| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2402006050329Т |
| Дугаар | 2025/ДШМ/630 |
| Огноо | 2025-05-27 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Баярмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2025/ДШМ/630
Б.Ц-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Баярмаа,
шүүгдэгч Б.Ц-гийн өмгөөлөгч Г.Анхбаяр,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/919 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ц-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2402006050329Т дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Б-ийн Ц, 2006 онд Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 ахын хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);
Б.Ц- нь бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” амралтын газрын гэрт амарч байсан нэр бүхий 5 хохирогчийн 7 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газар: Б.Ц-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Ц-г бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 4 сарын хорих ял шийтгэн, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Ц- давж заалдах гомдолдоо: “...Би гэм буруу дээр маргаагүй, үнэн зөвөөр хэргээ хүлээсэн, мөн хохирлыг биет байдлаар газар дээр нь хүлээлгэн өгч, хохирогч нараас уучлалт гуйсан. Миний бие 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Цагдан хорих 461 дүгээр ангийн Нэгдсэн эмнэлэгт бөөрний архаг үрэвсэл, бөөрний сийрэгжилт, мөн баруун талын өндгөвч уйланхайтай гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Би өөрийн гэм буруугаа ухамсарлаж, дахин гэмт хэрэг, зөрчил гаргахгүйгээр амьдарч чадна. Иймд анх удаа гэмт хэрэг үйлдсэн алдааг минь уучилж, надад оногдуулсан хорих ялын хугацааг багасгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Ц-гийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
Прокурор Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэж хууль ёсны дүгнэлт хийсэн. Уг хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан 1 жил 4 сарын хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хангаж шийдвэрлэсэн. Үүнээс доогуур ял оногдуулах хууль зүйн үндэслэл байхгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан:
-2024 оны 07 дугаар сарын 07-ний өдөр амралтын газрын монгол гэр, байшингаас гар утсаа алдсан талаар мэдүүлсэн хохирогч E, E.Kh, Г.П, Д.Л, Д.С нарын (1хх 25, 30, 34, 38, 42),
-гэрч А.Э-ын: “...Өглөө 05 цаг 50 минутын орчимд гялгар уут дуугарахаар нь дээш хагас өндийн хартал хаалганы хажуу талын сандал дээр хар хувцастай нэг охин сууж байсан ба нэг охин нь миний орны урд талд дөрөв хөллөсөн байдалтай байсан. Сандал дээр сууж байсан охин гэнэт босож ирээд “айл андуурсан байна” гээд тэр хоёр гараад гүйсэн. Би сэжиг төрөөд гар утсаа хайтал байхаар нь санаа амраад унтаад өгсөн. Тэгтэл удалгүй цаад талд байшинд амарч байсан манай ах, дүү нар ирээд гар утаснуудаа алдчихлаа гээд цагдаагийн байгууллагад хандсан...” (хх 59-60),
-Б.Ц-, Б.Х- нар алга болчихсон байж байгаад буцаж ирээд унтсан талаар мэдүүлсэн гэрч О.М-, Н.Т- нарын (1хх 45-46, 48, 50-51),
-шүүгдэгч Б.Ц-гийн: “...Бид үүр цайтал архи, пиво ууж, хөзөр тоглож байгаад үүрээр Б.Х-, О.М-, Н.Т- бид дөрөв уулан дээр пиво уугаад Н.Т-, О.М- хоёр “орж унтлаа” гээд түрүүлээд гэр рүүгээ явсан. Б.Х- бид хоёр пиво ууж дуусаад гэр рүүгээ явж байгаад амралтын газрын гэрээ андуураад нэг гэрт ороход хэдэн хүмүүс унтаж байсан ба 2 ширхэг гар утсыг аваад дараагийн гэр рүү ороод унтаж байсан хүмүүсийн гар утсыг авсан. Б.Х- бид хоёр зэрэг утсыг аваад байсан болохоор ямар утас байсан, хэдэн утас, аль гэрээс авсныг мэдэхгүй байна. Нэг гэрт ороход орон дээр унтаж байсан ах сэрээд “хэн бэ” гэхээр нь гэрээ андуурчихсан байна гэж хэлээд тэр гэрээс гарсан. Нийт 7 ширхэг гар утас авсан байснаа гялгар уутанд хийж О.М-ын машины доогуур хийсэн...” (хх 86-89) гэх мэдүүлгүүд,
-Дамно ХХК-ийн НД-24-175 дугаартай: “...Шинжилгээний объектын 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 4,904,910 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх шинжээчийн дүгнэлт (хх 69-75),
-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх 15-21),
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх 13) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ц- нь бүлэглэн 2024 оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө үргэлжилсэн үйлдлээр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” амралтын газрын гэрт амарч байсан нэр бүхий 5 хохирогчийн 7 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйл баримт тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Ц-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн амралтын газрын гэрт нууцаар орж, нэр бүхий 5 хохирогчийн 7 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авсан шүүгдэгч Б.Ц-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгчээс гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргаж гомдол гаргаагүй болно.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх билээ.
Шүүх Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг гарах болсон шалтгаан, түүнийг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш, харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон заалт юм.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэгт тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруу болон түүний хэлбэр, учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ, эдгээр нөхцөл байдлын талаар мөрдөгч, прокурор, шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт, хэргийн зүйлчлэл зэргийн талаар огт маргахгүй байгааг ойлгодог.
Шүүгдэгч Б.Ц- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхнээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон байх ба хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон 7 ширхэг гар утсыг биет байдлаар хохирогч нарт хүлээлгэн өгч хохирол төлбөргүй болсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах...” гэж заасан.
Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр Эрүүгийн хуульд заасан.
Анхан шатны шүүхээс Б.Ц- нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал байгаа талаар дүгнэхийн зэрэгцээ түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон бусад хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт үйлдэж үйлдэж учруулсан хохирлоо биет байдлаар буцаан олгосон, бусдад төлөх төлбөргүй зэргийг тал бүрээс нь харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 4 сарын хорих ял оногдуулсан нь Б.Ц-гийн үйлдсэн гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн байх ба хуульд зааснаас бага хэмжээгээр оногдуулсан ялыг давж заалдах шатны шүүхээс дахин багасгах үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч Б.Ц-гийн гаргасан “хорих ялын хугацааг багасгах” агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ц- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 55 хоног цагдан хоригдсон байгааг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/919 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ц-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-гийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 55 (тавин тав) хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН