| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2303004281122 |
| Дугаар | 2025/ДШМ/646 |
| Огноо | 2025-05-27 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | М.Билгүүтэй |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2025/ДШМ/646
2025 05 27 2025/ДШМ/646
Ч.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Билгүүтэй,
яллагдагч Ч.М, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2025/ШЗ/2647 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Билгүүтэйгийн бичсэн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 29 дүгээр прокурорын эсэргүүцлээр Ч.М-д холбогдох 2303 00428 1122 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Г овгийн Ч-н М, ... оны .. дүгээр сарын ..-ний өдөр ........ төрсөн, .. настай, э.эгтэй, дээд боловсролтой, “П” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ........... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......../;
Яллагдагч Ч.М нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянзүрхийн хуучин товчоо, Мандах нар төвийн хойд талын замд 2023 оны 6 дугаар сарын 26-ны шөнө 23 цаг 50 минутын үед “Тоёота Марк X” загварын .... УБН улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 2.24 тэмдэг “Хурдны дээд хязгаарлал” тээврийн хэрэгслийн хурдыг /км/цаг/ тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Х-ыг мөргөж амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Ч.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Яллагдагч Ч.М-н өмгөөлөгч Х.Даваахүүгээс гаргасан “...мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэн, хэргийг прокурорт буцаалгах...” тухай хүсэлтийг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. Прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 14 дугаартай яллах дүгнэлтэд “...яллагдагч Ч.М-г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 2.24 тэмдэг “Хурдны дээд хязгаарлалт” тээврийн хэрэгслийн хурдыг /км/цаг/ тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоно” гэх заалтыг зөрчсөн гэж буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн байна. Урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудтай шүүх танилцахад яллагдагч Ч.М-н жолоодож явсан автомашины хурдыг тогтоох шинжээчийн дүгнэлтүүд гарсан байна. Тухайлбал: Шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №240 дугаартай “...явган зорчигчийн шидэгдсэн зайд энерги хадгалагдах хуулийн тооцоогоор хурд 57.74 км/цаг байна...” гэх дүгнэлт /2 хх 10/, Техникийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 06/33 дугаартай “...автомашин осол болох үед 57.74 км/цагаас бага хурдтай явж байжээ...” гэх дүгнэлт /1 хх 175/ тус тус авагдсан байна. Шинжээчийн дүгнэлтүүдэд автомашины хурдыг тооцоход ...зам дугуйн барьцалдалтын итгэлцүүр нойтон асфальт гадаргууд 0.4 гэж тооцсон байна. Зам дугуйн барьцалдалтын итгэлцүүрийн хэмжээ нь замын гадаргуу, ашиглалтад орсон хугацаа зэргээс хамаарах талаар дурдсан байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ... зам дугуйн барьцалдалтын итгэлцүүрийг яагаад шинжээч нар /0.4/ гэж үзсэнийг тогтоолгох хүсэлт гаргаж байжээ. Дээрх шинжээч нарын дүгнэлтээс харахад зам дугуйн барьцалдалтын итгэлцүүрийн хэмжээ /нойтон асфальт гадаргууд 0.4/ нь автомашины хурдыг тооцоход нөлөөлсөн байх тул шинжээчийн дүгнэлтэд дурдсан 0.4 гэх итгэлцүүр нь үндэслэлтэй эсэх, осол болсон замын байдал, ашиглалтад орсон хугацаа, гадаргуу, элэгдэл болон бусад хүчин зүйлийг харгалзан үзсэн эсэхийг тодруулах шаардлагатай байна. Энэ талаар холбогдох мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байх тул яллагдагч Ч.М-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх...” гэсэн үндэслэлээр прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Ч.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Прокурор М.Билгүүтэй бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй, захирамжид дурдсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах нь хуульд нийцнэ гэж үзэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Хэрэг учрал нь “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, Баянзүрхийн хуучин товчоо, Мандахнар төвийн хойд талын замд 2023 оны 06 дугаар сарын 26-ны шөнө 23 цаг 50 минутын орчимд “Тоёота марк Х” загварын ... УБН улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч нь явган зорчигч Ш.Х-ыг мөргөж, амь насыг нь хохироосон” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад “Тоёота марк Х” загварын ... УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ч.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 2.24 тэмдэг “Хурдны дээд хязгаарлал” тээврийн хэрэгслийн хурдыг /км/цаг/ тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой юм. Тодруулбал, Техникийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 06/33, ШШЕГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №240 дугаартай дүгнэлтүүдийг шинжээч нар нь тусгай мэдлэг эзэмшсэний хүрээнд гаргасан байх тул прокурорын зүгээс хэргийн үйл баримттай тохирсон гэж нотлох баримтаар үнэлсэн болно. Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж тус тус заасны дагуу хавтас хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2025/ШЗ/2647 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Яллагдагч Ч.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.
Яллагдагч Ч.М-н өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Яллах дүгнэлтэд яллагдагч Ч.М-г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 2.24-т заасныг зөрчсөн гэж ялласан. Хэргийн газарт анх үзлэг хийсэн тэмдэглэлд тэмдэгтийн талаар дурдаагүй байсан. Уг хэргийг хоёр удаа хэрэгсэхгүй болгож байсан. Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч хүсэлт гаргаад Мандах гэх мөрдөгчөөр хэргээ шалгуулъя гэдэг асуудлыг тавьсан. Ингээд мөрдөгч Мандах хэргийн газарт үзлэг хийсэн. Яагаад хэргийн газрын үзлэг хийхэд бид нарыг оролцуулаагүй юм бэ. Мөн уулзвар байсаар байтал схем зураг дээрээ уулзвар байхгүй байдлаар зурсан. Тэмдгээс цааш ямар нэгэн уулзвар байхгүй, гарц байх юм бол уг тэмдэгтийн үйлчлэх хүрээ осол гарсан газар хүртэл гэж ойлгоно. Харин уулзвар байх юм бол уулзвараар төгсгөл болно гэж ойлгоно. 19 дүгээр сургууль руу орсон замыг уулзвар гэж үзэх үндэслэлтэй байсан. Гэтэл уг уулзварыг мөрдөгч схем зураг дээрээ дүрсэлж зураагүй. Мөн зам дугуйн барьцалдалтын итгэлцүүрийг шинжээч нар яагаад 0.4 гэж үзсэнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс тордуулж шалгуулах шаардлагатай талаар хүсэлтдээ дурдаж байсан. Иймд дээрх ажиллагаануудыг хийлгэхээр буцаан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...” гэж хууль ёсны болон хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг тодорхойлсон.
Анхан шатны шүүх Ч.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасныг буруутгах үндэслэлгүй боловч “...шинжээчийн дүгнэлтэд дурдсан 0.4 гэх итгэлцүүр нь үндэслэлтэй эсэх, осол болсон замын байдал, ашиглалтад орсон хугацаа, гадаргуу, элэгдэл болон бусад хүчин зүйлийг харгалзан үзсэн эсэхийг тодруулах шаардлагатай...” гэсэн үндэслэлээр бус харин дараах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай гэж үзэв.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрхэн, ямар үндэслэлээр зам дугуйн барьцалдалтын итгэлцүүрийн хэмжээг нойтон асфальт гадаргууд 0.4 гэж үзсэн талаар шинжээчийн дүгнэлт /1 хх 174/ болон шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /1 хх 241/ зэрэгт хангалттай тусгасан байна.
Харин 2 удаагийн осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 6-7, 154-156/ зэрэгт тухайн замд хурдны хязгаарлалт тогтоосон тэмдэг, тэмдэглэгээ байсан эсэх талаар тусгагдаагүйн улмаас шинжээчийн дүгнэлтүүд харилцан зөрүүтэй, үндэслэлтэй гарсан эсэх нь эргэлзээтэй болжээ.
Тухайлбал, 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Техникийн шинжээчийн дүгнэлт /Механик техникийн сургууль/ нь хязгаарын хязгаарлалт тогтоосон тэмдэг, тэмдэглэгээний талаар тусгагдаагүй анхны хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд үндэслэж гарсан бол 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №47/05, 24/233 дугаартай дүгнэлт /Цагаан шонхорын жигүүр НҮТББ/ нөхөн үзлэгийн тэмдэглэлд үндэслэж хурдны хязгаарыг зөрчсөн талаар дүгнэлт гарсан нь шүүхээс дээрх нотлох баримтуудыг үнэлж, дүгнэхэд эргэлзээ бүхий байдлыг үүсгэж байна.
Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн үндэслэлийг агуулгын хувьд өөрчилж, магадлалд дурдсан ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай гэж үзэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүх захирамжийн захирамжлах хэсэгтээ яллагдагч Ч.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөв бичсэн атлаа үндэслэх хэсэгтээ яллагдагчийг цагдан хоригдсон мэтээр буруу бичсэнийг цаашид анхаарах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2025/ШЗ/2647 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор М.Билгүүтэйгийн бичсэн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 29 дүгээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ М.АЛДАР