Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2025/ДШМ/620

 

                                                Д.О-, Г.О- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Оюунцэцэг,

цагаатгагдсан этгээд Г.О-ын өмгөөлөгч Ж.Мөнгөнзул,

шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч А.Шинэгэрэл, П.Батбүрэн, Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/272 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 24 дүгээр эсэргүүцэл, шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч А.Шинэгэрэл, П.Батбүрэн, Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.О-, Д.О- нарт холбогдох 2202006070015 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Б овгийн Д-ын О, 1966 онд Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш арга зүйч мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн ... дугаар цэцэрлэгт эрхлэгчээр ажилладаг, ам бүл 2, нөхрийн хамт Баянгол дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);

2.Б овгийн Г-ын О, 1996 онд Сэлэнгэ аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ... дугаар цэцэрлэгт нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух, (РД:...), урьд:

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 862 дугаар шийтгэх тогтоолоор автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, 3 хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил хасаж, 2 жил хорих ялаар шийтгэгдэж байсан;

Д.О- нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/182 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байхдаа тус цэцэрлэгийн нягтлан бодогч Г.О-тай бүлэглэн Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.1-д “өөртэй нь хамаарал бүхий этгээдийн өмнө”, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэснийг тус тус зөрчиж, Сүхбаатар дүүргийн 2022 оны төсөвт тус дүүргийн ... дугаар цэцэрлэгийн урсгал засварын ажилд 51,611,000 төгрөг тусгагдсаны дагуу тус цэцэрлэгээс 2022 оны 05-08 дугаар сард урсгал засварын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа техникийн тодорхойлолт боловсруулаагүй, үнийн санал аваагүй, ерөнхий шаардлагыг хангасан эсэхийг магадлалгүйгээр өөрийн хамаарал бүхий нөхөр Б.Э-ийн “Д” ХХК-тай гэрээ байгуулах хууль бус үүрэг даалгаврыг Г.О-ад өгч, улмаар байгуулсан гэрээг батлан гарын үсэг зурж, өөрийн нөхөр болох Б.Э-ийн “Д” ХХК-ийн арилжааны банкин дахь дансаар дамжуулан 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлэн авч өөрт эдийн давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан;

Г.О- нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байхдаа эрхлэгч Д.О-тэй урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.1-д “өөртэй нь хамаарал бүхий этгээдийн өмнө”, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйл 7.1.7-д “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэснийг тус тус зөрчиж, Сүхбаатар дүүргийн 2022 оны төсөвт тус дүүргийн ... дугаар цэцэрлэгийн урсгал засварын ажилд 51,611,000 төгрөг тусгагдсаны дагуу тус цэцэрлэгээс 2022 оны 05-08 дугаар сард урсгал засварын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа техникийн тодорхойлолт боловсруулаагүй, үнийн санал аваагүй, ерөнхий шаардлагыг хангасан эсэхийг магадлалгүйгээр Д.О-ийн хамаарал бүхий нөхөр болох Б.Э-ийн “Д” ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 2022/06 дугаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, улмаар тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Д.О- нь уг гэрээнд гарын үсэг зурж батлан өөрийн нөхөр болох “Д" ХХК-ийн захирал Б.Э-т 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлж өөртөө эдийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газар: Д.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар;

Г.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.О-ыг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

шүүгдэгч Д.О-т Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож хөнгөрүүлэн өөрчилж, Д.О-ийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасаж, 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Оюунцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...1.Шүүхийн хэлэлцүүлэгт Г.О- “Д.О- “Д” ХХК-ийн баримтуудыг бүрдүүлэн өгч, гэрээ байгуулахыг даалгасан” талаар мэдүүлснийг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Тодруулбал, шүүхээс Г.О- нь ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдал үүссэн болохыг мэдэхгүй байх боломжгүй бөгөөд ашиг сонирхлын зөрчил үүссэн талаар, мөн Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.1, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2-т заасныг зөрчсөнийг хэрхэн няцаан үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.

Мөн Г.О- нь худалдан авалтыг хийхдээ 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2022/06 дугаар худалдах, худалдан авах гэрээг “Д” ХХК-тай байгуулжээ. Гэрээний үнийн дүн нь 5,000,000 төгрөгийн хэмжээтэй байх ба энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасантай нийцэж байх тул гэрээг шууд байгуулж, худалдан авалт хийсэн байна. Иймд тухайн гэрээг байгуулахад шүүгдэгч Г.О-ыг гэм буруутай гэж буруутгах үндэслэлгүй гэж дүгнэн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

2.Анхан шатны шүүхээс Г.О-ыг цагаатгаж шийдвэрлэхдээ тогтоолд яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, нотлох баримтын агуулгыг тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй зэрэг нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих үндэслэлд хамаарч байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн.

Яллах дүгнэлтийн хавсралтад яллах талын нотлох баримтуудыг дурдсан. Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн гэж яллаагүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Гагцхүү Авлигын эсрэг хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан холбогдох хэм хэмжээнүүдийг зөрчсөн буюу ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчээс үүрэг өгч, хуулийн этгээдийн баримтыг өгсний дагуу худалдах, худалдан авах гэрээний төслийг боловсруулж, гэрээнд үсэг зураад эрхлэгч Д.О- “Д” ХХК-тай байгуулсан гэрээг баталсан үйл баримт тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, ашиг сонирхлын зөрчил бүхий “Д” ХХК-ийн баримт мэдээллийг Д.О-ээс Г.О-ад өгсөн үйл баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хангалттай нотлогдон тогтоогдсон. Г.О- нь тухайн цэцэрлэгт нягтлан бодогчоор ажилладаг байсан. Үүнтэй холбоотойгоор Д.О-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон нөхцөл байдлыг авч үзнэ. Хэргийн үйл баримттай уялдуулан үзэхэд, “Д” ХХК нь Д.О-ийн хамаарал бүхий этгээд болох түүний нөхрийн компани юм. Тухайн цаг хугацаанд “Д” ХХК-ийн дансанд 5,000,000 төгрөг орсон бөгөөд үүнээс НӨАТ хаасан гэх боловч тус мөнгөнөөс НӨАТ хасаж тооцвол 4,500,000 төгрөг шилжүүлэгдэх ёстой атал 4,200,000 төгрөгийг Д.О-ийн Худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлээд Д.О- нь өөрийн хувийн хэрэглээнд зарцуулсан, өөртөө давуу байдал олгосон нь дансны хуулга болон бусад баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Д.О-ийг паркетан шал худалдан авах, ... дугаар цэцэрлэгийн засвар үйлчилгээтэй холбоотой асуудлаар эцэг, эхчүүдээс мөнгө татсан үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих бүх ажиллагааг хийсэн учраас Д.О-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй. П.Т- нь тухайн цаг хугацаанд гэрээний үндсэн дээр ... дугаар цэцэрлэгт ажил гүйцэтгэж байсан. Харин “Д” ХХК нь худалдах, худалдан авах гэрээг үндэслэн паркетан шал нийлүүлэх ёстой байсан. Гэтэл “Д” ХХК-ийн данс руу шилжүүлсэн мөнгөнөөс паркетан шал нийлүүлэгдээгүй. Д.О- П.Т- гуйсан учраас наадмын өмнө 4,500,000 төгрөг өгсөн гэдэг үйл баримт ярьдаг. Нярав Ш.Ц- нь “08 дугаар сарын 01-ний өдрөөс намайг ажиллаж эхлэхэд паркетан шал нийлүүлэгдсэн” гэж мэдүүлдэг. Иймд шийтгэх тогтоолыг Г.О-ыг үндэслэлгүй цагаатгасан үндэслэлээр хүчингүй болгох саналтай байна. ...” гэв.

Шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч А.Шинэгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нэг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Д.О- нь “Д” ХХК-тай гэрээ байгуулж, 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлснээр өөртөө болон бусдад бодитоор ямар давуу байдал үүсгэсэн бэ гэдэг асуудал бүрэн дүүрэн хангалттай хэмжээнд нотлогдож чадаагүй.

1.Гэрч П.Т- нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөнгө авсан өдрийн он cap өдрийг нарийн тодорхой санахгүй байгаа ч баяр наадмын үеэр буюу өмнөхөн бэлнээр авсан, анхнаасаа цэцэрлэгийн шал тэгшлэх ажлыг хийж гүйцэтгэж байсан учраас үргэлжлүүлэн паркетан шалыг шахах ажлыг хийсэн. Засварын ажлууд их байсан учраас хичээл сургууль орохоос өмнө шахаж дуусгасан...” гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, түүний “...өмнөх мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгийн он цагийг андуурч хэлсэн буюу паркетан шал шахаж дууссан огноогоор хэлсэн бололтой...” гэх мэдүүлэг нь бодит байдалд илүү нийцэж байна. Хөрөнгө данс бүртгэлд авах тухай цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалын “2022 оны 07 дугаар сарын 27” гэсэн огноо, мөн гэрээний дагуу санхүүжилт олгохтой холбоотой ажил хүлээлцэхийг баталгаажуулах актыг үйлдсэн “2022 оны 05 дугаар сарын 31” гэсэн цаг хугацааны огноогоор тус тус давхар нотлогдож байхад уг мэдүүлгийг огт дүгнээгүй буюу бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлээгүй атлаа бодит байдлыг дүгнэсэн.

2.Д.О- нь “...Шалны засвар хийх байсан “Т” ХХК-аас “паркетан шал шахаад өгөөч” гэж хүсэлт тавьсан. Яагаад гэвэл паркетан шал 5,000,000 төгрөгт 200 м.кв шахахад хүрэлцэхгүй байсан. П.Т- саналыг хүлээн авч, “нэг ажилчин гаргаад паркетыг шахуулна, манайд бэлэн паркет байхгүй учраас мөнгөө бэлнээр өгөх”-ийг хүссэн. Бусад компаниар хийлгүүлэхээр 15-18 хувийг суутгаж авах гээд байсан тул нөхрөөсөө гуйж  НӨАТ-ын 10 хувийг нь суутгуулаад паркетан шалны мөнгийг гаргуулсан. 4,500,000 төгрөгийг би хувиасаа П.Т- гэдэг хүнд урьдчилж бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч П.Т- шүүхийн хэлэлцүүлэгт “...тухайн үед наадам дөхсөн байсан учир мөнгөний яаралтай хэрэг гарч мөнгөө түрүүлээд өгөөч гэж гуйсан...” гэх мэдүүлгээр тайлбарлаж хэлсэн. Үүнээс үзэхэд, Д.О- нь төсөвлөгдсөн мөнгөнд багтааж цэцэрлэгтээ чанартай, сайн паркетан шал хийлгэхийн тулд П.Т-гаас ажлын хөлсийг хамгийн багаар тооцуулан хийлгэхээр гуйж П.Т-гийн хүсэлтээр тухайн мөнгийг бэлнээр өгөхийн тулд нөхрийн компанитай гэрээлсэн, мөн П.Т-гийн хүсэлтээр өөрөөсөө бэлнээр 4,500,000 төгрөг урьдчилж өгсөн.

Гэмт хэргийн субьектив шинжийг субъектийн гэмт хэргээ гүйцэлдүүлэх хүсэл, эрмэлзэл, сэдэлт, зорилго хэмээн ойлгох ба өөртөө оюун ухааны мэдэх болон хүсэх элементийг агуулдаг буюу энэ нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн” хэмээн хуульчлагдсан тул гэмт хэргийн төгсгөлд үүсэх үр дагаврыг бий болгох хүсэл зоригийг илэрхийлнэ. Гэвч миний үйлчлүүлэгчийн хувьд энэхүү үйлдлийнхээ төгсгөлд өөртөө болон бусдад давуу байдал бий болгох, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийг хүсээгүй буюу хүсэл зоригийн илэрхийлэл нь гагцхүү цэцэрлэгийн төлөө байсан.

3.Д.О-ийн үйлдлийн улмаас өөрт нь болон бусдад, нөхөрт нь эдийн болон эдийн бус аль ч давуу байдал бодитоор бий болсон эсэх нь нотлогдож чадаагүй. Учир нь, Д.О- нь төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу санхүүгийн анхан шатны баримтыг хуульд нийцүүлэн бүрдүүлэх үүднээс нөхрийнхөө компанитай гэрээ байгуулж, НӨАТ-ын 10 хувийг суутгуулан авч тухайн ажлыг 4,500,000 төгрөгт багтаан П.Т-гаар гүйцэтгүүлсэн болох нь “Д” ХХК-ийн НӨАТ-ын баримт, 2022 оны татварын тайлан, тодорхойлолт зэргээр нотлогдохоос гадна 4,500,000 төгрөгийг П.Т-д бэлнээр өгч паркетан шалыг худалдан авч, шахуулсан. Түүнчлэн “Ашидбилгүүн” ХХК-аар паркетан шал хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний хөрөнгийн үнэлгээг хийлгэхэд нийт 6,100,000 төгрөгийн үнэлгээ гарсан.

Хоёр.Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдлийг хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Гэвч миний үйлчлүүлэгч Д.О-ийн хувьд, гэмт хэргийн санаа, сэдэл зорилго нь хэрэгт авагдсан мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож чадаагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1-т заасан шаардлагыг хангахгүй.

Гурав.Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинжийг хууль тогтоогчоос тодорхойлохдоо “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэсэн байх буюу “албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийж өөрт болон хувь хүн хуулийн этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдлыг буюу давуу байдлыг бий болгосон” байхыг заавал шаардахаар хуульчилсан. Д.О-ийн үйлдэл нь энэ гэмт хэргийн объектив болон субъектив талын шинжийг бүрэн хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй ба гэмт хэргийн шинжтэй үйлдэл үү, зөрчлийн шинжтэй үйлдэл үү гэдгийг ялган тогтоох шаардлагатай.

Шүүх хууль хэрэглэсэн аливаа шийдвэрээ хуульд тулгуурласан үндэслэлээр зөвтгөх, түүнийгээ тайлбарлах үүрэг хүлээх бөгөөд ингэхдээ мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээр цугларсан хууль ёсны нотлох баримтыг үнэлж, хэргийн үйл баримтыг бодитой тогтоохоос гадна материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөл байдал бүрдсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв дүгнэлт хийснээр хангагдах бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийн “хууль ёсны байх” шаардлага болно.

Анхан шатны шүүх Д.О-ийг гэмт хэрэг үйлдсэн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг шүүхийн шийдвэрт бүрэн тусгаж чадаагүй, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг жагсаан бичсэнийхээ эцэст шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн атлаа шүүгдэгчийг шийтгэх үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн талуудын дүгнэлт, саналын үндэслэл болгосон баримт, яллах баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг нэг бүрчлэн няцаан үгүйсгэж чадаагүй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчим алдагдаж үндэслэлгүй шийдвэр гаргасан тул шийтгэх тогтоолын Д.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Д.О-ийг ашиг сонирхлын зөрчилтэй хэлцэл хийж, гэрээний дагуу мөнгийг шилжүүлэн авснаар өөртөө эдийн давуу байдал бий болгосон гэж дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн 4 шинжийн нэг болох “бусдад давуу байдал бий болгосон” гэдэг нь хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгодог.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс Д.О- нь ашиг сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн гэх асуудлыг хүлээн зөвшөөрдөг, энэ талаар шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн удаа дараа тогтвортой мэдүүлж, дээрх гэрээг байгуулснаараа бусдад, эсхүл өөртөө давуу байдал бий болгосон асуудал байхгүй, харин ч зах зээлийн үнэ цэнээс нь илүү чанартай ажил үйлчилгээ хийж гүйцэтгүүлсэн. Харин ашиг сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн гэх дүгнэлт гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл биш, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 48 дугаар зүйлийн 48.1-т заасны дагуу төрийн албан хаагчийн сахилгын зөрчил гэж үзэх үндэслэлтэй.

Бодит байдал дээр тухайн мөнгөөр “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Т- нь паркет худалдан авч, 2 ангийг коридортой нь хамт бүх паркетан шалыг сольсон. “Д” ХХК нь эдийн ашигтай байдал олсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Бодитоор бий болсон ажил байхад үүнийг нь үнэлж, нийт хэчнээн төгрөгийг Нийслэлийн ... дугаар цэцэрлэгийн төсвөөс зарцуулсан, эргээд хэчнээн төгрөгийн ажил, үйлчилгээ олж авсан гэдгийг шалгаагүй орхигдуулсан. “Ашидбилгүүн” ХХК-аас 6,100,000 төгрөгийн үнэлгээ гарсан. Өөрөөр хэлбэл, “Д” ХХК нь НӨАТ-д 500,000 төгрөг тушаасны үлдэгдэл төлбөр болох 4,500,000 төгрөгөөр 6,100,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Д.О-ийн үйлдэл нь 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан зарчимд нийцсэн, төсвийн хөрөнгийг хэмнэсэн, бага зардлаар өндөр үнэтэй бараа, ажил, үйлчилгээ авсан.

Гэтэл анхан шатны шүүхээс гэрээ байгуулсан үйлдэл нь ажил, үйлчилгээ үзүүлэх зорилготой байсан үйл баримтыг дүгнэлгүй орхигдуулж, анхнаасаа 5,000,000 төгрөгийн хохирол учруулах санаа зорилготой үйлдэл хийсэн, гэрээний үнийн дүн нь гэмт хэргийн улмаас улсад учирсан шууд хохирол байсан, үүнийг дараа нь хохирол төлбөрийг нөхөн төлсөн мэтээр хэргийн бодит байдалтай нийцээгүй, илт үндэслэл муутай дүгнэлт хийсэн.

Түүнчлэн гэрч П.Т-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь Д.О- анхнаасаа төрийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, засвар үйлчилгээг хямд өртгөөр чанартай хийж гүйцэтгүүлэх санаа зорилготой байсан, өөрөөсөө ажил гүйцэтгүүлэх төлбөрийг урьдчилан төлөөд дараа нь мөнгийг гэрээ байгуулсны дагуу хүлээн авсан, дээрх харилцаанд оролцсоноор Д.О- болон “Д” ХХК нь аливаа байдлаар эдийн давуу тал олж аваагүй болохыг тодорхой харуулж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон тус заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн тогтоолд нийцүүлэн Д.О-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч П.Батбүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.О-ийн үйлдэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1-д заасныг зөрчсөн үйлдэл боловч өөрийн хариуцан удирддаг цэцэрлэгийн эрх ашгийг хохироосон, ашиг сонирхлын эсрэг, харш үр дагавар бий болгосон зүйл байхгүй бөгөөд мөн өөртөө болон өөрийн нөхрийн компанид давуу байдал олгоогүй тул Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэргийн шинжгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчмын дагуу Д.О-ийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, захиргааны зөрчилд тооцох үндэслэлтэй.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, 3.1.4-т “давуу байдал гэдгийг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” гэсэн нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан нэр томьёолол, тайлбартай утга адил томьёологдсон.

Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 8.1-д заасан мэдээлэх үүргээ удаа дараа биелүүлээгүй, эсхүл энэ хуулийн 7.1-д заасныг зөрчсөн этгээдэд албан тушаал бууруулах, хэрэв албан тушаалыг нь бууруулах боломжгүй албан тушаал бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван cap хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох”-оор заасан.

Мөрдөгчөөс “Д.О-т Төрийн албаны тухай хуулиар арга хэмжээ авна уу” гэсэн мэдэгдлийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Боловсрол, Шинжлэх ухааны сайдад хүргүүлж, Сүхбаатар дүүргийн Боловсролын газраас түүнд Хөдөлмөрийн хуулийн дагуу хариуцлага тооцсон. Энэ нь нэг зөрчилд Эрүүгийн болон сахилгын зөрчлийг давхардуулан оногдуулах нөхцөлийг бий болгосон.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилсан боловч ямар тохиолдолд Эрүүгийн хуулиар, эсхүл Авлигын эсрэг болон бусад хуулиар хариуцлага хүлээлгэхийг нарийн зохицуулах нарийн ялгаа зааг байхгүй.

Д.О-ийн хувьд өөрийн хамаарал бүхий нөхрийн компанитай гэрээ байгуулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй боловч энэ үйлдлээрээ өөрт болон бусдад давуу байдал олгоогүй, гэмт хэргийн улмаас хохирол учраагүй бөгөөд хор уршиг нийгэмд үүсээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Д.О-т холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Г.О-ын өмгөөлөгч Ж.Мөнгөнзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлуудад хэлэх тайлбар байхгүй. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд миний үйлчлүүлэгч Г.О- нь “Д.О- гэрээ байгуул гэж даалгасан, хууль бус үүрэг өгсөн” гэх агуулга бүхий мэдүүлэг, хариулт авагдаагүй. Прокурорын зүгээс анхан шатны шүүх хуралдааны явцад гэрээ байгуулахыг даалгасан нөхцөл байдал тогтоогдсон, өөрөөр хэлбэл, Г.О- тэгж хариулсан гэдэг агуулгаар эсэргүүцэл бичсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Г.О-, Д.О- нарын хэн аль нь хууль бус үүрэг чиглэл өгөөгүй, Д.О-ийн зүгээс Г.О- “тухайн үед юу ч мэдээгүй, би юу ч хэлээгүй” гэдгээ илэрхийлсэн мэдүүлэг удаа дараа гаргаж тайлбарласан. Прокурорын эсэргүүцэлд дурдсан техникийн тодорхойлолт боловсруулаагүй, үнийн саналыг аваагүй, ерөнхий шаардлагыг хангасан эсэхийг шалгахгүйгээр гэрээ байгуулсан объектив шинжийг хангаж байж Авлигын эсрэг хуулийн зүйл, хэсэг, заалтуудыг миний үйлчлүүлэгч зөрчсөн болно. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар яллаагүй гэж тайлбарлаж байна. Тус хуульд тендер сонгон шалгаруулсан тохиолдолд техникийн тодорхойлолт боловсруулсан уу, үнийн санал авах, ерөнхий шаардлага хангасан эсэхийг магадлах ёстой гэж заасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар 20,000,000 төгрөгөөс дээш худалдан авалт хийх шаардлагатай бол төрийн байгууллагаас тендер сонгон шалгаруулалт зарлаж, дээр дурдсан ерөнхий шаардлагуудыг хангасан оролцогч нараас шалгаруулахаар зохицуулсан. Гэтэл хэргийн үйл баримтын тухайд, 5,000,000 төгрөгийн худалдан авалт хийгдсэн бөгөөд энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан заавал тендер сонгон шалгаруулах зохицуулалтад хамаарахгүй. Тэгэхээр прокурорын зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар яллаагүй гэсэн атлаа миний үйлчлүүлэгчийг Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн гэж үзээд байгаа. Эдгээр хуулийг зөрчихийн тулд миний үйлчлүүлэгчид санаа сэдэл төрөх ёстой. Гэтэл миний үйлчлүүлэгч өөрийн эрхэлж буй албан тушаалын хүрээнд гэрээ байгуулсан. Хавтаст хэрэгт өөр бусад байгууллагуудтай худалдан авалт хийсэн гэрээ зэрэг бүх баримтууд авагдсан. Зөвхөн “Д” ХХК-тай хийсэн гэрээ биш, олон худалдан авах ажиллагаа явагдсан. Хавтаст хэрэгт миний үйлчлүүлэгч Г.О-ыг буруутгасан яллах талын нотлох баримт байхгүй. Зүгээр эсэргүүцэл бичээд хаячихъя, давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах юм чинь гэсэн агуулгаар эсэргүүцэл бичсэн мэт харагдаж байгаа юм. Гэрээнд гарын үсэг зурснаар буруутгагдаад байгаа бол үгүй юм. Гэрээнд гарын үсэг зурахад буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан албан тушаалын гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Гэтэл Г.О- “Д” ХХК-ийг эрхлэгч Д.О-ийн хамаарал бүхий компани байсныг мэдээгүй атлаа гэрээнд гарын үсэг зурсан үйлдлээрээ буруутгагдаж байгаа нь энэ гэмт хэргийн шинжийг хангахгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Г.О-ыг цагаатгах талын дүгнэлтийг хангалттай хийсэн, хэргийн үйл баримтыг зөв сэргээн тогтоосон, бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн. Албан тушаалын гэмт хэргийг үйлдэхэд хэргийн оролцогчид урьдчилан үгсэн тохиролцохгүйгээр үйлдлээрээ санаатай нэгдэнэ гэсэн ойлголт байхгүй. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт үйлдлээрээ нэгдэнэ гэсэн ойлголт яригдахгүй. Өөрөөр хэлбэл, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт гэмт этгээдүүд тухайн цаг мөчид үйлдлээрээ санаатай нэгдэж, нэгдсэн үйлдлээрээ тухайн этгээдэд хохирол, хор уршиг учирч болохыг мэдэж байдаг үйлдэл, сэтгэхүйн харилцаа хоёрыг ойлгоно гэж хангалттай тайлбарласан. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Д.О-, Г.О- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч А.Шинэгэрэл, П.Батбүрэн, Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй бөгөөд хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ.

Нотлох ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд нь нэг нэгнээ нөхсөн, харилцан уялдсан байдлаараа хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.О-, Д.О- нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

-гэрч Б.Э-ийн: “...Манай эхнэр Д.О- “ангиудынхаа шалыг солих гэсэн юм, чи компанийнхаа дансаар мөнгө гаргаад өгчих” гэж надаас гуйсан. Миний хувьд түүнд “болохгүй” гэж зөндөө хэлсэн, тэрээр “бусад компанийн дансаар мөнгө гаргахаар 20 хувийг нь авна, хэрвээ 1 сая төгрөг өгчихвөл чанаргүй паркет авах гээд байна, хүүхдийн байгууллагад юм хийж байгаа учраас ямар нэгэн асуудал үүсэхгүй” гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрсөн. Тус цэцэрлэгтэй 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээ”-г “Д” ХХК-ийн нэрээр байгуулсан. 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр манай компанийн Худалдаа хөгжлийн банкны 456104813 дугаарын данс руу Төрийн сангаас “... дугаар цэцэрлэг” гэсэн утгатайгаар 5,000,000 төгрөгийн орлого орсон. Уг мөнгөнөөс би 10 хувийг нь авч 4,560,782 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 456078228 дугаарын данс руу шилжүүлж, үүнийгээ Д.О-т өгсөн. Түүнд бэлнээр өгсөн, данс руу нь шилжүүлсэн эсэхээ тодорхой санахгүй байна, дансны хуулганаас тодорхой харагдана. Манай компани ангиудынх нь шалыг сольж өгөөгүй. Би түүнд шалыг сонгож, хамт явсан...” (1хх 24-25),

-гэрч, “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Т-гийн: “...2022 оны 8 дугаар сарын сүүлээр засварын ажил явагдаж байхад цэцэрлэг дээр нь очиж бэлнээр 4,500,000 төгрөг авсан. 100 айлаас 108 м.кв-т хийх паркетан шалыг манай ажилчид очиж авсан. Гэхдээ тухайн үед хөлсний ажилчид ажилласан...” (1хх 28),

-түүний дахин өгсөн: “...Манай компани паркетан шал солих засварын ажил хийсэн. Гэхдээ гэрээгээр хийж гүйцэтгээгүй. Тус цэцэрлэгийн эрхлэгч Д.О- 4,500,000 төгрөг бэлнээр ажлынх нь гадаа хашаан дотор паркетан шалны мөнгө гээд өгсөн. Би өөртөө 500,000 төгрөг аваад 4,000,000 төгрөгийг засварын ажилд түр ажиллаж байсан Эрка гэх залууд өгч “энэ цэцэрлэгийн паркетан шалыг солиод өгчих” гэж гуйсан. Д.О- өөрөө Эркатай явж паркетан шалаа сонгож авсан. Манай компани паркетан шал солих ажлыг гэрээ байгуулж хийгээгүй, бас тийм ажил хийж гүйцэтгээгүй...” (1хх 30),

-гэрч, Сүхбаатар дүүргийн ... дугаар цэцэрлэгийн нярав Ш.Ц-гийн: “...Цэцэрлэгт хийгдэх засварын ажлын зарыг эрхлэгч Д.О- өөрөө фейсбүүк группт тавьсан гэж ярьж байсан. Зарын дагуу хэд хэдэн компаниуд ирж байсан. “Д” ХХК паркетан шал авч өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Д.О- өөрөө над руу 2022 оны 08 дугаар сард орой утсаар залгаад “паркетан шалаа аваарай портероор очиж байгаа” гэж хэлсэн. Тухайн үед ямар нэг тэмдэглэл үйлдэж хүлээж аваагүй...” (1хх 38-39),

-гэрч, Сүхбаатар дүүргийн Худалдах авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн, даргын албан үүргийн тор орлон гүйцэтгэгч Н.О-ийн: “...Манай албанаас ... дугаар цэцэрлэгийн 2022 онд хийгдсэн урсгал засварын ажилд оролцоогүй. Ажил гүйцэтгүүлэх хяналтын төсөвтэй, барилгын ажлын зурагтай, мөн Барилгын хяналтын төвөөс магадлал гаргуулсан байх ёстой. Төсөв дээр хийгдэх гэж байгаа ажлууд нь тусгай зөвшөөрлийн дагуу хуваагддаг. Мөн тусгай зөвшөөрлийн шаардлага хангасан, татварын өргүй, ажиллах хүчин чадалтай, хамгийн багадаа 3 компаниас үнийн санал авч харьцуулж, шаардлагад нийцсэн хамгийн сайн үнэлэгдсэн хамгийн бага үнийн саналтай компанийг шалгаруулж ажил гүйцэтгүүлэх ёстой. Дүүргийн ... дугаар цэцэрлэгийн хувьд хууль журмын дагуу Дүүргийн цахим сайтад байршуулан урсгал засварын ажлын талаар зар тавьж болох байсан. Шууд гэрээ байгуулахад дүүргийн мэргэжилтэн болон холбогдох албан тушаалтнуудаас асууж лавлаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан компанитай гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлэх ёстой байсан. ... дугаар цэцэрлэгийн 2022 оны урсгал засварын ажлыг хууль журмын дагуу явуулах хангалттай цаг хугацаа байсан байна гэж харж байна...” (1хх 52-53),

-гэрч, Сүхбаатар дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.У-ын: “...Сүхбаатар дүүргийн ... дугаар цэцэрлэгийн 2022 оны урсгал засварт олгогдсон мөнгө нь төсөвт суугдсан байсан. Батлагдсан мөнгөн дүнгээс дүүргийн Засаг даргаас хуваарилалт хийсний дагуу ... дугаар цэцэрлэгт урсгал засварын мөнгө олгогдсон байх ёстой. Үүнийг төсвийн шууд захирагч зарцуулалтаа хийж байгаа...” (1хх 58) гэх мэдүүлгүүд,

-“Дүүргийн хөрөнгө оруулалтаар 2022 оны төсвийн жилд хэрэгжүүлэх их засварын төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын 1.2.1-д Дүүргийн цэцэрлэг, сургуулийн засвар үйлчилгээнд 1,500,000,000 төгрөг төсөвлөгдсөн талаарх баримт (1хх 113),

-Сүхбаатар дүүргийн ... дугаар цэцэрлэгийн 2022 оны төсвийн хуваарилалт (2хх 94),

-“Д” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 50 дугаартай 5,000,000 төгрөгийн төлбөрийн хүсэлт (1хх 142),

-“Д” ХХК болон Нийслэлийн ... дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.О- нарын хооронд байгуулагдсан 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2022/06 дугаартай худалдах, худалдан авах гэрээ (1хх 205-206),

-“Д” ХХК-ийн улсын бүртгэлийн 9011161062 дугаартай гэрчилгээ (2хх 194),

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/14 дүгээр “Г.О-ыг нягтлан бодогчийн албан тушаалд түр томилох тухай” тушаал (1хх 130),

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны А/18 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан ... дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчийн албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт (3хх 195-197),

-Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/182 дугаартай “Д.О-ийг эгүүлэн ажилд томилох тухай” тушаал (3хх 109-110),

-цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолт (3хх 126-129) зэргийг харьцуулан шинжлэн судлахад:

1.Прокуророос Г.О-ыг Сүхбаатар дүүргийн ... дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус цэцэрлэгийн эрхлэгч Д.О-тэй үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, цэцэрлэгийн урсгал засварын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа техникийн тодорхойлолт боловсруулаагүй, үнийн санал аваагүй, ерөнхий шаардлагыг хангасан эсэхийг магадлалгүйгээр Д.О-ийн хамаарал бүхий нөхөр болох Б.Э-ийн “Д” ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 2022/06 дугаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, улмаар тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Д.О- нь уг гэрээнд гарын үсэг зурж батлан өөрийн нөхөр болох “Д” ХХК-ийн захирал Б.Э-т 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлж өөртөө эдийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон хэмээн яллаж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд, Г.О- нь Д.О-ийн хамаарал бүхий “Д” ХХК-тай байгуулах гэрээнд гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдсон байна.

Гэвч, нэгдүгээрт, 2022 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Засгийн газар нь барааны, ажлын, үйлчилгээний гэсэн ангилал тус бүрээр дараах босго үнийг тогтооно:

8.1.2.шууд худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар” гэж заасан ба уг хязгаарыг Засгийн газрын 2021 оны 124 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны журмыг сонгоход баримтлах босго үнэ”-д 20,000,000 төгрөг байхаар заасан.

Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 3105 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар тус дүүргийн ... дугаар цэцэрлэгийн 2022 оны урсгал засварын зардлын төсвийн хуваарьт нийт 51,700,000 төгрөг төсөвлөж, түүнийгээ 5, 8, 10 дугаар сард 3 хуваан олгосон байна (1хх 65).

Тус хуваарилагдсан мөнгөн хөрөнгөөс 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2022/06 дугаар 5,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий паркетан шал худалдах, худалдан авах гэрээг “Д” ХХК-тай байгуулжээ (1хх 205-206).

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Захиалагч энэ хуулийн 8.1.2-т заасан босго үнээс бага төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг энэ хуулийн 7.1 дэх хэсэгт заасан журмыг мөрдөхгүйгээр шууд худалдан авч болно” гэж заасан тул Г.О- нь “Д” ХХК-тай гэрээ байгуулахдаа дээрх хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна.

Хоёрдугаарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд тухайн этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байх ойлголтыг агуулна.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж буй үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгох ба энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай.

Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашигт харш байдлаар хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлж өөртөө, эсхүл бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцож буй этгээд өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж мэдсэн, улмаар түүнийг хүсэж үйлдсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэрээр төрийн албанд ажиллаж, үйлчлүүлж байгаа иргэдийн хууль ёсны ашиг сонирхол, төрийн байгууллагын эрх ашиг, түүнчлэн дээрх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдал зэрэгт хор уршиг учруулсан байхыг шаардана.

Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын цуглуулж, бэхжүүлсэн хэрэгт авагдсан нотлох баримтуудад тал бүрээс нь бүрэн дүүрэн дүгнэлт хийсний үндсэн дээр Г.О- нь “Д” ХХК-ийг Д.О-ийн нөхрийн буюу хамаарал бүхий этгээдийн компани гэдгийг мэдсээр байж Д.О-тэй үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх үүргээ санаатай биелүүлэхгүй байж өргөсөн тангаргаасаа няцах санаа зорилго тогтоогдоогүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Дээрх үндэслэлээр прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.О-ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 24 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

2.Шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар Д.О- нь Сүхбаатар дүүргийн ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2022 оны 05-08 дугаар сард урсгал засварын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа өөрийн хамаарал бүхий нөхөр Б.Э-ийн “Д” ХХК-тай гэрээ байгуулж, “Д” ХХК-ийн дансаар дамжуулан 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлэн авч өөрт эдийн давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын 2 дугаар зүйлийн а-д зааснаар төрийн албан тушаалтан гэж оролцогч улсын хуулийн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүнийг, оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид төрийн албан тушаалтан гэж тодорхойлсон хүнийг хэлнэ.

Тус конвенцод нэгдэн орсон Монгол Улсын дотоодын хууль тогтоомжид ямар этгээдийг нийтийн албан тушаалтан гэж үзэх талаар дараах байдлаар хуульчилжээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна”,

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2-т “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч” гэж тус тус заасан.

Дээрх зохицуулалтууд болон Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/182 дугаар “Д.О-ийг эгүүлэн ажилд томилох тухай” тушаал (3хх 109-110), цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолт (3хх 126-129) зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Д.О- нь Сүхбаатар дүүргийн ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан тул түүнийг төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч нараас “Д.О- нь паркетан шал хийлгэх мөнгө болох 4,500,000 төгрөгийг П.Т-д наадмын өмнө өгсөн ба паркетан шал хийгдсэн, өөртөө болон бусдад давуу байдал бий болгоогүй” гэх агуулгаар маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Учир нь, гэрч П.Т- мөрдөн шалгах ажиллагаанд “...Д.О-ээс 4,500,000 төгрөгийг бэлнээр 2022 оны 08 дугаар сарын сүүлээр авсан” гэж,

гэрч Ш.Ц-: “...Д.О- өөрөө над руу 2022 оны 08 дугаар сард орой утсаар залгаад “паркетан шалаа аваарай портероор очиж байгаа” гэж хэлсэн. Тухайн үед ямар нэг тэмдэглэл үйлдэж хүлээж аваагүй...” гэж тус тус мэдүүлснээс үзвэл:

Б.Э- нь “Д” ХХК-ийн дансанд орсон 5,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь данс руу шилжүүлэн авч, тус мөнгөнөөс 4,200,000 төгрөгийг Д.О-ийн данс руу шилжүүлж, улмаар Д.О- нь тус 4,200,000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан болох нь түүний эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогджээ (2хх 55-57, 118-119).

Харин гэрч П.Т- нь шүүхийн хэлэлцүүлэгт “4,500,000 төгрөгийг наадмын өмнө бэлнээр авсан” гэж мэдүүлсэн нь өөр бусад нотлох баримтаар нотлогдоогүй бөгөөд харин түүний өгсөн зөрүүтэй мэдүүлгүүдийг бусад нотлох баримтуудтай харьцуулан жиших аргаар магадлан дүгнэвэл, хэргийн талаар ач холбогдолтой нөхцөл байдлыг мэдэх түүнээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хуулийн хариуцлагыг сануулсны үндсэн дээр хөндлөнгийн дарамт, шахалтгүйгээр авагдсан мэдүүлэг нь гэрч Ш.Ц-гийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул түүнийг үнэлэх нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.

Уг гэмт хэрэг нь субъектив шинжийн хувьд:

-тусгай субъект буюу нийтийн албан тушаалтан өөртөө болон бусдад эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийн өмчлөх эрхийг олж авах, хуульд заасан үүргээ гүйцэтгэхгүй байх, төлбөргүй буюу хөнгөлөлттэй аливаа ажил, үйлчилгээнд хамрагдах шунахай санаа зорилго,

-өс хонзон санах, бусдын захиалгыг гүйцэлдүүлэх, атаархах, албан тушаал ахихыг санаархах, бие биеэ хаацайлах, хэн нэгний ивээлд багтах зэрэг хувийн бусад сэдэлтээр үйлдсэн,

-тухайн үйлдлээсээ бий болох хохирол, хор уршгийг ухамсарласан,

-нийгэмд аюултай, хууль бус үйлдэл болохыг урьдчилан мэдсэн,

-үр дагавар, хохирол, хор уршгийг зориуд хүсэж үйлдсэн байдаг онцлогтой. 

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж, тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчин, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-д “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”,

мөн хэсгийн 3.1.4-д “давуу байдал гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-д “ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг” тус тус ойлгоно.

Шүүгдэгч Д.О- нь “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглох, өөртэй нь хамаарал бүхий этгээдийн өмнө нийтийн албыг төлөөлж болохгүй, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэснийг зөрчиж, цэцэрлэгийн урсгал засварын ажлыг хийж гүйцэтгэхдээ “Д” ХХК-ийг өөртэй нь хамаарал бүхий этгээд болох нөхөр Б.Э-ийн компани гэдгийг мэдсээр байж “Д” ХХК-тай гэрээ байгуулж, уг гэрээний дүн болох 5,000,000 төгрөгийг тус компанийн дансаар дамжуулан авч, өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан нь төрийн албаны харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны болоод шударга ёсны зарчим аль алинд нь хор уршиг учруулсан байх тул эрх мэдэл, албан тушаалын гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Нийтийн албан тушаалтны хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн аливаа үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй тохиолдолд түүнд бусад хуулиар хариуцлага хүлээлгэдэг тул шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч нарын маргаж буйгаар сахилгын шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн шүүгдэгч Д.О- болон түүний өмгөөлөгч нарын зүгээс “паркетан шалны мөнгийг бусад компанийн дансаар дамжуулан гаргахын тулд нэмэгдсэн өртгийн албан татварт 15-18 хувийг төлөх гээд байсан, 10 хувийн шимтгэл төлж чанартай шал хийлгэх зорилгоор өөрийн нөхрийн компанийн дансаар шилжүүлэн авсан” гэх боловч тухайн үйл баримт нь шүүгдэгч Д.О-ийн мэдүүлж буйгаас өөр баримтаар нотлогдоогүй.

Төрийн сангаас “Д” ХХК-ийн дансанд 5,000,000 төгрөг орсон бөгөөд үүнээс Д.О-ийн мэдүүлж буйгаар нэмэгдсэн өртгийн албан татварт 10 хувийг төлсөн дүн нь 4,500,000 төгрөг болох байтал Б.Э- нь Д.О-ийн эзэмшлийн данс руу 4,200,000 төгрөг шилжүүлсэн зэрэг үйл баримтаас дүгнэвэл, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас дээрх байдлаар маргаж буйг үнэлэх боломжгүй болно.

Мөн “тус цэцэрлэгийн паркетан шал хийгдсэн, “Ашидбилгүүн” ХХК-аар паркетан шал хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний хөрөнгийн үнэлгээг хийлгэхэд нийт 6,100,000 төгрөгийн үнэлгээ гарсан” гэх боловч энэ гэмт хэргийн улмаас заавал хохирол учирсан байхыг шаардахгүй ба нийтийн албан тушаалтан хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж, гэм буруугийн санаатай хэлбэрээр Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийснээр уг гэмт хэрэг төгсөх тул Д.О- нь Төрийн сангаас орж ирсэн мөнгийг өөрийн нөхрийн “Д” ХХК-ийн дансаар дамжуулан авч, хувийн хэрэгцээндээ зарцуулсны дараагаар тус цэцэрлэгийн паркетан шал хийгдсэн нь түүний гэм буруутай үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.

Иймд шүүгдэгч Д.О-ийг Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3,  7.1.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.1, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2-т тус тус заасныг зөрчсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, 5,000,000 төгрөг шилжүүлэн авч өөрт давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгон ял оногдуулахаас гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Шүүгдэгч Д.О- нь өөрийн нөхөр болох Б.Э-ийн “Д” ХХК-ийн арилжааны банкин дахь дансаар дамжуулан 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан бөгөөд анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуульд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт орохоос өмнөх агуулгаар ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зохицуулалттай нийцсэн байна.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүгдэгч Д.О-ийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч А.Шинэгэрэл, П.Батбүрэн, Ц.Дэлгэрням нарын гаргасан “Д.О-ийг цагаатгуулах” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/272 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 24 дүгээр эсэргүүцэл, шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч А.Шинэгэрэл, П.Батбүрэн, Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН