| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2403008181059 |
| Дугаар | 2025/ДШМ/586 |
| Огноо | 2025-05-15 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | М.Билгүүтэй |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2025/ДШМ/586
2025 05 15 2025/ДШМ/586
Д.Э-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Билгүүтэй,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баатардорж,
хохирогчийн өмгөөлөгч Д.Ганхуяг,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, ** ***** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/470 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баатардорж нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудад үндэслэн Д.Э-т холбогдох 2403008181059 дугаар эрүүгийн хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Д-ын Э-, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ***** хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт ****** дүүргийн * дугаар хороо, * дүгээр байрны ** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй /РД:**********/,
Шүүгдэгч Д.Э- нь 2024 оны 9 дүгээр сарын 22-ны орой 20:00 цагийн үед ** ***** дүүргийн 20 дугаар хороо, “** *****” ХХК-ийн хойд замд “Toyota Prius-41” загварын **-***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт 1.4. “1.1-1.3, 1.15.8-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.”, 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас мопедны жолооч Г.Бг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Д.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, ** ***** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Д-ын Э-ыг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-аас 2,710,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Бд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршиг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Д.Э-аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Г.Б тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Э- нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй, мөн хохирогч Г.Б миний авто ослын улмаас учирсан хохирлыг огт төлөөгүй, хохирлыг барагдуулаагүй, мөн анхан шатны шүүх хуралдаанд, ял хариуцлагыг хэлэлцэх үед шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө 2.710.000 төгрөгийг бэлэн төлж бүрэн барагдуулна гэж шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Э- нь хэлсэн атлаа худал хэлж шүүхийг болон намайг хуурч өнөөдрийг хүртэл огт хохирол төлбөрийг барагдуулаагүй. Шүүх шүүгдэгч Д.Эдэнэбаатарт ял оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирогч Г.Б миний эмчилгээний болон эд материалын хохиролыг огт төлөөгүй байхад ялыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн гэж хохирогчийн зүгээс үзэж байна. Хохирогч Г.Б би анхан шатны шүүх хуралдаанд, гэмтлийн хүндэвтэр дүгнэлтийн дагуу сэтгэл санаа, сэтгэцэд учирсан хор уршгийн зэргийг тогтоолгох хүсэлт гаргахад шүүх эрх хэмжээний хувьд шийдвэрлэх атлаа хохирогч миний гаргасан хүсэлт гомдлыг хүлээн авч шийдвэрлээгүй. Хохирогч Г.Б миний энэ авто ослын улмаас бие сэтгэл, хор уршиг /сэтгэц/ нийт 15.000.000 төгрөгийн хохиролтой байгаа ба, анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Э-т гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, учируулсан хохирлоо нэг ч барагдуулаагүй байхад оногдуулсан ялыг хөнгөрүүлж оногдуулсан тул хохирогчийн зүгээс тогтоолыг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байгааг хүлээн авна уу...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баатардорж тус шүүхэд гаргасан давж заалдах болон шүүх хуралдаанд гомдолдоо: “…Нэг. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэргийн газар дээр хийсэн бүдүүвч зураг зэргээс осол болсон гэх А цэг нь автомашин зорчиж явсан талдаа буюу тоёота приус-41 загварын **-***** улсын дугаартай автомашин давхар цагаан зураасыг давж эсрэг урсгалд орсон талаар баримт хэрэгт авагдаагүй байхад 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1700 дугаартай мөрдөгчийн магадлагаагаар Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх хэсэгт заасан “1.1-1.3, 1.15а-1.15в” тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй буюу хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шинжилгээний байгууллагаар шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах шаардлагатай. Хоёр. “******” ХХК-ийн автомашин, техникийн үнэлгээний 1086 дугаартай тайланд урд 2 амартизатор болон хаалт, баг, нүүр гэсэн 4 эд анги солих үнэлгээ нь бүтэн мопедны үнэтэй дүйцэхүйц байгаа нь дээрх үнэлгээний тайлан мөн эргэлзээ бүхий болсныг илтгэж байна. Өөрөөр хэлбэл: мопедны эд ангийн зах зээлийн судалгааг олон талт эх үүсвэрээс аваагүй зөвхөн “Сторм моторс” ХХК-ийн тодорхойлолтод үндэслэсэн байдаг. Гурав. Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-т “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг; гэж заасан байдаг бөгөөд мопед унаж яваа хүн ч жолоочид хамаарахаар байна. Тэгвэл Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалт ч мопедны жолоочид хамаарч байхад мопедны жолооч зөвшөөрөгдсөн замын хэсгээр зорчоогүй, хэргийн газрын үзлэгээр тоормосны мөр байхгүй /энэ нь зогсоох арга хэмжээ огт аваагүйг илтгэхээс гадна хурдыг тогтоох боломжгүй болгож байгаа/, ардаа хүн сундалж явсан зэрэг нь мопедыг зогсох бололцоогүй болгож осол хэрэг гарахад нөлөөлсөн эсэхийг тусгай мэдлэгийн хүрээнд техникийн шинжээчээр зайлшгүй дүгнэлт гаргасан байх ёстой. Дээрх гомдолд дурьдсан тодорхой ажиллагааг бүрэн гүйцэд хийж байж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бодитойгоор тогтоогдох учиртай. Иймд анхан шатны шүүхийн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шинжээчийн дүгнэлтүүд нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан үндэслээр Баянгол, Хан-уул, ** ***** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦГ/470 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү…” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Ганхуяг шүүх хуралдаанд гаргасан тайдбартаа: “Баянгол, Хан-уул, ** ***** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/470 дугаартай шийтгэх тогтоол нь үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна гэж үзэж байна. Тухайн цагаан зураасыг давж гарах үндэслэлгүй. Гэхдээ хохирогчийн дээгүүр нь гарсан байна. Энэ талаар мөрдөгчийн магадалгаа гээд бүх зүйл байгаа. 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Э- гэм буруудаа маргаан үүсгээгүй байсан. Мөрдөгчийн магадалгаагаар давхар зураасыг давж гарах нөхцөлөөр осол гарсан. Мөн энэ ослын улмаас миний үйлчлүүлэгч хүндэвтэр гэмтэл авч, 2 сарын хугацаанд эмчлүүлсэн боловч өдийг хүртэл ажил хөдөлмөр хийх боломжгүй хүнд нөхцөл байдалд байна. Эмчилгээний зардалд 2,710,000 төгрөгийг шүүхийн шийдвэр гарахаас өмнө төлнө гэж байсан боловч огт төлөөгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын явцад хохирогчийн зүгээс сэтгэцэд учирсан хор хохирлыг тогтоолгоё гэсэн боловч мөрдөн байцаагч болон шүүхээс хүлээн аваагүй. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн хохирол төлөгдөөгүй. Миний үйлчлүүлэгчийн хохирол төлөгдөөгүй. Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хохирлыг төлүүлж өгнө үү” гэв.
Прокурор М.Билгүүтэй шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны тогтоолоор “мөрдөгч хуулийн 27.1 дүгээр зүйлд зааснаар эсхүл эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоож гаргасан үр дүнгээ илэрхийлсэн баримтыг мөрдөгчийн магадалгаа гэж ойлгоно, мөрдөгчийн магадалгааг шинжээчийн дүгнэлттэй адилтган тайлбарлана” гэж заасан. Хэргийн хувьд мөрдөгчийн гаргасан магадалгаа нь үндэслэлтэй бөгөөд үнэлэх эрх нь шүүх болон прокурорын байгууллагат байдаг. Тиймээс шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Осол болох үндсэн шалтгаан нь Замын хөдөлгөөний үндсэн хавсрал 1.4, 1.3, 1.15а,в тэмдэглэгээг зөрчиж эргэснээс осол болох үндсэн шалтгаан үүссэн гэж дүгнэж байна. Мопедны жолооч зогсоох арга хэмжээ авах нь хамаарахгүй. Эргэж байгаа нь осол болох үндсэн шалтгаан болохгүй гэж үзэж байна. Тиймээс шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Г.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баатардорж нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
2. Шүүгдэгч Д.Э- нь 2024 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 20:00 цагийн үед ** ***** дүүргийн 20 дугаар хороо, “** *****” ХХК-ийн хойд замд “Toyota Prius-41” загварын **-***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт 1.4. “1.1-1.3, 1.15.8-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.”, 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас мопедны жолооч Г.Бг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хх 2-4/,
- зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-6/,
- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-9/
- хохирогч Г.Бгийн “...Цахилгаан мопедийг жолоодож ертөнцийн зүгээр баруун талаас зүүн зүг чиглэлтэй явж байсан. Миний явж байсан 3 эгнээ авто зам 3-лаа түгжрэлтэй байсан. Тэгээд 3 дугаар эгнээгээр явж байсан тээврийн хэрэгслүүдийн хажуу талаар буюу голын үргэлжилсэн цагаан зураасны дотор талаар явж байхад Prius-41 загварын **-***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл хос үргэлжилсэн цагаан зураас давж буюу буцаж эргэх үйлдэл хийх үед намайг мөргөж зам тээврийн осол гаргасан. Тэгээд нэг ах тээврийн хэрэгслээс бууж ирээд миний мопедыг машиндаа ачаад эмнэлэг явъя гэсэн, тэгээд шууд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Нөгөө автомашины жолооч гэмтлийн эмнэлэгт үзүүлээд эмчийн бичиж өгсөн эмийг авч өгөөд намайг гэрт хүргэж өгсөн. Миний биед зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний арын эврийн захын урагдал, урд чагтан холбоосны суналт, зүүн гуянд цус хуралт гэмтэлтэй байгаа. Намайг мөргөсөн автомашины жолооч ямар ч хохиролгүй болгож өгнө гэсэн болохоор нь би цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй байсан. Тэгээд нөгөө жолооч ах руу утсаар залгасан чинь “Хэн хэнийх нь буруу” гээд хохирол барагдуулж чадахгүй гэсэн, тэгээд би цагдаа дээр очиж өргөдөл бичиж өгсөн. Би гомдолтой байна, XDAO загварын цахилгаан мопедын эвдрэлийн үнэлгээгээр гарсан хохирлын мөнгөө, үнэлгээ хийлгэсэн төлбөрийг авмаар байна. Эмчилгээний мөнгө болон өдөр тутам явсан бензиний мөнгийг авмаар байна…” /хх 13, 82/,
- “******” ХХК-ийн цахилгаан дугуй “Мопед”-д 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1086 дугаар үнэлгээний тайлан /хх 31-33/
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 1157 дугаар шинжээчийн: “...Г.Бгийн биед зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний арын эвэрийн захын урагдал, урд чагтан холбоосын суналт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх 67-68/,
- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1700 дугаартай магадлагаа: “…Жолооч Д.Э- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт 1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно:, 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна. Мопедны жолооч Г.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.4. Унадаг дугуйг 14-өөс, мопедыг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явах бөгөөд дараах тохиолдолд зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явж болно гэсэн заалтыг зөрчсөн” гэх дүгнэлт /хх 55/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
3. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Э- тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
4. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Э-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гаргасан зөрчил нь зам тээврийн ослын үндсэн шалтгаан болсон гэж дүгнэн, түүний уг үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан талаар зөв тайлбарлан зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
5. Хохирогч Г.Б “... шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, учирсан хохирлоос нэг ч төгрөг барагдуулаагүй байхад ялыг хөнгөрүүлж оногдуулсан гомдолтой. Ослын улмаас учирсан хохирол 15.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баатардорж “...шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд нийцээгүй, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.
А. Шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг ерөнхий зарчмын хүрээнд бус тухайн хэргийн жинхэнэ байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэжээ.
Шүүх шүүгдэгч Д.Э-ын үйлдсэн гэмт хэрэгт хуульд заасан төрөл, хэмжээнд ял оногдуулсан байх бөгөөд ямарваа нэгэн байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсөн талаарх дүгнэлт шийтгэх тогтоолд тусгагдаагүй байна.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүхийн хуулиар олгогдсон бүрэн эрх юм.
Мөн Харин гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хуульд заасан журмыг зөрчсөн, хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргажээ.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268/ А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1-д “... энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ” гэжээ.
Дээрхээс үзэхэд тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг шинжилгээний байгууллагаар хийлгэхээр журамласнаас гадна шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтийн Тавдугаар зэрэглэлд хамаарч байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд мөрдөн байцаалтын явцад хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч тогтоохдоо шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг хүснэгтийн Дөрөвдүгээр зэрэглэлээр тогтоож хохирогчийн эрхийг зөрчигдөхөд хүргэжээ.
Тодруулбал, тухайн гэмт хэрэг нь хүснэгтийн аль зэрэглэлд багтсанаас хамаарч Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тодорхой хувиар өсгөн нэмэгдүүлэх замаар нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохоор зохицуулсан бөгөөд энэ хэргийн хувьд сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох эрхгүй этгээд, буруу дүгнэлт гаргасныг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулжээ.
Давж заалдах шатны шүүх нь шинжилгээний байгууллага сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоогоогүй гэж үндэслэлтэй дүгнэсэн боловч тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг хүснэгтээр тогтоохоор зохицуулсан Шүүх шинжилгээний тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмыг буруу тайлбарлан хэрэглэж тусгай мэдлэг бүхий шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргах ёстой мэтээр дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүгдэгч болон нь шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруу, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэрэгт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүхийн хуулиар олгогдсон бүрэн эрх юм.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх хууль ёсны шаардлагыг шүүхээс оногдуулсан ял хэрхэн хангаж байгаа болохыг тайлбарлах нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хуульд нийцэж гарсныг илтгэх шалгууруудын нэг болдог.
6. Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ зохих хууль зүйн дүгнэлт хийсэн боловч Иргэний хуулийн 514 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг анхаарч үзээгүй байх тул давж заалдах шатны шүүх нөхөн дүгнэлт хийх замаар тогтоолд зохих өөрчлөлтийг оруулан шийдвэрлэлээ. Үүнд:
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1700 дугаартай магадлагаанд “Мопедны жолооч Г.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.4. Унадаг дугуйг 14-өөс, мопедыг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явах бөгөөд дараах тохиолдолд зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явж болно гэсэн заалтыг зөрчсөн” гэж дүгнэсэн байна.
Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж зааснаар 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “******” ХХК-ийн цахилгаан дугуй /мопед/-ийн үнэлгээг 2.020.000 төгрөгөөр тогтоосны 50 хувиар тооцож шүүгдэгч Д.Э-аас 1.101.000 төгрөг, эмчилгээний зардал 545.000 төгрөг, эд хөрөнгийн үнэлгээний зардалд 145.000 төгрөг, нийт 1.700.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Бд олгохоор шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, ** ***** үүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/470 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-аас 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Бд олгож, хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой, мөн цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Г.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баатардорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ