Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/01244

 

 

 

 

 

 

А ХХК нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01119 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч А ХХК хариуцагч Э ХХК д холбогдуулан гаргасан, гэрээний үүрэгт нийт 76,354,838 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Алтансүх, хариуцагчийн өмгөөлөгч Л.Энхбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Абмади ХХК нь нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Абмади ХХК нь Цагдаагийн Ерөнхий Газраас олгосон Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх 201907000190 дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу Э ХХК тай 2019 оны 10 сарын 27-ны өдөр 19/21 дугаартай Харуул хамгаалалтын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр хариуцагч компанийн Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум, Хулман нуур нэртэй газарт орших, МҮ-017480 дугаарын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, 1228.66 га талбай бүхий нүүрсний уурхайд 3 сарын хугацаагаар нийт 4 постод, 3 ээлжээр, 13 ажилтан харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэхээр тохиролцсон ба нэхэмжлэгч тал энэхүү үүргээ биелүүлсэн. Хариуцагч тал 2019 оны 12 сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг л төлсөн. 2020 оны 01 сарын 27-ны өдөр талууд тооцоо нийлж, 76,354,838 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг тодорхойлж акт, баталгаа үйлдсэн. Мөн өдөр дахин Харуул хамгаалалтын гэрээ-г байгуулан ажиллаж байгаа боловч уг гэрээний төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байдал үргэлжилсэн хэвээр байна. Иймд хариуцагч Э ХХК аас 19/21 дугаартай Харуул хамгаалалтын гэрээ-ний төлбөрийн үлдэгдэл 76,354,838 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Эрдэнийн босго ХХК тал тайлбартаа: Тус компани нь Абмади ХХК-тай 2019 оны 10 сарын 27-ны өдөр Харуул хамгаалалтын гэрээ байгуулж Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум, Хулман нуурт орших уурхайд хамгаалалтын ажил гүйцэтгүүлсэн. Тухайн үед манай компанид хөрөнгө оруулж, хамтран ажиллаж байсан БНХАУ-ын Жиа Юань уул уурхайн хөрөнгө оруулалтын компани нь дээрх гэрээний төлбөрийг нэхэмжлэгч талд төлөхөөр манай компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэтэл тус компани нь хөрөнгө оруулалтаа өнөөдрийг хүртэл олгоогүй байгаа нь санхүүгийн хүндрэл учруулсан. Уг бодит нөхцөл байдлыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсний үндсэн дээр 2020 оны 01 сарын 27-ны өдөр дахин харуул хамгаалалтын гэрээг байгуулсан. Тухайн үед тохиролцоонд хүрээгүй бол гэрээг дахин байгуулахгүй байсан. Ийнхүү гэрээ үргэлжилсний дараа шүүхэд хандаж байгаа нь хамтын ажиллагааны итгэлцүүрийг үл тоосон үйлдэл гаргасан гэж үзнэ. Манай компаниас бус бусад гуравдагч этгээдээс хамаарал бүхий давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан байхад шүүхэд хандаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн нэхэмжлэл дээрх үнийн дүн бодит эсэхийг нягтлан бодогчоор шалгуулна. Одоогийн байдлаар байгууллагын нягтлан ажлаас түр чөлөөтэй байгаа болно гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 д заасныг баримтлан хариуцагч Э ХХК аас 76,354,838 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Абмади ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 550,000 төгрөгийн 539,724 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 10,276 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Э ХХК аас 539,724 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Абмади ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн Эрдэнийн босго ХХК нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх 2020 оны 04 сарын 28-ны өдөр болох шүүх хуралдааны товыг итгэмжлэгдсэн төлөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлийн 77.1-д тус тус зааснаар мэдэгдээгүй нь хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар татгалзлын үндэслэл болж буй нотлох баримт болох санхүүгийн баримт материал гаргаж өгөх, мөн хуулийн 6 дугаар зүйлд зааснаар мэтгэлцэх зарчим хэрэгжих, хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжийг тус тус зөрчсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т ...шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон баримт нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэнэ гэж заасан байхад зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 10 сарын 27-ны өдрийн үүрэгт нийт 73,000,000 төгрөг төлөхөөр байхад тооцоо нийлсэн дүн гэх 76,354,838 төгрөг гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Энэ үнийн дүнгийн зөрүүтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөх боломжийг шүүх олгоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцэж байх ба шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Абмади ХХК нь Харуул хамгаалалтын гэрээ-ний дагуу үлдэгдэл төлбөр 76,354,838 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч Эрдэнийн босго ХХК нь уг гэрээний төлбөрийг БНХАУ-ын компани хариуцахаар тохиролцсон байсан, тус компаниас санхүүжилт орж ирээгүй учир төлбөрийг хийгээгүй, шаардлагын үнийн дүнг нягтлан бодогчоор шалгуулна гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 28/

 

Талууд 2019 оны 10 сарын 27-ны өдөр 19/21 тоот Харуул хамгаалалтын гэрээ-г байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Абмади ХХК нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Хулман нуур гэх газарт орших хариуцагч Э ХХК ийн нүүрсний уурхай, эд хөрөнгө, ажилчдын байрлах кемп зэргийг хамгаалах, Эрдэнийн босго ХХК уг ажлын хөлсөнд нэг хамгаалагчийн нэг сарын төлбөрт 2,000,000 төгрөг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 8-13/

 

Зохигчид дээрх гэрээний хүчин төгөлдөр байдал болон нэхэмжлэгч Абмади ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхэд маргаагүй, харин хариуцагчийн гэрээгээр гүйцэтгэвэл зохих төлбөрийн үлдэгдлийн хэмжээ буюу нэхэмжлэлд дурдсан үнийн дүн маргааны гол зүйл болжээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний үүргийн харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт дээрх гэрээний тохиролцоо болон хуульд нийцсэн байна. Хэрэгт авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаа болон зохигчдын тайлбараар хариуцагч нь гэрээ болон хуульд заасан хөлс төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь тогтоогдож байна. /хх 14/

 

Анхан шатны шүүх дээр дурдсан Абмади ХХК болон Э ХХК ийн нягтлан бодогч нарын үйлдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа-нд дурдагдсан үнийн дүн бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, дээрх Тооцооны үлдэгдлийн баталгаа-нд талуудын хооронд нийт 76,354,838 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл байгаа талаар тусгаж, хоёр талын нягтлан бодогч нар гарын үсэг зурж, тамга, тэмдгээр баталгаажуулсан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 13.6-д заасантай нийцсэн. Мөн уг баримтад хоёр байгууллага хооронд 2019 оны 10 сарын 04-ний өдрөөс 2020 оны 01 сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ ... нэг бүрчлэн нийлж үзэхэд... хэмээн дурдагдсан байх тул тухайн баримтын огноо талуудын хооронд гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2019 оны 01 сарын 27-ны өдрөөр огноологдсон байхад түүнийг үндэслэсэн нь буруу гэх хариуцагч талын тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ.

 

Түүнчлэн, Эрдэнийн босго ХХК болон БНХАУ-ын Жиа Юань гэх компанийн хоорондын тохиролцоо Абмади ХХК-д хамааралгүй бөгөөд тухайн компаниас санхүүжилт орж ирээгүй, санхүүгийн хүндрэлтэй байгаа зэрэг нөхцөл байдал нь хариуцагч талыг Харуул хамгаалалтын гэрээ-ний дагуу хүлээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Хариуцагч тал давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэлээ анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны товыг хариуцагч талд мэдэгдээгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөний улмаас хариуцагч тал маргааны зүйл болсон нэхэмжлэлийн үнийн дүнгийн зөрүүний талаарх баримт гаргаж чадаагүй гэх агуулгаар тайлбарлажээ.

 

Гэтэл хэргийн 54-р талд авагдсан Шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудаст Э ХХК ийн нарийн бичиг Ц.Шинэжаргалд тов мэдэгдсэн тухай бичилт хийгдсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасантай нийцсэн байна. Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад хариуцагчийн өмгөөлөгч нь Ц.Шинэжаргалыг тухайн компанид нарийн бичгийн даргаар ажилладаг болохыг хүлээн зөвшөөрсөн тул анхан шатны шүүх хариуцагч талд шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлийн 77.1-д заасны дагуу мэдэгдээгүй гэх гомдлыг хангахгүй орхив.

 

Түүнчлэн, хариуцагчийн төлөөлөгч А.Энхээ нь 2020 оны 04 сарын 02-ны өдрийн шүүх хуралдааныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох, эрх зүйн туслалцаа авах үндэслэлээр хойшлуулсан боловч давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэлх хугацаанд өмгөөлөгч аваагүй, мөн 2020 оны 04 сарын 13, 2020 оны 04 сарын 20, 2020 оны 04 сарын 27-ны өдрүүдэд тус тус товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болох нь холбогдох шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааныг хойшлуулсан шүүгчийн захирамжаар нотлогдож байх тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй. /хх 38-39, 42-43, 52-53/

 

Нотлох баримт гаргаж өгөх боломжийг олгоогүй гэх гомдлын үндэслэлийн тухайд, анхан шатны шүүх 2020 оны 03 сарын 04-ний өдөр хариуцагчийн төлөөлөгч А.Энхээд нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, эрх үүргийг тайлбарлан өгсөн байх ба хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Энэхүү үүргээ 2020 оны 03 сарын 04-ний өдрөөс 2020 оны 04 сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд биелүүлээгүй болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй тул энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01119 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Э ХХК аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2200511222667 төлбөрийн даалгаврын дагуу 2020 оны 05 сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 539,724 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Д.НЯМБАЗАР