Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2025/ДШМ/587

 

 

 

     2025          05            15                                        2025/ДШМ/587

                                                                 

Б.Ө-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Эрхэмбаяр,

шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч А.Анхбаяр,

хохирогч В.Б-ийн өмгөөлөгч Л.Ононбаяр,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/740 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Л.Ононбаярын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолыг үндэслэн Б.Ө-д холбогдох 2410049650124 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.      

Х овгийн Б-ын Ө, **** оны 6 дугаар сарын 04-ний өдөр ****** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, Математикийн багш мэргэжилтэй, хувиараа “******” нэртэй караоке ажиллуулдаг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ****** дүүргийн ** дүгээр хороо, “****” хотхоны ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:********/,

 Шүүгдэгч Б.Ө- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ******дүүргийн 9 дүгээр хороо, “********” төвд үйл ажиллагаа явуулдаг “******” караокед хохирогч В.Б-ийн нүүрэн тус газарт цохиж зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний алим, зовхи, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт шарх, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

******дүүргийн прокурорын газраас: Б.Ө-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Б-ын Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бичиг баримт нь шүүхэд ирээгүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалагдах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Ө-гээс 4,464,304 төгрөгийг гаргуулж хохирогч В.Б-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч В.Б-ийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлсөнд нэхэмжилсэн 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч В. Б- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан олох байсан орлого, цаашид гарах гэм хорын зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Хохирогч В.Б-ийн өмгөөлөгч Л.Ононбаяр нь тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хэргийн зүйлчлэл илт буруу байна. Анхан шатны шүүх болон прокурор хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл гэж зүйлчилснийг өөрчилж, 11.4 Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах зүйгээр зүйлчлэх нь зүйд нийцнэ. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирлын хэмжээг үндэслэлгүйгээр багасгасан /шийтгэх тогтоолын 8 дугаар хуудас/-г зөвтгөх, шүүх шинжилгээний дахин, бүрэлдэхүүнтэй хийлгэх зэрэг олон ажиллагаанууд дутуу хийгдсэнийг залруулах зорилгоор прокурорын хяналт, улмаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасны дагуу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЩТ/740 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаахыг хүсье...”

Өмгөөлөгч Л.Ононбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийг зүйлчлэхдээ  хамгийн багадаа хүндэвтэр хохирлоор дүгнэх ёстой байсан. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл гэж зүйлчилснийг өөрчилж, 11.4 Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах зүйгээр зүйлчлэх нь зүйтэй. Түүнчлэн хохирлын хэмжээг /хх-98/ 20 сая төгрөгт хохиролд юу, юу багтсан талаарх мэдээллийг дэлгэрэнгүй дурдсаныг шийдээгүй. Хохирлын төлбөрийг бүрэн төлөөгүй тул хэргийг буцаалгах тухай гомдол гаргасан гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Анхбаяр тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гомдлын агуулгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйл гэж заасан боловч заагдсан 3 үндэслэлийг, хуулийг буруу хэрэглэсэн, ажиллагааны ноцтой зөрчил гаргасан эсэх, шүүхийн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй нь гомдлын агуулгад дурдагдахгүй байна. Хохиролтой холбоотой хэрэгт авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байсан. Тэдгээр баримтуудаа бүрдүүлээд иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг олгосон. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн байр суурийг илэрхийлээгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Гомдлын үндэслэл нь хуульд заасан хэргийг буцаах шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна...” гэв.

Прокурор Б.Эрхэмбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Ө-д холбогдох хэргийг ******дүүргийн прокурорын газрын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зүйлчилж, хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн. Хэргийг шүүх 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэж 740 дугаартай шийтгэх тогтоол гаргасан. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Гэтэл гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд хамаарахгүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгчээс зохих ял шийтгэлийг оноож, хохирогчийн хууль ёсны дагуу бүрдүүлсэн нотлох баримтын хүрээнд хохирлыг гаргаж шүүх шийдвэрлэсэн. Мөн хохирогч нь иргэний журмаар бусад учирсан хохирлоо жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Иймээс анхан шатны шүүхийн 740 дугаартай шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий, хууль ёсны гарсан гэж үзэж байна. Хохирогчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Тус хэрэгт  шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлтүүд гарсан бөгөөд дүгнэлт нь хууль ёсны үндэслэл бүхий гарсан байна гэж үзэж байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Ө- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ******дүүргийн 9 дүгээр хороо, “********” төвд үйл ажиллагаа явуулдаг “******” караокед хохирогч В.Б-ийн нүүрэн тус газарт цохиж зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний алим, зовхи, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт шарх, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 47-48/

- хохирогч В.Б-: “...2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нөхөр Э, найз М, А нартай “******” караокед очсон... Гараад тооцоогоо хийж байх хооронд манай нөхөр болон найз М, А нар эмэгтэй хүнтэй маргалдаад ... би хар подволктай, хүзүүн дээрээ гинжтэй дунд зэргийн махлаг залуугийн хажуу талаас “Боль оо” гэж хэлээд гарнаас татахад намайг баруун гараараа зүүн нүд хэсэгт цохиход би шат хэсэгт зогсож байсан болохоор хойшоогоо унаад өгсөн...” /хх 8/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15137 дугаар дүгнэлтэд: “...В.Б-ийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний алим, зовхи, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт шарх, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” дүгнэлт /хх 22-23/,

- шүүгдэгч Б.Ө-гийн: “...Дундуур ороод салгах гэж байхад өөдөөс дайраад байхаар нь 1-2 хүний биед халдсан байж магадгүй. Би дундуур ороод салгаж байхад ардаас нэг хүн толгой руу цохиод байхаар нь би эргэж хараад түлхээд буцаад коридор луу гарахад ардаас махлаг бор эгч ирээд “Чи эмэгтэй хүнийг цохьсон” гэж хэлээд миний нүүр хэсэг лүү цохиод миний доод үүдэн хоёр шүд хөдөлсөн байна...” /хх 17-18/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Б.Ө-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Ө-гийн хохирогч В.Б-ийн биед зүүн нүдний ухархайн дотор ханны хугарал, зүүн нүдний алим, зовхи, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт шарх, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчилсан.

Түүнчлэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.”, 2.1.5.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж зохицуулсан байна.

Энэхүү хэрэгт Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1537 дугаар дүгнэлтээр: “...В-ийн Б- /РД:*********/-ийн сэтгэцэд 2024 оын 11 дүгээр сарын 16-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. В.Б-ийн сэтгэцэд учирсан өөрчлөлт нь түр зуурынх уу, байнгынх эсэх нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, биеийн мах бодын эдгэрэлт, гэр бүлийн дэмжлэг бүхий орчин, цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах эсэхээс хамаарна. 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалын дагуу шүүхээс тогтооно...” /хх 41-42/ гэсэн дүгнэлт гарсан учраас шүүгдэгч Б.Ө-гээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 4.464.304 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Л.Ононбаяр “...хэргийн зүйлчлэл илт буруу, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирлын хэмжээг үндэслэлгүй багасгасан, шүүх шинжилгээг дахин бүрэлдэхүүнтэй хийлгэх зэрэг олон ажиллагаа дутуу тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч В.Б-ийн биед учирсан гэмтэл нь “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарах талаар Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15137 дугаартай, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 118 дугаартай удаа дараагийн дүгнэлт гарсан байх тул “Хэргийг хүндрүүлж зүйлчлэх, дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах” талаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүхийн хуулиар олгогдсон бүрэн эрх юм. 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх хууль ёсны шаардлагыг шүүхээс оногдуулсан ял хэрхэн хангаж байгаа болохыг тайлбарлах нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хуульд нийцэж гарсныг илтгэх шалгууруудын нэг болдог.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршигт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд, хохирогчийн өмгөөлөгч Л.Ононбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/740 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/740 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Л.Ононбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.БАТЗОРИГ

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.ЗОРИГ

 

                                 ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ