Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/02471

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/02471

 

Б.Чанцалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2018/02404 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Чанцалын нэхэмжлэлтэй

Хариуцагч Хаан банк ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Баасансүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Мөнхсайхан

Хариуцагчийн өмгөөлөгч: Н.Баасанжав

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Чанцал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Хаан банкинд 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс картын бизнесийн газрын мэргэжилтний албан тушаалд 3 сарын туршилтын хугацаагаар ажиллаад 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс жинхлэн ажилласан. Ийнхүү ажиллаж байх хугацаандаа өндөр хичээл зүтгэл гарган ажлын гүйцэтгэл, идэвх санаачилга, оролцоо, ёс зүйтэй байдлаараа баг хамт олноо манлайлж, үлгэр дуурайлал болж ажилласан гэж удирдлагын зүгээс үнэлж үндсэн цалинг 30 хувиар нэмэгдүүлсэн. Гэтэл ажил хэргийн асуудлаас болж баг хариуцсан менежер З.Мөнхсайхантай үл ойлголцолд хүрсний улмаас ажил үүргийн дагуу бусад газар нэгж, байгууллагуудад ажилласан өдрийг ажил тасалж ноцтой зөрчил гаргасан мэтээр тайлбарлан 2018 оны 7 сарын 4-ний өдөр үндэслэлгүй ажлаас халсан. Иймд намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтуул, З.Мөнхсайхан нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Чанцал нь 2018 оны 2 дугаар сарын 5-нд картын бизнесийн газар кредит карт хариуцсан мэргэжилтнээр ажилд орж ирсэн өдрөөс эхлэн байнгын хоцордог, өөртэй нь тухайлан 2 удаа, нийт ажилтнуудын дунд нэг бус удаа цагтаа ирж байхыг хэлж байсан. Гүйцэтгэлийн хувьд туршилтын хугацаанд ажиллахдаа дундаж байсан, хандлагын асуудлыг нь засаад, боломж олгоод цаашдаа хамтарч ажиллахаар шийдэж үндсэн ажилтан болгосон. 5 сарын 23, 24-нд ажилдаа ирээгүй, шууд уулзалтад явлаа гэдгээ хэлээгүй, ямар нэг мэдээлэл өгөөгүй. Үүний дагуу 5 дугаар сарын 25-нд 2 өдөр хийсэн ажлын талаар тайлбар өгөхийг и-мэйлээр хэлсэн, 5 дугаар сарын 28-нд дахин хэлсэн ч шаардлага биелүүлээгүй. Ажлаа тайлагнахгүй байсан учир аюулгүй байдлын газрын аюулгүй инженерээс Б.Чанцалын ажлын байранд орж гарсан цаг бүртгэлийн мэдээллийг системээс гаргаж өгөхийг хүсэхэд 5 дугаар сарын 23,24-нд ажилдаа ирээгүй тасалсан болон хоцорсон зэрэг зөрчлийг илрүүлсэн. Ажилтны зөрчил тогтоогдсон тул Зөрчил тогтоосон акт-ыг 2018 оны 6 дугаар сарын 22-нд танилцуулж, зөрчилд тайлбар өгөхийг сануулсан. Тэр тайлбар өгөөгүй тул 2018 оны 6 дугаар сарын 29-нд журмын дагуу халах арга хэжээ авах тул тайлбар өг гэсэн ч өгөөгүй. 2017 оны 7 дугаар сарын 4-нд хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаал гарсан. Багийн хүн бүрийн ажлын гүйцэтгэл 7 хоногоор гардаг. Б.Чанцал нь 5 хоногт ганцхан хүсэлттэй сууж байгаа нь ажлаа хангалттай хэмжээнд хийхгүй байна гэж үзэн ажлаа сайжруул гэсэн шаардлага өгсөн. 2 дахь 7 хоногт дахин хочр хүсэлт өгсөн тул ажлаа хангалттай хэмжээнд хийхгүй байна гэдгийг дахин сануулж өдөр бүр цагийн тайлан өгөх шаардлага тавьсан ч удирдах ажилтны зүй ёсны шаардлагыг биелүүлээгүй, үл тоомсорлосон. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хаан банк ХХК-д холбогдох картын бизнесийн газрын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн Б.Чанцалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Чанцал давж заалдах гомдолдоо:

... Нэхэмжлэгчийн зүгээс өөрөө нотлох баримтаа бүрдүүлэх үүрэгтэй боловч иргэний хувиар нотлох баримт бүрдүүлэх боломжгүйгээс иргэний хуулийн дагуу шүүхэд хүсэлт гаргасан боловч хэрэгт ач холбогдолгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгосон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхсайхан зөрчил тогтоох акт гаргах эрхгүй атал уг актыг хуурамчаар үйлдэж хэрэгт хавсаргасан. Эх хувийг гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс хангаагүй. Утсанд үзлэг хийгээгүйгээс шүүх хуралд Б.Билгүүн, Ж.Бахитжан нар нь хуурамч мэдүүлэг өгсөн учир цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь итгэмжлэлийн хүрээнд өмгөөлөгч авах эрхгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Чанцал нь хариуцагч Хаан банк ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрөн маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Чанцал нь хариуцагч Хаан банк ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус байгууллагад картын бизнесийн газрын мэргэжилтэнээр ажилласан байна. /хх-ийн 9-12 тал/

 

Ажил олгогч Хаан банк ХХК-ийн хүний нөөцийн удирдлагын газрын захирлын 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 26/3631 тоот тушаалаар Б.Чанцалыг шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэж, албан ёсоор чөлөө авалгүй ажил тасалсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, уг тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг баримталжээ. /хх-ийн 20 тал/

 

Хөдөлмөрийн гэрээний 5.7.5-д ажлын нэг өдөрт 8 буюу түүнээс дээш цагаар ажил тасалсан, дараалан 3 сард эсхүл улиралд нийлбэрээр 20 цаг ба түүнээс дээш цагаар ажил таслах, ажил, албан тушаал нь хадгалагдаж байсан ажилтны энэхүү хугацаа дууссан эсхүл ийнхүү хадгалагдсан шалтгаан арилсны дараагийн ажлын өдөрт ажилдаа ирээгүй ажлын 8 ба түүнээс дээш цагаар ажил тасалсан...-ыг ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан байна. /хх-ийн 10 тал/

Мөн компанийн хөдөлмөрийн дотоод журмын 4.3.4-т Ажилтыг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас мөн урьдчилан тооцоогүй гэнэтийн бусад шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй болох, ажлын байрандаа ирж чадахгүй тохиолдолд өөрийн шууд удирдлагад урьдчилан мэдэгдэж албан ёсоор чөлөө авалгүй ажил таслах, ажлын цагаас хожимдож ирэх, эрх тарж ирэх, ажлын байрнаасаа олон цагаар хөндийрөх, орхиж явах гэж заажээ. /хх-ийн 40 тал/

 

Нэхэмжлэгч Б.Чанцал нь 2018 оны 5 дугаар сарын 23,24-ний өдрүүдэд ТЭСО ХХК болон Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт ажилласан гэсэн тайлбар гаргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хэргийн 19 дүгээр талд авагдсан зөрчил тогтоосон актын тайлбар гэх баримтад нэр бүхий ажилтанууд гарын үсэг зурсан байгаа боловч хууль сануулж гэрчээр асуугдахдаа ...ажил тасалсан өдрүүдэд хамаарах баримтад гарын үсэг зурж байгаа эсэхээ шалгаагүй, ажлаас гарч байгаа тул хамт ажиллаж байсан хүний хувьд гарын үсэг зурсан, 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Төрийн тусгай албан хаагчийн эмнэлэгт танилцуулга хийсэн юм байна гэж бодоод гарын үсэг зурсан, тэр өдөрлөгт очоогүй тул Б.Чанцалыг тухайн өдөрлөгийг зохион байгуулсан эсэхийг мэдэхгүй... гэх агуулга бүхий тайлбаруудыг гаргасан байгаагаас үзэхэд гэрчүүдийн мэдүүлгүүдээр нэхэмжлэгчийг ажил таслаагүй болохыг нотолсон гэж үзэхэд эргэлзээ бүхий болжээ. /хх-ийн 19, 89-94, 101-104 тал/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Чанцал хөдөлмөрийн гэрээг зөрчин 2 өдрийн ажил тасалсан байдлаа үгүйсгэсэн нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, гэрчүүд зөрчил тогтоосон актын тайлбар гэх баримтад гарын үсэг зурсан байдлаа өөрөөр тайлбарласан байгаа тул нэхэмжлэгч Б.Чанцалыг 2018 оны 5 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд ТЭСО ХХК болон Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт уулзалт хийсэн гэж эргэлзээгүй дүгнэлт хийх боломжгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

 

Хэрэгт хоёр өөр зөрчил тогтоосон акт гэх баримт авагдсан байх бөгөөд уг баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нотлох баримтаар үнэлээгүй нь зөв болжээ. /хх-ийн 16,62 тал/

Анхан шатны шүүх ажил олгогч байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажилтанг ажлаас халсан хууль зүйн үндэслэлтэй болсон гэж үзсэн нь буруу биш байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2018/02404 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Чанцал нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД