| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2018/0041/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/48 |
| Огноо | 2018-06-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2018/ШЦТ/48
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Болд,
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч:Д.Ч
Хэлмэрч: Д.Долгормаа
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогтой Д-ийн Б-д холбогдох эрүүгийн 1827000280035 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсө, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 8, аав, ээж, ах эгч, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн ....... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Т овогтой Д-ийн Б,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Д.Б нь 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд согтуурсан үедээ Ж.Б-ыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ч мэдүүлэхдээ:
Гэртээ байж байтал манай дүү нар гэрт орж ирээд эмээ, өвөө хоёрыг Болдоо ах алах гээд байна гэхээр нь би нөхрийгөө аваад ортол Б гэртээ мах идээд сууж байсан юм билээ. Би Болд-Эрдэнийг хутга барьсан байсныг нь мэдээгүй. Манай нөхөр Ж.Б-ийг заамдаж бариад автал цус гараад эхэлсэн. Д.Б архи уучихсан жаахан халамцуу байсан. Тэгээд цагдаа, түргэн дуудсан гэв.
Хохирогч Ж.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...2018 оны 02 дугаар сарын 26-ны өдер гэртээ байж байсан. Манай эхнэр орж ирээд Б согтуу аав, ээж хоёрт агсам согтуу тавиад байна чи ороод болиулаадах гэж хэлсэн. Тэгээд би явж ороод чи яаж байгаа юм боль гээд дагуулаад гарах гэсэн чинь над руу хутга барьж ирээд зүүн гарын булчин болон нуруу руу, хүзүүний орчим хутгаар хатгачихаад гараад зугатаачихсан. Тэгээд эмнэлэг дуудаад эмнэлэг рүү явсан. ...Гар болон нуруу, хүзүүний орчим хутгаар хатгасан газар нь 3 оёдол тавиулсан. Өөр ямар нэгэн бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн актын:
“...1. Ж Б-ын биед хүзүү хоолойн баруун хэсэг, зүүн гарын бугалга, багана нурууны зүүн хэсэг мэс заслын оёдол бүхий шархтай байв.
2. Уг гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
4. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Гэрч Д.Ч-гийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн:
“...Хөгжлийн бэрхшээлтэй учир жилд 1 удаа эмч нарын зөвлөгөөний хурлаар орж хөдөлмөрийн чадваргүй бэрхшээлтэй буюу хэлгүй, сонсголгүй гэж халамж тогтоолгож халамжаас тэтгэмжийн мөнгө авдаг. Дохионы хэлээр ойлголцдог. Архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг. ...тухайн үед архи согтууруулах ундааны зүйл маш их хэрэглэсэн байсан тул ээж, аавд агсам тавиад байх шиг болохоор нь би нөхрийгөө ороод салгаатах гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
Гэрч Д.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Манай хүү Б төрөлтийн хүндрэлтэй төрсөн. Хэл яриа сонсголын бэрхшээлтэй тул сургуульд сураагүй. Боловсрол байхгүй. Хааяа согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Зан байдлын хувьд хүнд өөрийгөө ойлгуулж чаддаггүй. Харин хар ажилд сайн. Тийм ч болохоор хүмүүс энд тэнд ажил хийж өгдөг...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээч эмчийн:
“...1. Д.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Дээрх эмгэг нь төрөлхийн сэтгэцийн эмгэг болно. Д.Б нь тэр үедээ өөрийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Д.Б нь өөрийн сэтгэцийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай боловч хэл ярианы чадваргүйн улмаас үйлдсэн хэргийнхээ талаар зөв тайлбарлан мэдүүлэг өгөх чадваргүй байна.
2. Д.Б нь сэтгэцийн эмнэлэгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.
3. Д.Б нь одоо оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна.
4. Д.Бд эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
5. Д.Б-ий хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг манай шинжилгээгээр тогтоогдохгүй болно. Тухайн үедээ эмгэг согтолттой байсан гэх шинж тэмдэг баримт үгүй байна.
6. Д.Б нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 37-39 дүгээр хуудас/,
Д.Б-ий нийгмийн халамж, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, /хх-51-52 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, үнэлгээ /хх-ийн 08-15 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд согтуурсан үедээ Ж.Б-ыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Хохирогч Ж.Б-ын мөрдөн байцаалтын шатанд хэрхэн холхирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн актын: “...1. Ж Б-ын биед хүзүү хоолойн баруун хэсэг, зүүн гарын бугалга, багана нурууны зүүн хэсэг мэс заслын оёдол бүхий шархтай байв. 2. Уг гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/, Гэрч Д.Ч-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Б-ийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүний хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч Ж.Б нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан иштэй 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогтой Д-ийн Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Д.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар Д.Б нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА