| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/01209/И |
| Дугаар | 103/ШШ2025/01196 |
| Огноо | 2025-12-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 103/ШШ2025/01196
2025 12 02 103/ШШ2025/01196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* байрны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Д.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* 1986 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Багануур дүүргийн Худалдаа бэлтгэл Нийтийн хоолны конторт боогч, касс, худалдагчаар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* миний бие 1986 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс Багануур дүүргийн Худалдаа бэлтгэл Нийтийн хоолны конторт худалдагчаар ажилд орж 1994 оны 3 дугаар сар хүртэл ажилласан. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан тушаал бичигдсэн боловч тушаалууд эх хувиараа олдоогүй. Тухайн байгууллагад ажиллаж байсан талаарх баримтыг архиваас шүүлгэхэд огт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах хугацаа болж ажилласан жил хүрэхгүй байна. Өөр ямар нэг бичиг баримт байхгүй байна . Иймд намайг 1986 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Худалдаа бэлтгэл Нийтийн хоолны конторт ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Д.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 1986 онд анх Худалдаа бэлтгэл Нийтийн хоолны конторын боох тасагт боогчоор ажилд ороод дараа нь худалдагч, кассаар ажиллаж байсан, уг нь хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн байгаа боловч тушаалууд эх хувиараа архиваас олдохгүй байгаа юм. Худалдаа бэлтгэл Нийтийн хоолны контор гэдэг нь бүх дэлгүүрүүдийг нэгтгэж харьяалдаг байгууллага байсан. Тэр үеийн 98 дугаар дэлгүүр нь одоогийн Хэрлэн худалдааны төвийг хэлдэг байсан, зах зээл гараад 1992 онд “Багагүн” ББХК-д ажилласан. Энэ нь одоогийн голын дугуй дэлгүүр юм. Тухайн үед Багануурт Худалдааны төвийн 98 дугаар дэлгүүр, дугуй дэлгүүр буюу 99 дүгээр дэлгүүр, барааны 52 дугаар дэлгүүр, Уурхайн дэлгүүр гээд хэд хэдэн дэлгүүр байсан. Намайг анх ажилд ороход Дорж гэж дарга байсан, дараа нь Ганбаатар гэж хүн дарга болсон, тухайн үед худалдагчийн цалин 320 орчим төгрөг байсан санагдана. Дээрх хугацаанд 2 удаа хүүхэд төрүүлснээс бусдаар тасралтгүй ажилласан гэв.
Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Үндэсний төв архивын 2025.10.17-ны өдрийн 1079 тоот тодорхойлолт, Баянзүрх дүүргийн *******-р хорооны Засаг даргын 2025.10.17-ны өдрийн 557 тоот тодорхойлолт, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2025.10.02-ны өдрийн 10/1065 тоот албан бичиг, 4 удаагийн цалин тавьж олгох хүснэгтүүд, 052458 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, 1989, 1992 онд хамт олонтойгоо авахуулсан гэх гэрэл зургууд зэргийг нотлох баримтаар ирүүлсэн. /хх-ийн 2-*******-р дугаар тал/
Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр Д.*******, Ж.*******- нарын мэдүүлгийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
Шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
1.Д.******* нь 1970 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн бөгөөд 55 настай, тэтгэвэрт гарахад 1986 оны 10 дугаар сарын *******-ны өдөр нээсэн 052458 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон болон ажлаас гарсан тушаал бичигдсэн боловч ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал эх хувиар олдохгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.
2.Хүсэлт гаргагч Д.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тухайн үйл явдал болсон газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.4-д заасантай нийцэж байна.
3.Хүсэлт гаргагч Д.******* 1986 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Худалдаа бэлтгэл Нийтийн хоолны контор, Бага гүн ББХК-нд ажиллаж байсан бөгөөд ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаа болох нь Үндэсний төв архивын 2025.10.17-ны өдрийн 1079 тодорхойлолт, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2025.10.02-ны өдрийн 10/1065 тоот албан бичгүүдээр тус тус тогтоогдож байна.
4.Иймд дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх хүсэлт гаргагчид үүсэх бөгөөд түүний ажиллаж байсныг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.
5.Хүсэлт гаргагч Д.******* нь Багануур дүүргийн Худалдаа бэлтгэл Нийтийн хоолны конторт 1986 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл боогч, касс, худалдагчаар, Багануур дүүргийн “Бага гүн” ББХК-нд 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл касс, худалдагчаар тус тус ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар,
-052458 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, уг хуулбарт 1986 оны 08 дугаар сарын 18-наас эхлэн Багануур Худалдаа бэлтгэлийн нийтийн конторын 98-р дэлгүүрийн боодлын тасагт боогчоор ажиллуулав.
-Зохион байгуулалтанд өөрчлөлт орсон учир үндсэн ажлаас нь 1992.03.1-ний өдрөөс чөлөөлж Бага гүн ББХК-ийн мэдэлд шилжүүлэв,
-Бага гүн ББХК-ийн хүнсний барааны тасагт 1992.03.01-ний өдрөөс касчнаар ажиллуулав,
-Бага гүн ББХК-ийн хүнсний барааны тасгийн худалдагчийн үүрэгт ажлаас өөрийнх нь хүсэлтээр 1994.03.1-ний өдрийн 05 тоот тушаалаар ажлаас чөлөөлөв гэсэн бичилтүүд тус тус хийгдсэн байв.
-ХХУГазрын 99-р дэлгүүрийн 1990 оны 1, 1991 оны 1, 2, 3-р саруудын цалин тавьж олгох хүснэгт, уг хүснэгтэд 142-350 төгрөгийн цалинг ******* гэж гарын үсэг зурж хүлээн авсан байв,
-1989 онд байгууллагуудын дунд зохиогдсон урлагийн үзлэгт ороход хамт олноороо авахуулсан гэрэл зураг,
-1991-1992 оны шинэ жилээр дуурь бүжгийн Эрдмийн театрт хамт олноороо үзвэр үзэх үед авахуулсан гэрэл зураг,
- Гэрч Д.*******ы шүүхэд өгсөн: Би 1984 оны 3 дугаар сараас Багануур дүүргийн Худалдаа бэлтгэл Нийтийн хоолны конторт худалдагчаар ажилд орсон. Д.******* 1986 оноос 98-р дэлгүүрт худалдагчаар ажилласан, бид нар нэг бригад байсан, бригад гэдэг нь хамтын тооцоотой байхыг хэлдэг. Д.******* 1994-1995 оныг хүртэл ажилласан, яагаад би ингэж 2 он хэлээд байгаа бэ гэвэл яг нарийн оноо санахгүй байна, энэ 2 оны аль нэгэнд л манай байгууллага татан буугдсан, татан буугдах хүртэл нь Д.******* тасралтгүй ажилласан. Энэ гэрэл зураг нь Багануурын Худалдаа бэлтгэл Нийтийн хоолны конторт худалдагчаар хамт ажиллаж байсан 5 эмэгтэйн зураг байна, урьд эгнээний баруун гар талд сууж байгаа хар дээлтэй эмэгтэй би, арын эгнээний зүүн гар талын эхний дээлтэй эмэгтэй Д.*******, хажууд нь худалдагч Отгонсүрэн, Отгонцэцэг, Чимэгцэцэг нар байна. 2 дахь зураг хүмүүсийн төрх бүдэг учраас сайн харахгүй байна, урьд эгнээнд зогсож байгаа хар гар цүнх барьсан эмэгтэй нягтлан Ганчимэг, хажууд нь худалдагч Энхтуяа байна, ачаа зөөгч Эрдэнэцогт мөн ард зогсож байгаа толгойдоо улаан өнгийн ороолт зүүсэн эмэгтэй Д.******* юм шиг байна. Бүгд л таньдаг хүмүүс байна, 1990-ээд оны зураг юм шиг байна” гэх мэдүүлэг,
-Гэрч Ж.*******-ы шүүхэд өгсөн: Д.******* нь 1986 оноос Багануурын Худалдаа бэлтгэл Нийтийн хоолны конторт худалдагчаар ажиллаж байсан, тэгээд худалдааны төв нээгдэх гээд 45 хоногийн курс хичээллэж, тэр курст Багануурын Худалдаа бэлтгэл Нийтийн хоолны контороос Д.******* сууж байсан, тэгээд төгсөөд шинэ худалдаааны төвд би чихэрийн тасагт, Д.******* махны тасагт худалдагч болсон. Багануурын Худалдаа бэлтгэл Нийтийн хоолны конторын харьяанд бас талхны дэлгүүр байсан, тэр дэлгүүр рүү Д.******* худалдагчаар ажиллахаар бас явсан. Тэгээд ажиллаж байгаад 1990 онд зах зээл гараад Долгион хоршоо болоход би үргэлжлүүлэн хоршоонд ажиллаж байгаад 1994 онд Долгион хоршоо татан буугдаад бүгд ажилгүй болсон. Д.******* 1994 оныг хүртэл тасралтгүй ажилласан. Хавтас хэрэгт авагдсан гэрэл зураг нь 1989 онд авахуулж байсан зураг байх шиг байна. Урлагийн үзлэг болж байсан үе байна. Хойд эгнээний баруун гар талын эхний хүн худалдагч Отгонцэцэг, голд нь худалдагч Отгонсүрэн, арын эгнээний зүүн гар талын эхний дээлтэй эмэгтэй *******, урд эгнээнд *******, Чимэгцэцэг нар байна. Энэ 2 дахь зураг голын дугуйд талхны дэлгүүрт ажиллаж байсан үеийнх нь зураг юм шиг байна. Урьд эгнээнд зогсож байгаа хар гар цүнх барьсан эмэгтэй нягтлан Ганчимэг, хажууд нь тухайн дэлгүүрийг удирдаж байсан Энхтуяа байна, ард зогсож байгаа толгойдоо улаан өнгийн ороолт зүүсэн эмэгтэй Д.******* байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
5.Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргаж өгсөн баримт нь хуульд заасан шаардлага хангасан, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд хамааралтай, гэрч нар нь хүсэлт гаргагчтай хамт ажиллаж байсан үйл баримт хөдөлмөрийн дэвтэрт нь бичигдсэн, бусад баримтууд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн байх тул эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримтууд гэж дүгнэв.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ийг Багануур дүүргийн Худалдаа бэлтгэл Нийтийн хоолны конторт 1986 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл боогч, касс, худалдагчаар, Багануур дүүргийн “Бага гүн” ББХК-нд 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл касс, худалдагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА