдээ аваад эд нарыг бүгдийг нь нийлүүлээд шатаана” гээд орилж чарлаад байж байгаад “өө ороод ирлээ” гэж хэлсэн. Тэгээд хүүхдүүд нь орилж чарлаж, уйлаад байсан ба “май май” гээд хүн зодоод байгаа юм шиг чимээ гараад байсан. В.Н утсаа таслаагүй би утасны цаанаас “болиоч ээ, хүүхдүүдээ айлгалаа” гэж хэлсэн ч сонсоогүй. Тэр оройноо бид нар юу ч болоо билээ гэж бодоод охин, хүргэний хамт хот руу гарсан ч цас их орсон байсан болохоор цасанд суугаад очиж чадаагүй. Тэгээд би нөгөөдөр нь ... санаа зовоод Баянчандманаас хот руу замын унаанд суугаад шууд Т руу хүүгийндээ явж ортол Т орон дээрээ толгойгоо барьчихсан хэвтэж байхаар нь Н-с юу болсон талаар асуухад “яадгийн, танай хүүхэд гэртээ ирэхгүй, мөнгөө өөр хүнд өгөөд байна” гэхээр нь “тэгээд яагаад ийм болсон юм” гэхэд “би цохичихсон юм” гэж хэлсэн. Т тэр үед ч ярихгүй доошоо хараад хэвтээд байхаар нь эмнэлэг авч явлаа гэтэл Н түүний охин Т хоёр явуулахгүй хүүхдээ өмөөрлөө гээд надтай хэрэлдээд байсан. ... Тэгээд би Т*г аваад гарах гэтэл өмсөх хувцас байхгүй хувцсыг нь шатаачихсан гээд өөрийнхөө өмд подволкыг өмсүүлсэн байсан. Тэгээд би авч гараад Т-н найз Э-г дуудаад Н, Т, Э бид дөрөв толгойг нь бариулаад буцаж Т орж В.Н-г гэрт нь буулгачхаад гэмтлийн эмнэлэг рүү явсан. ... Н толгой руу нэг хатуу юмаар цохисон гэж хэлээд байсан. ...” /1 хх 52-53, 55/,
гэрч Д.Э-н “... шөнө 04 цагийн үед гэртээ унтаж байхад миний утас руу өөрийнхөө дугаараас залгаад бөөн юм болж байгаа гээд шууд утсаа тасалсан. Өөр ямар нэгэн зүйл хэлж яриагүй. Тэгээд буцаагаад залгатал утас нь холбогдохгүй болчихсон байсан. Түүнээс хойш холбоо барьж чадахгүй 2 хоног болоод ээжтэй нь хамт гэрт нь очсон. Ээж нь гэрт нь очиж 20-30 минутын дараа гэрээс нь Т-г түшиж гаргаж ирсэн. Т өөрөө явах чадваргүй, нүд нь аниастай олигтой юм ярихгүй байсан. ... Тэгээд Тулгыг ээжтэй нь хамт аваад Гэмтлийн эмнэлэг хүргэсэн. ...” /1 хх 57-59/,
гэрч Б.У-н “... Эхнэр нь хамаг хувцасыг нь шатаагаад гар утас болон эд зүйлийг нь хурааж аваад бид нартай холбоо бариулахгүй байгаад байсан. ...” /1 хх 60-64, 66-67/,
гэрч Н.Т-н “...2023 оны 01 дүгээр сарын 05-ны орой 21 цагийн үед гэртээ ээж Н, болон хоёр дүүгийн хамт 4 үүлээ байж байхад хойд аав Т ирсэн. Аав орж ирээд “өөр хүнтэй амьдрах болсон, надад та нарыг гэх сэтгэл байхгүй, нөгөө эмэгтэй маань ч гэсэн нөхрөөсөө салаад надтай амьдрах болсон, бид хоёр 12 сарын дундуур ирээд хотод амьдарч байсан гэдгээ” хэлээд тэр 2 маргалдаж байгаад аавыг хаалганы зүүн гар талд зогсож байхад ээж орилоод уйлаад аавын толгой руу нь гараараа 1-2 удаа цохиод мөн л уйлаад “чи яаж ингэж чаддаг байна” ... гэх мэт зүйл яриад тэр 2 маргалдаад л байсан. ... би ямар нэгэн зүйлээр толгой руу цохисон эсэхийг нь анзаарч хараагүй, гараараа 1-2 удаа цохисныг харсан. ...” /1 хх 92-93/,
гэрч Г.О-н “... 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө үүрээр 04 цагийн орчимд би гэртээ нөхөр Э-н хамт унтаж байхад над руу нөхрийн төрсөн эгч Н-н охин Т залгаад “аав өөр хүүхэнтэй явалдсан гээд нөгөөх нь гадаа ирчихсэн байна гэж байна, та нар хүрээд ирээч, аав ээж маргалдаад байна” гээд уйлсан байдалтай ярихаар нь би нөхрийгөө сэрээгээд энэ талаар хэлээд хадам ах Г-н эхнэр Л рүү залгаад хамт явцгаасан. ... В.Н эгч бид нарыг гэрт ороход Т ахыг уур хүргээд байхаар нь толгой руу нь гараараа 2 удаа цохисон гэж ярьж байсан. ...” /1 хх 89-90/,
шинжээч М.Золжаргалын “... Хохирогчийн биед учирсан дагзны төвгөрөөс нугасны нүх рүү үргэлжилсэн шугаман хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн тархины эдэд цус хуралт гэмтэл нь дээрх гэмтлийг авсан даруйд шалтгаант холбоотойгоор үүсэх боломжтой, зүүн зулайн хуйханд шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, баруун нүдний доод зовхинд зулгаралт, зүүн тавхайд цус хуралт, зүүн чихний дэлбэн цээжний зүүн тал, баруун зүүн тал тохой, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл нь нийлээд болон тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр дагзны хэсэгт хүч үйлчилсний улмаас цохих, цохигдох, унах үед үүсэх боломжтой, тухайн гэмтлийг авснаас хойш хувь хүний онцлогоос хамаарч идэвхтэй хөдөлгөөн хийх хугацаа харилцан адилгүй байдаг, дээрх гэмтлийг авсан даруйд толгой өвдөнө, дотор муухайрч ухаан алдах шинжүүд илэрдэг, зүүн зулай хэсэг рүү цохиход дагзны төвгөрөөс нугасны нүх рүү үргэлжилсэн шугаман хугарал үүсэх боломжгүй, дагзны төвгөрөөс нугасны нүх рүү үргэлжилсэн хугарал нь зөвхөн дагз хэсгээр цохигдох, цохих, унах үед үүсэх боломжтой...” /1 хх 112-114/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Б.Т-н биед дагзны төвгөрөөс нугасны нүх рүү /foramen magnum/ үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн тархины эдэд цус хуралт, зүүн зулайн хуйханд шарх, баруун нүдний доод зовхи, зүүн тавхайд цус хуралт, зүүн чихний дэлбэн, цээжний зүүн тал, баруун, зүүн дал, тохой, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. ...” гэсэн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1238 дугаартай дүгнэлт /1 хх 95-96/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Б.Т-н сэтгэцэд 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. ...” гэсэн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 439 дугаартай дүгнэлт /1 хх 99-101/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 18/, хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх 23-24/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх 25-29/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч В.Н-н хохирогч Б.Т-г зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс В.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.
Харин анхан шатны шүүх шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Учир нь, Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэг нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үйлдэгдсэн тул цаг хугацааны хувьд тухайн хуулийн үйлчлэлд хамаарахгүй юм.
Иймд энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад шүүгдэгч В.Н-с сэтгэцэд учирсан хор уршгийн зардалд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8.573.400 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор заасан хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч В.Н-с “... Б.Т 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэрт ирэхдээ “ажлын газрын залуу зодсон, толгой өвдөөд байна, толгой бариад өгөөч” гэхэд нь барьж өгсөн. Энэ талаар Б.Т үнэн зөв мэдүүлэхгүй байна. Би Б.Т-г хатуу зүйлээр цохиогүй. ...” гэсэн, түүний өмгөөлөгч Э.Туулаас “... Шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй, бүрэн бус гарсан, шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон хохирогчийн өвчний түүхийг хэрэгт авч хавсаргаагүй, гэрчүүдийн мэдүүлэг болон бичгийн баримтууд нь эргэлзээтэй, дамжмал, шууд бус нотлох баримт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг буцааж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүгдэгч В.Н-д хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Т нь хэргийн үйл баримтын талаар хохирогчоор болон гэрчээр удаа дараа мэдүүлгүүд өгсөн бөгөөд уг мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй байхаас гадна, түүний мэдүүлгийг үгүйсгэх эргэлзээ бүхий нотлох баримт хэрэгт алга.
Тухайлбал, хохирогч Б.Т-н “...Миний толгой хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохиж байгаад нэг хатуу зүйлээр зүүн зулай хэсэг рүү нэг удаа цохисон... тэр үед толгойноос цус гарсан бөгөөд ухаан санаа орж гараад явчихсан. ...” /хх 31-46/ гэсэн, шинжээч М.Золжаргалын “... Хохирогчийн биед учирсан дагзны төвгөрөөс нугасны нүх рүү үргэлжилсэн шугаман хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ... дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр дагзны хэсэгт хүч үйлчилсний улмаас цохих, цохигдох, унах үед үүсэх боломжтой ...” /1 хх 112-114/ гэсэн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1238 дугаартай дүгнэлт /1 хх 95-96/ зэрэг нотлох баримтуудаар В.Н-н үйлдлийн улмаас хохирогч Б.Т-н эрүүл мэндэд дагзны төвгөрөөс нугасны нүх рүү үргэлжилсэн шугаман хугарал бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан болох нь хөдөлбөргүй тогтоогдож байх ба Б.Т-н хувьд өөр нөхцөл байдалд уг тархины гэмтлийг авсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хохирогч Б.Т-н өвчний түүхийн хуулбар /2 хх 90-94/ авагдсан бөгөөд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1238 дугаартай дүгнэлт гарахад хохирогч өөрийн биеэр үзүүлж, шинжилгээ хийлгэсэн байдлаас үзэхэд шинжээчийн дүгнэлт гаргах ажиллагаа хуульд нийцсэн байхаас гадна дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Үүнээс гадна, анхан шатны шүүх шүүгдэгч В.Н-н гэм буруугийн асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэмжээ хязгаарын хүрээнд шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох боломжгүй байна.
Иймд шүүгдэгч В.Н, түүний өмгөөлөгч Э.Туул нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/730 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Т-н эмчилгээний зардалд 2.686.026 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн зардалд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8.573.400 төгрөгийг шүүгдэгч В.Н-с гаргуулж хохирогч Б.Т-д олгосугай.” гэснийг
- “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Т-н эмчилгээний зардалд 2.686.026 /хоёр сая зургаан зуун наян зургаан мянга хорин зургаа/ төгрөгийг шүүгдэгч В.Н-с гаргуулж хохирогч Б.Т-д олгосугай.” гэж өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч В.Н, түүний өмгөөлөгч Э.Туул нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ М.АЛДАР