| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2018/0037/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/44 |
| Огноо | 2018-06-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/44
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгч: Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогтой Ц-ын Б-д холбогдох эрүүгийн 1727000520029 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр багт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэл Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1/55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 200 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1/46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 10 хоногийн хорих ял, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1/95 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 2 жилийн хорих ялаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 07 жилийн хорих ялаар шийтгэгдсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогтой Ц-ын Б,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Ц.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр баг 10-05 тоотод оршин суух хохирогч О.Д-гийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж мөнгөн эмээлийн тоноглол, мөнгөн бүс, мөнгөн аяга 3 ширхэг зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хохирогч О.Д-д 1 500 000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт,
2017 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 багийн нутгаас хохирогч Б.Д-гийн “Хуосонг” маркийн мотоциклийг нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Д-д 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ:
Хийсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч О.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2017 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө 09 цагийн орчим Хужирт суманд байдаг гэртээ ирсэн чинь манай байшингийн урд талын вакум цонхны поорчиг онгойлгогдсон байсан. Би гэртээ ороод үзсэн чинь том өрөөнд байсан миний эмээлээс 6 ширхэг мөнгөн хэрэглэлийг нь хуулж аваад эмээлийг газар шалан дээр орхиод явсан байсан. Мөн том өрөөний стекэнд байсан 3 ширхэг мөнгөн аяга, хажуу талын стекенд байсан мөнгөн бүс зэрэг байхгүй байсан. Тэгээд Хужирт сумын цагдаад мэдэгдээд цагдаа нар ирээд хэргийн газар үзлэг хийсэн. Тэр өдрийн үдээс хойш нь Ү цагдаа намайг дуудаад алдагдсан эд зүйлийг хулгайлсан хүнийг Тарны постон дээр гарч байгаа манай албан хаагчид барьсан байна. Хамт явъя гээд Ү цагдаа, Д бид нар явсан. 2017 оны 09 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Д мотоциклио хулгайд алдсан. Тэр нь бас байна гэж байсан. Тэгээд бид нар 2017 оны 09 дүгээр сарын 12-ны орой бүрэнхий болж байхад Тарны постон дээр очиход цагдаа нар 2 хүн барьчихсан энэ танай алдсан эд зүйлүүд мөн үү гээд манай гэрээс алдагдсан 6 ширхэг хэрэглэл, 2 ширхэг мөнгөн аяга, эрэгтэй хүний мөнгөн бүсийг юмаар зүсээд жижиглэчихсэн байсан эд зүйлүүд надад үзүүлсэн. Тэр зүйлүүд манай гэрээс алдагдсан эд зүйлүүд мөн байсан. Манай гэрээс алдагдсан эд зүйлүүдээс доороо ногоон 4 ширхэг шигтгээтэй 1 ширхэг мөнгөн аяга нь байхгүй байсан. Бусад эд зүйлүүд нь бүрэн байсан. Дутуу байсан 1 ширхэг аягаа нэхэмжлэнэ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-29-35 дугаар хуудас/,
Хохирогч Б.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Манайх Хужирт сумын төвд 4 дүгээр багт хашаагүй задгай газар гэрээ барьчихсан намаржиж байсан юм. 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө гэрийнхээ гадаа тавьчихсан мотоциклио босч ирээд хартал байхгүй байсан. Хужирт сумын Цагдаад мэдэгдчихээд байж байсан чинь тэр өдрийн үдээс хойш Хужирт сумын хэсгийн төлөөлөгч Н.Ү надад хэлэхдээ танай алдагдсан мотоциклийг хулгайлсан хүмүүсийг Тарны постон дээр манай цагдаагийнхан барьчихсан байна хамт явъя гээд Ү цагдаа Хужирт сумын иргэн О.Д бид нар хамт Тарны пост руу явсан. Бид нар Хужирт сумаас гараад хэдэн цаг болж байсныг санахгүй байна аа бүрэнхий болчихсон байхад Тарны пост дээр очиход миний хулгайд алдагдсан цагаан өнгөтэй “Хуосонг” маркийн мотоцикль постон дээр байсан. ...Миний мотоцикль 2014 онд үйлдвэрлэсэн 1 200 000 төгрөгөөр худалдаж авсан. Мотоциклио бүрэн бүтэн хүлээж авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 18-23 дугаар хуудас/,
Гэрч Д.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн төвөөс Улаанбаатар хот орох гээд Б.Г-ын хамт Сонато-6 маркийн 21-43 УНП улсын дугаартай автомашинтай хоёулаа гарсан юм. Улаанбаатар хот руу явах зам дээр хоёр дээлтэй эрэгтэй хүн гараа өргөөд зогсож байсан тэгэхээр нь зогссон чинь мотоцикль эвдэрчихлээ Булган аймгийн Рашаант сум орж сэлбэг авах гэсэн юм гэхээр нь хөдөөний ядарсан хүмүүс юм байна гэж бодоод машиндаа тэр хоёр хүнийг суулгасан. Тарны пост орсон чинь цагдаа манай машиныг дохиод зогсоогоод бичиг баримт шалгаад ард сууж байсан нөгөө дээлтэй хоёр хүнийг машинаас дуудаж буулгасан. Тэр хоёр хүн хулгай хийчихээд явж байсан хүн юм шиг байна лээ. Би тэгж ойлгосон. Тэгээд цагдаа манай машинд үзлэг хийсэн тэрний дараа бид хоёр Улаанбаатар хот руу хөдлөөд явсан..." гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 26-28, 1 дүгээр хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 164 дугаартай актын:
“...1. 1,5,7 гэж дугаарласан наалдамхай туузаар бэхжүүлсэн авсан гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Орон нутгийн болон улсын нэгдсэн санд бүртгэлтэй байгаа гарын мөрүүд болон эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна.
3. 1,5 гэж дугаарласан мөр нь Ц овогтой Б-ын гарын дардастай тохирч байна.”гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 61-67 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, мөрдөгчийн тэмдэглэл, /1 дүгээр хх-ийн 26-28, 2 дугаар хх-ийн 17 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр баг 10-05 тоотод оршин суух хохирогч О.Д-гийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж мөнгөн эмээлийн тоноглол, мөнгөн бүс, мөнгөн аяга 3 ширхэг зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хохирогч О.Д-д 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 багийн нутгаас хохирогч Б.Д-гийн “Хуосонг” маркийн мотоциклийг нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Д-д 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь
Хохирогч О.Д, Б.Д нарын мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Д.Ц, Г.Б, Б.Г нарын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 31, 40-41, 2 дугаар хавтаст хэргийн 29-31 дүгээр хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 164 дугаартай актын: “...1. 1,5,7 гэж дугаарласан наалдамхай туузаар бэхжүүлсэн авсан гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Орон нутгийн болон улсын нэгдсэн санд бүртгэлтэй байгаа гарын мөрүүд болон эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. 3. 1,5 гэж дугаарласан мөр нь Ц овогтой Б-ын гарын дардастай тохирч байна.” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 61-67 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 26-28, 2 дугаар хх-ийн 17 дугаар хуудас/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь гэм буруутай, Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Хархорин сум дахь сум дундын прокурорын газар нь шүүгдэгч Б.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1727000510029 дугаартай, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1727000510030 дугаартай хэргүүдийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэжээ.
Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө хохирогч О.Д-гийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн хохирогч Б.Д-гийн “Хуосонг” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргүүдийг үйлдсэн байх ба дээрх 2 үйлдэл нь хулгайлах буюу нэг төрлийн гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд Ц.Б-ын дээрх 2 хулгайн үйлдлийг нэг гэмт хэрэгт тооцож, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулалгүйгээр түүний үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэдий ч шүүх эрүүгийн 1727000510029 дугаартай хэрэгт эрүүгийн 1727000510030 дугаартай хэргийг нэгтгэж шийдвэрлэв.
Шүүхийн шатанд дээрх 2 хэргийг нэгтгэж шийдвэрлэж байгаа нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын 1727000510030 дугаартай тогтоолыг хэрэгсэхгүй болгож байгаа ойлголт биш учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т “...Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно...” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Бд мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэрэг тус бүрд нь ял оногдуулж ялуудыг нэмж нэгтэн түүний эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоов.
Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд хорих ял оногдуулж, ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь өмнө Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор 07 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж уг хэрэг нь Давж заалдах шатны шүүхэд хянагдаж байгаа өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болоогүй байгаа тул шийтгэх тогтоолуудаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэх боломжгүй байх тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Хохирогч Б.Д нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж, шүүгдэгч Ц.Б-аас 200 000 төгрөг гаргуулж хохирогч О.Д-д олгож, шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогтой Ц-ын Б-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Ц.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 02 /хоёр/ жил 06 /зургаан/ сарын хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Ц.Б-д оногдуулсан 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Ц.Б-аас 200 000 /хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч О.Д-д /Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр баг, 10-05 тоотод оршин суух/ олгосугай.
6. Ц.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Ц.Б-ын эдлэх ялыг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.САРАНТУЯА