| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/1059/Э |
| Дугаар | 1089 |
| Огноо | 2018-07-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Болормаа, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 1089
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,
улсын яллагч П.Болормаа,
шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Г ад холбогдох эрүүгийн 1806 0568 41351 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц.Г , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 07 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 03 дугаар хороо, Сансарын тунелийн орчим Э.П зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.
Хохирогч Э.П ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Алтайг наад залуугаа хаячих явъя гэж хэлсэн чинь нөгөө залуу Алтайг хоргоогоод явуулахгүй байсан. Тэгээд байж байтал Камель баарнаас найзууд нь гарч ирэхэд нөгөө залуу над руу гүйж ирээд бусаддаа “энэ нөгөө цүнх аваад зугтдаг залуу байна” гээд намайг зүүн гараараа боогоод авсан. Тэгээд намайг мушгиж газар унагаагаад баруун гараараа миний зүүн талын шанаа руу цохисон. Би эргээд босох гэтэл хажуу талаас нэг залуу миний дух руу өшиглөсөн тэгээд би хоёр гараараа нүүрээ таглаад хэвтэхэд миний дээр байсан залуу миний дээрээс боссон. Үүнээс хойш намайг тал талаас өшиглөж эхэлсэн болохоор яг хэн хэн өшиглөснийг би мэдэхгүй байна. Хэрлэн караокед ажилладаг нэг эгч болиоч та нар хүн аллаа гээд салгасан. Тэгээд би босож гүйгээд Хүрмэн эмийн сангийн орчимд очоод цагдаа дуудсан. Цагдаад дахиад дуудлага ирчихсэн байна, чи өөрөө хэргийн газар байхгүй байна гэхээр нь буцаад очтол намайг цохисон хоёр залууг 3 дугаар хорооны гадна зогсоосон байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 6-11, 98 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.П ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 04-ний шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансарын тунель дээр гараад баруун буланд байрлах бааранд өөрийн найзууд болох Чинбат, Бат-Эрдэнэ, нарын хамт үйлчлүүлсэн. 04.00 цагийн үед би харих гээд гараад явж байтал саарал хувцастай тарган залуу, нөгөөдөх нь хар хувцастай туранхай байрын хоёр залуу сууж байсан. Тэгээд туранхай залуу нь хөөе ганц тамхи өгчих гэж асуухаар нь байхгүй гэхэд ганц тамхи өгчихөлдөө гэхээр байсан ч өгөхгүй гэж хэлээд маргалдсан. Тэгээд бүдүүн залуу нь дундуур орж ирээд салгаж байх зуур хэл амаар доромжилж байсан. Баарнаас манай хоёр найз гарч ирээд цүнх хүн аваад зугтсан гэж хэлэхээр нь хамсаатан нь энэ байж магадгүй гээд бариад авсан. Нэг гараараа нүүрэн тус газар нь цохисон газар ноцолдоод нуруу руу нь нэг өшиглөсөн. Бид хэдийг зодолдож байхад нэг эгч больцгоо гэж байсан, сайн санахгүй байна. Бид хэд нөгөө залууг цагдаад дуудаж өгөх гэтэл нөгөө талын хаалгаар буугаад зугтчихсан. Найзыг нь барих гээд хөөгөөд 13 дугаар хороолол ороод алдчихсан. Хөөж явахдаа гүйцэхгүй болохоор нь такси барьсан энэ үед Чинбат, Бат-Эрдэнэ хоёрыг цагдаа нар саатуулсан байсан. Би тэндээсээ шууд харьж амраад өглөө нь Чинбатыг батлан дааж авсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 20-24 дүгээр хуудас/,
Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 03 дугаар хороо Сансарын тунель дээр байрлах Камель нэртэй бааранд Ганбат, Чинбат нарын хамт үйлчлүүлсэн. 04.00 цагийн үед Ганбат түрүүлээд гараад машиндаа байж байя гээд гарсан тэгээд Чинбат бид хоёр сууж байтал тус баарны зөөгч орж ирээд танай найзын цүнхийг аваад зугтчихлаа гэсэн. Бид хоёр гүйгээд гараад иртэл Ганбат нэг залууг газар унагаачихсан өшиглөж байсан хаашаа нь өшиглөснийг сайн мэдэхгүй байна. Нэг эмэгтэй болиоч та нар хүн аллаа, цагдаа дууд гээд салгаж байсан. Би очиж салгаад Ганбатын хамт тэр залууг цамцных нь араас нь чирээд машинд суулгатал цаад талын хаалгаар нь буугаад зугтаасан. Би хойноос нь жаахан хөөж байгаад гүйцэхгүй болохоор нь болиод буцаад ирсэн. Намайг буцаад ирэхэд Чинбат машиныхаа хажууд байж байсан. Тэнд маш олон хүмүүс гараад ирсэн байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 28-30 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн ¹8385 дүгнэлтэд “Э.П -н биед хамрын нуруу, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна”гэжээ /хэргийн 17 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 37-39 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 07 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 03 дугаар хороо, Сансарын тунелийн орчим Э.П зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Ц.Г прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Ц.Г холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Ц.Г эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хохирогч Э.Э.П нь “Ц.Г нь хохирол бүрэн барагдуулсан, гомдол санал байхгүй, шүүх хуралд оролцохгүй” гэсэн хүсэлтийг бичгээр гаргажээ. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.