| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2018/0105/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/136 |
| Огноо | 2018-06-13 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2018/ШЦТ/136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч Д.Цогжавхлан,
Нарийн бичгийн дарга Б. Соёлмаа,
Хохирогч *******, түүний өмгөөлөгч Г.Доржготов
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цогжавхлангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 1814001380090 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, овгийн *******
Холбогдсон хэргийн талаар:
1. Шүүгдэгч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7- ийн А-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, Мөн дүрмийн 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 10-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн нутаг дэвсгэр Шаргалжуут рашаан сувиллаас тус багийн төв орох замд ******* улсын дугаартай УАЗ Пургон 220692-033 маркийн авто машиныг согтуугаар жолоодож яваад зам тээврийн осол гаргаж авто машин дотор зорчиж явсан иргэн *******ын биед хөнгөн гэмтэл, *******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 1978-1986 онд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 8 жилийн дунд сургуульд суралцан төгсөж бүрэн бус дунд боловсрол, 1986-1988 онд Баянхонгор аймгийн 1 дүгээр 10 жилийн сургуульд суралцаж 10 дугаар анги төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн болохоор бичиг үсэг мэднэ. Уншиж бичиж чадна. Би хуульд заасан эрх үүрэгтэйгээ танилцсан. Миний хувьд өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би уг тогтоолтой танилцсан. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 18 цаг өнгөрч байхад би Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын сургалтын хүмүүсийг аваад өөрийн ******* улсын дугаартай цагаан саарал өнгийн уаз Пургон маркийн авто машинтай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багт байх Рашаан сувилалд хүргэж өгөөд хүмүүсийн ачаа тээшийг буулгаад бага оройн 21 цаг болж байсан байх тэнд ******* гэх таньдаг хүнтэй тааралдсан бөгөөд ******* Манайд очиж цай унд уу гээд бид замын жижиг тэргээр Шаргалжуут тосгонд байх тэднийд гэрт очсон. Тэгээд цай унд уугаад жоохон тоглоод нэлээн удсан тэгтэл ******* Машинаа манай хашаанд авчраад тавьчих гэж хэлээд бид хоёр шөнийн 00 цаг өнгөрч байхад тэднийхээс гараад Рашаан руу алхаж очоод миний машиныг аваад буцаад тосгон руу явах гээд хөдөлсөн чинь хүн гараа өгөхөөр нь зогссон чинь *******ын таньдаг Рашаан сувилалд ажилладаг гээд эрэгтэй, эмэгтэй 2 хүн суусан. Тэгээд тосгон руу явтал Лхамын рашааны хажуу талд халиа гүйгээд нэлээн эвгүй болчихсон байсан бөгөөд тэнд суугаад 2-3 удаа холхиж байж гараад сайжруулсан замаар явж тойрсон тохойг тойроод цааш жоохон явж байтал зам нэлээн эвдэрч овон товон байхаар нь зөв талаар нь тойроод гарах гэхэд гэнэт машин тоормозгүй болж замаар гараад яах ийхийн зуургүй замын хажуугийн чулууг мөргөсөн. Тэгээд мөргөсөн даруйдаа би амьсгаа авч чадахгүй байсан бөгөөд машинаа буусан чинь ******* намайг ирж сэгсэрсэн чинь арай гайгүй болоод бид хоёр машины хойд талд суучихсан байсан нөгөө 2 хүнийг яасан бол гээд заалны хаалгыг онгойлгосон чинь 2 хүн байхгүй явчихсан байсан. Тэгээд бид 2 шууд тосгон руу алхаж очоод *******ынд орчхоод тосгоны эмнэлэг дээр ирсэн чинь нөгөө эрэгтэй, эмэгтэй 2 ирсэн эмчид үзүүлээд байж байсан. Тэгээд аймгаас эмнэлэг дуудсан гээд өглөө үүрээр аймгаас эмч нар ирээд нөгөө эрэгтэй , эмэгтэй хоёрыг аваад явсан. Би Баянхонгор аймгийн “Зооноз” өвчин судлалын төвд жолооч ажилтай бөгөөд уг авто машины нь “Зооноз” өвчин судлалын төвийн авто машин бөгөөд холбогдох бичиг баримт нь “Зооноз” өвчин судлалын төвийн нэр дээр байдаг. Тухайн үед ойролцоогоор 30 км цагийн хурдтай явсан. Тухайн үед хурдны хайрцаг 3 дугаар араандаа явсан. Би одоо бодохдоо голын халиа гүйцэн газраар гараад удаагүй байсан болохоор тоормозны эд анги усанд нороод тоормоз бариагүй юм болов уу гэж бодож байна. Би жолоо барьж миний хажуу талын урд суудалд *******, арын заалны хойшоо харсан суудалд дээр нөгөө эрэгтэй, эмэгтэй 2 сууж явсан. Авто машины урд салхины шил хагарч, зөв талын их гэрэл доод хэсэгт дотогш цөмөрч дохионы гэрэл хагарч, Радиатор сэнсэндээ шүргэгдэж цоорсон, урд гүпер дотор хотойж мурийсан зэрэг гэмтэл учирсан байсан. Тэгээд би авто машиныг бүрэн засварлаж “Зооноз” өвчин судлалын төвийн өмч хамгаалах комисс хүлээн авсан. Би *******ынд хоол унд идсэнийхээ дараа 0.33 литрийн ганц лааз пиво уусан байсан. Гэхдээ ямар нэгэн согтсон зүйл байгаагүй. Би В, С, Д ангиллын жолооны үнэмлэхтэй. Би түүнийг Улаанбаатар хот руу тээвэрлэхэд 2 хүний замын зардал гэж 320.000 төгрөг мөн бусад эмчилгээнд зарцуулаарай гэж 1.000.000 төгрөг өгсөн байгаа. Мөн түүнийг эмнэлгээс гараад гадуур эмчилгээ хийлгэхэд эм тариаг нь хийлгүүлсэн байгаа. Миний эзэмшилд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр баг 9-4 тоотод миний эзэмшлийн 526 метр квадрат хашааны газар байдаг. Холбогдох бичиг баримт нь миний өөрийн нэр дээр байдаг. Өөр эд хөрөнгө байхгүй. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргаж бусдын биед гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. Би бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулах болно. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг / хх-ийн 202-204 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2003-2011 онд Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуульд суралцаж 9 дүгээр анги төгсөж бүрэн бус дунд, 2011-2014 оны Баянхонгор аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн мужааны ангид суралцаж төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн болохоор уншиж бичиж чадна. Би Шаргалжуут рашаан сувилалд тогоочоор ажилладаг юм. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдөр рашаан сувиллын хоолны зааланд хүлээн авалт болоод шөнийн 02 цагийн үед тарсан Тэгээд би хамт ажилладаг 2 хүний хамт заалны ширээ сандлыг янзалчхаад 02 цаг 30 минутын орчим гэргүйгээ гэр лүгээ тосгон руу явахаар гарсан юм. Тэгээд тосгон руу явах гээд хамт ажилладаг Н эгч бид хоёр зогсож байтал тосгон руу явах гэж байгаа бололтой цагаан саарал өнгийн пургон авто машин бид хоёрын хажууд ирээд зогссон чинь дотор нь Шаргалжуутын тосгон дээр байдаг ******* гэх ах суучихсан байсан бөгөөд суучих гэж хэлээд Н эгч бид хоёр суусан. Тэгээд хойшоо тосгон руу явсан бөгөөд замдаа голын халиа гүйцэн хэсэгрүү ороод жоохон дугуй нь хий эргэж байгаад гарсан. Тэгээд цаашаа явахдаа жолооч нь замын овон товон дээгүүр тонгочуулаад нийлээн ширүүн явсан. Н эгч бид хоёр авто машины заалны хойшоо харсан суудал дээр хажуу талаараа урд урдаасаа хараад суучихсан юм яриад явж байсан бөгөөд жолооч ч гэсэн ******* ахтай юм ярьж байсан. Тэгээд би нэг урагшаа харсан чинь машин жолоочийн талаараа замын хажуу руу орсон бөгөөд Хүүе гэхийн зуургүй юм хүчтэй мөргөөд зогссон. Би тэр үед хойшоо шидэгдээд суудлын завсраар шалан дээр унасан бөгөөд баруун талын хавирга хэсгээрээ хойшоо харсан суудлын ирмэг хэсэг рүү хүчтэй мөргөсөн. Тэгээд миний дотор давчдаад арай гэж хаалгыг онгойлгож буугаад зам дээр хэвтсэн чинь бүр их өвдөөд байхаар нь босож ирээд шууд хүн бараадъя гээд Н эгч бид хоёр тосгоны зүг алхсан. Тухайн үед машинаас ******* ах болон жолооч нар бууж ирээгүй. Тэгээд тосгон руу явах замд өвдөөд явж болохгүй байсан бөгөөд Н эгч нөхрийгөө дууд, мөн зам тээврийн осол гаргаад доор машин 2 хүн байгаа гэж хэлсэн Тэгээд бид хоёр тосгон дээр очоод эмнэлэгт дуудлага өгч тосгоны сувилагч ирж үзээд өвчин намдаах эм өгч аймгийн төв рүү дуудлага өгсөн. Тэгээд өглөө үүрээр аймгийн эмнэлгээс хүмүүс ирж намайг авч аймгийн эмнэлэгт авчраад Элэг нь бяцарсан байна гээд тэр өдрийнхөө орой нь хагалгаанд ороод 5 хоног эмнэлэгт хэвтээд 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хот руу онгоцоор явж Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн цээж хэвлийн хөндийн хавсарсан тасагт 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл, “Мөнгөн гүүр” эмнэлэгт 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдөр хүртэл, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт 2018 оны 03 дугаар сарын 2.9-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 09- ний өдрийг хүртэл тус тус хэвтэн эмчлүүлээд одоогоор гэрээр эмчилгээ хийлгэж байна.
Тухайн үед жолооч, *******, Н миний бие гээд 4 хүн явсан. Жолоочийн хажуу талын урд суудалд ******* авто машины заалын хойшоо харсан суудлын хаалган талд би. хажуу талд Н нар сууж явсан. Рашаан сувиллаас Тосгон хүртэл ойролцоогоор 2 км орчим зайтай байдаг. Би уг авто машины улсын дугаарыг хараагүй. Ямар ч байсан Цагаан саарал өнгийн Пургон авто машин байсан. Дараа нь сонсож байхад жолоочийг нь Г гэдэг гэж байсан. Би анх эхэлж машинд суухдаа жолооч Г болон ******* ах хоёрыг согтууруулах ундаа хэрэглэсэн талаар мэдээгүй. Тэгээд осол болохоос өмнө жолооч ******* ах хоёр хоорондоо юм яриад жолооч овон товон дээгүүр донслуулаад хурдтай давхиад байхаар нь архи уучихсан юм болов уу гэж бодсон. Хэдэн км цагийн хурцтай явсныг мэдэхгүй байна. Миний бодоход донслуулаад нэлээн ширүүн яваад байх шиг байсан. Яагаад замын хажуу тал руу гарсныг мэдэхгүй байна. Замын хажуу тал руу гарахаас өмнө тоормоз гишгэж зогсоох арга хэмжээ аваагүй. Тэр хоёр машин дотроо л байсан байх. Ямар ч байсан гарч ирээгүй. Одоо миний гаднах зовиур гайгүй болсон. Гэхдээ гуурсны шарх сайн эдгээгүй байгаа. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн болон Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын хяналтад байгаа. Эмч нар биед чинь өөрчлөлт гарах юм бол яаралтай ирж үзүүлээрэй гэсэн. Одоо гэрээр эмчилгээ хийлгэж байгаа.
Миний хувьд эрүүл саруул зүгээр явж байгаад биедээ хүнд гэмтэл авсандаа гомдолтой байна. Би осол болсноос хойш хагалгаанд орж Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт олон хоног хэвтэн эмчлүүлж, олон төрлийн эмч тариа авч хэрэглэсэн. Одоо ч гэсэн хэрэглэж байгаа. Тиймээс гарсан зардлаа баримттай гаргаж өгч нэхэмжлэх болно. гэх мэдүүлэг /хх-ийн 66-69/
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Тухайн өдрийн орой аймгаас хүмүүс очиж сургалт хийгээд 02 цагийн үед тарсан. Сургалтаа тараад явж байтал ******* ах цагаан пургонтой ирж, машинд нь суугаад явсан. Замын овон товон ихтэй дэнжээр явж байгаад харайлгасан. Би Н эгчтэй юм ярьж байгаад эргээд харахад хүүе гэхийн завдалгүй жолоочийн талын дугуй замын хажуу руу орсон. Тэр үед би суудлаасаа хойшоо шидэгдсэн. Юм мөргөхөд нь баруун талын хавиргаараа суудлын хөндлөвч мөргөсөн. Мөргөсний дараа амьсгаа авч чадахгүй амь тэмцээд, хаалга онгойлгох гэхэд гажаад онгойхгүй байсан. Н эгчтэй хамжиж машины хаалгыг онгойлгоод гадаа гарч амь тэмцэж байж байгаад явсан. Алхаж байхад амьсгаа давхцаад явж чадахгүй байсан. Жаахан хэвтээтье гэхэд Н эгч утас байна уу гэсэн, би балмагдаад өөртөө утас байгааг ч мартсан байсан. Утсаар эгч рүүгээ яриад эмч дагуулаад ир, машинд хоёр хүн байгаа цагдаа дуудаарай гэж хэлчхээд явсан. Н эгчийн нөхөр гарч ирж бид хоёрыг оруулаад удалгүй эмч нар ирж, эмнэлэг рүү авч явсан. Аймгаас түргэний машин өглөө 06 цагт очиж аваад аймгийн төвд ирж хагалгаанд орсон гэв.
5. Хохирогч М. Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
… Би 1996-2002 онд Баянхонгор аймаг Баянхонгор сум Шаргалжуут 8 дугаар багийн дунд сургуульд суралцаж бүрэн бус дунд боловсрол, 2002-2004 онд Баянхонгор аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн дээд сургуулийг тогтоож мэргэжлээр төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн болохоор уншиж бичиж чадна. 2018 оны 03 дугаар сарын 09-ний орой Баянхонгор аймгийн Баянхонгор сум Шаргалжуут 8 дугаар баг Рашаан сувилал дээр 150 хүний хүлээн авалт болсон юм. Тэгээд хүлээн авалтын дараа хамт ажилладаг ******* бид хоёр ширээ сандлаа янзалчхаад бараг шөнийн 02 цагийн үед тосгон руу явах гээд гараад замаар алхаж байтал араас цагаан саарал өнгийн пургон машин ирж байхаар нь бид хоёр гараа өргөсөн чинь зогссон. Уг машины жолоочийн хажуу талд манай багийн ******* гэх ах суучихсан байсан бөгөөд тэрээр бид хоёрыг машинд суучих гэсэн. Тэгээд бид хоёр тосгон явах гэж байсан болохоор машин суусан. Тэгээд цааш яваад тосгон руу ойртож явах үед машин гэнэт хүчтэй юм мөргөх шиг болоод арын зааланд сууж явсан ******* бид хоёр шидэгдээд би суудлын гол руу унасан, ******* бас шидэгдсэн. Тэгээд ******* шидэгдэхдээ суудлын түшүүрэг рүү мөргөчих шиг болсон бөгөөд тэрээр Ёолоод цээж хэвлийгээ бариад байсан. Тэгээд *******гийн эгч рүү утсаар яриад, манай нөхөр бид хоёрыг ирж авсан. Тэгээд эмнэлэг дуудсан чинь тосгоны эмч нар манайд ирж бид хоёрыг үзээд тосгоны эмнэлэгт хүргэсэн. Тэгээд аймаг руу дуудлага өгсөн гэж байсан. Жолоочийн хажуу урд талын суудал дээр ******* ах, ******* бид хоёр авто машины хойд заалны арагшаа харсан суудал дээр урагшаа хараад сууж явсан. Машинд надтай нийлээд 4 хүн л явсан. Тэгээд ******* Хүүе, хүүе гэх шиг болсон шууд хүчтэй зүйл мөргөсөн. Би тэр үед чулуу мөргөснийг нь мэдээгүй. Маргааш өглөө нь эмнэлгийг машинтай хажуугаар нь гараад явахад том чулуу мөргөсөн харагдаж байсан. Осол болох үед би өөрийгөө авто машины заалны хажуугийн цонхны доод хэсгийг духаараа мөргөсөн гэж бодож байгаа. Дараа нь миний дух хөхрөөд хавдсан байсан, зүүн талын гуя хөхөрчихсөн байсан. Өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Жолооч барьж явсан хүнийг танихгүй, Хүлээн авалтад ирсэн хүмүүсийг аймгаас хүргэж ирсэн хүн гэж байсан. Миний хувьд жолооч, ******* ах хоёрыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг мэдээгүй. Ямар ч байсан ******* бид хоёрыг машинд суухад илт согтуу юм шиг шинж мэдэгдээгүй. Би машиныг хэр зэрэг хурдтай явсныг мэдээгүй. Мөргөсөн чулууг нь хараагүй, жолооч ч гэсэн авто машиныг зогсоох арга хэмжээ авсан эсэхийг мэдээгүй. ******* нь миний хажуу талд хаалга талд надтай адилсан арагшаа харсан суудал дээр урагшаа хараад сууж явсан. Тэгээд осол болох үед тэрээр хойшоо шидэгдээд цээжин хэсгээр арын суудлын суудлын ирмэг хэсэг рүү цохигдох шиг болсон. Осол болсны дараа жолооч, ******* ах хоёр суудал дээрээ чимээгүй суугаад байх шиг байсан. Тэгээд ******* бид хоёр шууд тосгон руу яваад *******гийн эгч рүү хэлэхдээ Цагдаад мэдэгдээрэй, жолооч болон ******* ах хоёр машиндаа үлдсэн шүү гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн алба хаагч нар очсон байх. Одоо миний биеийн байдал зүгээр байгаа. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Надад дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний биеийн байдал зүгээр болохоор надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Осол гаргасан жолоочоос надад шаардлагатай эмч, тариаг авч өгч байсан. Нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 72-74/
6. Иргэний нэхэмжлэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би хуульд заасан эрх, үүргээ ойлгосон. Би байгууллагынхаа өмч хамгаалах комиссын гишүүн бөгөөд байгууллагын даргын тушаалаар намайг иргэний нэхэмжлэгчээр оролцуулахаар томилсон болохоор надад иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Уг авто машин нь манай “Зооноз” өвчин судлалын төвийн авто машин байгаа юм. Холбогдох бичиг баримт нь манай байгууллагын нэр дээр байгаа. Тэр талаар мэдэж байгаа. 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр манай байгууллагын өмч хамгаалах комисс уг авто машинд үзлэг хийхэд урд Салхины шил хагарсан, Радиаторын гуурснууд ханзарсан, Сэнс хугарсан, урд купер эвдэрсэн, зөв талын моторын лапны боолт тасарсан, зөв талын урд арьс цөмөрсөн зэрэг эвдрэл гэмтэл учирсан байсан бөгөөд жолооч *******ийг авто машины эвдэрсэн эд зүйлийг янзалж, ажил үүрэг гүйцэтгэхэд авто машиныг бэлэн болгож өг гэж хэлсэн. Тэгээд жолооч *******ан- Эрдэнэ нь авто машиныг янзалж 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэн өгсөн. Уг авто машиныг байгууллагын өмч хамгаалах комисс үзлэг хийхэд авто машиныг бүрэн янзалсан байсан бөгөөд бид нар зурагжуулан тэмдэглэл үйлдэн хүлээн авсан. Одоо уг авто машины ажил үүрэг хэвийн гүйцэтгээд явж байгаа. Харин тухайн үед авто машины эвдэрсэн эд зүйлийн үнэлгээг бол би хэлж мэдэхгүй байна. Үзлэг хийсэн тэмдэглэл, зураг, мөн хүлээн авсан тэмдэглэл зураг нь байгаа. Байгууллагын зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 79-80/
7. Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2018.оны 03 дугаар сарын 09-ний орой 22 цагийн үед би Баянхонгор аймгийн Баянхонгор сум Шаргалжуут 8 дугаар баг Рашаан сувилал дээр явж байгаад *******тэй тааралдсан юм. Тэрээр-Аймгийн төвөөс хүмүүс авчирсан гэж байсан. Тэгээд түүний хамт машин дотор нь ойр зуурын юм ярьж сууж байгаа би түүнийг-Манайд очиж хоёулаа хоол унд идье гэж хэлээд бид хоёр түүний машины орхиод тосгон руу явж байгаа нэг машинд суугаад манайд очсон. Тэгээд манайд ганц ганц лааз пиво ууж, хөзөр жоохон тоглосон. Тэгээд нэлээн ч орой бараг шөнийн 00 цаг болж байсан байх *******- Миний машины 2 бак цоожгүй, нэлээн шатахуунтай байгаа гэхээр нь би түүнд- Машинаа манай хашаанд авчраад тавьчих гэж хэлсэн. Тухайн үед орой болчихсон унаа тэрэг явахгүй байсан болохоор бид хоёр Рашаан сувилал руу алхаж очоод тэрээр машинаа жолоодоод буцаад манайх руу явах гээд Рашаанаас дөнгөж хөдөлсөн чинь рашаан сувиллын гал тогоонд ажилладаг Б, Н гэх эрэгтэй эмэгтэй хоёр суусан. Тэгээд цаашаа яваад мөстсөн голын хаялга хэсгээр гарсан чинь машин нь жоохон хий эргээд хэд холхиулж байгаад гараад цааш явтал гэнэтхэн жолооны хүрд /рул/ булааж байгаа юм шиг замын хажуу талруу хазайгаад яах ийхийн зуургүй чулуу мөргөсөн.Тэгээд яг чулуу мөргөсөн үед ******* бид хоёр жоохон балмагдаж шоконд орсон юм билээ. Тэгээд би шокноос гаргаад машинаас буугаад ирсэн чинь ******* машинаас буугаад ирчихсэн цээжээ бариад дэвхцээд байхаар нь би очиж сэгсэрсэн чинь амьсгаа аваад гайгүй болсон. Тэгтэл машинд явсан нөгөө эрэгтэй, эмэгтэй хоёр байхгүй байсан бөгөөд бид хоёр машинаа тэндээ үлдээгээд шууд тосгон руу алхаад манайд ирсэн чинь нөгөө машинд явсан эрэгтэй, эмэгтэй хоёр тосгоны эмнэлэг дээр оччихсон байна гээд би, эмнэлэг дээр очоод ******* цагдаагийн алба хаагч нартай машин руугаа явсан. Тухайн үед ******* жолоо бариад би түүний хажуугийн урд суудалд, замаас суусан Б, Н хоёр арын зааланд сууж явсан, тухайн үед тэр хоёрыг яг аль суудал дээр сууж явсныг мэдэхгүй байна. Тэгээд бид 4-өөс өөр ямар нэгэн хүн яваагүй. Би тухайн үед машины урд талын салхины шилийг мөргөж, тэр үедээ жоохон хавдаж, хөхөрсөн байсан. Одоо эдгэрч зүгээр болсон. ******* бид хоёр манайд 0.33 литрийн хэмжээтэй лаазтай пиво нэг нэгийг уусан. Өөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. *******ан-Эрдэнийн хувьд согтсон зүйл байгаагүй, эрүүл шахуу байсан. Машин ойролцоогоор 20-30 км цагийн хурдтай явсан байх. Тэгээд ч уг газар нь бартаатай, хурд авах ямар боломжгүй газар байгаа юм. Машин рулээ булаасан уу яасан мэдэхгүй, гэнэтхэн л замын хажуу руу гараад зогсоох арга хэмжээ авч амжихааргүй хурдан хугацаанд болсон. Би тухайн үед тэр чулууг харж чадаагүй. Тэр талаар надад мэдэх зүйл байхгүй. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Надад дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний биед гэмтэл учраагүй болохоор надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 81-83/
8. Гэрч ,ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...******* нь манай аавын төрсөн дүү байгаа юм. Зам тээврийн осол гаргасан гэж сонсож байсан. Нарийн зүйл мэдэхгүй. Манай ах ******* нь даруу төлөв зантай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Уурлаж уцаарлаад байдаггүй. Эхнэр 3 хүүхдээ тэжээх гэж амьдарч яваа хүн. Гэр бүл садан төрлийн хүмүүсийнхээ дунд нэр хүнд сайтай. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 84-85/
9. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...******* нь миний нөхөр. Бид хоёр 1992 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж түүнээс хойш одоог хүртэл хамтран амьдарч байна. Бид хоёр 3 хүүхэдтэй, хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаа. Би хариуцлагын талаар ойлголоо. Надад асуух зүйл байхгүй. Зам тээврийн осол гаргасан гэж шалгагдаж байгааг нь мэдэж байгаа. Манай нөхөр ******* нь гэр бүлдээ түшигтэй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Амьдрал, үр хүүхдийнхээ төлөө байгаа бүхнийг зохиулдаг, хань ижилдээ түшигтэй, Хүнтэй түрүүлж дуугараад байдаггүй, даруу дөлгөөн зантай. Нөхөр бид хоёр хоёулаа дундаж амьдралтай, цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа жирийн нэг гэр бүлийн хүмүүс. Манай 3 хүүтэй бөгөөд хүүхдүүддээ сайнаар үлгэр дуурайлал өгч чаддаг хүн гэж эхнэр миний хувьд дүгнэдэг. гэх мэдүүлэг /хх-ийн 86-87/
10. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 197 дугаартай шинжээчийн:
1. М. Бгийн биед хэвлийн битүү гэмтэл, элэгний VII, VIII-р сигментийн няцрал, элэгний хальсан доорх цусан хураа, хэвлийн хөндийд цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоолгох журмын 2.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт. Эмчилгээний үр дүнгээс хамаарна. гэх дүгнэлт / хх-ийн 94-96 /,
11. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 198 дугаартай шинжээчийн:
1. *******ын биед тархи доргилт, зовхи, гуяын цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоолгох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт / хх-ийн 178-179 /,
12. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 246 дугаартай шинжээчийн:
1. Б.*******ын биед духанд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоолгох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй
З. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт / хх-ийн 182-183/,
13. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 199 дугаартай шинжээчийн:
1.*******ийн биед зүүн талд VI, VII-р хавирганы хугарал, тархи доргилт зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт, зүүн гуя, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 7 зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. гэх дүгнэлт / хх-ийн 186-187 /,
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй
14. “Энх-Нахиа” ххк-ийн 2018 оны 05 дугаар сарын 07-ний өдрийн 16 дугаартай шинжээчийн:
...Урд салхины шил 210.000, Радиаторын гуурс 80.000, Радиаторын сэнс 6.000, Урд буфер 60.000, Лаапны боолт 1000, Урьд арьс /Засвар/ 380.000, Под парны гэрэл 5000, Будаг 25.000, нийт дүн 767.000 гэх дүгнэлт /хх-ийн 191-192/ зэрэг нотлох баримт болон хохирогчоос 12 хуудас нотлох баримт, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 7 хуудас нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгснийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 2-д заасан “ учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 10-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн нутаг дэвсгэр Шаргалжуут рашаан сувиллаас тус багийн төв орох замд ******* улсын дугаартай УАЗ Пургон 220692-033 маркийн авто машиныг согтуугаар жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-ийн а-д заасан “согтууруулах ундаа...хэрэглэсэн,....үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 9.2-д заасан “ жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж машинд зорчиж явсан иргэн *******ын биед хөнгөн хохирол, *******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт болсон нь гэрч Б. *******, Д.Мөн-Эрдэнэ, , нарын мэдүүлгээр болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх дүгнэж, шүүгдэгч *******ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан үедээ зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлоо нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүхээс түүнийг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан үедээ зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт нь хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим зэргийг харгалзан тухайн зүйл хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, харин үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Харин эрх хасах нэмэгдэл ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэж, тэнсэх болон эрх хасах нэмэгдэл ялд хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгслийг жолоодох 174508 дугаарын үнэмлэхийг хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг үнэмлэх, мэдэгдлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвд хүргүүлэхийг шүүгчийн туслах болон Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******гийн учирсан хохирлыг нөхөн төлснийг дурдаж хохирогч *******гийн зүгээс цаашид эмчилгээний зардлаа нэхэмжлэх хүсэлт гаргасныг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* улсын дугаартай “Пургон” маркийн Баянхонгор аймгийн “Зооноз” өвчин судлалын төвийн эзэмшлийн авто машинд учирсан эвдрэл гэмтлийн хохирол нөхөн төлөгдсөн тул иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэв.
Уг хэрэгт шүүгдэгч *******ийн өмчлөлийн 526 мкв гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг газрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгч *******д буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан үедээ зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 181 дүгээр зүйлийн 181.1.2, 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч овогт *******д мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван / 03 / жилийн хугацаагаар хасаж, хоёр жил таван / 2 жил 05 сар / сарын хугацаагаар тэнсэж, уг шийтгэлд хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 188 дугаар зүйлийн 188.4-д зааснаар шүүгдэгч ******* нь энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдаж, хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.2-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван / 03 / жилийн хугацаагаар оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******д үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж шүүх үзсэнийг дурдсугай.
6. Уг хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ******* болон иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч *******д хохиролд дөрвөн сая таван зуун наян таван мянга гурван зуун / 4585300 / төгрөг төлсөн болохыг дурдаж цаашид гарах зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгслийг жолоодох 174508 дугаарын үнэмлэхийг хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг үнэмлэх, мэдэгдлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвд хүргүүлэхийг шүүгчийн туслах болон Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт шүүгдэгч *******ийн өмчлөлийн 526 мкв гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг газрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгч *******д буцаан олгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ