| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2308037150080 |
| Дугаар | 2025/ДШМ/588 |
| Огноо | 2025-05-15 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2025/ДШМ/588
2025 05 15 2025/ДШМ/588
Р.Э-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч Р.Э-н өмгөөлөгч А.Очбадрал,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/932 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.Э-н өмгөөлөгч А.Очбадралын гаргасан давж заалдах гомдлоор Р.Э-д холбогдох 2308 03715 0080 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Р-н Э, ....... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ......... төрсөн, .. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ............... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......./;
Шүүгдэгч Р.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 9 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө ........ дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” амралтын газарт хохирогч П.Ж-тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний хэвлийн тус газар цохиж, биед нь хэвлийн битүү гэмтэл, элэгний баруун дэлбэнгийн 5, 6, 7 дугаар сегментийн гялтан хальсан доорх цусан хураа, хэвлийн хөндий дэх цусан хураа, баруун 8, 9 дүгээр хавирганы зөрүүтэй далд хугарал бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Р.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Р.Э-г “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э-с 2.697.600 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй болохыг дурдаж, шүүгдэгч Р.Э цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Р.Э-н өмгөөлөгч А.Очбадрал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны түүх шүүгдэгч Р.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 2.697.600 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч Р.Э мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож ирсэн. Р.Э энэ жил 50 настай ба анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд хамаардаг ба Эрүүгийн хуульд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогддоггүй болно. Түүнчлэн мөрдөн байцаалт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг Иргэний нэхэмжлэгчээр тогтоож хэргийн оролцогч болоогүй байхад анхан шатны шүүх Эрүүл мэндийн даатгалын газарт 2.697.000 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Шүүгдэгч Р.Э анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч маргадаггүй, үйлдсэн хэрэгтээ харамсаж байгаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирогч түүнд гомдолгүй гэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ж.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх шүүгдэгчээс 2.697.000 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлсэн баримтыг цуглуулж эмчилгээнд зарцуулсан төлбөрийн хэмжээг тогтоож шүүгдэгчид танилцуулсан. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.8 дугаар зүйлд зааснаар төрөөс гарсан буюу Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2.697.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналыг гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э-н өмгөөлөгч А.Очбадралын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Р.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 9 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө ........... нутаг дэвсгэрт байрлах “М” амралтын газарт хохирогч П.Ж-тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний хэвлийн тус газар цохиж, биед нь хэвлийн битүү гэмтэл, элэгний баруун дэлбэнгийн 5, 6, 7 дугаар сегментийн гялтан хальсан доорх цусан хураа, хэвлийн хөндий дэх цусан хураа, баруун 8, 9 дүгээр хавирганы зөрүүтэй далд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч П.Ж-н “... Би нөхөр Ю.М, Д.М, түүний эхнэр, М, найз А, Р.Э бид зургуулаа “М” нэртэй амралтын газар хоол унд идээд “Соёрхол” нэртэй том шилтэй 3 шил архи уугаад орой цагийг нь мэдэхгүй байна амрах гээд орон дээрээ хэвтэж байхад Р.Э согтоод гадаа гарчхаад гаднаас орж ирээд “унтах гэж байгаа юм уу” гэхээр нь “унтах гэж байна” гэхэд орны хажууд суугаад намайг налаад юм яриад байхаар нь би “Э... ээ унтаач” гэхэд унтахгүй байгаад байсан. Тэгэхээр нь би жаахан ууртай “цаашаа очоод унтаач” гэхэд Р.Э уурлаад баруун гараараа миний үснээс үсдэж дараад миний хэвлий хэсэг рүү гараа атгаж байгаад зүүн гараараа маш олон удаа цохисон. Тэгээд нөхөр босож ирээд надад туслах гэхэд хөлөөрөө хана руу жийгээд босгохгүй байсан. Би “туслаарай” гэж орилоод Д.М босож ирээд салгасан. Өөр маргаан зодоон болоогүй. Тэгтэл Р.Э гараад явсан. Миний цохиулсан хэвлий, баруун хавирга орчимд их хөндүүртэй байсан. Би өвдөж байсан ч гэсэн хамт байсан хүмүүсээ бодоод унтаж амарсан. Маргааш өглөө нь Р.Э гаднаас орж ирсэн бөгөөд намайг цохисноо санахгүй байх шиг байсан. Би гадаа хоносон байна гээд байсан. Маргааш нь гэр гэр рүүгээ явсан. Гэртээ очоод хэвлий хавирга хэсэгт өвдөөд зүгээр болохгүй байсан учраас би гэртээ өвчин намдаах эм уугаад гүрийгээд байсан. 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн санагдаж байна. Хэвлийн гэмтэлтэй гээд хагалгаанд орсон. ...” /хх 10-11/,
гэрч Ю.М-н “... Бид нар архи уугаад сууж байхад Р.Э манай эхнэрийн нурууг нь илэхээр нь манай эхнэр Ж уурлаад “зайл” гэж хэлэхэд Р.Э манай эхнэрийг үсдээд зодсон байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байсан учраас сайн санахгүй байна.Р.Э манай эхнэрийн хавиргыг нь хугалсан байсан. Хамт явсан хүмүүс бүгдээрээ харсан. ...” /хх 16/,
гэрч П.М-н “... Бид нар хоол унд идээд “Соёрхол” нэртэй 0.75 литрийн архи хувааж уугаад намайг байхад чимээ шуугиан гараад байсан. Тэгээд Р.Э нь согтуу П.Ж, түүний нөхөр Ю.М нартай маргалдаад байсан. Манай нөхөр босоод тухайн маргааныг салгасан. Р.Э П.Ж-г цохисон байж магадгүй. П.Ж хэвлийгээ дараад байсан. Би цохихыг нь хараагүй. ... Дараа нь П.Ж-с юу болсныг асуухад “Э согтуу гэдэс рүү нь цохисон, тэгээд гэмтэл аваад дараа нь эмнэлгээр яваад бие нь гайгүй болсон” гэж хэлсэн. ...” /хх 18-19/,
гэрч Д.М-н “... Тэгээд орой амрах гэж байхад Р.Э жаахан согтуурхаад байсан ба П.Ж болон түүний нөхөртэй маргалдаад байсан. Би цаашаа хараад эхнэртэйгээ орон дээр хэвтэж байсан ба намайг хэвтэж байхад Ж руу Р.Э дайраад байхаар нь би очиж салгасан. Э-г “уур амьсгал эвдлээ” гээд загнахад Р.Э уурлаад гараад явсан өөр маргаан зодоон болоогүй. ... Би Ж-г Р.Э яг цохиж зодохыг бол хараагүй намайг амралтын гэрт эхнэртэйгээ буруу хараад хэвтэж байхад Э, Ж түүний нөхөр М нар хоорондоо маргалдаад улмаар зодолдоод байх шиг болохоор нь босож салгасан. ...” /хх 21-22/,
шинжээч Ц.Бадралын “... Хохирогч П.Ж-н биед үүссэн гэмтлүүдээс хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний баруун дэлбэнгийн 5, 6, 7 дугаар сегментийн гэмтэл хальсан доорх цусан хураа, хэвлийн хөндий дэх цусан хураа гэмтлүүд нь хүнд зэрэгт, баруун 8, 9 дүгээр хавирганы зөрүүтэй далд хугарал гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь 2024 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд үүссэн байх боломжтой. Хохирогчийн биед үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн хэвлийн баруун урд хэсэгт цохих цохигдох, гараар цохих үед үүссэн байх боломжтой. ...” /хх 39/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын “...П.Ж-н биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний баруун дэлбэнгийн 5,6,7 дугаар сегментийн гялтан хальсан доорх цусан хураа, хэвлийн хөндий дэх цусан хураа, баруун 8, 9 дүгээр хавирганы зөрүүтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна. ...” гэх 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 12446 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 78-19/,
Хохирогч П.Ж-н өвчний түүхийн хуулбар /хх 60-75/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Р.Э-г хохирогч П.Ж-г зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс Р.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Үүнээс гадна, анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангажээ.
Шүүгдэгч Р.Э-н өмгөөлөгч А.Очбадралаас “... Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй атал Эрүүл мэндийн даатгалын газарт 2.697.000 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү....” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.
Хэдийгээр, шүүгдэгч Р.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргадаггүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролдоо хохирогч П.Ж-д 150.000 төгрөгийг төлсөн боловч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчийн амь насанд аюултай хүнд хохирол учирсан нөхцөл байдал зэргийг харгалзан үзэхэд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзнэ.
Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хэлбэрийн хувьд хангаагүй боловч хохирогч нь уг гэмт хэргээс учирсан хүнд гэмтлийн улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд мэс засал хийлгэн, хэвтэн эмчлүүлсэн талаар талууд маргаагүй.
Мөн хохирогч П.Ж-н эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт, үйлчилгээ авсан талаарх холбогдох баримтыг мөрдөгчөөс шүүгдэгч Р.Э-д танилцуулахад /хх 57/ санал хүсэлт илэрхийлээгүй бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирол болох 2.697.600 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.
Харин анхан шатны шүүх эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт, үйлчилгээ авсантай холбогдох иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэхдээ хуульд заасан шаардлагыг бүрэн хангуулах талаар холбогдох ажиллагааг хийж байхыг цаашид анхаарвал зохино.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/932 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Э-н өмгөөлөгч А.Очбадралын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Р.Э нь хэргийг давж заалдах шатны шүүхээр хянагдах явцад гэмт хэргийн улмаас учруулсан хохиролдоо хохирогч П.Ж-д 150.000 төгрөгийг нөхөн төлснийг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Р.Э нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 42 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/932 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Э-н өмгөөлөгч А.Очбадралын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Р.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролдоо П.Ж-д 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг нөхөн төлснийг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э нь 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш 42 /дөчин хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ М.АЛДАР