Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2018/ШЦТ/81

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Н.Мөнхбат

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа

Хохирогч С.Б

Шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ц-д холбогдох 1816001620072 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б овогт Г-ийн Ц.

Шүүгдэгч Г.Ц нь 2018 оны 06 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 0-00 тоотод оршин суух  иргэн С.Б-ийн “YINGANG” маркын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлан авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарна.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Г.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Энэ хүний мотоциклийг шөнийн 12 цагийн үед аваад гэрийн гадаа 1 цагийн үед ирсэн. Намайг зах дээр байхад нэг хүн ирээд ах миний мотоциклийг хараад өгөөч гэж хэлсэн. Тэгээд араандаа хийхэд хойшоо ухарч яваад байсан. Тэгээд ахын дүү мотоциклийн чинь зарим эд анги нь дутуу юм биш үү гэхэд та задлаад үзээч би танд 40.000 төгрөг өгье гэж хэлэхээр нь би мотоциклийг хашаандаа авч ирээд моторыг нь задлаад бүх боолтуудыг султгахад эд ангиуд нь задраад уначихсан. Тэгээд би нөгөө залууг дуудаад ах нь үүний учрыг олохоо байлаа. Бүх зүйл нь дутуу байна гэсэн чинь та мэдэхгүй байсан юм бол яах гэж задалсан юм бэ? 40000 төгрөгөө өг эсхүл өнөө шөнө засаад өг би хөдөө морь уяж байгаа яаралтай хөдөө явмаар байна гэж хэлэхээр нь би бодож байгаад ийм үйлдэл хийсэн юм. Б гэдэг хүний хашаанаас очоод мотоциклийг нь түрж яваад гэрийнхээ гадаа авч ирээд задлаад моторыг нь тавьж өгөөд өглөө явуулсан... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа”  гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч С.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Манай найз нэг дугуй хүнээс авсан чинь очоод үзээдэх гэж хэлсэн. Тэгтэл минийх мөн байсан. Миний дугуй 2 тал дээрээ улаан, цэнхэр өнгийн зураастай байсан учир таньсан байгаа... Халзан  толгойтой хөгшин хүнээс авсан гэж хэлсэн. Тэгээд захын хойно байсан цагдаа дээр очоод хэлсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Л.Б-ийн “...   Би мотоцикль задлаж зарж байгааг нь гадарласан юм. Гэрийн хойно байсан амбаараас мотоциклийн эд анги гаргаж зараад байсан юм ... Хүний мотоцикль янзлах санаатай авч үлдээд сүүлдээ янзалж чадахаа больсон юм. Тэгээд нөгөө мотоциклийн эзэн гэх үл таних залуу манай гэрт  ирээд бөөн хэрүүл болсон юм. Тэгээд манай нөхөр шөнө мотоциклийг нь янзаллаа гэж хэлээд гарч яваад өглөө гэхэд нөгөө уурлаад байсан залуугийн мотоциклийг янзлаад өгсөн юм. Тэр шөнө мотоцикль хулгайлсан байх...” гэсэн мэдүүлэг /ХХ28-29/,

Гэрч С.Ц-ийн “...надад үзүүлсэн тухайн дугуйг би 20.000 /хорин мянган/ төгрөгөөр худалдаж авсан тэгээд 3 хоногийн дараа зах дээр С.Б-тэй уулзсан. Тэгтэл мотоциклио хулгайд алдчихлаа гэж хэлсэн тэгэхлээр нь би саяхан мотоциклийн дугуй худалдаж авсан чи үзэх үү гэж хэлсэн тэгтэл миний хулгайд алдсан мотоциклийн дугуй байна гэж хэлсэн. Тэгээд С.Б цагдаад мэдэгдсэн юм...” гэсэн мэдүүлэг /ХХ32-33/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ3-8/, №00000000 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ТА№0000000 дугаартай татвар төлөгчийн гэрчилгээ /ХХ11/, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Үнэлгээний комиссын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /ХХ36/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ц нь 2018 оны 06 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 00-00 тоотод оршин суух  иргэн С.Б-ийн өмчлөлийн “YINGANG” маркын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч өөрийн эзэмшлийн хашаанд байрлах амбаар дотор задлан эд ангиудыг нь худалдан борлуулж бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг мөн хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

  2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Г.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Г.Ц-д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 9, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Г.Ц-д 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулах,  оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Хэдийгээр шүүгдэгч нь урьд нь буюу 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн  68 дугаартай шийтгэх тогтоолоор 5 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан боловч тухайн цаг үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь хэсэгт заасан ялтайд тооцох хугацаа өнгөрсөн тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Ц-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Б-д 700.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч нь нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд шүүгдэгчийн “... хохирлыг 9 сар дуусахаас өмнө төлж дуусна...” гэсэн санал зэргийг харгалзаж шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулах хугацааг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр тогтоосон болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ ширхэг LY4BBCKC7FK002675 дугаартай мотоциклийн хар өнгийн рамыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисст” даалгаж, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г-ийн Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Г.Ц-д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 9, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Г.Ц-д 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулах,  оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Г.Ц-д сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-аас 700.000 /долоон зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч С.Б-д олгосугай.

6. Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол Г.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ ширхэг LY4BBCKC7FK002675 дугаартай мотоциклийн хар өнгийн рамыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисст” даалгасугай.

8. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдоогүй, түүний иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

9. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА