| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2405052720014 |
| Дугаар | 2025/ДШМ/483 |
| Огноо | 2025-04-29 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2025/ДШМ/483
2025 04 29 2025/ДШМ/483
Л.Бт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Билгүүн,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/2247 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Баянмөнхийн бичсэн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 09 дугаартай эсэргүүцлээр Л.Бт холбогдох 2405052720014 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Лхагва овгийн Л.Б, 1988 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засгийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......................./;
Яллагдагч Л.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ..................дүүргийн ........... хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..............” нэртэй хоолны газарт ажиллаж байсан иргэн Е.Еыг эр, эмийн хардалтын улмаас зодож, түүний эрх чөлөөнд халдаж биед нь 11, 21, 12, 22 шүдний булгаралт, хугарал, хамар ясны хугарал, дээд уруулын салстад шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Л.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогч Е.Е "Тухайн үед мөрдөгч дуудаад хэргийг шүүх рүү шилжүүлэх гэж байгаа тул сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй талаар бичээрэй гэж хэлсэн. Тухайн үед гарах үр дагаврыг нь мэдэхгүй байсан тул бичээд өгсөн. Тэгээд би өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан. Би одоо ганцаараа гудамжинд явахаас айдаг болсон. Мөн эхнэр нь над руу мессеж бичиж доромжилж, дарамталдаг. Иймд сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна...”, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нь “...Миний үйлчлүүлэгч сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байгаа тул сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллагаар тогтоолгож өгнө үү” гэж тус тус сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ...Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг)-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268 , А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах” журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно”, 2.10-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтооно” гэж тус тус зааснаас үзэхэд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоохоор хуульчлан журамлажээ.
Өөрөөр хэлбэл, дээрх хууль болон журмаар тусгай мэдлэг бүхий шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан байна. Түүнчлэн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоохоос бус шүүх тогтоохгүй, харин Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.8-д “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэсэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн ...доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг баримтлан хор уршгийн нөхөн төлбөрийг тооцож гаргах эрх хэмжээг шүүхэд олгосон байгааг дурдах нь зүйтэй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүх арга хэмжээг авч, мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр, зөвтгөн хийх нь зүйтэй байна. Тухайлбал, шинжилгээний байгууллагаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргуулах, хохирогчид танилцуулах ажиллагааг хийх нь зүйтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэсэн үндэслэлээр яллагдагч Л.Бт холбогдох хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв.
Прокурор Т.Баянмөнх бичсэн эсэргүүцэлдээ: “Яллагдагч Л.Бийн биед гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоох ажиллагааг хийж, улмаар гэмт хэргийн улмаас түүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг хийсэн байх боловч хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрөө сайн дураараа өөрийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэхийг шинжилгээний байгууллагаар тогтоолгохоос сайн дураараа татгалзсан тухай мэдүүлэг өгсөн, мөн энэ талаар бичгээр хүсэлт гаргасныг мөрдөгч хангаж шийдвэрлэсэн нь зэргийг үндэслэн прокуророос хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх боломжгүй ба шинжээч томилж, дүгнэлт гаргуулах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь, хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны болон прокурорын хяналтын шатанд өөрийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх талаар дүгнэлт гаргуулах ажиллагааг хийлгүүлэх талаар хүсэлт, гомдол гаргаагүй, харин шүүхийн шатанд энэ талаар хүсэлт гаргасныг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээ хийлгэх журмын дагуу хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээг шүүх хуульд заасан үндэслэлийн дагуу шинжээч томилж хийлгэх бүрэн боломжтой байхад хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэжээ.
Прокурор Э.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирогчийн хувьд мөрдөн байцаах шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу сэтгэцэд учирсан хор уршиг тогтоолгохоор мэдүүлэг өгсөн байдаг. Энэ талаарх хүсэлтийг мөрдөгч гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж заасан байдаг. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогчийн зүгээс өмгөөлөгчийн хамт сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгох хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг шүүх хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хүсэлтийн дагуу шинжээч томилуулж дүгнэлт гаргах боломжтой гэж үзсэн. Үүнийг заавал мөрдөн шалгах ажиллагаанд прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Прокуророос яллагдагч Л.Бийг хохирогч Е.Еыг хардалтын улмаас зодож, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Л.Бт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хэлэлцээд “...хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгох мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна...” гэж дүгнээд прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Шинэчлэн найруулсан Шүүхийн шинжилгээний тухай хуулиар “...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох...” харилцааг зохицуулсан ба үүнтэй холбогдуулан Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоол, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай “Журам хүснэгт батлах тухай” тушаалын 1 дүгээр хавсралтаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”, 2 дугаар хавсралтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг тус тус баталжээ.
Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас шууд учирсан хохирол, тухайн хохирол учруулснаас үүдэн гарах үр дагаврыг хор уршигт тооцдог.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоохоор заасан байх тул нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоосны эцэст шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын 1.4-т “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад Шүүх шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад эрх зүйн акт, энэхүү журмыг мөрдлөг болгоно” гэж,
мөн журмын 2.3-д “энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтас хэргийн материалд хавсаргана” гэж,
мөн журмын 2.6-д “Шинжилгээ хийлгэх хохирогч нь шинжилгээнд биечлэн хамрагдана. Шаардлагатай тохиолдолд хавтас хэргийн материал болон эмнэлгийн баримт бичиг, материалыг хамт ирүүлнэ” гэж,
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтын 1.1-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооход энэхүү жишиг аргачлалыг харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолын дээрх хэм хэмжээний агуулгаас үзэхэд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээнд хохирогчийг биечлэн хамруулахаар заасан, уг ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны үед хийж гүйцэтгэх шаардлагатай байна гэж үзэв.
Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг явуулах мөрдөн шалгах ажиллагааг бүрэн дүүрэн явуулсны эцэст гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар яллах дүгнэлтэд тодорхой заавал зохино.
Иймд шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тухайлан заасан нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосны эцэст шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/2247 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА