| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2408000001475 |
| Дугаар | 2025/ДШМ/456 |
| Огноо | 2025-04-24 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/456
2025 04 24 2025/ДШМ/456
Д.Мт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Л.Солонго,
шүүгдэгч Д.Мын өмгөөлөгч Г.Эсэн,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/376 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эсэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Мт холбогдох 2408000001475 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Цагаанбаатар овгийн Д.М, 1987 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт ...................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...................../;
Шүүгдэгч Д.М нь 2023 оны 10 дугаар сард зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу зарж борлуулан ашиг олох зорилгоор Улаанбаатар хотын ..............дүүргийн дэвсгэрээс 1020 кг ховор ургамлын жагсаалтад багтсан "Сибирь хуш"-ны самрыг худалдан авч, Улаанбаатар ..................дүүргийн нутаг дэвсгэрээс ................... дүүргийн ................. тоот хүртэл тээвэрлэн, 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл ................. дүүргийн ..........., Овоотын ............. дугаар гудамж .............. тоотод хадгалж, улмаар экологи-эдийн засагт 100.878.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор байгалийн ургамлыг худалдан авсан, хадгалсан тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Маас 296.634.000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгож, Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Цагдаагийн ерөнхий газрын харьяа Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1020 кг хуш модны үр, идээ самрыг” шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж улсын орлого болгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эсэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэдэг байдлаар давж заалдах гомдлыг гаргасан. Шүүгдэгч Д.М нь ойн санд хохирол учруулсан этгээд биш байдаг. Зарын дагуу худалдаж аваад тээвэрлээд, хадгалсан үйлдэлтэй. Экологи, эдийн засгийн үнэлгээгээр 296.634.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж байгаа нь Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад зааснаар ойн санд хохирол учруулсан этгээд буюу хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр түүсэн, бэлтгэсэн этгээдүүдэд хамаатай байдаг. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М нь нэн ховор ургамал буюу хуш модны самрыг “худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн” гэх үйл баримт авагдсан байхад шүүхээс байгалийн ховор ургамлыг бэлтгэсэн үйлдэлд оногдуулбал зохих экологи эдийн засагт учирсан хохирлыг хэн учруулсан, хэрхэн ямар аргаар уг гэмт хэргийг үйлдсэн болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй байхад шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан нөхцөл байдал тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байх тул хүлээн авч хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч Д.М анхнаасаа хадгалсан, тээвэрлэсэн талаараа мэдүүлсэн. Хохирол эргэлзээтэй буюу 3 хохирлын дүн гарсан байдаг. Экологи эдийн засгийн үнэлгээгээр 300 сая төгрөг гэж гарсан, эдийн засгийн үнэлгээгээр 100 сая, зах зээлийн ханшаар 8 сая гэж тус тус гарсан. Иймд давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна.” гэв.
Прокурор Л.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Давж заалдах гомдолд шүүгдэгч Д.Мт холбогдох хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу мөрдөн байцаалтын шатанд процесс ажиллагаа зөрчигдсөн гэх агуулгыг дурдсан байна. Ямар процесс ажиллагааг яаж зөрчсөн болох талаар гомдолдоо дурдаагүй тул үүн дээр тайлбар хэлэх боломжгүй байна. Өмгөөлөгчөөс шүүгдэгч Д.М нь уг гэмт хэргийг үйлдсэн, эсхүл үйлдээгүй гээд хоёр үзүүртэй зүйлийг ярьж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт үйлдлүүдийг цэг, таслал аваад тодорхой дурдсан байгаа. Хуулийн заалтаа сайн ойлгох нь зүйтэй байх. Гаргуулахаар заасан хохирлыг багасгаж өгнө үү гэж байна уу сайн ойлгосонгүй. Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Мт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд цагаатгах, яллах талын нотлох баримтуудыг шинэчлэн судлаад гэм буруугийн асуудлыг бодит байдалд нийцүүлж үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна.
Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Д.М нь 2023 оны 10 дугаар сард зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу зарж борлуулан ашиг олох зорилгоор Улаанбаатар хотын ................. дүүргийн дэвсгэрээс 1020 кг ховор ургамлын жагсаалтад багтсан "Сибирь хуш"-ны самрыг худалдан авч, Улаанбаатар ..................дүүргийн нутаг дэвсгэрээс ................ дүүргийн ........... дүгээр хороо, ............ дугаар гудамж ................тоот хүртэл тээвэрлэн, 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл ............ дүүргийн ..............дүгээр хороо, .................. дугаар гудамж ............... тоотод хадгалж, улмаар экологи-эдийн засагт 100.878.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хууль ёсны төлөөлөгч Б.О“Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-р заалтад зааснаар ургамал- аймагт учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлын нөхөн төлбөрийг нэхэмжилнэ. Тийм болохоор 504.390.000 төгрөгийн нэхэмжилж байна. Шинжилгээний дүгнэлтэд тусгагдсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ, байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу хохирлыг нэхэмжилж байна.” /хх 24-26/,
гэрч Ж.Бын “...Би Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо овоотын 8-293 тоот хашаа байшинг 2021 онд анх өөрийн нэр худалдаж авч байсан юм. Би ээлжийн ажил хийдэг юм. 2023 онд Д.М ах надаас “чи дулаан зогсоолын түлхүүрээ өгч байгаач, би түр хэрэггүй эд зүйлээ түр хадгалах гэсэн” юм гэхээр нь би зөвшөөрөөд түлхүүрээ өгсөн. Би тухайн авто машины дулаан зогсоолд Д.М ахыг юу авч ирж хийсэн талаар ямар нэгэн зүйл мэдээгүй. Намайг ажилтай буюу ээлжинд гарч байхад хийсэн байсан. Надад тээврийн хэрэгсэл байхгүй болохоор тухайн дулаан зогсоолыг ашигладаггүй юм. Би Д.М ахыг дулаан зогсоолд самар хадгалж байсан гэдгийг анх цагдаа нар ирээд үзэхэд мэдсэн.” /хх 36-37/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №2996 дугаар “Шинжилгээнд ирсэн нийлэг ууттай зүйл нь Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour-ний самар байна. Ховор ургамлын жагсаалтад орсон ургамал. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарс (Хуш)- Pinus sibirica Du Tour самрын түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй байна. Сибирь нарс (Хуш)- Pinus sibirica Du Tour нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал- газарзүйн тойрогт тархдаг. Хуш модны самар нь таримал эсвэл байгалийн зэрлэг ургамал болохыг тодорхойлох боломжгүй. Шинжилгээнд ирсэн самрын дундаж чийг нь 21.6% байх тул нойтон байна. Хуш (Pinus sibirica Du Tour модны самрыг MNS 5786:2007, MNS5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Тус стандартад заасны дагуу хадгалаагүй тохиолдолд чанар муудах боломжтой. Стандартад заасны дагуу хадгалаагүй тохиолдолд жин, хэмжээ, чийгшилд өөрчлөлт орох боломжтой. Хугацааг нь тогтоох боломжгүй. 7.1 кг нойтон Хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 98.900 төгрөг байна. 98.900х1020кг=100.878.000, 1020 кг Хуш модны самрын ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол 98.900x5x1020кг=504.390.000 төгрөг байна. Ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол 98.900x3х1020кг=302.634.000” /хх 44-47/ гэсэн дүгнэлт,
гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх 01/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-11/,
2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №01/30 дугаартай “Цайруулсан самар 1020кг 8.670.000 төгрөгөөр үнэлэв.” /хх 59/ хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно...” гэж, 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдаанд талуудыг тэгш эрхтэй оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн зохих дүгнэлт хийн хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч Д.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор байгалийн ургамлыг худалдан авсан, хадгалсан тээвэрлэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий болжээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Мын 2023 оны 10 дугаар сард зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу зарж борлуулан ашиг олох зорилгоор Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн дэвсгэрээс 1020 кг ховор ургамлын жагсаалтад багтсан "Сибирь хуш"-ны самрыг худалдан авч, Улаанбаатар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 8 дугаар гудамж 293 тоот хүртэл тээвэрлэн, 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 8 дугаар гудамж 293 тоотод хадгалж, улмаар экологи-эдийн засагт 100.878.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзлээ.
Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Мын хувьд ховор ургамлын жагсаалтад багтсан “Сибирь хуш”-ны самрыг худалдан авч тээвэрлэн, хадгалсан үйлдлийг хууль бусаар бэлтгэсэн гэх үйлдэлтэй адилтган үзэж Ойн санд хохирол учруулсан гэж дүгнэх боломжгүй байна.
Хууль тогтоогч Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж хуульчлан заасан бол “Байгаль орчныг хамгаалах тухай хууль” болон ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан “Байгалийн ургамлын тухай” хуульд ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан, тээвэрлэсэн үйлдлийг тухайн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж ургамлын аймаг, эсхүл ойн санд шууд хохирол учруулсан үйлдэлтэй адилтган үзэх, улмаар тухайн ургамлыг худалдан авсан хүнээс уг ургамлын үнэлгээг өсгөн нэмэгдүүлсэн дүнгээр нөхөн төлүүлэх агуулга бүхий заалт байхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, Ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн дүнгээр хохирлыг тогтоох боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзэж зөвхөн түүнд анх 1020кг хуш модны самрыг экологи эдийн эдийн засгийн үнэлгээ экологи эдийн засагт учруулсан хохирлын үнэлгээгээр буюу буюу 1020кг самрыг 98.900 төгрөгөөр тооцож, нийт хохирлын хэмжээг 100.878.000 төгрөгөөр тооцож, уг хохирлоос шүүгдэгчийн төлсөн 6.000.000 төгрөгийг хасч, нийт хохирлыг 94.878.000 төгрөгөөр тогтоож шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шийтгэх тогтоолын хохирол төлбөртэй холбоотой заалтад зохих өөрчлөлт” оруулж өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авч, зохих өөрчлөлийг оруулав.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж хуульчилсан байх тул “Hyundai Accent” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 600.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/376 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Маас “Hyundai Accent” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 600.000 төгрөгийг шүүгдэгч Д.Маас гаргуулсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Маас 94.878.000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА