| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 181/2018/02566/И |
| Дугаар | 210/МА2019/00150 |
| Огноо | 2019-01-18 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2019/00150
| 2019 оны 01 сарын 18 өдөр | Дугаар 210/МА2019/00150
|
Ч.Ч-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/02483 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.Ч-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч МУБС-д холбогдох
Дутуу олгосон тэтгэмж 6.986.716 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дорждэрэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.
Нэхэмжлэгч Ч.Ч- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дорждэрэм шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Ч- миний бие 1997 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Боловсролын их сургуулийн захиргаанд үйлчлэгчийн ажлын байранд ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 21 жил 6 cap тасралтгүй ажилласан. Улмаар миний бие 2018 оны 7 дугаар сараас өндөр насны тэтгэвэр тогтоолгож хуульд заасны дагуу ажлаасаа чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдөх үед миний бие МУБИС-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо харилцан байгуулсан хамтын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу ажилласан жилээс хамааран нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасны дагуу 20 жил ажилласан бол 12 сарын цалинтай дүйцэх хэмжээний дагуу тэтгэмж хүсч өргөдөл гаргасан боловч надад нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 635.156 төгрөг олгосон. Иймд хамтын гэрээнд зааснаар үлдэх 11 сарын тэтгэмж 6.986.716 төгрөгийг хариуцагч Монгол Улсын Боловсролын сургуулиас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ч.Ч- нь МУБС-д үйлчлэгчээр ажиллаж байгаад 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгосон. 2015 онд Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлд өөрчлөлт орж их дээд сургуулийн багш, ажилтанд тэтгэвэр тогтоолгох үед нь төрөөс олгож байсан тэтгэмжийн заалт хасагдсан байдаг. Үйлчлэгч Ч.Ч-ид Монгол Улсын Боловсролын их сургуулиас гарах үед нь сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон болно. Ч.Ч-ид тэтгэвэрт гарах үед нь үүнийг тайлбарлаж өгсөн. 60 нас хүртэл ажиллаад тэтгэвэрт гарвал хамтын гэрээний 4.2-т заасны дагуу 12 сарын тэтгэмжээ авах эрх нь нээлттэй байсан гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-т заасныг баримтлан Монгол Улсын Боловсролын их сургуулиас 6.986.716 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Ч-ид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 126.737 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмждэгдсэн төлөөлөгч Ж.Батхүү давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: МУБИС-ийн дотоод журмын 6.2.8-д өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн 50-59 насны багш ажилтан хүсэлтээ гаргасан тохиолдолд дундаж цалингаар тооцож 1 сарын тэтгэмж олгоно гэсэн заалтын үндсэн дээр үйлчлэгч Ч.Ч-ид 1 сарын цалингийн дундаж хэмжээгээр тэтгэмж 635.156 төгрөг өгсөн. 2015 онд Боловсолын тухай хуулийн 43 дугаар зүйлд өөрчлөлт орж их, дээд сургуулийн багш, ажилтанд тэтгэвэр тогтоолгох үед нь төрөөс олгож байсан итгэмжийн заалт хасагдсан. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч Ч.Ч- нь хариуцагч МУБС-д холбогдуулан дутуу олгосон тэтгэмж 6.986.716 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Ч.Ч- нь МУБС-д 21 жил, 6 сар ажиллаж, өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргаснаар ажил олгогч 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон түүнийг ажлаас чөлөөлж, 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон үйл баримт хэрэгт авагдсан тушаалын хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн ажилласан хугацааны талаар маргаагүй. /хх-ийн 14 /
Харин, багш, ажилтан 55-59 настайдаа тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан тохиолдолд Хамтын гэрээний дээрх заалт үйлчлэхгүй байхаар Хөдөлмөрийн дотоод журамд өөрчлөлт орсон, нэхэмжлэгч 60 нас хүрээгүй тул Хамтын гэрээний дагуу тэтгэмж олгохгүй гэж маргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 15 дугаар зүйлд тус тус зааснаар ажилтны төлөөлөл, ажил олгогч харилцан тохиролцож ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны эрх ашгийг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцлөөр хангах үүднээс хамтын гэрээг байгуулах, ийнхүү гэрээ байгуулсан тохиолдолд гэрээг бүртгүүлснээр хүчин төгөлдөр үйлчлэхээр зохицуулжээ.
Ажил олгогч МУБИС, тус сургуулийн Үйлдвэрчний эвлэлтэй хэлэлцэн тохиролцож, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 01 тоот Хамтын гэрээг байгуулж, улмаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр бүртгүүлсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээ хүчин төгөлдөр байна. /хх 50-53/
Хамтын гэрээний 4.2-т Профессор багш, ажилтан тэтгэвэрт гарах хуулийн хугацаанд өргөдөл гаргасан үед МУБИС-д ажилласан жилээс хамааруулан тухайлбал 20 буюу түүнээс дээш жил ажилласан бол 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор тусгажээ.
МУБИС-ийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар Багш ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт гарах, тэтгэмж авах хүсэлт гаргасан тохиолдолд хамтын гэрээний дагуу ажилласан жилийг тооцон тэтгэмжийг олгохоор, 55-59 насны багш, ажилтан хүсэлтээ гаргасан тохиолдолд сарын үндсэн цалингаас тооцож 1 сарын тэтгэмж олгох-оор дээрх дотоод журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан байх боловч Захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хамтран баталсан Хамтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулаагүй байна.
Иймд нэхэмжлэгч 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрхтэй байх тул шүүх хариуцагчаас нийт 6.986.716 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан шаардлагыг, мөн хамтын гэрээний 4.2-т заалсныг тус тус зөрчөөгүй байна.
Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргэсэн ч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасны дагуу хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дэх хэсэгт нийцсэн байх ба энэ талаар гомдол гаргаагүй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дах хэсэгт зааснаар ажил олгогч нь хууль, хөдөлмөрийн, ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/02483 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.5 дахь заалтад тус тус зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Н.БАТЗОРИГ