| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2409000001151 |
| Дугаар | 2025/ДШМ/619 |
| Огноо | 2025-05-22 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | С.Баяр-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2025/ДШМ/619
Э.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Баяр-Эрдэнэ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н-, түүний өмгөөлөгч П.Ганбилэг,
шүүгдэгч Э.М- /цахимаар/, түүний өмгөөлөгч Ц.Дуламсүрэн,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/517 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н-, түүний өмгөөлөгч П.Ганбилэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Э.М-д холбогдох 2409000001151 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Э-ын М, 1988 онд Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт Сүхбаатар дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);
Э.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, “...” гэр ахуйн барааны павильоны үүдэнд А.А-тэй “гар утас авсан” гэх шалтгаанаар маргалдан муудалцаж, улмаар цээжин тус газар нь 2 удаа хутгалсны улмаас цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, гол судас хатгагдсан шарх гэмтэл учруулан амь насыг нь хохироож, хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газар: Э.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э.М-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-гоос нийт 11,725,285 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н-д олгож, хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршиг болон бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н-, түүний өмгөөлөгч П.Ганбилэг нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн талаас оролцуулахгүйгээр шүүх хуралдаан хийсэнд гомдолтой байна. Э.М- нь гэмт хэрэг үйлдсэнээсээ хойш амь хохирогчийн оршуулгын үйл ажиллагаанд оролцоогүй, ар гэр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй огт холбогдоогүй. Шүүгдэгч Э.М- нь энэхүү гэмт хэргийг санаатайгаар, хэрцгийгээр үйлдсэн бөгөөд гэмт үйлдэлдээ гэмшиж байгаа шинж байдал огт байхгүй, зүгээр мөрөөрөө амьдарч байсан хүний амийг хороож, ар гэрт нь нөхөж баршгүй их гарз амсуулсан. Хохирлын төлбөрт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн дансанд огт мэдэгдэхгүйгээр 500,000 төгрөг төлснийг сүүлд мэдсэн. Анхан шатны шүүх хохирогчийн сэтгэл санааны хохирлыг шийдвэрлээгүйд гомдолтой байна. Учир нь, ийм хэрцгий гэмт хэргийн хохирогч, амь хохирогчийн үр хүүхдийн хувьд эцэг нь юугаар ч нөхөгдөх боломжгүй маш их гарз, хохирол болсон. Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь гэм бураагаа хүлээн зөвшөөрөх, хохирол нөхөн төлөх, хүн ёсны нэг ч үйлдэл гаргахгүй байгаад маш их гомдолтой байгаа тул анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь хөнгөдсөн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Э.М-д оногдуулсан ялыг хүндрүүлж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Ганбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.М- цагдан хоригдоогүй. Шүүгдэгчийн зүгээс өчигдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн дансанд 5,000,000 төгрөг шилжүүлсэн байсан. Тиймээс хохирогч талаас гомдолтой байгаа тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хорих ялын дээд хэмжээг оногдуулж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би эцэг эхээс хоёулаа. Манай эцэг үр хүүхдүүдтэйгээ эв найрамдалтай амьдарч, ажлаа хийгээд явдаг, хүнтэй маргалддаггүй хүн байсан. Би эцгийгээ нас барахаас сарын өмнө уулзсан. Яагаад, ямар шалтгаантай миний эцгийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөчхөөд ингээд байж байгааг нь гайхаж, юу бодож байгааг нь мэдэхгүй байна. ...” гэв.
Шүүгдэгч Э.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хохирогчийн ар гэрийнхнээс уучлалт хүсэж байна. Тухайн үед хохирогчийн ар гэрийнхэнтэй манай эхнэр уулзах гэсэн боловч мөрдөгч уулзуулахгүй, утасны дугаар өгөхгүй гэсэн учраас уулзаж чадаагүй. Би цагдан хоригдож байгаа тул утсаар ярихыг хориглосон. Би ажил хөдөлмөр эрхлээд хохирол төлбөрийг төлөх болно. ...” гэв.
Шүүгдэгч Э.М-гийн өмгөөлөгч Ц.Дуламсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.М- болон түүний ар гэрийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт хүсэж байна. Э.М-гийн ар гэрийн зүгээс оршуулгын ажилд оролцъё, хохирогчийн ар гэрийнхэнтэй уулзъя гэсэн боловч мөрдөгч хэрэгт нөлөөлж магадгүй гэсэн үүднээс хохирогчийн ар гэрийнхний дугаар болон гэрийн хаягийг нь өгөөгүй тул уулзаж чадаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд Э.М-гийн эхнэр, хадам эцэг нь хүүхдүүдтэйгээ оролцсон. Тухайн үед Э.М-гийн эхнэр ажилд ороод удаагүй, зээл авах хугацаа нь болоогүй байсан тул хохирол төлбөр төлж чадаагүй. Тэгээд өчигдөр түүний эхнэр зээл авч, “үүнийг төлөх боломжтой байна, үлдсэн хохирлыг Э.М- ажил хийгээд төлөх байх” гэж мэдэгдсэн. Мөн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан болохоос өмнө Э.М-гийн эхтэй холбогдоход эх нь надад “амийг амиар” гэдэг хариултыг хэлсэн бөгөөд өмгөөлөгчийн хувьд энэ үгийг сонсоход хүнд байсан. Э.М-гийн хувьд буруу зүйл хийснээ ухаараад гэмт хэрэг үйлдсэнээсээ хойш эгчийнхээ амбаарт очоод амиа хорлох гэж оролдож өөрийгөө хэд хэдэн удаа хутгалаад Цэргийн төв эмнэлэгт 14 хоног хэвтэн эмчлүүлж, эмнэлгээс гараад Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хоригдсон. Ийм нөхцөл байдлын улмаас хохирогчийн ар гэрийнхэнтэй уулзаж, уучлалт хүсэж чадаагүй. Э.М-гийн хувьд бичиг үсэг мэддэггүй. Мөн түүний эхнэр бичиг үсэг сайн тайлагдаагүй, та бүхэн уучлалт хүссэн хүсэлттэй танилцсан байх. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор С.Баяр-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулаагүй гэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Монгол Улсад байгаагүй талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан. Тэгэхээр урт хугацаагаар гадаад улс руу явсан учраас анхан шатны шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэх боломжгүй байсан байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжтой байсан. Анхан шатны шүүхээс сэтгэл санааны хохирлыг баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүндрүүлэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтоогдоогүй. Э.М-г гэм буруутайд тооцсон зүйл, заалт зөвхөн 8-15 жилийн хугацаагаар хорих ялын санкцтай бөгөөд анхан шатны шүүхээс тус ялын дотор буюу түүнд 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Давж заалдах шатны шүүхэд ял шийтгэлийг хүндрүүлэх талаар гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Э.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан.
Аливаа хууль Үндсэн хуульд захирагдах, хүний жам ёсны эрх, эрх чөлөө, хууль зүйн тэгш байдлыг хүлээн зөвшөөрч хуулиар бэхжүүлэн хангах, хуулийг бүх нийтээр хүчин төгөлдөр дагаж мөрдөх, төрийн байгууллагууд хуулийг гуйвалтгүй, нэг мөр биелүүлэх, зөв хэрэглэх нь хууль дээдлэх зарчмын агуулга болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс хараат бус байж, гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд захирагдана”,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж тус тус заасан.
Эдгээр зохицуулалтуудаас дүгнэхэд, Монгол Улсад шүүх эрх мэдлийг дангаар хэрэгжүүлж буй шүүх байгууллага нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх хүрээнд хуульд нийцсэн шийдвэр гаргахын тулд үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг хэлбэрэлтгүй биелүүлэх үүрэгтэй.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1036 дугаар захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 13 цаг 30 минутад товлосон (2хх 157-158) боловч тус өдөр иргэдийн төлөөлөгч Ч.Б хүрэлцэн ирээгүй үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр товложээ (2хх 170-171).
Шүүх хуралдааны товыг хохирогч тал мэдээгүй болох нь “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гар утас холбогдох боломжгүй байсан” талаар бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Шүүхийн мэдэгдэх хуудас” баримтаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ” гэж хуульчлан заасан бөгөөд анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарыг шүүх хуралдаанд оролцуулаагүй нь дээрх хуулийн 34.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлээгүй гэж үзэх нөхцөл байдал бий болжээ.
Хуульд зааснаар шүүхэд шүүх хуралдааны товыг талуудад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдсэн хохирогч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлд заасан зохицуулалтын дагуу түүний оролцоогүйгээр хэргийг хэлэлцэж болохоор байна.
Шүүх хуралдааны товыг талуудад урьдчилан мэдэгдэхийн ач холбогдол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, шүүх ажиллагаанд биеэр оролцох ...” хүний эрхийг баталгаатай эдлүүлэх эрх зүйн үндэслэл болох бөгөөд энэхүү эрхийг дан ганц хэргээ шүүлгэж буй шүүгдэгчид олгогдсон хэмээн хязгаарлан тайлбарлах үндэслэлгүй юм.
Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрх хүн бүрд хуулиар тэгш олгогдсон учраас шүүх хуралдаанд оролцох эрхийг хэргийн оролцогчдод бүгдэд нь эдлүүлэх учиртай.
Энэхүү эрхийг хангах үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “...шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох...” эрхийг хохирогч эдлэхээр заасан.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н-, түүний өмгөөлөгч П.Ганбилэг нар шүүх хуралдааны товыг мэдээгүй байхад шүүх хуралдааныг явуулсан нь тэдгээрийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан шинжтэй байх тул давж заалдах гомдлын “шүүх хуралдаанд хохирогчийн талаас оролцуулаагүйд гомдолтой” гэсэн хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, шүүгдэгч Э.М-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Э.М-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/517 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н-, түүний өмгөөлөгч П.Ганбилэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангасугай.
2.Шүүгдэгч Э.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН