Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 78

 

 С.Б-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   Д.Мөнхтуяа,

                                                   Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/726 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0569 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 635 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У нарыг оролцуулж,

            Хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0569 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/726 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 635 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0569 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/726 дугаар захирамжийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан /6/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч Нийслэлийн Засаг дарга шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/726 дугаар захирамж хүчингүй болохыг дурдсугай” гэж нэмж, “2” дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 635 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй, тухайн нөхцөл байдал, үйл баримтад тулгуурлан дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

4. БГД-ын 5 дугаар хороо, 80б байрны “Шинэ өглөө сууц өмчлөгчдийн холбоо”, 80а, 80б байрны оршин суугчдаас удаа дараа өргөдөл гомдол ирүүлсний дагуу нөхцөл байдлыг судалж үзээд С.Б-ийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2-т заасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/726 дугаар захирамжаар хүчингүй болгон шийдвэрлэсэн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгох тохиолдлуудыг тодорхойлсон ба 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухай газраа 2 жил дараалан ашиглаагүй, 40.2-т Энэ хуулийн 40.1-т заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшин байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ гэж заасны дагуу болон нийслэлийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд энэхүү захиргааны актыг батлан гаргасан. Дээр дурдсан СӨХ болон оршин суугчдын гомдлын дагуу Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газраас /хуучин нэрээр/ барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүчингүй болгосон бөгөөд түүнээс хойш нэхэмжлэгч барилгын зургаа өөрчилж, дахин хандах боломжтой байсан ч 2018 оны 08 дугаар сарын 16-ний өдөр буюу газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэл хугацаанд барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөө сэргээлгээгүй. Хавтас хэрэгт Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газраас барилгын зургаа өөрчлөөд ирсэн тохиолдолд шийдвэрлэх боломжтой тухай хариу өгч байсан тухай баримтууд байгаа болно.

5. Түүнчлэн Давж заалдах шатны шүүх 80б байрны оршин суугчдын (цонх нь нэхэмжлэгчийн барилга барихаар төлөвлөсөн тал руу харсан) орон сууцаа зориулалтын дагуу ашиглах эрхийг хөндөхгүй байхуйцаар тухайн газрыг эзэмших нэхэмжлэгчийн эрхийг баталгаажуулах замаар дахин шинэ акт гаргах гэсэн нь ойлгомжгүй, 80б байрны оршин суугчдын орон сууцаа зориулалтын дагуу ашиглах буюу цонх хаахгүй барилга барих нь барилгын зөвшөөрөлтэй холбоотой асуудал бөгөөд газар эзэмших эрхийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна.

6. Иймд Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0569 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 635 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

7. Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 5 рны өдрийн 635 дугаар магадлалыг ЗХШХШТХ-ийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасны дагуу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч С.Бийг газар эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийг бүрэн нягтлалгүйгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь буруу байна гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь иргэн Батсүх нь уг газрын эзэмших эрхийг 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 98 дугаар захирамжаар авсан байдаг. Уг эрхийг 2015 онд сунгасан.

8. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл нь тухайн газрыг эзэмшиж эхэлсэн үеэс тооцохоор зохицуулсан бөгөөд газар эзэмшигч С.Б нь 8 жилийн хугацаанд газраа эзэмшиж байсан боловч зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй болох нь нотлогддог. 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн нийслэлийн Засаг даргын А/376 дугаар захирамжаар газар эзэмших эрх сунгагдсанаас хойш ч өнөөдрийг хүртэл газрын үйлчилгээний зориулалтаар ашиглаагүй. Ашиглах ямар ч боломжгүй. Тухайн газартай хил залгаа газарт орон сууцны 80б байр баригдаж 2016 онд улсын комисс хүлээн авсан. Орон сууцны техник ашиглалтын дүрэмд орон сууцны барилгын гадна хананаас 10 м-ээс бага зайд газар шорооны ажил хийх, суваг шуудуу ухахыг хориглосон байдаг. Гэтэл иргэн С.Б нь 80б байранд 1 м орчим зайтай барилгын суурийн нүх ухаснаас байрны хананд цууралтууд үүсээд байна. 80б байрны гадна орчинд нийтийн эзэмшлийн ямар ч газаргүй учраас байрны урд цөөхөн машин тавиад дүүрчихдэг, хүүхэд, хөгшид, оршин суугчид амрах, салхилах боломжгүй, хүүхдийн тоглоомын талбай байхгүй, оршин суугчдын тав тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байна. Орон сууцны барилгын төлөвлөлт норм ба дүрэм БНбД 30-01-10-д орон сууцны барилгын гадна орчинд иргэдийн амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, бие бялдрын дасгал сургуулилт хийх тохьтой орчин бүрдүүлэх шаардлагыг тусгасан байдаг.

9. Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлд Сууц өмчлөгчдийн холбоонд ногоон зүлэг, бут сөөг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвчийн зориулалтаар орон сууцны орчны газрыг ашиглуулахаар заасан байдаг. Тухайн газар нь манай байрны орчны газарт хамаарах юм.  Иймд иргэн С.Б нь тухайн газрыг зориулалтын дагуу ашиглах нь 80б байрны хэвийн ашиглалт, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахаар, оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчих, СӨХ-ны орчны газраа ашиглах эрхийг зөрчихөөр байх тул Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 635 дугаартай магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцжээ.

11. Нэхэмжлэгч С.Б нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/726 дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гарган, “...хариуцагчаас газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг нарийвчлан шалгаж, тогтоох үүргээ биелүүлээгүй. ...Манай барилга нь 80Б байр буюу иргэн Г.Д-гийн барилгатай хамт зүүн талд нь залгаа төлөвлөгдсөн, уг байр түрүүлж баригдаж зүүн талдаа цонх гаргаснаас шалтгаалж тус байрны СӨХ болон зүүн тийш харсан цонхтой айлууд гомдол гаргаснаас манай барилгын ажлын зөвшөөрөл хүчингүй болсон, үүнээс болж 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөл үүссэн ч энэ нь хүндэтгэн үзэх дээрх шалтгаантай байсан” гэж маргажээ.

12. Нэхэмжлэгч С.Б нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 98 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 360 м.кв газрыг “орон сууц, үйлчилгээ”-ний зориулалтаар эзэмших эрхтэй /иргэн Б.З-аас уг газрыг шилжүүлж авсан/ болсон байх ба мөн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/376 дугаар захирамжаар түүний газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан байна.

13. Гэвч Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/726 дугаар захирамжаар, Газрын тухай хуулийн 40.1.6, 40.2-т заасныг баримтлан “газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр, нэхэмжлэгч С.Б-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.

14. Давж заалдах шатны шүүхийн “...Гуравдагч этгээд сууц өмчлөгчдийн холбооны газар ашиглах эрх зөрчигдөнө гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлах үндэслэлгүй. Учир нь дээрх хоёр барилга нэг зэрэг төлөвлөгдөж, орчны төлөвлөлт нь хамт хийгдсэн байна. ...иргэн Г.Д-ийн үйлчилгээтэй орон сууцны барилга /80Б байр/ нь нэхэмжлэгч С.Б-ийн цэцэрлэгтэй орон сууцны барилга баригдахаас өмнө ашиглалтад орсон үйл баримт нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгох нөхцөл болохгүй” гэж дүгнэн, маргаан бүхий А/726 дугаар захирамжийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна гэж үзлээ.

15. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д газар эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан.

16. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч С.Б нь өөрийн эзэмшлийн газар дээр цэцэрлэгтэй орон сууцны барилга барихаар төлөвлөж, уг барилгыг барихтай холбоотой зохих зөвшөөрлүүдийг авч ажилласан, тухайлбал 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан, мөн 2015 онд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулснаас хойш 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргуулж, мөн оны 5 дугаар сарын 10-ны өдөр Барилгын талбайн зохион байгуулалтын зургийг баталгаажуулах санал авч, 5 дугаар сарын 16-ны өдөр Барилга, байгууламжийн тэг тэнхлэгийг газар дээр байгуулж /акт №16/03/, улмаар 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /№134/2016/-ийг авч, барилгын суурийн ажлыг гүйцэтгэх явцад Ерөнхий төлөвлөгөөний газраас 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 07/2802 тоот албан бичгээр “...зүүн талын 80А байрны цонхыг хааж барилга барьж байгаа талаар Нийслэлийн Засаг даргад удаа дараа гомдол ирсэн” гэсэн үндэслэлээр барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон, үүний улмаас барилгын ажлыг зогсоосон үйл баримтууд тогтоогджээ. Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч С.Б-ийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж дүгнэх нь учир дутагдалтай байна.

17. Ийм байтал хариуцагчаас газар ашиглах талаар үүссэн дээрх шалтгаан, нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийлгүй, түрүүлж ашиглалтад орсон барилга /80Б байр/-ын оршин суугчдын гаргасан гомдолд үндэслэж нэхэмжлэгч С.Б-ийн газар эзэмших эрхийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй, анхан шатны шүүхийн “...барилга барих зориулалт бүхий түр хашаа барьсан, барилгын суурийн нүх ухаад орхисныг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй, С.Б нь 2010 онд газар эзэмших эрхийг шилжүүлэн аваад 2015 онд эзэмших эрхийн хугацаа сунгуулснаас хойш 2018 оныг хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхээргүй байна” гэсэн дүгнэлт буруу болжээ.

18. Маргааны үйл баримт, дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, нэмж судлах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээр байна. Иймд хариуцагчаас давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг хэрэгжүүлж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд болох Б.Б, 80Б байрны оршин суугчид /цонх нь нэхэмжлэгчийн барилга барихаар төлөвлөсөн тал руу харсан/-ын орон сууцаа зориулалтын дагуу ашиглах эрхийг хөндөхгүйгээр, тэдний хэн алиных нь эрх ашгийг хангасан захиргааны шийдвэр /дахин шинэ акт/ гаргах шаардлагатай юм.

19. Иймд магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх”-ийг хүсч гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 635 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг баримтлан гуравдагч этгээдийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                                     ШҮҮГЧ                                                                Б.МӨНХТУЯА