Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/00296

 

Д.Дэлгэрбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1444 дүгээр шийдвэр,        

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 207 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Д.Дэлгэрбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох,

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/99 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.         

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Дэлгэрбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012 оноос хойш Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 4 дүгээр сургуулийн захирлаар хуулийн дагуу томилогдон ажиллаж байсан. Тус сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, холбогдох хууль тогтоомж дүрэм журмыг дагаж мөрдөн ажиллаж сургуулийн үйл ажиллагааг хэвийн түвшинд удирдан зохион байгуулж ирсэн.Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат нь 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/99 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” захирамж гаргаж тушаалын хууль зүйн үндэслэл, ажлаас чөлөөлж буй шалтгаан зэргийг тайлбарлаж, танилцуулахгүйгээр 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ажлыг минь хүлээлцүүлсэн. Миний бие Б/99 дугаар захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй боловч төрийн ажил тасралтгүй үргэлжлэх зарчим, хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа зэрэг цаг үеийн асуудлыг хүндэтгэн үзэж ажлаа хүлээлгэж өгсөн. Ажлаас чөлөөлөх тухай Б/99 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлгүй, хувийн ашиг сонирхлоо илэрхийлсэн дур зоргын шинжтэй илт хүчин төгөлдөр бус захирамж болох нь тус захирамжийн үндэслэх хэсэгт дурдагдсан хууль, хуулийн заалтуудаас харагдаж байна. Тус захирамжийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь зүйлд сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон гэх үндэслэл зааж гаргасан.Миний бие ямар нэгэн өөр орон тооны ажил, албан тушаалд сонгогдож, томилогдсон зүйл байхгүй бөгөөд 2012 оноос 4 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байсан. Мөн 2008, 2012, 2016 оны аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуульд төлөөлөгчөөр сонгогдсон билээ. 2016 оны Аймгийн ИТХ-ын сонгуульд 3 дугаар багаас бие даан нэр дэвшиж аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон боловч тус багт дахин сонгууль явагдахаар болж өмнөх сонгуулийн дүн хүчингүй болсон. ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдох асуудал нь иргэн миний Үндсэн хуулиар баталгаажсан сонгох, сонгогдох үндсэн эрхтэй холбоотой бөгөөд үүнийг өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон гэх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын үндэслэлтэй адилтган үзэх боломжгүй юм. Харин С.Насанбат өөрийн эрх мэдлийг ашиглаж хэт улс төржсөн хууль зүйн үндэслэлгүй захирамж гарган намайг ажлаас чөлөөлөөд зогсохгүй 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Б/107 дугаар захирамж гаргаж Дархан сумын 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан миний эхнэр Д.Оюунчимэгийг мөн л хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн. Засаг дарга С.Насанбат ийнхүү хууль бус захирамж гаргаж намайг ажлаас чөлөөлж буй гол үндсэн шалтгаан нь 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хуралдсан аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн Анхдугаар хуралдаанд миний бие С.Насанбатыг аймгийн Засаг даргад нэр дэвшихэд түүнд саналаа өгөөгүй учир өс санаж намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой байна.Иймд хууль бус захирамж гаргаж, миний Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуулиар баталгаажсан хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/99 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажилгүй байсан хугацааны цалин 2 233 137 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Дархан-Уул аймгийн 9 дүгээр баг, 4-1 дүгээр байрны 184 тоотод оршин суух иргэн Д.Дэлгэрбаярын нэхэмжлэлийг хүлээн аваад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/115 дугаар захирамжаар Д.Дэлгэрбаярыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр сургуулийн захирлаар 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр эгүүлэн томилсон боловч ажлаа хүлээж аваагүй. Ажлаа хүлээж авахыг удаа дараа мэдэгдсэн.Иймд Аймгийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоосон захирамж гарсан өдөр хүртэлх 11 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинг, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг зөвшөөрч байна гэжээ. 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1444 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Дэлгэрбаярын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас 576 367 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Дэлгэрбаярт олгож, ажилгүй байсан хугацааны цалин 1 656 770 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагчид нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж суутган бичилт хийхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 17941 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 207 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1444 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Сум дундын Иргэний хэргийн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байсан Д.Дэлгэрбаярыг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/99 дүгээр захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно. Гэтэл Д.Дэлгэрбаяр нь Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 9 дүгээр сарын 05-нд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч танилцаад аймгийн Засаг даргад танилцуулан 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/115 дугаар захирамжаар Д.Дэлгэрбаярыг Дархан сумын 4 дүгээр сургуулийн захирлаар 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр эгүүлэн томилсон болно. Д.Дэлгэрбаярыг ажилд нь эгүүлэн томилсон тухай өөрт нь мэдэгдсэн ба өөрөө ч ажилд томилсон захирамжтайгаа танилцсан. Ажил хүлээлцэх комисс Д.Дэлгэрбаярт ажлыг хүлээлгэн өгөхөөр 2016 оны 9 дүгээр сарын 19, 20, 21, 22-ны өдрүүдэд мэдэгдсэн боловч 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд ажлаа хүлээж аваагүй болно.2016 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг миний бие Дархан сумын 4 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилогдсон 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/115 дугаар захирамж, Д.Дэлгэрбаярын ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нөхөн төлөх болно гэсэн тайлбарыг сум дундын шүүхэд өгсөн. Анхан шатны шүүх хурал болохоос өмнө Д.Дэлгэрбаяр болон түүний өмгөөлөгчтэй уулзан ажлаа хүлээн аваач ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн олгоно гэж хэлсэн боловч Д.Дэлгэрбаяр ажлаа хүлээн авалгүй Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох дахин сонгуульд оролцох байсан тул 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр анхан шатны шүүх хурал болоход янз бүрийн шалтгаан хэлж шүүх хурлыг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагт хийхээр хойшлуулсан боловч хурал дахин сонгууль явагдаж дууссаны дараа 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хурал дээр шүүгч энэ хугацаанд ажлаа яагаад хүлээж аваагүй юм бэ гэж асуухад Д.Дэлгэрбаяр ажлаа хүлээн авбал дахин сонгуульд оролцоход намайг ажлаас халчихна гэж хариулсан. Энэ нь Д.Дэлгэрбаяр өөрөө улс төржин болоогүй үйлдлийг урьдчилан төлөвлөсөн байсан.Энэ хугацаанд 4 дүгээр сургуулийн багш, ажилчдын цалин хөлс олголт болон бусад ажил явагдахгүй хүндрэл учирч байсан. Д.Дэлгэрбаярыг ажлаа хүлээж авахыг удаа дараа мэдэгдэхэд ажлаа хүлээн авахгүй байгаа талаар ажлын хэсгийн ахлагч аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Р.Батжаргал тус сургуулийн багш, ажилчидтай уулзсан тэмдэглэл дээр тодорхой байгаа болно....Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/115 дугаар захирамжаар Д.Дэлгэрбаярыг Дархан сумын 4 дүгээр сургуулийн захирлаар 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр эгүүлэн томилсон аймгийн Засаг даргын захирамж, Дархан сумын 4 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилогдсон Д.Дэлгэрбаярын ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгэр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нөхөн төлөх болно гэсэн тайлбар гаргасан байхад “...бусад шаардлагуудыг хүлээн зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй энэ талаар тайлбар гаргаагүй” гэсэн нь үндэслэлгүй байна.Д.Дэлгэрбаяр нь 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/99 дүгээр захирамжаар ажилдаа эгүүлэн томилогдсон боловч өөрөө 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл ажлаа хүлээн авалгүй явсаар ажилгүй байсан хугацааны цалин 2 233 137 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй харин 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацаа 11 хоног байх тул 11 хоногийн цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг зөвшөөрч байна гэдэг тайлбарыг анхан шатны шүүх хурал дээр тайлбарласныг шүүхийн шийдвэрт тодорхой тусгасан байна.Иймд Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт байгаа нотлох баримт, сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрт тодорхой бичигдсэн тайлбарыг үнэлээгүй хуулийг буруу хэрэглэсэн байх тул Дархан-Уул аймгийн аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 207 дугаар магадлалыг хүчингүй болгон анхан шатны шүүхийн 1444 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                                    ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1., 168.3.-т заасан шаардлагад нийцээгүй, шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийгээгүй тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрч биелүүлсэн хариуцагчийн ажиллагааны эрх зүйн үр дагаврыг  буруу шийдвэрлэсэн нь алдаатай болжээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх журмаар дээрх алдааг залруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Д.Дэлгэрбаяр нь Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 31-ний Б\99 захирамжийг хүчингүй болгуулж, Дархан сумын 4-р сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг гаргажээ \хх-ийн 1-2 дугаар тал\. Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нэхэмжлэлийн хувийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гардан авч, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б\115 дугаар захирамжаар Д.Дэлгэрбаярыг Дархан сумын 4-р сургуулийн захирлаар томилсон байна \хх-ийн 14, 15, 12 дугаар тал\.

Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг сайн дураар биелүүлсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг зөрчжээ. Нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлэх нь тухайн шаардлагыг хүлээн зөвшөөрсний нэг хэлбэр болно.

Харин хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгчийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд ажилгүй байсан үеийн цалин хөлсийг хэрхэх талаар захирамждаа тусгаагүй тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг болон эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх, дэвтэрт бичилт хийх зэргийг анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.  

Давж заалдах шатны шүүх “хэргийн болсон үйл явдал болон хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь учир дутагдалтай болжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шүүх маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэхээр байна. 

Харин 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш нэхэмжлэгчийг ажилдаа эргэж ороогүй, ажил тасалсан гэх үндэслэлээр дахин ажлаас чөлөөлсөн гэх зохигчдын  хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар нь анхан болон давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдээгүй, нэхэмжлэлийн шаардлагад байхгүй үйл баримт учир хяналтын шатны шүүх энэ талаар дүгнэлт хийх боломжгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж,  давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 207 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1444 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан Д.Дэлгэрбаярын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 576 367 төгрөгийг хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч Д.Дэлгэрбаярт олгон, нэхэмжлэлээс 1 656 770 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар Дархан сумын 4-р сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай Д.Дэлгэрбаярын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга сайн дураар биелүүлсэнийг баталж, хэргийн энэ хэсэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.       

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН