Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 655

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Т.Оюунжаргал, шүүгдэгч А.А, хохирогч М.А, Г.З, иргэний нэхэмжлэгч “Тайгын булаг авто” ХХК-ийн төлөөлөгч Б.Г, түүний өмгөөлөгч Г.Багахүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас О овогт А.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2602 0998 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

О овогт А.А, Монгол Улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Пластик дизайн” үл хөдлөх, хаяг, реклам чимэглэлийн компанид жолооч ажилтай, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт ............тоотод оршин суудаг, регистрийн дугаар ........, урьд:

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 4 сар 10 хоног баривчлах ял тус тус шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:

Шүүгдэгч А.А нь бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болгосон итгэлийг урвуулан, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж:

1. 2017 оны 4 сарын 10-аас 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Э-аас 4,850,000 төгрөг,

2. 2017 оны 4 сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Б-ээс 10,000,000 төгрөг,

3. 2017 оны 4 сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.Г-с 4,000,000 төгрөг,

4. 2017 оны 9 сарын 28-аас 10 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Г.З-аас 6,250,000 төгрөг,

5. 2017 оны 10 сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д.Г-оос 4,000,000 төгрөг,

6. 2017 оны 10 сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ч.Б-гээс 5,800,000 төгрөг,

7. 2017 оны 10 сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д.Б-гаас 3,460,000 төгрөг,

8. 2017 оны 10 сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.О-ээс 8,000,000 төгрөг,

9. 2017 оны 11 сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.А-аас 6,000,000 төгрөг,

10. 2017 оны 11 сарын 06-аас 12 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Г-аас 10,708,000 төгрөг,

11. 2017 оны 11 сарын 23-аас 12 сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Э-өөс 3,130,000 төгрөг,

12. 2017 оны 12 сарын 01-ээс 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн П.Ц-аас 2,775,000 төгрөг,

13. 2017 оны 12 сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.О-ээс 1,900 ам доллар буюу 4,600,000 төгрөг тус тус залилан авч бусдад нийт 73,573,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр үйлдэл тус бүрээр хэргийн нөхцөл байдлыг тогтоов. Үүнд:

1. Шүүгдэгч А.А шүүх хуралдаанд: “...Би гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Харин яллах дүгнэлтэд дурдагдсан хохирогч Г, Ц нарын хохирол төлбөр зөрүүтэй бичигдсэн байх тул нотлох баримтаас нарийн тулгаж үзмээр байна. Учир нь хохирогч Г-д өгөх ёстой 10,708,000 төгрөгөөс 87,000 төгөргийг хохирогч Г-д тухайн үед буцааж дансаар шилжүүлсэн. Мөн хохирогч Ц-аас авсан 2,750,000 төгрөгөөс 160,000 төгрөгийг Ц хамт байж байгаад надаас өөрөө авсан. Би хохирогч Г, Ц нарын хохирол төлбөр зөрүүтэй бичигдсэн талаар хавтаст хэрэгтэй танилцаад мэдсэн. Харин бусад хохирогч нарын хохирол төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Цаашид ажил хөдөлмөр хийгээд хохирогч нарыг хохиролгүй болгох болно. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч нараас уучлал гуйж байна...” гэж мэдүүлэв.

2. Хохирогч М.А шүүх хуралдаанд: “...2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр би сургууль дээрээ байхад манай найз машин авах гэсэн юм зар хараад өгөөч гэхээр нь фэйсбүүк нийтийн сүлжээний зар дээр машин авна гэж зар тавьсан. Гэтэл одоо энэ шүүгдэгч А утсаа үлдээчих гэхээр нь утасны дугаар бичиж үлдээгээд түүнтэй холбогдсон. Тэрээр “гурван ширхэг приус-20 машин, гурван ширхэг приус-30 машин Гааль дээр татвараа төлөөгүй хураагдах гээд байна. Чи 7,000,000 төгрөг өгөөд нэг машиныг нь сонгоод ав” гэж хэлсэн. Тэгэхээр нь найз руугаа яриад хямдхан машин байна ааваасаа асуучих гэсэн чинь манай найз “аав хөдөө явчихсан байгаа дараа болъё” гэхээр нь өөрөө авахаар болсон. Тэгээд өөрийнхөө машиныг ломбардад тавих гэтэл миний машин 6,000,000 төгрөг болж байсан. Тэр үед А намайг яаруулаад дахин дахин залгаад байсан. Тэгээд би машинаа “Тайгын булаг авто” ХХК-ийн авто ломбардад барьцаанд тавьж 6,100,000 төгрөг зээлж авсан. Тухайн үед А над руу маш их залгаж мөнгө авах эрмэлзэж байсан. Би гомдолтой байна. Би хохирол 6,000,000 төгрөг болон зээлийн хүү, алданги, бусад зардлаа нэхэмжилж байна...” гэв.

3. Хохирогч Г.З шүүх хуралдаанд: “...Би тухайн цаг хугацааг тодорхой санахгүй байна. Манай олон жилийн өмнө хамт ажиллаж байсан.Э-аар дамжуулан түүний найз О, А.А нартай танилцсан. Гэтэл О над руу яриад сайн таньдаг хүн гааль дээрээс хямдхан машин оруулж ирж байгаа, бэлэн мөнгө хэрэтэй байна. Японоос орж ирсэн үнээр нь нэг машин ав гэж хэлэээд 6,250,000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь мөнгө шилжүүлсан. Түүнээс хойш О-тэй холбогдоогүй. Гэтэл цаана нь А байсан гэдгийг сүүлд мэдсэн. Би хохирол төлбөрөөс 4,500,000 төгрөгийг авсан. Үлдэгдэл 1,750,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

4. Иргэний нэхэмжлэгч Тайгын булаг авто” ХХК-ийн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд: “...Иргэн М.А нь 35-09 УБЯ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус загварын автомашинаа барьцаалж, 6,100,000 төгрөгийг нэг сарын хугацаатай гурван хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээл авснаасаа хойш 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэг удаа барьцаат зээлийн гэрээг сунгаж, хүүнд 180,000 төгрөг, зогсоолын төлбөрт 40,000 төгрөг төлсөн. Үүнээс хойш төлбөр хийлгүй явсаар байгаад 2018 оны 01 дүгээр сарын 07-нд хугацаа хэтэрсэн. 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М-гийн гаргасан 01 дугаартай тогтоолоор М.А-ын автомашиныг битүүмжилсэн. Битүүмжилсэнтэй холбоотойгоор М.А-аас зээлийн төлбөр авах боломжгүй болсон. Иймээс одоогийн байдлаар манай байгууллагаас үндсэн зээл нь 6,100,180 төгрөг, алданги 6,252,500 төгрөг, зогсоол 235,000 төгрөг буюу нийт 12,770,500 төгрөгийн авлагтай болсон. Иймээс эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хохирогч М.А-тай хийсэн барьцаат зээлийн гэрээг иргэний журмаар нэхэмжлэх боломж олгож өгнө үү” гэв.

Нэг. Шүүгдэгч А.А цахим хэрэгсэл ашиглаж 2017 оны 4 сарын 10-наас 21-ний хооронд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Э-ыг “Замын-Үүдийн гааль дээр 6 ширхэг Приус-20 машин ирсэн байгаа. 4 машиных нь татвар болох 4,800,000 төгрөгийг төлөөд нэг машиныг нь үнэгүй ав” гэж хуурч 2017 оны 4 сарын 10-ны өдөр 4,800,000 төгрөг, “машин чинь буучихсан гаалийн байцаагч нарт юм авч өгөх гэсэн юм” гэж хуурч мөн сарын 21-ний өдөр 50,000 төгрөг буюу нийт 4,850,000 төгрөг шилжүүлэн авсан болох нь:

1. Хохирогч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2013 оны 3 сарын 18-ны өдөр “Нүүр ном” нийтийн сүлжээний “Миний мангар” бүлгэмийн уулзалт дээр А гэдэг залуутай анх танилцсан. Түүнээс хойш нийтийн сүлжээгээр холбоотой байсан бөгөөд нэг өдөр А над руу Приус-20 автомашины гэрэл зураг явуулаад “Замын-Үүдийн гааль дээр 6 ширхэг Приус-20 машин ирсэн байгаа. 4 машиных нь татвар болох 4,800,000 төгрөгийг төлөөд 1 машиныг нь үнэгүй ав” гэсэн. Тэгэхээр нь би 2017 оны 4 сарын 10-ны өдөр түүний өгсөн З.С гэх хүний данс руу 4,800,000 төгрөг дансаар шилжүүлсэн. Дараа нь 4 сарын 27-ний өдөр А над руу залгаад “машин буучихсан гаалийн байцаагч нарт ганц нэг юм авч өгөх гэсэн юм” гээд 50,000 төгрөг дансаар шилжүүлэн авсан. Тэр өдрөөс хойш А надтай холбогдоогүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтас, 38-39 дүгээр хуудас),

2. Хохирогч Г.Э 2017 оны 4 сарын 10-ны өдөр З.Сүхбатын данс руу 4,800,000 төгрөг шилжүүлсэн талаарх Хаан банкны 555117 дугаартай орлогын мэдүүлгийн хуулбар (1 дүгээр хавтас, 36 дугаар хуудас),

3. ”Нүүр ном” (facebook) нийтийн сүлжээгээр харилцсан зурвасыг гэрэл зургаар бэхжүүлсэн баримтууд (1 дүгээр хавтас, 98-109 дүгээр хуудас),

4. Сэжигтэн З.С-ын мэдүүлэг: “...миний дансанд 4,000,000 төгрөг орсон бөгөөд түүний дараа дахин 6,000,000 төгрөг орсон. Тэгээд би А-аас “энэ ямар учиртай мөнгө миний дансанд ороод байна аа” гэж асуухад “миний хам надад машины мөнгө өгч байгаа юм аа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та ямар их мөнгө авдаг юм бэ, би ямар нэгэн асуудалд орох юм биш биз дээ” гэхэд “ах нь нэг машин авч байгаа, чамд асуудал гаргахгүй” гэж хэлсэн. Тэгээд уг мөнгийг 2 өдрийн дотор ийш тийш шилжүүлсээр дуусгасан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтас, 21-23 дугаар хуудас),

5. З.С-ын Хаан банк дахь 5019555605 дугаартай дансны хуулга (1 дүгээр хавтас, 180-181 дүгээр хуудас),  

6. Шүүгдэгч А.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би өөрийн төрсөн дүү Н-ийн нөхөр С-ын Хаан банкны дансны дугаарыг өгсөн юм. Тэгтэл Э данс руу 4,800,000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтас, 88-90 дугаар хуудас),

Хоёр. Шүүгдэгч А.А цахим хэрэгсэл ашиглаж 2017 оны 4 сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Б-ийг “Замын-Үүдийн гааль дээрээс машинаа авч чадахгүй түгжээд байна. Нэг машинаа хямдхан зарна. Өнөөдөр мөнгөө шилжүүлбэл 3 дахь өдөр машин чинь ирнэ” хэмээн хуурч 10,000,000 төгрөг шилжүүлэн авсан болох нь:

1. Хохирогч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 4 сарын 22-ны өдөр “Нүүр ном” нийтийн сүлжээгээр “машин авна” гэсэн зар байршуулсны дагуу “Тэнгэр газар” гэсэн хаягтай Д гэх хүн холбогдсон. Тэр хүн Приус-20, 30 загварын машины зургууд над руу явуулаад тэрээр “Приус-30 машин 10,000,000 төгрөгөөр авбал ав” гэснээ, “Замын үүдийн гааль дээрээс машинаа авч чадахгүй түгжээд байна. Нэг машинаа хямдхан зарна. Өнөөдөр мөнгөө шилжүүлбэл 3 дахь өдөр машин чинь ирнэ. Би гаальд ажилладаг хүний дансны дугаар чам руу явуулъя. Нэг чингэлэгт 4 машин байгаа, эндээс 5 оронтой нууц дугаар чамд өгөхөөр, чи тэр нууц дугаараар мөнгөө шилжүүлнэ. Тэгээд уг чингэлэг чиний нэр дээр ирнэ. Би 3 дахь өдөр хотод оччихсон байх учраас хоёулаа уулзаад хамт чингэлгээ хүлээж авна. Чи заавал байх ёстой” гэж хэлсэн. Тэгэхээр нь түүнд итгээд түүний явуулсан 5019555605 дугаарын данс руу 10,000,000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтас, 11-14 дүгээр хуудас),

2. Хаан банк дахь З.С-ын 5019555605 дугаартай дансны хуулга (1 дүгээр хавтас, 180-181 дүгээр хуудас),

Гурав. Шүүгдэгч А.А цахим хэрэгсэл ашиглаж 2017 оны 4 сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Г-ыг “8 ширхэг Приус-20 машин Замын-Үүдэд байна. Түрээсийн мөнгө төлөх мөнгөгүй болчихоод байгаа учир 4,000,000 төгрөгөөр 2007 оны Приус-20 машин ав” хэмээн хуурч 4,000,000 төгрөг шилжүүлэн авсан болох нь:

1. Хохирогч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 4 сарын 26-ны өдөр “Нүүр ном” нийтийн сүлжээний “Тэнгэр газар” гэсэн хаягаар автомашин худалдана гэсэн зарын дагуу 88139802 дугаарын утас руу залгасан. Өөрийгөө Б гэж танилцуулсан үл таних залуу “надад 8 ширхэг Приус-20 машин Замын-Үүдэд байна. Түрээсийн мөнгө төлөх мөнгөгүй болчихоод байгаа учир 4,000,000 төгрөгөөр 2007 оны Приус-20 машин ав” гэж хэлсэн. Би түүнд итгээд маргааш өдөр нь буюу 27-нд З.Сүхбат гэх хүний данс руу 4,000,000 төгрөг шилжүүлээд тэр залуутай утсаар ярихад “2 дахь өдөр машин чинь ирнэ” гэж хэлээд утсаад тасалсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтас, 65-68 дугаар хуудас),

2. Хаан банк дахь З.С-ын 5019555605 дугаартай дансны хуулга (1 дүгээр хавтас, 180-181 дүгээр хуудас),

Дөрөв. Шүүгдэгч А.А цахим хэрэгсэл ашиглаж 2017 оны 9 сарын 28-наас 10 сарын 08-ны хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Г.З-ыг найз О-ээр дамжуулан “сайн таньдаг хүн гааль дээрээс хямдхан машин оруулж ирж байгаа, хямдхан машин авах уу” хэмээн хуурч 6,000,000 төгрөг шилжүүлэн, мөн 10 хоногийн дараа О-ийн дансаар дамжуулан 250.000 төгрөг буюу нийт 6,250,000 төгрөг шилжүүлэн авсан болох нь:

1. Хохирогч Г.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сард манай найз О сайн таньдаг хүн гааль дээрээс хямдхан машин оруулж ирж байгаа гэж байна. хямдхан машин авах уу гэж хэлсэн. ...Тэгэхээр нь би өөрийн эхнэр А-гийн дансаар дамжуулан 6.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ..10 хоногийн дараа О гааль дээр машин ирчихлээ бичиг баримт бүрдүүлэх мөнгө хэрэгтэй байна гээд цаад хүн нь хэлээд байна гэхээр нь 250,000 төгрөгийг өөрийнхөө дансаар О-ийн данс руу шилжүүлсэн. ...О манай найз М гээд манай найз залуу байгаа юм. Чи өөрөө ярь гэж хэлсэн. Тэрнээс хойш би Мооноо гэдэг залуутай байнга холбоотой байдаг болсон. ...тэр залуу бид нарт хэлэхдээ удахгүй машин орж ирнэ гааль дээр гацсан байгаа найдвартай гээд л байсан. Анх М гэж яриад байсан залуу А.А гэсэн байсан. А худлаа хэлээд залилж байна гэдгийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирж баригдах үед нь мэдсэн. ...Тэрнээс хойш А-тай Б уулзаж мөнгө төгрөгөө бага багаар авч эхэлсэн бөгөөд надад 4,500,000 төгрөг өгсөн одоо үлдэгдэл 1,750,000 төгрөг байгаа..” (3 дугаар хавтас, 13- 14 дүгээр хуудас),

2. Хаан банк дахь 5084139733 дугаартай гүйлгээний баримт дансны хуулга (3 дугаар хуудас, 15-18 дугаар хуудас),

Тав. Шүүгдэгч А.А цахим хэрэгсэл ашиглаж 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Г-ийг “гаалийн татвар төлөх гэсэн мөнгө дутаад байна. Гааль дээрээс машинаа орж ирэхээр авсан мөнгөндөө тооцоод машин өгье” хэмээн хуурч 4,000,000 төгрөг шилжүүлэн авсан болох нь:

1. Хохирогч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2017 оны 10 дугаар сарын эхээр Б над руу залгаад М гээд О-ийн найз залуу гээд хүн гаалийн татвар төлөх хэрэгтэй байна тэгтэл мөнгө дутаад байгаа гэж байна. 7,500,000 өгчих тэгээд гааль дээрээс машинаа орж ирэхээр авсан мөнгөндөө тооцоод өгье гэж байна гэж хэлсэн. Тухайн үед надад 4,000,000 төгрөг байсан бөгөөд... Баясгалан чи тэгвэл 4.000,000 төгрөг өгчих би харин эндээс 3,500,000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө данснаас О-ийн М энэ данс руу хийчих гэж байна гэж хэлээд өгсөн данс руу нь шилжүүлсэн. Баясгалан намайг тухайн хүнтэй зуучилж өгсөн учраас би Б-тай ярьж юу болж байгаа талаар асуудаг байсан. ...Б нэг удаа нөгөө хүн чинь худлаа юм шиг байна мөнгө төгрөгөө эргүүлж авъя гэж хэлсэн. ...Б надад нөгөө А чинь өгч байна лээ гээд 2,200,000 төгрөгийг авсан. Үлдэгдэл 1,800,000 төгрөгийг А-аас нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтас, 29-31 дүгээр хуудас),

2. Ариг банк дахь дансны хуулга (3 дугаар хавтас, 33-35 дугаар хуудас),

Зургаа. Шүүгдэгч А.А цахим хэрэгсэл ашиглаж 2017 оны 10 сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Б-г найз Д.О-гээр дамжуулан “Гааль дээр татвар төлөх гэсэн чинь мөнгө дутаад орж ирж байгаа машинуудаа ирсэн үнээр нь өгнө наймаас есөн саяын хооронд машин авах уу” хэмээн хуурч 5,800,000 төгрөг шилжүүлэн авсан болох нь:

1. Хохирогч Ч.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2017 оны 10 дугаар сарын 16- ны өдөр хадам эгч Т-аар дамжуулан О-тэй танилцаж байсан. О-тэй уулзаж ярилцахад манай найз залуу гааль дээрээс машин оруулж ирдэг, машины ченж хийдэг юм. Гааль дээр татвар төлөх гэсэн чинь мөнгө дутаад орж ирж байгаа машинуудаа орж ирсэн үнээр нь өгнө наймаас есөн саяын хооронд машин авах уу 5,800,000 төгрөг байхад болно гэж санал тавихад нь зөвшөөрч 2017 оны 10 сарын 17-ны өдөр 5133069487 гэсэн О-ийн нэр дээр байдаг дансанд 5,800,000 төгрөгийг шилжүүлж, найз залуугийнх нь дугаарыг авсан. ...утасны дугаарыг нь фэйсбуукээр хайж үзэхэд А гэдэг хүний фэйсбүүк гарч ирсэн, фэйсбүүкийн нийтлэл сэтгэгдэл дээр нь худлаа яриад яваад байна гэсэн сөрөг сэтгэгдлүүд байсан учир А-тай уулзаж мөнгө буцааж өгөхийг шаардсан. 2017 оны 10 дугаар 25-ны өдөр А-аас 5,800,000 төгрөгийг буцааж авсан...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтас, 37-39 дүгээр хуудас),

2. Хаан банк дахь Ч.Б-гийн 5020791751 дугаартай дансны хуулга (3 дугаар хавтас 41-42 дугаар хуудас),

Долоо. Шүүгдэгч А.А цахим хэрэгсэл ашиглаж 2017 оны 10 сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Б-г “гааль дээрээс хямдхан машин оруулж ирдэг юм хямдхан машин авах уу” хэмээн хуурч 3,460,000 төгрөг шилжүүлэн авсан болох нь:

1. Хохирогч Д.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...О 2017 оны 9 дүгээр сард М гэдэг найз маань гааль дээрээс хямдхан машин оруулж ирдэг юм хямдхан машин авах уу гэж санал тавьсан. Тэгээд О, З-т бас надад хэлсэн зүйлээ хэлээд мөнгө аваад тэр М гэдэгт өгсөн байсан. ...тухайн үед надад дансаар шилжүүлэх боломж байгаагүй учраас Г-ийн дансаар М-ийн нь өгсөн данс руу шилжүүлсэн. Тэгээд хэд хоногийн дараа З над руу залгаад нөгөө М гээд байгаа залууг чинь фэйсбуук дээр залилагч гээд тавьсан байна юу болж байна гээд бид нар ярилцаж байгаад М гэх залууг дуудаж уулзахаар болсон...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтас, 19- 21 дүгээр хуудас),

2. Хаан банк дахь Д.Б-ийн 50592644947, 5166152607 дугаартай дансны хуулга (3 дугаар хавтас, 24-28 дугаар хуудас),

3. Гэрч Д.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “ ...Би анх 2017 оны 8 дугаар сард М гэх залуутай фэйсбуукээр танилцсан. Өөрийгөө М гэдэг, 103-т жолоочоор ажилладаг, ганц бие залуу гэж танилцуулсан. ..тэр өдрөөс хойш А гэх залуутай үерхсэн. ...тэгж байх хугацаандаа японоос машин оруулж ирж байгаа, ээж нь япон талдаа зохицуулаад өөрөө энд амарч байх хугацаандаа машин оруулж ирж байгаа гэж ярьсан. Дүү өнгөрчихсөн, сүүл рүүгээ лагерь дээр байна, лагерь дээр хулгай орчихсон тийшээ явж байна үүдэндээ камертай, камераар харсан чинь хамаатных нь дүү хулгай хийчихсэн байна гэж ярьж байсан. Тэгээд 2017 оны 9 сараас японоос оруулж ирсэн машинууд маань гааль дээр хураагдах гээд байна гааль дээр олон хоночихсон болохоор төлбөр нь гарчихсан төлбөрөө төлөөд гялс авахгүй бол хураагдах гээд байна, 6 сая төгрөгөөр машин авах хүн байна уу гэж ярьж байсан, тэгэхэд нь би хүмүүсээс асууя гэж хэлж байсан. Тэгээд би З-ээс 6 сая төгрөгөөр зарах приус-20 машин байна гэнээ гааль дээр хураагдах гээд байна хямдхан зарах гэж байгаа юм байна гэж хэлсэн, тэгэхэд З байж байгаад ярья гэж хэлсэн, ер нь бол би өөр хүмүүсээс бас асууж байсан. З надад 6 сая төгрөгийг өгснийг Алимаа эгчийнхээ дансаар авсан. Тэгээ удаа ч үгүй Мооноо данс олчихлоо гэж хэлээд нэг дансны дугаар өгсөн тэр данс руу уг мөнгийг шилжүүлж хийсэн. Дараа нь ...Приус-30 авах хүн байна уу гэж ярьсан тэгэхэд нь би Б эгчтэй ярьсан, ...тэгсэн Б эгч сүүлдээ М-той яриад 7,5 сая төгрөгөөр приус авахаар болсон ..тэгээд Б эгч 4 сая төгрөгийг М-ийн өгсөн данс руу хийсэн. Дараа нь Б эгч 3,5 сая төгрөгийг миний данс руу хийсэн. ...Тэгсэн Ч гэдэг хүн ахын дүү машин хямдхан оруулж ирж байгаа юм уу тийм хүн байгаа юмуу гээд сураг сонсчихсон надаас асууж байсан, тэгсэн Ч ахын дүү нь гэж нэг хүн надад 7 сая төгрөг бэлнээр өгсөн. Уг мөнгийг М-д дансаар өгсөн. ...хуучин ажлынхаа Т эгч рүү ярьж асуусан. Удаа ч үгүй дүү нь гэх залуу над руу яриад бид хоёр нотариат ороод ...бид хоёр гараар бичиг үйлдсэн. Тэгээд тэр ахаас 3,5 сая төгрөгийг дансаар авсан. Энэ мөнгийг М-д өгсөн. ...Үүний дараа дахиад М машин авах хүн байна уу гээд би дахиад төгсөө эгч рүү яриад мөн дүүгээ холбож өгсөн. Тэр хүнтэй нь уулзаад бичиг үйлдээд 5,8 сая төгрөг аваад М-д өгсөн. Дансаар өгсөн. Сүүлийн Т эгчийн холбож өгсөн хоёр хүний мөнгийг буцаагаад М өгчихсөн. М  миний данс руу хийгээд би тэр хүмүүст дансаараа өгсөн. ...Тэгээд Б, З, Ч ах нар ерөөсөө М-той уулзахгүй бол болохгүй юм байна их дэлгүүр дээр М-той уулзсан. Хурууны хээгээр нь лавлагаа авсан, тэгсэн чинь М гэдэг хүн чинь А гэдэг нэртэй хүн болж таарсан, тэгээд цааш нь судлаад асуусан чинь эхнэр хүүхэдтэй байсан, мөн 103-т ажилладаг гэдэг нь мөн худлаа болж таарсан. Тэр миний мэддэг М шал өөр хүн болж таарсан. ...тэр оройдоо 5 сая төгрөгийг бэлнээр өгөөд надад Баясгалан эгчид өг гэж хэлсэн, тэр мөнгийг нь аваад би өөрийнхөө данс руу хийгээд Б эгчийн данс руу шилжүүлсэн. Энэ мөнгийг өгөхөөсөө өмнө 4 сая төгрөгийг бас Б-д өгсөн ингээд нийт 9 сая төгрөг өгсөн. Б, З хоёр мөнгөө хувааж авсан байсан. одоо Б З хоёрт 4,750,000 төгрөг өгөх дутуу үлдсэн. Б эгчээс өгсөн 3,5 сая төгрөгөөс нь 1,100,000 төгрөгийг нь авч байсан. ...би түрээсийн мөнгө хэрэгтэй байна гэхэд А асуудалгүй ш дээ наад мөнгөнөөсөө аваа гэж хэлсэн болохоор авсан. Өөр мөнгө авсан зүйл байхгүй. ...би барьцаалагдлаа гэж яриагүй харин уйлаад энэ асуудлаас намайг гаргаад өгөө, чиний хариуцах ёстой асуудлыг би яахаараа хариуцах ёстой юм би чамд тусалсныхаа төлөө ямар үйл лайгаар ийм асуудалд орж байгаа юм бэ энэ асуудлаас гаргаад өг гэж гомдлын сэтгэлээр зөндөө уйлж хэлсэн. А 88161050 дугаарын утастай өөр дугаар миний мэдэхийн байхгүй гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтас, 137-139 дүгээр хуудас),

4. Гэрч Г.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 сарын 16-ны өдөр уг фэйсбуук групп дээр цугларсан найзууд нийлээд Тэрэлж рүү зугаалгаар явах санааг гаргасан. Тухайн өдрөө хороололд байдаг өргөө-1 кино театрын үүдэнд цугларч бие биенийхээ царайг харсан. Тэндээсээ бид Тэрэлжийн амралт орж ууж идэж сууж байхдаа хоорондоо танилцсан. Тэгэхэд О, М хоёр хоорондоо танилцаж байсан. М өөрийгөө танилцуулахдаа 103-т буюу түргэн тусламжийн газарт жолоочоор ажилладаг гэж танилцуулж байсан. 2017 оны 9 сарын сүүлээр 10 сарын эхээр надад М хэлэхдээ “ би японоос приус -30 машин оруулж ирдэг, гааль дээр байгаа 10 гаран тооны машин хураагдсан чи надад 7,000,000 төгрөг олж өгөөд нэг машин авах уу гэж санал тавьж байсан. би тухайн үед нь М буюу А-аас барьцаа хөрөнгө шаардсан чинь гаргаж өгөөгүй учраас би түүнд мөнгө өгөөгүй юм...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтас, 144 дүгээр хуудас),

5. Гэрч Ц.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би М буюу А, О нартай 2017 оны 9 дүгээр сарын 16-ний өдөр Фэйбүүкд байх +25, 35 гэсэн найзуудын группээр дамжуулан тандаг болсон. Тухайн өдөр тус группын найзуудын уулзалт болсон бөгөөд Өргөө-1 кино тетарын орчим цуглараад тэндээсээ өөрсдийн машинаар тэрэлж явсан. ....О өөрийгөө О хятад хэлний орчуулагчаар ажилладаг, А нь өөрийгөө М 103 төв буюу түргэн тусламжийн газар машины жолооч гэж танилцаж байсан. ...А 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “би гааль дээр машин саатчихаад байна. Хоёулаа хоёр талаасаа мөнгө төгрөг нийлүүлж байгаад тухайн машинуудыг авъя чамд мөнгө төгрөгний боломж байна уу” гэж санал тавьсан. Тэгэхэд нь би татгалзаж мөнгө өгөөгүй..” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтас, 145 дугаар хуудас),

6. Хаан банк дахь Д.О-ийн 5133069487 тоот дансны хуулга (2 дугаар хавтас, 184-185 дугаар хуудас),

Найм. Шүүгдэгч А.А цахим хэрэгсэл ашиглаж 2017 оны 10 сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 4  дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.О-ийг “Гааль дээр татвар төлөх гэсэн чинь мөнгө дутаад орж ирж байгаа машинуудаа ирсэн үнээр нь өгнө, наймаас есөн саяын хооронд машин авах уу хэмээн хуурч 8,000,000 төгрөг шилжүүлэн авсан болох нь:

1. Хохирогч Г.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр фэйсбуук хаягаар би А гэдэг хүнтэй танилцсан бөгөөд тухайн үед би машин авах бодолтой машин хайж байсан юм. Харин А нь машин зардаг групп дээр лизингээр машин зарна гэсэн пост бичсэн байсан. 8,000,000 төгрөгийг 2017 оны 10 сарын 25-ны өдөр Саппорогийн урд талд байдаг Техник импортын зах дээр нотариатаар гэрээ байгуулан өгсөн. А нь бичиг гарахгүй байна, бичиг зөрчихлөө гээд байсан сүүлдээ би А худлаа хэлж байна гэж бодоод мөнгөө авъя гэхэд удахгүй мөнгийг чинь өгнө гээд байсаар өдийг хүрсэн ...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө М.А-ын ах Ч над руу залгаад залилан хийсэн хүн цагдаа дээр баригдсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, (2 дугаар хавтас, 121-123 дугаар хуудас),

2. Зээлийн гэрээ (2 дугаар хавтас, 126 дугаар хуудас),

Ес. Шүүгдэгч А.А цахим хэрэгсэл ашиглаж 2017 оны 10 сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.А-ыг “8 машин орж ирсэн, гааль дээр төлбөрөө төлж чадахгүй байгаа учраас хураагдах гээд байна, 7,000,000 төгрөг өгөөд надаас приус-30 машин ав” хэмээн хуурч 6,000,000 төгрөг шилжүүлэн авсан болох нь:

1. Хохирогч М.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр А-тай фэйсбуук дээр байсан “машин авна зарна” гэсэн зар дээр байсан постын дагуу танилцсан. А надад хэлэхдээ 8 машин орж ирсэн тэдгээр машинууд гааль дээр төлбөрөө төлж чадахгүй учраас хураагдах гээд байгаа юм.Тэгээд 7,000,000 төгрөг өгөөд надаас приус-30 машин худалдаж авах боломжтой гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн ах Ч-ын надад авч өгсөн 3509 убя улсын дугаартай тоёота приус -20 машиныг Сайн ломбарданд 2017.11.08-ны барьцаанд тавьж 6,000,000 төгрөг авч ТБД- андын орчим нотариат дээр А-тай уулзаж мөнгөө өгч гэрээ байгуулсан..." гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтас, 106-108 дугаар хуудас),

2. Зээлийн гэрээ (2 дугаар хавтас 103 дугаар хуудас),

Арав. Шүүгдэгч А.А цахим хэрэгсэл ашиглаж 2017 оны 11 сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Э-ийг хар цагаан, мөнгөлөг, улаан өнгийн 4 приус 20 маркийн машин мөн ижил өнгийн 4 тооны приус 30 машин сэлбэгэнд оруулж ирэх гэж байгаад гааль дээр саатуулагдаад байна. урьдчилгаа мөнгөө өгчихвөл би машинуудаа аваад чиний сонирхож байгаа приус 20 маркийн машиныг хямдруулаад 9 саяд өгье хэмээн хуурч 3,130,000 төгрөг шилжүүлэн авсан болох нь:

1. Хохирогч А.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 11 сарын 23-ны өдөр фэйсбуук хуудсанд “урьдчилгаа 3 сая төгрөг өгөөд хувь лизинг хийх хүн байна уу би приус 20 маркийн машин сонирхож байна ” гэж зар тавьсан чинь 88161050 дугаараас А гэх эрэгтэй залгаад ...тэгээд уулзаад хар цагаан, мөнгөлөг, улаан өнгийн 4 приус 20 маркийн машин мөн ижил өнгийн 4 тооны приус 30 машин сэлбэгэнд оруулж ирэх гэж байгаад гааль дээр саатуулагдаад гэж хэлсэн. ...чи урьдчилгаа мөнгөө өгчихвөл би машинуудаа аваад чиний сонирхож байгаа приус 20 маркийн машиныг чамд өгье чи урьдчилгаагааг өгчихвөл би чамд үнийг нь хямдруулаад 9 саяд өгье гэж хэлсэн. ...Би зөвшөөрөөд бид хоёр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдугээр хэлтсийн хажуугийн байранд байдаг нотариатын газар очиж зээлийн гэрээ хийгээд буцаж Драгон төвийн шилэн барилга дээр ирээд Хаан банкны АТМ-ээс 3 сая төгрөг авч нөгөө залууд өгсөн. ...маргааш нөгөөдөр машин ирнэ гээд л байсаар ...2017 оны 12 сарын 06- ны өдөр машин ирчихлээ 50,000 аар буулгадаг юм байна бичиг баримтын асуудалтай болохоор 80,000 төгрөг шилжүүлчих гэхээр нь Хаан банкны А-ын 5100274289 тоот данс руу ээжийнхээ данснаас 80,000 төгрөгийг шилжүүлсэн. ...дахин мөнгө хэрэгтэй байна 50,000 төгрөг шилжүүлчих гэхээр нь уг мөнгийг А-ын данс руу шилжүүлсэн Тэгээд машин авчирч өгөхийг хүлээсэн боловч маргааш гэсээр байгаад бараг 14 орчим хоног өнгөрөөд машинаа авчирч өгөхгүй байхаар нь иргэний шүүхэд өгсөн чинь цагдаагийн харьяалалтай гэсэн учир цагдаад өргөдөл гаргасан юм. Надад нийт 3,130,000 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтас,  71-74 дүгээр хуудас),

2. Зээлийн гэрээ, Хаан банкны орлогын мэдүүлэг (3 дугаар хавтас, 78-81 дүгээр хуудас),

Арван нэг. Шүүгдэгч А.А цахим хэрэгсэл ашиглаж 2017 оны 12 сарын 01-ээс 24-ний өдрийн хүртлэх хугацаанд Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч П.Ц “2010 онд үйлдвэрлэгдсэн Тоёота приус-20 загварын машиныг гааль дээрээс нь урьдчилгаа 2,750,000 төгрөг төлөөд 10,000,000 төгрөгөөр ав хэмээн хуурч 2,750,000 төгрөг шилжүүлэн авсан болох нь:

1. Хохирогч П.Ц-гийн мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 11 сарын 20- ны үеэр фэйсбуукд автомашин лизингдэнэ гэсэн зар байсны дагуу чат бичиж А гэх залуутай холбогдсон. Тухайн үед би 2010 онд үйлдвэрлэсэн приус 20 маркийн машиныг гааль дээрээс нь худалдан авахаар болсон. А нь урьдчилгаа 2,750,000 төгрөг гэж хэлээд машины бүтэн үнэ нь 10,000,000 төгрөг гэж байсан тэгээд би 2017 оны 12 сарын 05-ны өдөр А-ын 5100274289 тоот Хаан банкны данс руу эхэлж 200,000 төгрөг шилжүүлсэн Баянзүрх дүүргийн захын АТМ- ээс шилжүүлсэн. 2017 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл цувуулж мөнгөө шилжүүлсэн, бэлнээр 750,000 төгрөг бас өгч байсан. А нь гааль дээр машин ирчихсэн байгаа гаальд төлбөр төлөх гээд мөнгө нэхээд байхаар нь би шилжүүлж байсан юм. Тэгээд А-ын утас нь холбогдохгүй, фэйсбуук дээрээ мөн байхгүй байгаад байхаар нь би Цагдаагийн байгууллагад хандаж байна. /4-р х/х-н 11-12 дугаар хуудас / Дахин байцаасан тэмдэглэл: ...яг дансаар 2017 оны 12 сарын 01-ний өдөр 350,000 төгрөг, 2017 оны 12 сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2017 оны 12 сарын 06-ны өдөр 100,000 төгрөг, 2017 оны 12 сарын 07-ны өдөр төгрөг, 2017 оны 12 сарын 11-ний өдөр 390,000 төгрөг, 2017 оны 12 сарын 12-ныөдөр 200,000 төгрөг, 2017 оны 12 сарын 13-ныөдөр 160,000 төгрөг, 2017 оны 12 сарын 19-ний өдөр 200,000 төгрөгийг / ах Даваасүрэнгийн 5863078683 тоот дансаар/ 2017 оны 12 сарын 22-ны өдөр 20,000 төгрөг, 2017 оны 12 сарын 23ны өдөр 55,000, 70,000 төгрөгийг / найз Тэгшжаргалын 5100048602 тоот дансаар/, ингээд нийт 2,445,000 төгрөгийг дансаар өгсөн. 2017 оны 12 сарын 15-ны өдөр төгрөгийг бэлнээр, А-ын найз Нямка гэх чейзер машинтай ирээд би машинд нь хамт суун 17-руу яваад Н нь манай найзаас утсыг нь миний хэлсний дагуу аваад ирсэн тэгэхээр нь би тэр утсыг нь аваад бөгжтэй хамт ломбарданд тавиад 130,000 төгрөг аваад Нямкад нь өгөөд явуулсан. 2017 оны 12 сарын 22-ны өдөр би дэлгүүрээс Юнителийн 6,000 төгрөгийн нэгж авч дэлгүүрийн хүний утсаар А-ын 88161050 утас руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтас, 18-19 дүгээр хуудас),

2. Гэрч О.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай найз Ц нь 2017 оны өвөл шиг санаж байна ..надаас гар утсаа ломбарданд тавиулаад мөнгийг зээлээч машин авах гэсэн мөнгө хэрэг болоод байна гэж хэлсэн. Удалгүй нэг залуу ирээд миний гар утсыг аваад явсан. Тэгээд 7-8 хоногийн дараа Цогзолма миний гар утсыг эргүүлээд авчирч өгсөн...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтас, 20 дугаар хуудас),

3. Гэрч Б.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 12 сарын 23-ны өдөр манай найз Цогзолмаа миний гар утас руу залгаад “найздаа одоо явуулах данс руу мөнгө шилжүүлээд өгөөчТэж гуйсан тэгээд мессежээр явуулсан 5100274289 гэсэн данс руу 55,000 төгрөг шилжүүлсэн. ...орой ажил дээр нь очоод уулзаж байтал надаас дахин тухайн хүн рүү мөнгө шилжүүлээд өгөөч гэсэн бөгөөд нөгөө хүн нь Цогзолмаа руу залгаад мөнгө хэрэгтэй байна гээд байх шиг байсан тэгээд данснаасаа 70,000 төгрөг шилжүүлсэн нийт 125,000 төгрөг шилжүүлсэн. Миний данс 5100048602 тоот данс байгаа...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтас, 21-22 дугаар хуудас),

4. Гэрч П.Д-гийн мөрдөн байцаадтад өгсөн: “...би дүүгийнхээ хүсэлтээр А гэгчийн 5100274289 тоот дансанд өөрийнхөө 5863078683 тоот данснаас 200,000 төгрөг нэг удаагийн шилжүүлгээр 2017 оны 12 сарын 19-ний өдөр шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст, 25-26 дугаар хуудас, 53-54 дүгээр хуудас),

5. Гэрч Г.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...А ахтай уулзаад сууж байхад Ц гэх эмэгтэй ирсэн. Тэгээд А ах энэ эмэгтэйтэй цуг яваад ахдаа мөнгө аваад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ц гэх эмэгтэйтэй хамт Бөхийн өргөөний тэнд байдаг ломбард луу ороод Ц нь нэг гар утсаа гинж билүү бөгжтэй билүү хамт ломбарданд тавиад надад мөнгийг нь өгсөн ямар ч байсан 130,000 төгрөг өгсөн ...би мөнгийг нь аваад ...ах А-т аваачиж өгсөн...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтас, 27-28 дугаар хуудас),

6. Хаан банк дахь  П.Ц-гийн дансны хуулга (4 дүгээр хавтас, 40-43 дугаар хуудас),

7. Б.Т-ын дансны хуулга (4 дүгээр хавтас, 37-38 дугаар хуудас ),

Арван хоёр. Шүүгдэгч А.А цахим хэрэгсэл ашиглаж 2017 оны 10 сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.О-г “4 автомашинаа яаралтай оруулж ирэхэд мөнгө хэрэгтэй байна, чи надад урьдчилгаа болгоод 5,000,000 төгрөг өгчих хэмээн хуурч 1,900 ам долларыг 4,600,000 төгрөгөөр тооцож шилжүүлэн авсан болох нь:

1. Хохирогч Э.О-ийн мөрдөн байцаалтад өсгөн: “...2017 оны 12 сарын дундуур фэйсбуукд орж байхдаа автомашин зарна гэсэн зарууд руу орж үзэж байгаад ... тэгээд тэр 88161050 дугаар утаснаас холбогдсон залуутай уулзъя гээд бид хоёр 2017 оны 12 сарын 26-ны орой 22 цаг өнгөрч байхад СХД-н 15 дугаар хороо 19 дүгээр байрны арк дээр уулзсан. Тэр залуу чатаар бичиж байсан зүйл буюу 4 автомашинаа яаралтай оруулж ирэхэд мөнгө хэрэгтэй байна, чи надад урьдчилгаа болгоод 5,000,000 төгрөг өгчих гэхээр нь би өөрт байсан 1,900 ам долларыг 19001950 гэх лавлах руу залгаж ханш асуугаад 4,600,000 төгрөгөнд бодож тэр залууд өгсөн. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би тэр залуутай холбогдох гээд залгасан боловч утас нь болохгүй фэйсбуукээ блоколсон байсан...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтас, 125-128 дугаар хуудас),

2. Зээлийн гэрээ (3 дугаар хавтас, 120 дугаар хуудас),

Арван гурав. Шүүгдэгч А.А цахим хэрэгсэл ашиглаж 2017 оны 10 сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Г-ыг “Халхын хар гэсэн фэйсбүүк хаягаас машины зураг явуулаад гааль дээр байгаа машинуудаас хямдхан ав хэмээн хуурч 5,800,000 төгрөг шилжүүлэн авсан болох нь:

1. Хохирогч С.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 11 дүгээр 04-ний өдөр Роlо Ganbaa фэйсбуук хаягнаас приус сонирхогчдын группт “Приус 20 маркийн машин худалдаж авна” гэсэн зар оруулсан. Тэгсэн А.Халхын хар гэсэн хаягнаас миний чат руу машины зураг явуулаад гааль дээр байгаа машинуудаас хямдхан аваарай гэхээр нь би зурагнууд дундаас харж байгаад 2012 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн Приус-30 машиныг сонирхоод асуухад 12,500,000 төгрөгөөр худалдаж авч болно. Тэгэхдээ гааль дээр хураагдсан машин учир урьдчилгаа мөнгийг нь өгөөд үлдсэн мөнгийг нь хувь лизингээр өгч болно гэж тохирсон. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын гадаа уулзахаар тохироод уулзахад А.А гэх хүн ганцаараа ирээд надтай уулзсан. ...Тэгээд би Голомт банкнаас бэлэн 9,000,000 төгрөгийг авч бэлнээр өгсөн. ...Машины урьдчилгаа өгснөөс хойш надаас бага сага хэмжээгээр мөнгөний хэрэг гараад байна мөнгө зээлээч гэж нийт 1,700,000 төгрөг авсан. Би нийт 10,700,000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтас, 170-174 дүгээр хуудас),

2. Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл (4 дүгээр хавтас, 168-169 дүгээр хуудас),

3. С.Г-ын 3359229604 тоот дансны хуулга (4 дүгээр хавтас, 155-164 дүгээр хуудас),

Шүүгдэгч А.А-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (3 дугаар хавтас, 140 дүгээр хуудас), урьд ял шийтгэгдэж байсан талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтас, 51 дүгээр хуудас), Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолууд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:

Шүүгдэгч А.А нь бусдад нийт 73,573,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болж байна.

Шүүгдэгч А.А нь шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд хоёр хохирогчийн хохирлын дүнд эргэлзэж байсан тул шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судлах үед улсын яллагч хохирогч Г, Ц нарын мэдүүлэг, тэдний болон шүүгдэгч А.А-ын дансны хуулгыг нэг бүрчлэн шинжлэн судалснаар шүүгдэгчийн мэдүүлэг няцаагдсан болохыг дурдъя.

Залилах гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар нөхөн барагдуулах хууль зүйн үндэслэлтэй тул төлөгдөөгүй үлдсэн хохирлын дүнгээр шүүгдэгч А.А-аас 51,593,100 төгрөг гаргуулж, хохирогч Г.Э-д 4,850,000 төгрөг, хохирогч Д.Б-т 4,100,100 төгрөг, хохирогч Д.Г-т 3,000,000 төгрөг, хохирогч Г.З-т 1,750,000 төгрөг, хохирогч Д.Г-т 2,000,000 төгрөг, хохирогч Д.Б-д 980,000 төгрөг, хохирогч М.А-т 5,700,000 төгрөг, хохирогч Г.О-д 8,000,000 төгрөг, хохирогч С.Г-д 10,708,000 төгрөг, хохирогч А.Э-д 3,130,000 төгрөг, хохирогч П.Ц-д 2,775,000 төгрөг, хохирогч Э.О-д 4,600,000 төгрөг тус тус олгох нь зүйтэй.

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: Иргэний нэхэмжлэгч “Тайгын булаг” ХХК-аас нэхэмжилж буй 12,770,500 төгрөгийг бүхэлд нь шүүгдэгч А.А-т хариуцуулж, харин энэ хэрэгт битүүмжилсэн 35-09 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч буюу хохирогч М.А-т буцаан олгох санал гаргасныг шүүх үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь, шүүгдэгч А.А, хохирогч М.А-аас автомашиныг нь залилж шилжүүлэн аваагүй байх бөгөөд хямд үнэтэй автомашин зарна гэж хуурч 6,000,000 төгрөг шилжүүлэн авсан байна. Харин хохирогч М.А-ын хувьд хямд үнэтэй автомашин авах хүсэлдээ хөтлөгдөн мөнгө олох зорилгоор өөрийн өмч болох 35-09 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслээ “Тайгын булаг” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт бусдын албадлага, хүчирхийлэл, дарамт шахалтгүйгээр өөрийн сайн дураар барьцаанд тавьж, 6,100,000 төгрөг авсан болох нь хохирогч М.А-ын Баянголд дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол (2 дугаар хавтаст, 98 дугаар хуудас), хохирогч М.А-ын мэдүүлэг (2 дугаар хавтаст,101 дүгээр хуудас), шүүгдэгч А.А-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст,104 дүгээр хуудас), хохирогч М.А-ын мэдүүлэг (2 дугаар хавтаст,107 дугаар хуудас), хохирогч М.А-ын “Тайгын булаг авто” ХХК-тай байгуулсан барьцаат зээлийн гэрээ (2 дугаар хавтаст,119-120 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Нөгөө талаас, иргэн М.А болон иргэний нэхэмжлэгч “Тайгын булаг” ХХК хоёрын хооронд иргэний эрх зүйн чөлөөт харилцаа үүссэн байх бөгөөд энэ харилцаанд шүүгдэгч А.А хөндлөнгөөс огт оролцоогүй болох нь хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон болно.

Прокурорын саналыг энгийн жишээгээр зүйрлэвэл, хэн нэгэн иргэн бусдаас зээлж авсан мөнгөө авч яваад хулгайд алдвал, эсхүл дээрэмдүүлбэл мөнгө зээлсэн хүн мөнгө зээлүүлсэн хүндээ “би хариуцахгүй ээ, хулгайлсан, дээрэмдсэн хүнээс нь өөрөө олж аваарай” гэж хэлсэнтэй утга нэгэн буй. Иргэний эрх зүйд суурилсан зах зээлийн зарчмаар бусдаас бүр болон түр авсан эдийн болон эдийн бус хөрөнгийн хариуцлагыг эд хөрөнгө хүлээн авсан хүн өөрөө бүрэн хариуцах нь зүйн хэрэг.

Иймд 35-09 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хөрөнгийн эрхийг иргэний эрх зүйн харилцаанд нь үлдээж, зээлдүүлэгч, зээлдэгч нарын хооронд үүссэн эд хөрөнгийн маргааныг иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн, хохирогч М.А нь шүүгдэгч А.А-аас 300,000 төгрөг буцаан авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинэчлэн тогтоогдсон тул хохирогч М.А-т нөхөн төлөх хохирлоос хасаж, нөхөн төлүүлэх үнийн дүнг 5,700,000 төгрөгөөр тогтоосон болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, их хэмжээний хохирол учруулж залилсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч А.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад заасан бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэргийг үйлдэж 13 хүнд эд хөрөнгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хэргийн үйл баримт болон хохирлын талаар маргаагүй, мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч А.А-ын 13 (арван гурав) удаагийн залилах үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан нэг гэмт хэргийн шинжийг хангах бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэг байх тул нэг зүйлчилж, нэг ял оногдуулах нь зөв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч А.А-ыг бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, 13 удаагийн үргэлжилсэн үйлдлээр их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокуророос ял сонсгохдоо, яллагдагчаар татахдаа залилах гэмт хэргийн үндсэн шинжид хамаарах “урьдын харилцааны явцад бий болгосон итгэлийг урвуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулжгэсэн аргаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байх тул шүүхээс зөвтгөн тодорхойлсныг тэмдэглэхийн сацуу ийнхүү зөвтгөхөд хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүй байгааг дурдах нь зүйтэй.

Тодоуулбал, шүүгдэгч А.А-ын үйлдлийн арга нь зохиомол байдал бий болгосон, бодит байдлыг нуун дарагдуулсан гэхээс илүүтэй, огт байхгүй зүйлийг байгаа мэтээр бусдад илтэд худал хэлж хуурч мэхэлсэн шинжтэй байжээ. Мөн хохирогч Г.Энхжаргалын хувьд шүүгдэгчтэй урьд нэг удаа л уулзаж, танилцсан төдий бөгөөд шүүгдэгч А.А түүнд худал хэлж буюу хуурч мэхлэн эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлж авсан үйлдлийг “урьдын харилцааны явцад бий болгосон итгэлийг урвуулан” залилсан гэж үзэхгүй. Хууль зүйн агуулгаараа энэхүү итгэл нь “багын найз, ангийн хүүхэд, хамт ажилладаг, ажиллаж байсан хүмүүс” гэх мэтийн илүү ойр дотно хийгээд тодорхой цаг хугацааг хамт туулсан, харилцан бие биенээ зохих хэмжээнд мэддэг болчихсон хүмүүсийн хооронд бий болсон байх учиртай.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч А.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн дүгнэлт: Шүүгдэгч А.А нь бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон нийт 216 хоногийг хорих ялаас нь хасаж тооцох санал гаргав.

Шүүгдэгч А.А нь бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, улсын яллагчийн санал болон гэм буруугаа гэмшин хүлээсэн шүүгдэгчийн хүсэлтийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь зааснаар шүүгдэгч А.А-т дөрвөн жил зургаан сарын хорих ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, төлөгдөөгүй үлдсэн хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд цээрлүүлэх, нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Мөн шүүгдэгч А.А-ыг нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлж, зөвшөөрөгдсөн хөдөлмөр эрхлүүлэх замаар хохирогч нарт учирсан хохирлыг боломжит байдлаар нөхөн төлүүлэх нь хохирогч нарын зөрчигдсөн эрхийг бодитойгоор сэргээхэд ач холбогдолтой гэж үзлээ.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг компакт дискийг энэ хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээж, шүүхэд иргэний бичиг баримт ирүүлээгүйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ын цагдан хоригдсон 216 (хоёр зуун арван зургаа) хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж, түүнд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт А.А-ыг бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, 13 удаагийн үргэлжилсэн үйлдлээр их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  2.2 дахь заадтад зааснаар шүүгдэгч А.А-т дөрвөн жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ын цагдан хоригдсон 216 (хоёр зуун арван зургаа) хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-т оногдуулсан дөрвөн жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Баянгол дүүргийн прокурорын газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч “Тайгын булаг авто” ХХК болон хохирогч М.А нар эд хөрөнгийн талаар маргавал иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

6.Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг компакт дискийг энэ хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч А.Ан-ын иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.А-аас 51,593,100 төгрөг гаргуулж, хохирогч Г.Э-д 4,850,000 төгрөг, хохирогч Д.Б-т 4,100,100 төгрөг, хохирогч Д.Г-т 3,000,000 төгрөг, хохирогч Г.З-т 1,750,000 төгрөг, хохирогч Д.Г-т 2,000,000 төгрөг, хохирогч Д.Б-д 980,000 төгрөг, хохирогч М.А-т 5,700,000 төгрөг, хохирогч Г.О-д 8,000,000 төгрөг, хохирогч С.Г-д 10,708,000 төгрөг, хохирогч А.Э-д 3,130,000 төгрөг, хохирогч П.Ц-д 2,775,000 төгрөг, хохирогч Э.О-д 4,600,000 төгрөг тус тус олгосугай.

8.Шүүхийн тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулсугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.А-т авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                    Б.БАТАА