Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/457

 

 

 

 

  2025             04           24                                        2025/ДШМ/457

 

Б.Ст холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Аззаяа,

хохирогч Д.Э,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Шинэхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын                   13-ны өдрийн 2025/ШЦТ/498 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Эий гаргасан давж заалдах гомдлоор Б.Ст холбогдох 2406017042389  дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрхий мэргэн овгийн Б.С, 1988 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт ................. тоотод оршин суух үндсэн бүртгэлтэй боловч ............... тоотод оршин суух, /РД:................../;

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ............. дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1 дэх заалтад зааснаар 2.800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар торгох ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 3.300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосон,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн .................. дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан,

Шүүгдэгч Б.С нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ............. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..................... байрны орцонд Д.Эий биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах’’ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас Б.Сыг чөлөөлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Э нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Юуны өмнө хэргийн талаар шүүх илтэд нэг талыг барьсан үнэлэлт дүгнэлт хийж тодорхойлжээ. Тодруулбал гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөлийг  тодорхойлохдоо миний өгсөн мэдүүлэг тайлбарыг хэрэгт холбогдолгүй зүйл ярилаа, ахиад ярих юм бол шүүх тахимаас хөөхийг хатуу сануулж байсан хирнээ шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт үндсэндээ зөвхөн шүүгдэгч талын мэдүүлэгт үндэслэн,  илтэд нэг талыг барьсан байдлаар үнэлэлт дүгнэлт өгч тодорхойлсон байна. Хэргийн талаар тодорхойлох хэсэгт шүүгдэгч Б.С нь “тэгсэн нэг өдөр салсан эхнэр бага хүүтэйгээ уулзах гэж Замын-Үүдэд ирсэн. Тэгээд ирэхдээ надад хэлэхгүй шөнө намайг унтаж байхад хүүг маань Улаанбаатар хот руу аваад явсан.” гэж өөрийгөө зөвтгөхийн тулд бусдыг гүтгэж гүжирдсэн өнгө аястай мэдүүлгийг нь хэрэг үйлдсэн нэг шалтгаан нөхцөл мэтээр тайлбар болгон хэрэглэжээ. Гэтэл 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр манай охин Хараанижид нь хүүтэйгээ уулзах гэхээс илүү гол нь гэр бүлээ цуцлуулах шүүх хуралд оролцох ёстой байсан тул Замын-Үүдэд очсон бөгөөд тэр өдрөө шүүх хуралдаанд оролцох, гэр бүлийн асуудлаа шийдвэрлүүлчхээд Б.Сын гэрт очиж хүүтэйгээ уулзсан байна. Энэ үед Б.С нь өөрийн найз залуу, түүний эхнэр, өөрийн өмнөх найз бүсгүй, манай гээд тавуулаа нийлэн архи ууцгаасан байна. Улмаар Б.С нь архиндаа халж согтуурхан манай охинд агсан тавьж айлган сүрдүүлж, зодож дарамталж эхэлжээ. Түүний энэ хүчирхийлэл балмад дээрэнгүй зан авир нь найз залууд нь хүртэл таалагдаагүй тул охиныг минь өмөөрөх тэд хоорондоо муудалцан маргалдан зодолдсон байна. Тэгээд найз нь эхнэрээ дагуулж тэднийхнээс гарч явсан байна. Эцэст нь Б.С ч өөрөө согтож тасарсан үед нь манай охин хүүгээ дагуулаад зугтаж Замын-Үүдийн “Титэм” зочид буудалд нуугдан байрласан бөгөөд энэ болсон нөхцөл байдлаа бидэнд утсаар мэдэгдэж, Замын-Үүдийн Цагдаагийн хэлтэст дуудлага өгч бүртгүүлжээ. Ингээд буудлын үнэ бусад шаардлагатай зардал тооцоонд мөнгө хэрэгтэй байсныг нь уг буудлынх нь дансаар ээж нь шилжүүлсэн. Улаанбаатарт ирэх суудлын билет авах, замд хэрэглэх зардал мөнгийг нь охиныхоо байгаа нөхцөл байдлын талаар Замын-Үүд болон Төмөр замын Цагдаад мэдэгдэж тусалж дэмжихийг хүссэний дагуу тэд өөрсдийн ажил үүргийн хүрээнд бидэнд туслалцаа дэмжлэг үзүүлж ажилласнаар 2024 оны 02 дугаар сарын 25-ны өглөө төмөр замын Амгалан өртөөн дээрээс эхнэр бид хоёр охин, зээ хоёрыгоо угтан хүлээж авсан юм. Энэ үед Б.С нь юу нь биднийгээ өршөөж нигүүлсэн, өгөөмөр буянтай зан гаргах манатай архидсан, хэрүүл зодоон, хүчирхийлэл, охины минь биед учруулсан гэмтэл энэ тэр гээл эрүүгийн гэмт хэрэгт ч татагдаж болгохоор ийм нөхцөл байдалд орчихсон, ер нь бидэнтэй нүүр тулан ярилцах нэр, нүүргүй болчихсон ийм л үе байсан шүүдээ. Энэ 2 хүний урд өмнөх гэр бүлийнх нь харилцааны түүхийг ч гэсэн цухасхан дурдахад Б.С нь урьд хоёр удаа ял шийтгүүлж байсан. Ер нь Б.С нь 2016 оноос манай охинтой хамтран амьдарч эхэлсэн бөгөөд ингэхдээ бид нартай хамт манай гэрт 1 жил гаруй амьдарсан. Сүүлдээ байнга архи ууж, хоорондоо таарч тохирохгүй хэрэлдэж маргалдаад амьдрал ахуй ихээхэн хүндрүүлж үе үе л салж нийлсэн ийм л хүн байсан. 2018  онд бага хүүгээ төрсний дараа ч энэ байдал нь олигтой өөрчлөгдөөгүй. Хоёр талаасаа гэр бүлийн ар тал, ах дүүс нь хэр хэмжээгээрээ янз янзаар тусалж дэмжээд ч дээрдээгүй. Бага зээ хүү Хантүшиг маань үндсэндээ 4 нас хүртлээ өвөө, эмээгийнхээ асрамжид өссөн юм.  2019 оны 08 дугаар сарын 13-нд Б.С нь Чех явж ажиллах материал бүрдүүлэхэд гэр бүлийн мэдээлэл зайлшгүй шаардлагатай гэсэн шалтгаанаар шалтаглан  гэр бүлээ албан ёсоор бүртгүүлжээ. 2020  оноос охин маань гэр бүлийн байнгын дарамт хүчирхийлэл, нөхрийнхөө эрхшээлд доор амьдардаг нь бидэнд их тодорхой болсон тул 2 хүүхдээ бид өөрсдийнхөө асрамжид авахаар шийдэн зөвхөн ээж нь өөрөө үе үе авч явж аавтай нь уулзуулж, тодорхой хугацаагаар хамтран амьдардаг байсан. Ингээд ээж нь зээ хүүг маань 2022 онд Б.С Чех явж байхаар болсон тул явах хүртэл нь аавтай нь хэд хоног цуг байлгая гэж авч яваад  үүнээс үндсэндээ 2 жил  гаруй 2024  оны 02 дугаар сарын 25 хүртэл өвөө, эмээтэй нь огт уулзуулаагүй болно. Тэр бүү хэл 2022 оны 07 дугаар сараас 2023 оны мөн үеийг хүртэл Сэргэлэнбаатар Чех улсад ажиллаж амьдарч байхад нь хүртэл хүүг маань ээжтэй нь уулзуулж байгаагүй. Ийм л эзэрхэг түрэмгий байдлаар бидэнтэй харьцаж байв. Уг нь Чех явахдаа эмээ, өвөөд нь хүргэж өгнө өө гэж амлаад ээжээс нь хүүг нь аваад үлдсэн гэдэг. Зээ хүү маань ааваасаа илтэд айн жийрхдэг. Хамтдаа байхыг нэг их хүсдэггүй. Ээжтэйгээ хамт байхыг илүүд үздэг. Өвөө, эмээ ахтайгаа хамтдаа байхыг чин сэтгэлээсээ хүсч эрмэлздэг байхад нь өөрийнх нь энэ хүсэл зоригийг үгүйсгэж хууль ёсны асран хамгаалагч нэрээр далайлгасан гэр бүлийн хүчирхийлэгч нэг нөхөрт түүний хүссэнээр 1 зээ хүүгээ өгөөд явуулчих сэтгэл зүрх, зориг дутаад байдаг юм. Гэтэл Б.С болохоор хууль ёсны асран хамгаалагч ... ээж нь болохоор хууль ёсны асрам хамгаалагч биш... юм шиг яахаараа асуудалд ингэж нэг талыг хэт барьж ханддаг юм. Шийтгэх тогтоолд нотлох баримтыг үнэлэхдээ “гэрчээр мэдүүлэг авсан нь түүнийг хохирогчоос шууд заасны дараа буюу хэрэгт хамаарал бүхий нотолгоо би болсны дараа буюу хэрэгт хамаарал бүхий  нотолгоо би болсны дараа мэдүүлэг авсан байх бөгөөд тус мэдүүлгийг худал мэдүүлэг тэднээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авсан” гэж үзэж Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэл болгон шүүгдэгч Б.Сын гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй байна. Үүнээс харахад хохирогчийн мэдүүлгээрээ нотолсон зүйлийг шүүгдэгчээр өөрөөр нь албадан хойшлуулсан байна гэж үзлээ. Ингэхдээ мөрдөгч процессын алдаа гаргасан бололтой. Гэтэл энэ дүгнэлтийг хийсэн байр суурь, хандлага нь яг үнэндээ шүүгдэгчийн  гэм бурууг илтэд үгүйсгэн өмгөөлсөн хэт нэг талыг барьсан байр суурь мэт харагдаад байх юм. Энэ байр сууриа нотлохын тулд хуулийн олон ч заалд дурдсан нь төөрөлдүүлэх гэсэн мэт  Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээн үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгож, нотлох баримтуудыг үндэслэн, бодитой дүгнэлт шийдвэр гаргасан  гэж итгэхэд ихээхэн эргэлзээ төрүүлж байна. Шүүхээс дүгнэлт шийдвэрээ гаргахад шүүх ажиллагаанд хяналт тавьж оролцсон улсын яллагч Д.Аззаяа нь өөрөө шүүгдэгчийг илтэд өмгөөлсөн байр сууринаас оролцож шүүхэд нөлөөлсөн байх болзошгүй гэсэн эргэлзээ ч төрлөө. Иймд миний бие хохирогчийн хувьд улсын яллагч Д.Аззаяагаас татгалзах хүсэлтийг илэрхийлж байна. Шийтгэх тогтоолд эрүүгийн хариуцлагын талаар “үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх журамт үүргээ биелүүлэхээр өөрийн хүү С.Хантүшигийг авч явах талаар хууль ёсны шаардлага тавихад хохирогч Д.Э хүлээн зөвшөөрөөгүйн улмаас маргаан үүссэн онцгой нөхцөл байдлыг харгалзан үзлээ” гэжээ. Ингээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.1 дэх заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаар хөнгөрүүлж үзэх нь зүйтэй гэж үзлээ. Эдгээр дүгнэлт шийдвэрүүдийг хохирогчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Юуны өмнө учруулсан хохирлыг бүрэн төлсөн гэх учруулсан хохирлыг нь би өөрөө бүрэн нэхэмжлээгүй. Энэ нь зөвхөн нэхэмжилсэн хөрөнгө, мөнгө зардлыг төлснөөр шийдэгдэхгүй байх. Хохирогч миний сэтгэл, санаа нийгэм, гэр бүл, орчлон эрүүл ахуй, амар амгалан аюулгүй байдалд аюул занал учруулсан хохирол ерөөсөө огт тооцож тогтоогдсонгүй. Энэ мэтээр шүүх ямар ч дүгнэлт шийдвэр гаргаагүй. Хохирогч миний бие өөрийгөө болон зээ, хүү охиноо хүчирхийллээс, хүчирхийлэгчээс өмгөөлөн хамгаалах эрх /үнэн, зөв/-гүй мэт илт нэг талыг барьсан шийдвэрийг шүүхээс гаргалаа гэж үзэж байна. Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн” гэсэн шүүгчийн дүгнэлтэд шийдвэрээр надад хүлээлгэсэн гэм бурууг ч огт хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл гэж үзэж байна. Харин ч шүүгдэгчид оноосон энэхүү гэмт хэргийн зүйлчлэлийг нэмэн шинээр зүйлчлэх шаардлага ч байж болохыг үгүйсгэхгүй. Иймд энэхүү эрүүгийн гэмт  хэргийг ч шүүхээр дахин хянан  үзэж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг үнэн, зөв шударгаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Прокурор Л.Аззаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэн прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг хянан хэлэлцээд Б.Сыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан. Б.Сын хувьд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох хохирогчоос баримтаар нэхэмжилсэн 106.000 төгрөг, мөн Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 120.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан нөхцөл байдал тогтоогдсон боловч прокурорын зүгээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, мөн шүүгдэгч өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт 2 удаа холбогдож шүүхээр шийтгүүлсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд прокуророос 800.000 төгрөг буюу 800 нэгжээр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан. Анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзээд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байдаг. Хохирогчийн зүгээс сэтгэл санаа, гэр бүлийн орчны аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулсан хохирлыг огт тооцоогүй талаар тайлбарлаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчоос сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх талаар өөрөөс нь тодруулсан байдаг. Хохирогчийн зүгээс сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэхгүй гэх хүсэлтийг илэрхийлсэн. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгт дурдагдсан байдаг. Шүүхийн шийтгэх тогтоолд Б.Сын хууль бус үйлдлийн улмаас цаашид учирч болох гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Хохирогчийн зүгээс сэтгэл санааны хохирол болон цаашид гарах хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрх нээлттэй байгаа.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Прокуророос Б.С нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ...................дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...................... байрны орцонд Д.Эий биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Б.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас Б.Сыг чөлөөлж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүйгээс гадна шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна.

Учир нь, шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх /ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх/-дээ оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг ерөнхий зарчмын хүрээнд бус тухайн хэргийн жинхэнэ байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй.

Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасан хүний хувийн байдлыг харгалзан албадлагын арга хэмжээ хэрэглэдэг өвөрмөц зохицуулалт юм.

Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний ... хувийн байдал ... зэргийг харгалзан” үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв гэж дүгнэхдээ түүний өмнө нь удаа дараа хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан байдлыг дүгнээгүй, мөн чухам шүүгдэгчийн хувийн ямар байдлыг харгалзан үзсэн талаараа огт дүгнээгүй нь тус тус үндэслэлгүй болжээ.

Иймд хохирогчийн “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг үнэн, зөв шударгаар шийдвэрлэж өгнө үү.” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/498 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               М.АЛДАР

 

                                    ШҮҮГЧ                                                Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                Ц.МӨНХТУЛГА