Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/00201

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/00201

 

 

 

 

Билгүүн хийц ХХК, УББ хийц ХХК нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/03732 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Билгүүн хийц ХХК УББ хийц ХХК нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Альфа моторс ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 27 025 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Альфа моторс ХХК 5 731 472 төгрөгийг Д.Ууганбаатараас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Билгүүн хийц ХХК болон УББ хийц ХХК -ын захирал Д.Ууганбаатар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Альфа моторс ХХК-ийн хүсэлт, захиалгаар Билгүүн хийц ХХК нь 2014 оны 6 дугаар сард Хэнтий аймгийн Бат-Ширээт суманд баригдах, хөшөөний суурь цутгах, өнгөлөх, гэрийн буурь цутгах, байшингийн суурь цутгах зэрэг ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцсоноор 17 220 000 төгрөгийн ажлыг, УББ хийц ХХК нь 2014 оны 04 дүгээр сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бохирын цооног ухах, байшингийн суурь, шал цутгах, гараашийн шал, гадна талбай цутгах, явган хүний зам цутгах зэрэг ажлуудыг 6 305 000 төгрөгөөр, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт мөн хариуцагчийн захиалгаар зам талбайн 6 789 000 төгрөгийн ажлыг хийсэн боловч төлбөрийг төлөөгүй. Билгүүн хийц ХХК, УББ хийц ХХК-иуд нэг үүсгэн байгуулагчтай тул дээрх 2 компанийн хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг нэгтгэн хариуцагч Альфа моторс ХХК-тай тооцоог нийлж, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 27 025 000 төгрөгийг Альфа моторс ХХК нь төлж барагдуулахаар харилцан тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа тул Альфа моторс ХХК-иас нийт 27 025 000 төгрөгийг гаргуулж олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Альфа Моторс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Билгүүн хийц ХХК болон УББ хийц ХХК-иудтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй. Харин компанийн захирал н.Ганхуяг, нэхэмжлэгч байгууллагын захирал Д.Ууганбаатар нар харилцан тохиролцож, захирал н.Ганхуягийн хувийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Хоёр байгууллага ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулаагүй, хийсэн ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгсөн тухай баримт байхгүй. Альфа моторс ХХК-ийн захирал н.Ганхуяг нь Хэнтий аймгийн Батширээт сумын иргэн учраас өөрийн нутагтаа хөшөө барихаар болж, хөшөөний суурь цутгах, өнгөлөх, гэрийн буурь цутгах, байшингийн суурь цутгах зэрэг ажлыг нэхэмжлэгч байгууллага өөрийн хөрөнгөөр, Баянзүрх дүүргийн нутагт баригдах барилгынхаа бохирын цооног ухах, байшингийн суурь цутгах, шал цутгах ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэхээр, харилцан тохиролцож хийлгэсэн. Тус ажлууд нь компанид хамааралгүй, талууд хийж гүйцэтгэж, хоорондоо нарийн тооцоо гаргасан зүйл байхгүй. Билгүүн хийц ХХК, УББ хийц ХХК болон Альфа моторс ХХК нарын хийсэн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтын агуулгаас нь харахад нэхэмжлэгч нь Альфа моторс ХХК, хариуцагч нь УББ хийц ХХК тооцоо нийлсэн мэт харагдаж байна. Тус баримтад Билгүүн хийц ХХК гэсэн нэр байхгүй. Иймд энэ баримтыг үндэслэж нэхэмжлэл гаргах эрх байхгүй. Нэхэмжлэлд дурдсаны дагуу Билгүүн хийц ХХК 17 220 000 төгрөгийн ажил хийсэн. УББ хийц ХХК 6 305 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн болох нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Альфа моторс ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Билгүүн хийц ХХК, УББ хийц ХХК-ийн захирал ажилтай Д.Ууганбаатар, Альфа моторс ХХК-ийн захирал ажилтай Ч.Ганхуяг нар иргэнийхээ хувьд харилцан тохирч Хэнтий аймгийн Бат-ширээт суманд баригдах хөшөөний суурь цутгах, өнгөлөх, гэр байшингийн суурь цутгах, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд баригдах 171 айлын орон сууцны бохирын цооног ухах, суурь шал, гадна талбай, явган хүний замыг цутгах ажлуудыг хийж гүйцэтгэх, хийж гүйцэтгэсэн ажлаа цаашид үнэлүүлж, тооцооны үлдэгдлийн баталгаа гаргуулан ажлын хөлсөндөө тухайн 171 айлын орон сууцнаас 3 өрөө орон сууц бартераар тооцуулж авахаар аман хэлцэл хийсэн. Д.Ууганбаатар нь тухайн тооцооны үлдэгдлээс хасуулахаар тохирч өөрийн автомашиндаа 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 949 000 төгрөгийн үнэ бүхий сэлбэг, засвар үйлчилгээний хөлс 69 000 төгрөг, нийт 1 000 000 төгрөгийн хөлс төлөх үүрэг хүлээсэн. Мөн 4 731 472 төгрөгийн үнэ бүхий 2 957 17 тонн жинтэй двутавр төмөрийг худалдаж авсан. Иймд нийт 5 731 472 төгрөгийг иргэн Д.Ууганбаатараас гаргуулж, Альфа моторс ХХК-д олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Билгүүн хийц ХХК, УББ хийц ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Альфа моторс ХХК нь иргэн Д.Ууганбаатартай хувь хүнийх нь хувьд гэрээ байгуулсан гэж тайлбарлаж, Д.Ууганбаатараас 5 731 472 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцогдох боломжгүй, үндэслэлгүй нэхэмжлэл байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар, хариуцагч Альфа моторс ХХК-иас 9 805 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч УББ хийц ХХК-нд олгож, нэхэмжлэгч Билгүүн хийц ХХК-ийн хариуцагч Альфа моторс ХХК-иас 17 220 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Альфа моторс ХХК-ийн Д.Ууганбаатарт холбогдуулан гаргасан 5 731 472 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Альфа моторс ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 171,830 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч УББ хийц ХХК-нд, хариуцагч Альфа моторс ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106 654 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Билгүүн хийц ХХК УББ хийц ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал давж заалдах гомдолдоо: Альфа моторс ХХК-ийн захиалгаар Билгүүн хийц ХХК нь 2014 оны 06 дугаар сард хариуцагч Хэнтий аймгийн Бат-Ширээт суманд баригдах хөшөөний суурь цутгах, өнгөлөх, гэрийн буурь, байшингийн суурь цутгах зэрэг 17 220 000 төгрөгийн ажил, УББ Хийц ХХК нь 2014 оны 04 дүгээр сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бохирын цооног цутгax, байшингийн суурь шал цутгах, гражийн шал, гадна талбай цутгах, явган хүний зам утгах зэрэг 6 305 000 төгрөг, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт зам талбайн 6 789 000 төгрөг буюу нийт 13 094 000 төгрөгийн ажил үүрэг тус тус гүйцэтгэсэн. Хариуцагч Альфа моторс ХХК нь нэхэмжлэгч Билгүүн хийц ХХК, УББ хийц ХХК нарын гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авсан. Альфа моторс ХХК нь нэхэмжлэгч 2 компанийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн зөвшөөрч 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 27 025 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч Билгүүн хийц ХХК, УББ хийц ХХК-иуд нэг үүсгэн байгуулагчтай, үүсгэн байгуулагч Д.Ууганбаатар нь 2 компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн хувьд хариуцагч Альфа моторс ХХК-тай байгуулсан тооцоо нийлсэн акт дээр төлөөлөн гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт нотлох баримтаар авагдсан 2015 оны 12 дугаар 31-ий өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа \хх-ийн 4 дүгээр тал\ гэх баримтад зөвхөн УББ хийц ХХК-ийн тамга, Альфа моторс ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарагдсан тул нэхэмжлэгч Билгүүн хийц ХХК болон хариуцагч Альфа моторс ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэн Билгүүн хийц ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлс болох 17 220 000 төгрөгийг хасч шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 17 220 000 төгрөгийг үндэслэлгүйгээр хасч тооцсон хэсэгт өөрчлөлт оруулан шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг зөв тодорхойлоогүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул залруулан өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Билгүүн хийц ХХК, УББ хийц ХХК нь хариуцагч Альфа моторс ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 27 025 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Альфа моторс ХХК эс зөвшөөрч, 5 731 472 төгрөгийг Д.Ууганбаатараас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /хх-134/

Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах боломжтой байна. Ажил гүйцэтгэгч байгууллага тооцоо нийлсэн актад үндэслэн нэхэмжлэгчид хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг нийтэд нь нэг нэхэмжлэлээр шаардсан байхад шүүх тус тусдаа ашиг сонирхол бүхий нэхэмжлэл гэж үзэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Билгүүн хийц ХХК, УББ хийц ХХК-ийн нийт хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг нэгтгэн тооцоо нийлж 27 025 000 төгрөгийг төлөх үүрэг Альфа моторс ХХК-д үүссэнтэй холбон шаардсан. Түүнчлэн Д.Ууганбаатар Билгүүн хийц ХХК, УББ хийц ХХК-иудыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, компаниудын дүрэм зэрэг баримтаар нотлогдсон, тэрээр тооцоо нийлсэн үлдэгдлийн баталгаанд ажил гүйцэтгэсэн компаниудыг төлөөлөн гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх-3, 7, 18-22/

Хэргийн 3 дугаар талд авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар Альфа моторс ХХК нь УББ хийц ХХК-ийн өмнө 27 025 000 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй болохыг талууд харилцан баталгаажуулан захирал, нягтлан бодогч нар гарын үсэг зурж, Альфа моторс ХХК, УББ хийц ХХК-ийн тамга, санхүүгийн тэмдэг дарагдсан. Эдгээр нөхцөл байдлыг зохигчдын Захирал Ч.Ганхуяг тухайн ажил, үйлчилгээг гүйцэтгүүлсэн гэх, Альфа моторс ХХК-ийн захиалгаар ажил үүргийг гүйцэтгэж, тооцоо нийлсэн гэх агуулга бүхий тайлбаруудтай харьцуулбал нэхэмжлэгч тухайн ажлуудыг гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар талуудын тайлбар нотолгооны хэрэгсэлд хамаарах учраас Альфа моторс ХХК болон нэхэмжлэгч компаниудын хувьд ажил гүйцэтгэх гэрээний үүрэг үүссэн гэж үзнэ.

Иймд хариуцагч компани нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар 27 025 000 төгрөгийг төлөх үүрэгтэй болно.

Харин энэхүү үүргийг нэхэмжлэгч Билгүүн хийц ХХК шаардах эрхтэйг нотолсон талаар баримт хэрэгт байхгүй тул Билгүүн хийц ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймээс тооцооны үлдэгдлийн баталгааг хийж гарын үсэг зурсан УББ хийц ХХК-д 27 025 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгох үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/03732 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 9 805 000 гэснийг 27 025 000 гэж, 2 дах заалтын 171 830 гэснийг 293 100 гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Б.НАРМАНДАХ