Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2025/ДШМ/484

 

 

 

 

  2025             04             29                                     2025/ДШМ/484

 

Б.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Амарзаяа,

шүүгдэгч Б.Оын өмгөөлөгч Б.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/610 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ч.Батбаатарын бичсэн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 24 дугаартай эсэргүүцлээр  Б.От холбогдох 2403003900099 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Б.О, 1995 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, найз охины хамт, .............тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:....................../;

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .................. дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, ..................... дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон;

Шүүгдэгч Б.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ ............. дүүргийн ............дүгээр хороо, Шангрилагын хойд замд 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 17 цаг 00 минутын орчимд ........................... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 3.5. “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоох, ослын дохионы гэрлээ асаах, ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдох бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх хэсгийн 1.1-1.3 “тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. 1.3 /үргэлжилсэн хос шугам/ дөрөв буюу түүнээс дээш олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас цахилгаан сурронтой мөргөлдөж, сурроны жолооч Б.Эийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлаж, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Батбаатар бичсэн эсэргүүцэлдээ: “Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулахаар дурдсан байх боловч нэмэгдэл ялын хэрэгжилтийг хэдий үеэс эхэлж тоолохыг тусгаж өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрчлөлт оруулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэжээ.

Прокурор Т.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ч.Батбаатар прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын бичсэн эсэргүүцэл нь хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг хүлээлгэсэн. Иймд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эрх хасах ялыг тоолохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ .......... дүүргийн ..................дүгээр хороо, Шангрилагын хойд замд 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 17 цаг 00 минутын орчимд ................... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 3.5. “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоох, ослын дохионы гэрлээ асаах, ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдох бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх хэсгийн 1.1-1.3 “тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. 1.3 /үргэлжилсэн хос шугам/ дөрөв буюу түүнээс дээш олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас цахилгаан сурронтой мөргөлдөж, сурроны жолооч Б.Эийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч Б.Эийн “Би 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хичээл 15:00 цагт тараад өөрийн эзэмшлийн Сурроныг унаад Шангрилаагаас гараад хүүхдийн ордон руу явахдаа замын дунд зураас дагаад явж байхад баруун гар талд явж байсан хар өнгийн дунд оврын машин эргэлт хийхдээ Сурроны урд хэсэг болон баруун хөл хэсэгт мөргөхөд газар унасан. Би газраас босоод өөрийн Сурроныг босгох үед миний баруун хөлний гутал сугарсан байхаар нь гутлаа өмсөөд байж байхад намайг мөргөсөн машины жолооч цонхоо буулгаад намайг хүрээд ир гэж дуудахаар нь очих гэхэд баруун хөл хөдөлж болохгүй байхаар нь нөгөө жолоочийг ирэхийг хүлээсэн. Тэгсэн нөгөө мөргөсөн машин шууд цаашаа яваад өгсөн.” /хх 33-34/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Дын  “Ослын улмаас миний хүүгийн баруун хөл хавдчихсан таягтай явж байсан, баруун шагайнд өсөлтийн үений хугаралт хавагнасан. ...сурронд ослын улмаас 2 базуур хугарсан, их гэрэл арьс хагарсан, урд амаржин тос гарсан зэрэг эвдрэлүүд учирсан.” /хх 30/,

иргэний нэхэмжлэгч Д.Ггийн “дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э нь эрүүл мэндийн төвөөс 922.442 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан.” /хх 94/ тус тус мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Б.Эийн биед баруун шагайн үений гадна хашлаг ясны өсөлтийн бүсийн түвшинд зөрүү багатай хугарал, холбоосны суналт, зөөлөн эдийн няцрал, өвдөгний үеийн шаахай булчингийн суналт, зөөлөн эдийн няцрал, баруун гуя, шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.” /хх 77-80/ гэсэн дүгнэлт,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 18-21/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 24-26/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 3035 дугаар магадалгаа /хх 122-123/, Вендо” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний “Surron SWM” маркийн тээврийн хэрэгсэлд 325.000 төгрөгийн шууд, 395.000 төгрөгийн нийт хохирол учирсан.” /хх 133/ гэх тайлан,

Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б.Оын мэдээллийг жолоочийн бүртгэлийн нэгдсэн санд шүүхэд жолоочийн бүртгэлгүй /тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгогдоогүй/ байна гэх албан бичиг /хх 150/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.О гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Б.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл, заалтыг зөрчсөний улмаас цахилгаан сурронтой мөргөлдөж, сурроны жолооч Б.Эийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.От тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг оногдуулахдаа ялын хэрэгжилтийг хэдий үеэс эхэлж тоолох хугацааг тогтоогоогүй, орхигдуулсан байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангахад нэмэгдэл ялыг биелүүлэх хугацааг тогтоох зохицуулалт чухал үүрэг гүйцэтгэдэг.  

Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэх учиртай. 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, прокурор Ч.Батбаатарын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/610 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                             Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                             Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                             Ц.МӨНХТУЛГА