Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/138

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга:О.Сувд-эрдэнэ,

Хохирогч *******

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814002200114 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 17-аас 2018 оны 03 дугаар сарын 18-нд шилжих шөнө буюу 03 цагийн үед Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Уран-хайрхан 2 дугаар багийн нутаг болох Хайрханы гэзэг гэх газар ******* гэрт *******ыг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Баян-Овоо сумын 2-р багийн нутаг “Хайрханы гэзэг” 2018 оны 03 сарын 17 -ноос 2018 оны 03 сарын 18-нд шилжих шөнө ******* гэх айлд очсон тэгээд ороод мэнд усаа солиод би *******атбаатар, болон эхнэр ******* 2-ийг 18 настнууд шиг сайхан амарч байна уу гэсэн тэгээд би Хайрханы гэзэг хаваржааны эзэн нь ирж хаваржаадаа бууна гэж байсан танайх нүүгээрэй гэсэн. Энэ хаваржаа нь манай хүргэн ******* хаварждаг юм эзэн нь айл хунар буух юм очиж хэлээрэй гэсэн тэгээд би ******* хэлсэн.Тэгсэн ******* нь дотуур хувцастайгаа босож ирээд шууд алгадаж авсан би цай уугаад сууж байсан тэгсэн аяганы амсар нь хацар шалбалсан тэгээд нүүр самардах гээд дайрсан тэгсэн би хойшоо унасан тэгээд намайг толгой руу гутлаараа хэд хэд удаа цохиж авсан тэгэхээр гарт сандал таарахаар нь толгойд нэг удаа цохиж авсан тэгээд бид *******,******* нар салгасан тэгээд би уучлалт гуйсан.Тэгээд аймаг орж 2 удаа боолт хийлгэсэн толгойны зургийг нь авч өгсөн тэгээд 30.000 төгрөг дараа нь бензиний мөнгө гэж 50.000 төгрөг өгсөн. Тэгсэн ******* нь хүний муу үзээд яах юм 2-лаа тохиръё гэсэн би ч бас тохиръё гэсэн би 400,000 мянган төгрөгөөс 500.000 мянган төгрөг өгье гэхэд үгүй гээд цагдаад мэдэгдсэн. Би тэгж хэлээгүй “Хайрханы гэзэг” гэх газар байдаг хаваржаанаас нүүгээрэй айл нь ирж байгаа шүү гэж хэлсэн тэгсэн шууд дайраад алгадаад гутлаар цохиод байхаар нь би сандлаар цохиж авсан. Хацар шалбарсан, Толгойн оройн хэсгээр 3 -4 газар хавдсан байсан. Би архи уусан Гэхдээ өөрийгөө хянах чадвартай байсан Маамынд хүн байгаагүй эхнэр хүүхэд нь аймаг явсан байсан. Би гарт таарсан жижгэвтэр сандлаар нэг удаа цохиж авсан. Биеийн байдал нь толгой нь хагарсан байсан. Тийм зүйл байхгүй ээ ? бид 2 уулан нэг анги төгсөж байсан .Надад өөр нэмж ярих зүйл алга хийсэн хэрэгтэй гэмшиж байгаа ахиж гэмт хэрэгт холбогдохгүй ******* нь надаас 925000 төгрөг нэхэмжилж байгаа өөр нэмж ярих зүйл алга байна. гэх мэдүүлэг / хх-ийн 72-74 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 17-ны шөнө 03 цагийн үед *******ынд очсон. Бууц дээр айл буулгах гэж байсан юм. Танайх буусан байна гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* босож ирээд алгадаж аваад гутлаараа цохисон. Гарт сандал таарахаар нь 1 удаа би цохисон. Маргааш өглөө нь уучлалт гуйсан. Эм тарианы мөнгө өгсөн. Улаанбаатар хот руу явж рентген зураг авхуулна гэхээр нь 400.000 өгье гэсэн чинь авахгүй гэсэн гэв.

 3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2018 оны 03 дугаар сарын 17 -ны шөнө 03 цагийн үед нөхөр *******ын хамт амарч байхад гаднаас *******олдбаатар орж ирсэн 18-тууд амар ч байна уу гээд байсан согтуу.Тэгээд би босоод гал түлж, тавагтай идээ авч өгөөд цай өгчхөөд иргээд орондоо орсон тэгсэн манай нөхөр *******ыг, Б дагуулж Нарийны гүүр авч явна авдар архи авч ирж ууна гээд байсан тэгсэн би явуулахгүй гэхэд намайг сохор доголон хүүхэн минь дуугаа байж бай чи яадаг юм гээд доромжилсон би үнэхээр нүдэндээ хүнд хангалгаа хийлгэсэн дээр хоёр хөлөө тайруулсан миний өвчин зовлонгоор согтуу ирчхээд доромжлоод байхаар нь би орноосоо босоод аягатай цай ууж байхад нь алгадаад авсан тэгэхдээ аяганд халцарсан шалбарсан байх тэгээд согтуу намайг доромжлоод байхаар нь хуучин гутлаараа цохиж авсан тэгсэн намайг сандлаар толгой руу цохиж авсан тэгсэн******* болон манай нөхөр ******* салгаж авсан миний толгойноос маш их цус гарч байсан. Тухайд үед Б тохироод эмчилгээний мөнгө өгнө битгий мэдэгд гээд надаас уучил гуйсан юмаа. Тэгээд нэг дорын хүмүүс гэж бодоод мэдэгдээгүй юмаа одоо миний бие өвдөөд арга ядаад цагдаад хандсан юм. Өөрийгөө хянах чадвар муутай байсан. Би хэн нэгийн эрх чөлөөнд халдаагүй Б намайг доголон сохор хүүхэн дуугаа байж бай гэж доромжилсон тэгээд би нэг алгадаж хуучин гутлаар цохиж авсан асуудал байгаа. Миний Тархи толгой маш их гэмтэлтэй байгаа. Үгүй ээ. Тийм зүйл байхгүй. Надад нэхэмжлэх зүйл гэвэл эмчилгээний мөнгө , бас намайг гоо сайхантай минь холбогдуулж доромжилсон тийм болохоор нэр төрөө сэргээлгэх хүсэлтэй байна гэх мэдүүлэг /хх-ийн 29-31/

...Би эмнэлэгт хэвтээгүй гадуур эмчилгээ хийлгэсэн хэвтэх гээд ор байхгүй хөдөө нөхөртэйгөө байдаг болохоор гадуур эмчилгээ хийлгэсэн. Би гадуур эмчилгээнд явсан, хот руу эмчилгээнд явсан шатахууны зардал эм, тариа, мөн хот руу явж компьютерт аппаратаар толгойн бүтцийн зургийг 300.000 мянган төгрөгөөр, сэрэлт үеийн тархины цахилгаан бичлэг 40,000 мянган төгрөгөөр шатахуун хот руу явахад 215.000 мянган төгрөг, эм тарианы мөнгө зэрэг нийт 925.000 мянган төгрөгийн зардал гаргасан тухайн зардлыг намайг зодож гэмтээсэн *******аас гаргуулж өгнө үү. Би холбогдох зардлын баримтыг өгч байна. Цаашид яахыг мэдэхгүй миний биед ямар ч байсан зардлыг гаргаж өгнө үү өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг / хх-ийн 32-34/

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 03 цагийн үед Б манайд ирсэн. Босож галаа түлчхээд гадаа гарч машинаасаа 1 шил архи авчирч өгчхөөд хэвтэж байсан чинь манай нөхөртэй явж архи авч ирж ууна гэхээр нь чи өөрөө мөрөөрөө яв гэсэн чинь намайг доголон сохроор дуудан хэл амаар доромжилсон. Тэгээд босоод алгадсан. Б модон сандлаар дух руу цохисон. Маргааш нь ирээд уучлалт гуйгаад байхаар нь цагдаад хандаагүй. 2 нүд хавдаад эмнэлэгт үзүүлсэн. Бд эмчилгээнд явах хэрэгтэй байна гээд хэлсэн чинь 200.000 төгрөг өгье гэхээр 200.000 төгрөг хаана ч хүрэхгүй гэж хэлсэн. Би өөрөө Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан. Нийт 925.000.000 төгрөгийн зардал гарсан байгаа. Б 50.000 төгрөг өгсөн. Мөн 22.500 төгрөгийн эм авч өгсөн гэв.

5. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2018 оны 03 дугаар сарын 16 -ны өдөр Б бид 2 нэг шил архи хувааж уугаад ******* гэх айлд буусан юм. Тэгсэн *******, Б 2 орондоо орсон унтах гэж байсан юм.Б тэр 2-н хөнжлийг татаад байсан бос гээд татсан *******ын эхнэр Б босож ирээд Быг алгадаад унагасан юм. Дараа нь гутлаар цохиод байсан тэгсэн удалгүй Б толгой хагалчихлаа гээд орилоод тухайн үед би нөхөртэй нь нэг шил архи ууж байсан юм. Б бид 2 нэг шил архи хувааж уусан тэгээд бид 2 ******* гэх айлд очиж нэг шил архи уусан. Тэрийг нь сайн мэдэхгүй байна онцын зүйл болоогүй хэрэлдэх шалтгаан гараагүй хоорондоо маргаад л байсан тэгсэн толгой хагалчихлаа гэсэн. Тэгээд цусыг нь тогтоож өгөөд Б, Б нар хоорондоо тохирчихсон гэсэн би мэдэхгүй байна хамт явж архи л уусан. Надад нэмж ярих өөр зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 39-41/

6. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2018 оны 03 дугаар сарын 17 -ны шөнө *******олдбаатар нар шөнийн 03 цагийн үед ирсэн. Тэгээд манай эхнэртэй 18-н настнууд унтаж байна гээд хөнжил татаад байсан тэгээд авгайтай маргалдаад танай бууц дээр хүн буулгах гэж байсан танайх ирээд буучихлаа гээд байсан. Тэгсэн Б гүүр аваад явна гээд байсан. Эхнэр явуулах дургүй байсан тэгээд маргаад байсан. Манай эхнэр Быг доголон сохор хүүхнээр нь дуудаад байсан тэгсэн авгай очоод алагдаад авсан тэгсэн Б сандлаар толгой руу нь цохисон би салгаж авсан тэгээд толгойноос нь цус гараад байсан. Тэгсэн чинь Б чи эхнэртэйгээ нийлж намайг зодлоо гээд байсан би чи юу яриад байгаа юм бэ гэсэн Бын биед толгой хагарсан энд тэнд хөхөрсөн гар хөхөрсөн байсан унтаж байсан болохоор нүцгэн байсан. Согтуу байсан хамт явсан******* бас согтуу байсан цэргийн баяр гээд архи нэхээд байсан. Би тэр хоёрыг хоорондоо зохицон гэж бодсон Б эмчилгээнийхэн мөнгийг өгнө гэж байсан тэгээд мэдэгдээгүй Уг нь айл саахалт хүмүүс юм аа урьд нь тэгж байгаагүй. Манай эхнэр гутлаар цохиж алгадаж авсан манай эхнэрийг орондоо хэвтэж байхад нь хэл амаар доромжлоод байсан тэгсэн уурсандаа алагдаад авсан Надад нэмж ярих өөр зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн /

7. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 267 дугаартай шинжээчийн:

1. *******ын биед тархи доргилт, духанд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой бөгөөд мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 48-49/

8. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 274 дугаартай шинжээчийн:

1. *******ы биед хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой бөгөөд мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

2. Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 58-59 /

9. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 328 дугаартай шинжээчийн:

1.*******ын биед тархи доргилт, духанд шарх гэмтэл учирсан ба нэмэлтээр ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд духны зөөлөн няцрал гэмтэл тогтоогдлоо

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой бөгөөд мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

3.  Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 65-66/ болон хавтаст хэргийн 87 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай болон хавтаст хэргийн 75-91 хувийн байдлыг тогтоосон тодорхойлолт, хавтаст хэргийн 19-22 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч ******* эзэмшлийн “LG” маркийн гар утас битүүмжилсэн тэмдэглэлүүд болон нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 17-наас 2018 оны 03 дугаар сарын 18-нд шилжих шөнө буюу 03 цагийн үед Баянхонгор аймгийн Баян- Овоо сумын Уран-хайрхан 2 дугаар багийн нутаг болох Хайрханы гэзэг гэх газар *******атбаатарын гэрт *******ыг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйл баримт болсон нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч М. Бын мэдүүлэг, гэрч В. Батбаяр, В.Гэрэлээ, *******олдбаатар нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 267, 274 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх дүгнэж, шүүгдэгч *******ыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүхээс түүнийг “Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт нь хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ..

Уг хэрэгт шүүгдэгч *******ы эзэмшлийн “LG” маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх “LG” маркийн гар утсыг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь есөн зуун хорин таван мянган / 925000 / төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар эмчилгээний зардалд нэг зуун арван зургаан мянга найман зуун тавин 116850 / төгрөгийн эмчилгээний зардал гарсан нь нотлогдож байх бөгөөд уг зардлыг шүүгдэгч *******аас гаргуулж хохирогч *******ад олгож, хавтаст хэрэгт хохирогч *******ын зүгээс найман зуун найман мянга нэг зуун тавин / 808150 / төгрөгийн шатахуун хэрэглэсэн баримт бүрдүүлсэн нь эмчилгээнд гаргасан бодит зардал гэж үзэх үндэслэлгүй байх тул найман зуун найман мянга нэг зуун тавин / 808150 / төгрөгийн эмчилгээний зардал нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж цаашид нотлох баримтаа дахин бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь компьютер томографын шинжилгээ хийлгэхдээ гурван зуун тавин мянган / 350000 / төгрөгийн зардал гаргасан гэж мэдүүлж байгаа боловч энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримтыг хавсаргаагүй тул уг зардлыг шүүгдэгчээс гаргуулах нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Уг хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн сандлыг хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 05 дугаар сарын 03-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч *******ад буцаан олгохыг шүүгчийн туслах Х.Эрдэнэбатад даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун мянган / 450000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгийг шүүгдэгч 2018 оны 07 дугаар сарын 02-ний дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2, 160.3-д зааснаар ялтан ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч *******аас нэг зуун арван зургаан мянга найман зуун тавин / 116850 /төгрөг гаргуулж хохирогч *******ад олгож, уг хохирлыг шүүгдэгч *******ыг 2018 оны 06 дугаар сарын 29-ний дотор төлөхөөр тогтоосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн , 2, 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар хохирогч *******ын эмчилгээнд зардалтай холбоотой гурван зуун тавин мянган / 350000 / төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, найман зуун найман мянга нэг зуун тавин / 808150 / төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн сандлыг хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 05 дугаар сарын 03-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч *******ад буцаан олгохыг шүүгчийн туслах Х.Эрдэнэбатад даалгасугай.         

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ы эзэмшлийн “LG” маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                       

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ