| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2402000000457 |
| Дугаар | 2025/ДШМ/589 |
| Огноо | 2025-05-15 |
| Зүйл хэсэг | 22.5.1., 22.5.3., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2025/ДШМ/589
2025 05 15 2025/ДШМ/589
Э.Ж, “ХААСЗӨ” НҮТББ-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Оюунцэцэг,
шүүгдэгч Э.Ж,
шүүгдэгч Э.Ж, “ХААСЗӨ” НҮТББ-ын өмгөөлөгч Б.Баасандорж,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/663 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Ж болон “ХААСЗӨ” НҮТББ-ын өмгөөлөгч Б.Баасандоржийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Ж, “ХААСЗӨ” НҮТББ-д холбогдох 2402 00000 0457 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овгийн Э-н Ж, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр ............ төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, .......... ......... ажилладаг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ............ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........../;
2. “ХААСЗӨ төв” Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага, худалдан авах ажиллагааны чиглэлээр сургалт явуулах, зөвлөгөө өгөх, судалгаа хийх үйл ажиллагаа явуулдаг, ............ тоот хаягт бүртгэлтэй, “/РД: ........, улсын бүртгэлийн дугаар ........./;
Шүүгдэгч Э.Ж нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэг “...худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сургалтад хамрагдсан иргэнээс шалгалт авч, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгоно...” гэснийг,
Сангийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалын хавсралтын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “...Засгийн газрын худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “ТХААГУ суурь мэдлэг олгох цахим сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулна...”, 5.7 дахь хэсэгт “...Суурь мэдлэг олгох цахим сургалт нь http:/surgalt.tender.gov.mn/ хаягаар зохион байгуулагдана...”, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “...Сангийн яамны худалдан авах ажиллагааны бодлогын асуудал хариуцсан нэгж /цаашид “Сангийн яам” гэх/ худалдан авах ажиллагааны сургалт зохион байгуулах сургалтын байгууллагатай “харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсны үндсэн дээр худалдан авах ажиллагааны сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулна...”, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт “...сургалтын байгууллага сургалтын төлбөрийг сургалт зохион байгуулахад холбогдон гарах зардлыг нөхөх хэмжээгээр тогтооно...” гэснийг,
Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Г-н 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр “ХААСЗӨ төв” НҮТББ-тай байгуулсан “харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн 2.3.1 дэх хэсэгт “...төв нь сангийн сайдын 2021 оны 253 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох журам”-ын 6 дугаар зүйлд заасан тавигдах шалгуурыг мөрдлөг болгон ажиллана...” гэж заасныг тус тус зөрчиж, харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэж, гэрчилгээ олгох үйл, ажиллагаа явуулахдаа “ХААСЗӨ төв” НҮТББ-д сургалтад хамрагдаж, гэрчилгээ авахаар бүртгүүлсэн иргэдийг сургалтад зохих журмын дагуу хамруулалгүй, шалгалтыг авахуулалгүй тэнцүүлж, гэрчилгээ олгуулах ашиг сонирхлын үүднээс төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн С.Ч-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан “Хаан” банк дахь түүний эзэмшдэг ................ дугаартай данс руу өөрийн нэрээр эзэмшдэг .......... тоот дансаар дамжуулан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 16-ны хооронд 11 удаагийн гүйлгээгээр 4.850.000 төгрөгийг шилжүүлж үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн,
“ХААСЗӨ төв” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч Э.Ж нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэг “...Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сургалтад хамрагдсан иргэнээс шалгалт авч, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгоно...” гэснийг,
Сангийн сайдын 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалын хавсралтын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “...Засгийн газрын худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “ТХААГ суурь мэдлэг олгох цахим сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулна...”, 5.7 дахь хэсэгт “...суурь мэдлэг олгох цахим сургалт нь http:/surgalt.tender.gov.mn/ хаягаар зохион байгуулагдана...”, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “...Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын асуудал хариуцсан нэгж /цаашид “Сангийн яам” гэх/ худалдан авах ажиллагааны сургалт зохион байгуулах сургалтын байгууллагатай “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсны үндсэн дээр худалдан авах ажиллагааны сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулна...”, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт “...Сургалтын байгууллага сургалтын төлбөрийг сургалт зохион байгуулахад холбогдон гарах зардлыг нөхөх хэмжээгээр тогтооно...” гэснийг,
Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Г-н 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр “ХААСЗӨ төв” НҮТББ- тай байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн 2.3.1 дэх хэсэгт “...Төв нь Сангийн сайдын 2021 оны 253 тоот тушаалын хавсралтаар батлагдсан "Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох журмын 6 дугаар зүйл заасан тавигдах шалгуурыг мөрдлөг болгон ажиллана...” гэж заасныг тус тус зөрчиж харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэж, гэрчилгээ олгох үйл ажиллагаа явуулахдаа “ХААСЗӨ төв” НҮТББ-д сургалтад хамрагдаж, гэрчилгээ авахаар бүртгүүлсэн иргэдийг сургалтад хамрагдаж, гэрчилгээ авахаар бүртгүүлсэн иргэдийг сургалтад зохих журмын дагуу хамруулалгүй, шалгалтыг авхуулалгүй, тэнцүүлж гэрчилгээ олгуулах ашиг сонирхлын үүднээс Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн С.Ч-д албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний эзэмшлийн Хаан банкны ............. тоот данс руу өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны .......... тоот данснаас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 16-ны хооронд 11 удаагийн гүйлгээгээр 4.850.000 төгрөгийг шилжүүлж, хахууль өгөх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Э.Ж-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “ХААСЗӨ” НҮТББ-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э.Ж-г үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөх гэмт хэргийг, “ХААСЗӨ төв” НҮТББайгууллагыг үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Э.Ж-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар, “ХААСЗӨ төв” НҮТББайгууллагад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн хасаж, 120.000 нэгж буюу 120.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөх, “ХААСЗӨ төв” НҮТББайгууллагад оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж болон НҮТББайгууллага нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдоогүй 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Ж, “ХААСЗӨ төв” НҮТББ-н өмгөөлөгч Б.Баасандорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Э.Ж, “ХААСЗӨ төв” НҮТББ нарт холбогдох асуудлаар энэхүү гомдлыг гаргаж байна.
1. Шүүгдэгч Э.Ж-н хувьд дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8-д “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж заасныг үндэслэн уншиж сонсгосон ялыг өөрөөр тодорхойлсон гэж үзэж гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч Э.Ж-н зүгээс найз нөхдийн гуйлтын дагуу цөөн удаа шалгалт дээр туслалцаа үзүүлэхийг С.Ч ахаас гуйсандаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хэмээн мэдүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон. Гэм буруугийн асуудлаар Э.Ж маргаагүй, гагцхүү хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдээгүй хэмээн маргасан байдаг. Улмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааны явцад прокурорын зүгээс эрүүгийн хариуцлага, ялын төрлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт заасныг журамлан “нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” саналыг гаргасан. Шүүгдэгч Э.Ж-н өмгөөлөгч миний зүгээс тухайн эрх хасах ялын төрөл, торгох ялын хэмжээг дахин лавлаж прокуророос асуусан. Шүүх хуралдааны тэмдэглэл, цахим буюу видео бичлэгээс тухайн хэлэлцүүлгийг тодорхой нягталж болно. Шүүгдэгчийн зүгээс тус ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа өмгөөлөгчийн хамт илэрхийлсэн. Улмаар шүүх хуралдаан завсарлаж шүүгч зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж шийдвэрлэсэн шийдвэрийг уншиж танилцуулсан бөгөөд шүүгдэгчид прокурорын саналыг үндэслэн “нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” ял оногдуулсан гэж уншиж танилцуулсан. Шүүгчийн зүгээс шүүх танхимд эрх хасах ялыг ногдуулахдаа нэгэнт нийтийн албанд ажиллах эрхийг хасаж шийдсэн атал бичгээр албажуулан гардуулахдаа уншиж сонсгосноос өөрөөр буюу прокурорын санал болгосноос ондоогоор шийдвэрлэж “мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх”-ийг хассан нь андуурсан, алдаатай болсон гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгох талаар хуульчилсан. Мөн хуулийн 36.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн агуулга, тогтоох хэсгийг уншиж сонсгох ба шаардлагатай бусад асуудлыг тайлбарлаж дууссаны дараа шүүх хуралдааныг хаана”, 4 дэх хэсэгт “шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болно” хэмээн заасан. Тус тогтоох хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд зохицуулсан бөгөөд тус зүйлийн 1.2-т “шүүгдэгчид хэрэглэсэн албадлагын арга хэмжээ, оногдуулсан ялын төрөл, хэмжээ, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу тодорхойлсон эдэлбэл зохих ялын хэмжээ”-г ойлгохоор заасан байна. Эндээс дүгнэж үзвэл шүүхийн шийдвэрийг уншиж сонсгоно гэдэг нь шүүгдэгчид ногдуулсан ялын төрөл, хэмжээг уншин сонсгох учиртай байна. Бичгээр албажиж гарсан анхан шатны шүүхийн шийдвэрт шүүгдэгч Э.Ж-д “мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах” ялыг оногдуулсан байх тул нэгэнт уншиж сонсгосон ялыг өөрөөр бичгээр илэрхийлж техникийн шинжтэй алдаа гаргасан байна гэж үзэж шүүхийн танхимд уншиж сонсгосны дагуу “нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” хэмээн өөрчилж өгнө үү гэж хүсэж гомдлыг гаргалаа.
2. Шүүгдэгч “ХААСЗӨ төв” НҮТББ-ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөх гэмт хэргийг “хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэм буруутайд тооцсон хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үүгээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Давж заалдах гомдлыг хүлээн авч хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэнд тооцсон хэсгийн нотлох баримт, хууль зүйн үндэслэлийг хянан, шүүх хуралдаанаар хэлэлцэн, шүүгдэгч “ХААСЗӨ төв” НҮТББ-ыг цагаатгаж өгнө үү. Давж заалдах гомдлын хууль зүйн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2.1. Анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч “ХААСЗӨ төв” НҮТББ-ын буюу хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэж үзсэн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэсэн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байна. Прокурорын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №05 тоот яллах дүгнэлтэд хээл хахууль өгсөн хэмээн дүгнэсэн. Гэвч ингэж дүгнэхэд учир бий. Энэ нөхцөлд сургалтад бүртгүүлсэн этгээд, мөн тухайн этгээд нэг бол сургалтад суугаагүй шалгалтад орсон эсэх, эсхүл тухайн бүртгүүлэгч сургалтад суугаад харин шалгалтандаа ороогүй эсэх, эсхүл сургалтанд суугаагүй, шалгалт өгөөгүй атлаа АЗ гэрчилгээ авсан аль болохыг тодорхой тодорхойлсон байх учиртай. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хахууль өгөх гэмт хэрэг нь бүрэлдэхүүний хувьд “өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор” хахууль өгсөн байхыг шаарддаг. Гэтэл энэ нөхцөлд яллах дүгнэлтэд сургалтад хамрагдаж, гэрчилгээ авахаар бүртгүүлсэн иргэдийг сургалтад зохих журмын дагуу хамруулалгүй, шалгалтыг авхуулалгүй тэнцүүлж гэрчилгээ олгуулах зорилготой ашиг сонирхлын үүднээс үйлджээ гэж дүгнэсэн байна. Эндээс үзвэл хуулийн этгээдийн ашиг сонирхлын үүднээс үйлдсэн гэх зорилгыг тогтоосон зүйл алга байна. Гэрчээр мэдүүлэг өгсөн С.Ч-н мэдүүлэг, хамгийн гол нь шинжээчийн тайлан буюу дүгнэлтээс үзэхэд сургалтад суусан гэж шүүгдэгч бүртгэсэн атал шалгалтад бүртгэгдээгүй АЗ эзэмшигч этгээдийн мэдээлэл байхгүй, нотлох баримтаар нотлогдоогүй байна. Сургалтад суугаагүй этгээдийг шалгалтад оруулсан нөхцөлд хэн гэж аль этгээд АЗ гэрчилгээ авсан байхыг зайлшгүй тодорхойлсон байх учиртай. Гэтэл прокурорын зүгээс шүүх хуралдааны явцад хэнийг тэнцүүлсэн байх нь чухал биш хэмээн яллах дүгнэлтээс эсрэг дүгнэлт гаргасан. Улмаар нийт сургалтад суугчдын 60% түүнээс дээш этгээд шалгалтад тэнцсэн нөхцөлд Сангийн яам Харилцан ойлголцлын санамж бичгийг сунгах журамтай бөгөөд “ХААСЗӨ төв” НҮТББ-ын хувьд тус хувь заасан шалгуурыг бууруулахгүйн тулд хахууль өгсөн хэмээн яллах дүгнэлтэд байхгүй дүгнэлтийг гаргаж ирсэн. Яллах дүгнэлтэд хавсаргасан нотлох баримтууд ялангуяа тус “ХААСЗӨ төв” НҮТББ-ын гаргаж өгсөн тайлангаас үзвэл уг НҮТББ нь 2013 оноос хойш тус сургалтыг зохион байгуулсан байх бөгөөд 2013 онд 46% гүйцэтгэл, 2014 онд 44.7%-ийн гүйцэтгэл, 2015 онд 57.6% гүйцэтгэл, 2016 онд 60% гүйцэтгэл, 2017 онд 60% гүйцэтгэл, 2018 онд 60% гүйцэтгэл, 2019 онд 62% гүйцэтгэл, 2020 онд 62% гүйцэтгэл, 2021 онд 52% гүйцэтгэл, 2022 онд 58%-ийн гүйцэтгэлтэй ажилласан талаараа дурдсан байх бөгөөд Сангийн яамнаас Харилцан ойлголцлын санамж бичгийг 2 жил тутамдаа сунгаж ажиллаж иржээ. Тухайлбал 2013, 2015, 2017, 2019, 2021, 2023 онд санамж бичгийг хэдийн тухайн санамж бичигт дурдсан 60% үзүүлэлтээс доош байсан ч сунгаж хамтран ажиллаж ирсэн байна. Эндээс харвал прокурорын зүгээс Сангийн яамтай байгуулсан санамж бичиг цуцлагдах нөхцөл үүсэх тул сургалтад суугаагүй, шалгалтад ороогүй этгээдийг тэнцүүлсэн гэж тайлбарлах боловч бодит байдал дээр санамж бичгийг сунгаж байсан байна. Энэ асуудлаар тусгайлсан нотлох баримт цуглуулж нотлох ажиллагаа хийгээгүй хийсвэр дүгнэлт гаргасан. Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Б-н гэрчээр өгсөн мэдүүлэг дээр 60% доошоо үзүүлэлт үзүүлсэн нөхцөлд хэрхэн цуцлах, эрсдэл үүсэх эсэх, тухайн шүүгдэгчийн сургалтын үйл ажиллагааны тайлангийн үзүүлэлтийг Сангийн яамнаас татан авч шалгах байсан атал хийгээгүй ажиллагааг таамаглан урьдчилсан дүгнэлт гаргасан байна.
3. Гэм буруутай гэх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дараах нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.
Хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал бүхнийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэж үзэх боломжгүй юм. Хэрэв хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэж үзэж буй нөхцөлд тухайн үйлдэл нь нотлогдсон байх учиртай. Өмнө дурдсанчлан “ХААСЗӨ төв” НҮТББ нь сургалтын үйл ажиллагааны үзүүлэлт 60%-иас доош байхад Сангийн яамны зүгээс Харилцан ойлголцлын санамж бичгийг сунгаж байсан явдлыг шалган тогтоож хэрэгт нотлох баримтаар авсан нөхцөлд хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэж үзэх үү гэдэг асуудалд бүрэн тодорхой хариулт өгсөнгүй. Иймээс эдгээр үндэслэлүүдийг нягтлан харгалзаж үзэх нь хэргийг зөв шударгаар шийдэх хууль зүйн үндэс байх тул хянан үзэж дүгнэлт өгөх нь зүйтэй байна. ... Иймд эдгээр хууль зүйн үндэслэлүүдийг давж заалдах шатны шүүхээс нягтлан үзэж, анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч “ХААСЗӨ төв” НҮТББ-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөх гэмт хэргийг “хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэм буруутайд тооцсон хэсгийг хүчингүй болгож цагаатгаж, шүүгдэгч Э.Ж-д анхан шатны шүүхээс уншиж сонсгосон ялыг засаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... ХААСЗӨ” НҮТББ нь 2013 онд 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулагдаад гүйцэтгэх захирлаар нь би томилогдсон. Өнгөрсөн хугацаанд 6 багштайгаар би нэг багш нь болоод 12 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ байгууллага ганцхан миний байгууллага биш. Тухайн үед сургалтад хамрагдсан, шалгалт өгөх гэж байгаа хүн нь аль байгууллагын хүн болох нь хамаагүй найз нөхдийн гуйлтын дагуу шалгалт авч буй хүнээс нэг, хоёр тест дээр анхаараад өгөөч гэж гуйсан маань хувь хүнийхээ хувьд буруу зүйл хийсэн гэж бодож байна. Би 4 хүүхэд, эхнэрийн хамт ам бүл зургуулаа амьдардаг. Гэр бүлийн байдлыг минь харгалзаж үзнэ үү. 2010 оноос хойш 15 жил сургалт, зөвлөгөө өгсөн туршлагыг маань харгалзаад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хасахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын зүгээс Э.Ж-г нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах санал гаргасан. Шүүх хуралдаан даргалагчаас нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг хэрхэн яаж оногдуулах талаар лавлаж асууж байсан. Харин анхан шатны шүүх Э.Ж-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг оногдуулахаар шийдвэртээ тусгаж бичсэн байсан. Уг шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед заавал дагаж мөрдөн, захирагдаж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон арга ажиллагааны хэрэгжих нөхцөл, явц, үр дүн, үндэслэл, журмыг процессын хэлбэр гэж ойлгох бөгөөд хуульд заасан журмын дагуу явагдаагүй тохиолдолд уг ажиллагааны үр дүн нь хууль ёсны байх шинжээ алддаг.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадуур аливаа шийдвэр гаргах, хууль бус хэлбэрээр процесс ажиллагааг явуулах, эсхүл зөвшөөрөгдсөн хэлбэрээр илэрч буй боловч түүнд тавигдах шаардлагыг бүрэн буюу зохих ёсоор процессын хэлбэрийг хангаагүй байх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнд тооцогдоно.
Эрүүгийн хянан хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй”, мөн зүйлийн 1.9 дэх хэсгийн “анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан ноцтой зөрчил буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дахь хэсгийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлд хамаардаг.
Шүүгдэгч Э.Ж, “ХААСЗӨ” НҮТББ-д холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийн тогтоох хэсгийг давж заалдах шатны шүүх хуралдааны явцад шинжлэн судлахад Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/663 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс зөрүүтэй бичигдсэн байна.
Тухайлбал, шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт “...Э.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт нийтийн албанд ажиллах буюу мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, ...” гэж уншиж сонсгосон атлаа шийтгэх тогтоол болон шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгдэгч “...Шүүгдэгч Э.Ж-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн 2 жилийн хугацаагаар хасаж, ...” гэж зөрүүтэй бичиж тогтоол гаргасан нь буруу болжээ.
Иймд анхан шатны шүүхийн хуулийг ноцтой зөрчиж гаргасан шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр зөвтгөн залруулах боломжгүй тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/663 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Э.Ж болон “ХААСЗӨ” НҮТББ-ын өмгөөлөгч Б.Баасандоржийн гаргасан давж заалдах гомдлын энэ хэсгийг хүлээн авч, бусад үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Э.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/663 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Э.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ М.АЛДАР