Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 124

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа,

Улсын яллагч Э. Гантулга,

Хохирогч: Б. Н, А.О,

Шүүгдэгч Б. Н, А.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын Прокурор Э. Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Н, А.О нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1814001690093 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эмэгтэй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Харчин овогт Б.Н

2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эмэгтэй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Өөлд овогт А.О

 

Үйлдсэн хэргийн талаар:

 

1. Б.Н, А.О нар нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг 8 дугаар гудамж 3 тоот хашааны өмнө 2018 оны 03 дугаар сарын 23-ны орой 23 цагийн үед харилцан маргалдаж зодолдсоны улмаас бие биеийнхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол харилцан учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1. Шүүгдэгч Б. Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.. Би яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчийн эрхийг уншиж танилцлаа, би яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би монгол хэл, бичиг үсэг мэднэ, одоо надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Надад одоо өмгөөлөгч авах шаардлага байхгүй. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би Баянхонгор аймгийн Бууцагаан сумд ажиллаж амьдардаг хүн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр сумаасаа Улаанбаатар хот явах замдаа Баянхонгор аймагт 20 цагийн үед 5-8-03 тоотод Ээжийндээ ирсэн чинь манай охин Гантуяа гэртээ ирээгүй байсан учир нь манай охин Гантуяа аймагт ажиллаж эмээгийндээ амьдагдаг юм утсаар ярьсан чинь Гантуяа очиж байна гээд удаад ирэхгүй байсан тэгээд би нөхөр Доржготовын хамт гудамжинд хараад зогсож байсан чинь 23-н цагийн үед нэг машин хажуу хашааны өмнө ирээд манай охиныг буулгачхаад явах гэхээр нь би охиноо ямар хүмүүстэй яваад оройтоод байгаа юм бол гэж хардаад нөхрийгөө наад машинаа битгий явуулаарай гэсэн нөгөө машин явах гээд байхаар манай нөхөр урдуур нь ороод зогсоогоод би номерын зургийг нь авах гээд утсаа камер дээр нь тавиад яваад очсон чинь жолооч нь гээд нэг бадриун хүүхэн уурлаж машинаасаа бууж ирээд учир зүггүй намайг чирээд хашааны дэргэд аваачиж байгаад хашаа мөргүүлээд толгой руу гараараа цохиод байхаар нь би урдаас нь шороо самардсан намайг тэр хүүхэн зодож байхад манай нөхрийг нөгөө машинд сууж явсан эрэгтэй хүн гарыг барьчхаад тавихгүй байсан тэр намайг зодсон хүүхний нөхөр гэсэн миний бие одоо байнга толгой өвдөж байна А.О миний эрүүл мэнд эрх чөлөөнд халдсан асуудал гаргасан. Би түүний биед гар хүрээгүй намайг нугалж дараад зодсон. Хэрэглээгүй байсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Бид хоёр хоорондоо эвлэрсэн хэн хэндээ ямар нэг гомдол саналгүй болсон. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 82-83/

... Би яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчийн эрхийг уншиж танилцлаа, би яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би монгол хэл, бичиг үсэг мэднэ, одоо надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Надад одоо өмгөөлөгч авах шаардлага байхгүй. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. О гэдэг эмэгтэй машинаас буугаад намайг заамдаж авч чирээд хашаа руу намайг түлхэхдээ тохойгоороо дэлссэн юм. Холдоод явахаар нь миний уур хүрээд араас нь шороо самардаад шидсэн яваад очсон чинь намайг дахин заамдаж түлхсэн, заамдаж түлхэж байхад миний хүзүү гар хэсэгт зулгарсан байх гэж бодож байна. Би түүний биед гар хүрээгүй намайг чирч гулдраад байхаар нь би араас нь шороо самардсан. Би ямар асуудал болсон талаар асуух гэтэл явах гээд хөдлөхөөр нь би машины ар дээр нь цохисон нь үнэн. Бид 2 хоорондоо эвлэрсэн гэрээ байгуулсан хэн хэндээ ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 84-85/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б. Н мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.

3. Шүүгдэгч А. Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Би одоогоор өмгөөлөгч авахгүй одоо өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би Баянхонгор аймагт хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг юм. 2018 оны 3 дугаар сар 23-ны 23 цагийн орчим манай нөхөр Бат-Эрдэнэ Баянхонгор сумын 7-р багт хөх толгойд айлд байна гэхээр очиж аваад гэртээ харих замдаа хүн гар өргөхөөр нь аваад замаараа хүргээд өгчих санаатай аваад 5-5-8 гудамж руу хүргэж өгөөд буцах гэтэл намайг нэр танихгүй эмэгтэй хүн явуулахгүй машин хэрж зогсоосон араас нэг эмэгтэй ирээд машины жолооч талын хаалга онгойлгоод хойно сууж явсан манай хүү Дэмбэрэлийг зулгаагаад утсаараа бичлэг хийгээд та нар юун хүмүүс хүүхэд авч тэнээд байгаа юм гээд намайг хашигчаад хүүхэд авч тэнэлээ гээд намайг хашигчаад байхаар нь би тэр эмэгтэйд наад хүн чинь бид нарт хамаа байхгүй би таксинд явж байгаа хүмүүс байна гэсэн чинь нөхөр нь бололтой эрэгтэй машины урдаас холдохгүй болохоор нь би буугаад тэр эмэгтэйг машины урдаас холдуулаад явах гэсэн явуулахгүй байсан тэгсэн тэр эмэгтэй намайг ирээд барьж аваад явуулахгүй байсан би тэр эмэгтэйд бид нар хамаагүй гээд учраа хэлсэн нөгөө такситай ирсэн охин цаанаас нь гүйж ирээд Ээж, аав 2-тоо наад хүмүүс чинь хамаагүй хүмүүс гээд хэлсэн тэгээд ойлгохгүй хэрүүл нэхээд байсан. Би нөхрийг нь машинаас холд гээд түлэх сэн чинь эхнэр нь намайг чулуугаар нүүр нүдгүй нүдсэн тэгэхээр нь би нөгөө чулуу шидсэн эмэгтэйг машинаасаа холдуулах гээд хашааны булаасуу түлхсэн тэгээд машиндаа суугаад явах гэсэн чинь нөгөө эмэгтэй машины ар дээр цохисон би машинаасаа буугаад тэр эмэгтэйг машинаасаа холдуулаад дахин хашааны булан руу түлхэж унагасан явах гэхээр араас чулуу шидээд бариад авах гэхээр зугтаагаад байсан тэгээд гэр лүгээ гүйгээд орохоор нь би цагдаад хандсан юм. Би тэр Н гэдэг эмэгтэйг зодож цохиогүй машины шил хагалчих гээд чулуу шидээд байхаар нь түлхэж машинаас холдуулсан харин Н намайг чулуугаар толгой руу 2 удаа цохисон, уруул хэгзэртэл цохисон биеийн бусад хэсэгт хэд хэдэн удаа чулуугаар цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 88-89/

... Би яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчийн эрхийг уншиж танилцлаа, би яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би монгол хэл, бичиг үсэг мэднэ, одоо надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Надад одоо өмгөөлөгч авах шаардлага байхгүй. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Тухайн үед манай нөхөр Бат-Эрдэнэ, Дэмбэрэл бид гурав хамт явж байсан манай хүү Дэмбэрэл нь 20 настай бичиг үсэг мэдэхгүй хөгжлийн бэрхшээлтэй оюун ухаан эрүүл биш төрөлхийн өвчтэй хүн байдаг юм одоо Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаа. Эхлээд бид нарыг явуулахгүй машины ар дээр цохиод байхаар нь холдуулах гээд Нийг цааш нь түлхсэн араас чулуу шидээд машины цонх хагалчих гээд байхаар нь дахин хашаа руу түлхсэн шороо чулуу самардаад чулуугаар миний биеийн нүүр хөл хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Би түүнийг чулуу шороо нүүлгээд машины шил толь хагалчих гээд байхаар нь холдуулах гэж заамдаж чирч гулдарсан асуудал болсон нь үнэн. Бид хоёр хоорондоо эвлэрсэн хэн хэндээ ямар нэг гомдол саналгүй болсон .Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг/хх-ийн 91-92/

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А. О өгсөн мэдүүлэгтээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.

5. Хохирогч Б. Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Бид өнөөдөр 2018 оны 03 дугаар сарын 23 ний өдөр сумаасаа хүний ачаа ачаад Улаанбаатар хот хүргэж өгөх санаатай аймагт ирсэн. Манай том охин Гантуяа нь энд ээжийнд 5-8-3 тоотод ээжтэй хамт амьдардаг. Манай охин амбулаторийн арын Лхагвасүрэн даргын АПУ компанид ажилд орсон. Тэгээд орой 21 цаг гээд дэлгүүр нь хаадаг юм билээ Тэр өдөр 20 цагийн үед бид аймагт ирсэн болохоор одоо дэлгүүрээ хаагаад ирэх байх гээд хүлээгээд байсан. тэгсэн шөнө 23 цаг болчихлоо тэгээд ирэхгүй болохоор байн байн утас руу нь залгаад байсан эхэндээ одоо очлоо гээд сүүлдээ утсаа авахгүй байсан.тэгээд бүр айгаад ингээд алга болоод байдаг юм уу? гээд ээжээс асуухад гайгүй л байдаг юм өнөөдөр яасан юм болдоо гэсэн. тэгээд би аавыг нь аваад гудамжны үзүүр дээр зогсож байхад нэг машины бидний хажуугаар гараад манай хашааны үүдэнд очоод зогссон. Тэгсэн манай нөхөр гүйгээд тэр машины хажууд очоод зогсоход манай охин бууж ирсэн. Тэгсэн машин дотор арын суудал дээр нэг залуу, хажууд нь бас нэг эрэгтэй хүн байсан. Тэгээд жолооч нь эмэгтэй хүн байсан болохоор тэр арын суудал дээр сууж явсан залууг манай охиныг уруу татаад яваад байгаа залуу байх гэж тэрүүхэн тэндээ бодчихоод тэр машины дугаарыг нь утсан дээрээ зургийг нь авсан.Жолооч эмэгтэйгээс наад охиноо хаанаас суулгаад ирэв гээд асуутал тэр хүүхэн уурлаад бөөн уур машинаасаа бууж ирээд жингэр гөлөг гичий минь гээд над руу дайраад байсан. Тэгээд шууд миний үснээс барьж зулгаагаад хашаа мөргүүлээд та нар юу гээд байгаа гичийнүүд вэ Намайг үсдэхээр би сөхрөөд суусан. Харин тэр үед би харин шороо авч цацсан нь үнэн. Тэгсэн манай хүн намайг татах гээд босгох гэтэл жолооч хүүхний хажууд сууж явсан нөхөр нь гэсэн залуу бууж ирээд манайг самардсан. Тэгээд манай хүн намайг татаад бид шууд гэр лүүгээ орсон тэнд удах юм бол алуулах юм билээ. Би өөрөө сургуулийн багш ангийн ангийн багш болохоор тийм аймар зүйл Надад гомдол, санал нэхэмжлэх байхгүй.Манай хүн архи уудаггүй элдэв долоон зан байхгүй болохоор их айсан. Тэгээд гэртээ ороод би цагдаа дуудсан. Тэгсэн тэр жолооч хүүхэн бас цагдаа дуудаж байгаа сонсогдсон.Тэгээд цагдаа нар ирэхээр бид 2 гэрээсээ гарсан. Намайг үсдээд дарахад миний шилэн хүзүү хумсанд нь урагдсан байна лээ. Бас нэг жилийн өмнө багш нарын баяраар авсан байсан хүзүүний гинж монетон гинж тасарсан байна лээ. Би анх 285,000 төгрөгөөр авсан байсан. одоо очоод хайна. Болохгүй бол өглөө эрт хайж олохоос одоо ч олдохгүй байхдаа. Би 103 дээр сая үзүүлчхээд ирлээ шүүхийн шинжилгээний албанд үзүүлж дүгнэлт гаргуулна. Одоо толгой өвдөж байна. үсдүүлсэн болохоор их өвдөж байна.би өөрөө тархи толгойны өвчтэй бас намайг хашаа мөргүүлээд миний зүүн хацарт алгадсаН. Тэгэхэд миний шүд эмтрээд унасан байна. одоо миний хэлний дотор тал болон буйланд хөндүүрлээд байгаа. Шүд ураад байна. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/

.... Би Баянхонгор аймгийн Бууцагаан сумд ажиллаж амьдардаг хүн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр сумаасаа Баянхонгор аймагт 20 цагийн үед 5-8 03 тоотод Ээжийндээ ирсэн манай охин Гантуяа гэртээ ирээгүй байсан учир нь манай охин Гантуяа аймагт ажиллаж Эмээгийндээ амьдагдаг юм утсаар ярьсан чинь Гантуяа очиж байна гээд удаад ирэхгүй байсан тэгээд би нөхөр Доржготовын хамт гудамжинд гараад зогсож байсан чинь 23-н цагийн үед нэг машин хажуу хашааны өмнө ирээд манай охиныг буулгачхаад явах гэхээр нь би охиноо ямар хүмүүстэй яваад оройтоод байгаа юм бол гэж хардаад нөхрийгөө наад машинаа битгий явуулаарай гэсэн нөгөө машин явах гээд байхаар манай нөхөр урдуур нь ороод зогсоогоод би камерын зургийг нь авах гээд утсаа камер дээр нь тавиад яваад очсон чинь жолооч нь гээд нэг бадриун хүүхэн уурлаж машинаасаа бууж ирээд учир зүггүй намайг чирээд хашааны дэргэд аваачиж байгаад хашаа мөргүүлээд толгой руу гараараа цохиод байхаар нь би урдаас нь шороо самардсан намайг тэр хүүхэн зодож байхад манай нөхрийг нөгөө машинд сууж явсан эрэгтэй хүн гарыг бариад тавихгүй байсан тэр намайг зодсон хүүхний нөхөр гэсэн миний бие одоо толгой өвдөж байна миний эрүүл мэнд эрх чөлөөнд халдсан асуудал гаргасан би тэр эмэгтэйд зодуулсан энэ хүнд гомдолтой байна. гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/

6. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б. Н өгсөн мэдүүлэгтээ Би эх хүний хувьд үрээ гэсэн сэтгэлээр хүүхдийнхээ төлөө санаа зовоод ийм байдалд хүрсэндээ гэмшиж байна. А.Отэй үл ойлголцох байдлаас болж шүүхийн хаалга татлаа. Хууль гэдэг үнэхээр чанга болсон байна гэдгийг ойлголоо олон юм ярихыг хүсэхгүй байна. Надад нэхэмжлэх зүйл гомдол байхгүй гэв.

7. Хохирогч А. О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай гэр бүлийн хүн Бат-Эрдэнэ нь хөх толгойд айлын гадаа ундаа буулгасан. Тэгээд над руу залгаад намайг ирээд ав гээд хэлсэн тэгээд би нөхрөө авах санаатай бандитайгаа явсан тэгээд нөгөө айлаас нь нөхрөө аваад харих замд хөх толгойн тэнд эмээ 2 охинтой зогсож байсан. тэгээд гараа өргөхөөр нь би нэг охиныг нь таньдаг юм шиг санагдаад зогссон. Тэгсэн нөгөө хөгшин охин 2 цуг явсан охиноо суулгаад өөрсдөө цааш явсан. Тэгээд тэр охиныг аваад хүргэж өгөх санаатай явж байхад гар утас нь дуугараад гэрээс нь залгаж байгаа бололтой. Сүүлдээ одоо очлоо гээд хэрэлдээд байгаа бололтой байсан. тэгээд би гудамж руу нь 5-8 дугаар гудамж руу нь ороод 3 тоотын харалдаа зогссон тэгээд охиноо буулгаад эргэсэн чинь нэг залуу хүүхэн 2 биднийг явуулахгүй “Та нар юун хүмүүс вэ Манай охиныг хаанаас авчирсан бэ ямар учиртай хүмүүс вэ Яагаад хүүхэд авад явсан юм” гээд эмэгтэй нь машины хамар цохиод нөхөр нь хаалга онгойлгоод өшигчөөд бичлэг хийгээд байхаар нь тэр эрэгтэй нь цааш түлхээд явах гэтэл машины урд хамар дээр сууж байсан хүүхэн нь ирээд над руу шороо самардаад цацаад байхаар нь би уурласан.Тэгсэн нөхөр нь болов уу гэмээр залуу намайг заамдаж авахад манай нөхөр машинаас бууж ирээд салгасан. Тэгсэн эхнэр нь шороо самардаад миний толгой нүүргүй шороо цацсан. Биднийг охиныг нь уруу татаад гадуур аваад явчихлаа гэж буруу ойлгоод байгаа бололтой байсан. бид таксинд явдаг хүмүүсээ гээд хэлэхэд ойлгохгүй байсан. Тэгээд би цагдаа дуудсан Өөр зүйл болоогүй. Би энэ охиныг 9-4 дүгээр гудамжны харалдаа суусан. Тэгээд тэр хамт явсан 2 нь суулгаад цааш явсан. Эмэгтэй хүмүүс байсан харанхуй байсан болохоор сайн хараагүй. Нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолтой байна гэх мэдүүлэг / хх-ийн 25-26 /

... Би хохирогчоор тогтоосон тогтоол, хохирогчийн эрх, үүргийг уншиж танилцлаа, би монгол хэл, бичиг үсэг мэднэ. Би одоо өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. 2018 оны 03 дугаар сарын 23-ны шөнө 23 цагийн орчим би машинтайгаа хүү Дэмбэрлийн хамт таксинд явж байтал манай нөхөр Бат-Эрдэнэ над руу залгаад Баянхонгор сумын 7-р багт хөх толгойд айлд байна ирээд аваадах гэхээр нь очиж аваад 5-р баг руу гэртээ харих замдаа 9-р багт нэг эмэгтэй хүн гар өргөхөөр нь замаараа хүргээд өгчих санаатай зогсоод нэг эмэгтэй машинд суугаад 5-р баг 5-8 гудамжинд хүргэж өгөөд буцах гэтэл машины урдуур нэг танихгүй эмэгтэй хүн хэрж зогсоод явуулахгүй болохоор нь би юу, болсон юм бол гэж бодоод машинаас буугаад асуутал тэр үл таних эмэгтэй хүн над руу та нар юун хүмүүс вэ манай охиныг хаанаас авчирсан юм ямар учиртай хүмүүс яагаад хүүхэд авч явж тэнээд байгаа юм гээд тэр эмэгтэй машины хамар дээр цохисон цаанаас нь нэг эрэгтэй хүн ирээд бичлэг хийгээд байхаар нь цааш нь түлхээд явах гэтэл нөгөө эмэгтэй над руу шороо цацаад байхаар нь миний дургүй хүрээд машинаас буусан, нөгөө нөхөр нь бололтой залуу манай нөхрийг заамдаад авахаар нь би салгасан эхнэр нь миний нүүр лүү шороо самардаад цацсан бариад авсан чинь миний хүзүү нүүр самардсан чулуу шидээд байсан нүүр лүү толгой руу, баруун хөлийн гуя, хэвлий хэсэг чулуугаар намайг нүдсэн миний бие байнга толгой өвдөж байна бариачид бариулсан эмчилгээ хийлгээд зүгээр байна одоо Улаанбаатар хот явж үзүүлэн гэж байгаа. Тэр хүмүүс намайг охиныг нь уруу татаад аваад явчихлаа гээд буруу ойлгоод байгаа бололтой , Би таксинд явдаг хүн гээд хэлээд байхад ойлгохгүй байсан хүүхэд авч явлаа гэх шалтгаанаар миний эрүүл мэнд эрх чөлөөнд халдсан асуудал гаргасан би тэр эмэгтэйд зодуулсан энэ хүнд гомдолтой байна. Тухайн үед цаг 23-н цаг болж байсан, тэр намайг зоддогийн нөхөр нь согтуу байгаа юм болов уу гэж би бодсон сайн мэдэгдэхгүй манай нөхөр архи дарс хэрэглэдэггүй хүн бусад нь эрүүл байсан. Надад өөр мэдүүлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/

8. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А. О өгсөн мэдүүлэгтээ Тухайн өдөр би нөхөртэйгөө явж байтал зам дээр нэг охин такси зогсоосон. Таньдаг хүүхэд байна хүргээд өгье гэж хэлээд гэрт нь хүргэж өгсөн. Хүргэж өгчхөөд явах гэтэл машины урдуур хүн орж ирээд хэрж зогсоод байсан. Холдооч гэхэд Б.Н утсаараа бичлэг хийгээд, яагаад манай хүүхдийг авч яваад байгаа юм гээд жаахан маргасан. Тэгээд Б.Н намайг чулуугаар цохиж уруул шанаа хавтгасан. Бид хоёр үл ойлголцож, дараа нь учир зүйгээ ололцож эвлэрсэн гэв.

9. Гэрч Н. Гантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Би аймгийн төвийн амбулаторийн арын АПУ компанийн худалдагч хийдэг. Өнөөдөр 21 цаг 15 минутад манай дэлгүүр хаагаад, тэгээд би найз Сувдаагийн очоод нүүрний пудрийг нь аваачиж өгөх гээд очсон Тэгээд тэндээ хоол идчихээд таксигаар харъя гээд гэрээс нь гарсан Сувдаагийн ээж манай найз 2 намайг гаргаж өгөөд тэгээд гудамжных нь үзүүр дээр ирээд такси барьж суулгаж егсөн Тэгээд би тэр таксигаар гэртээ ирсэн чинь гудамжны үзүүр дээрээс манай аав гүйж гарч ирээд тэр жолооч эгчийн нөхөртэй барьцалдаж аваад тэгсэн эхнэр нь гарч ирээд бөөн зодоон болсон. Тэгээд зодолдохоо болиод цагдаа дуудаад тэгээд хэрүүл хийгээд гудамжны үзүүр дээр хэрэлдэцгээгээд байсан. өөр зүйл болоогүй. Хөх толгойн Чандмань дэлгүүртэй гудамжинд халдаа Баян-тоорой дэлгүүртэй гудамжинд байдаг. 9-4 13 тоотод байдаг. Ээж ах 2 нь байсан. өөр хүн байгаагүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй..гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/

... Би АПУ компанийн Баянхонгор аймаг дахь салбарт худалдагч юм өнөөдөр 21-н цаг өнгөрч байхад ажлаа тараад 9-р багт найзындаа очиж хоол идэж ярьж сууж байгаад тэднийхээс гараад гудамжны үзүүрээс нь такси бариад 5-р баг 8-р гудамжинд гэртээ ирээд машинаас буусан чинь манай аав Доржготов гудамжны үзүүрээс гүйгээд ирсэн нөгөө машиныг явуулахгүй урд нь зогсоосон араас манай Ээж Н юун хүмүүс хүүхэд дагуулж тэнээд байгаа юм гээд хүрээд ирсэн тэгсэн таксины жолооч эгч машинаас бууж ирээд ээжтэй хэрэлдээд хоорондоо зодолдоод эхэлсэн. Аав тэр машинд явсан эрэгтэйтэй барьцалдаад авсан барилцаж байсан харанхуй байсан болохоор хэн нь хэнийгээ зодож цохиж байгаа нь харагдахгүй байсан удалгүй зодоон хийхээ больцгоосон Ээж цагдаа дуудаад цагдаа нар ирсэн. Манай Аав Ээж хоёр Бууцагаан сумд амьдардаг тэр өдөр хөдөөгөөс ирсэн юм байна лээ би мэдээгүй байсан, өөр зүйл болоогүй цагдаад өмнөх өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл алга. гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/

10. Гэрч Д. Доржготовын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Би тэр газарт байсан Манай хашааны үүдэнд болсон асуудал.Манай охин Гантуяа ажлаасаа тараад тэр өдөр ирдэггүй тэгээд 23 цаг болчихоор нь гадаа зам дээр хараад зогсож байхад бидний урдуур нэг ногоон өнгийн такси өнгөрөөд манай гудамж руу ороод манай үүдэнд очоод зогссон. Тэгэхээр нь би очоод тэр таксиг явуулаагүй урд талд нь очоод зогссон. Тэгээд та нар байж бай. Наад охины чинь ээж нь ирж байгаа. Та нар ээжтэй нь уулз гээд би машиных нь хамрын урд нь зогссон. Тэгээд байж байхад манай гэр бүлийн хүн араас хүрээд ирсэн. Тэгээд манай хүн Н ирээд та нар байж бай, юм асуугаадахъя гээд арын тээшний хаалт дээр цохисон. Тэгсэн чинь жолооч эмэгтэй гарч ирээд “та нар яасан зэрлэг хүмүүс вэ жингэр минь, гичий минь би толгойдоо 32 оёдолтой толгой тархины өвчтэй хүн” гээд манай авгайг хөөгөөд машинаа тойруулаад элдсэн. Тэгээд манай авгай айсандаа газраас шороо самардаад тэр жолооч хүүхний нүүр лүү шидсэн. Тэгсэн машин дотроос тэр жолооч эмэгтэйн нөхөр нь гарч ирээд намайг араас барьж авсан. Тэгсэн нөгөө жолооч эмэгтэй миний нүүрийг самардаад “та нар яасан сүртэй гичийнүүд вэ би таксинд явдаг такси би танай хүүхдийг хүргэж өгч байгаа хүн гээд сүүлдээ цагдаа дуудна” гээд дуудлага өгсөн.Тэр хооронд манай гэр бүлийн хүнийг тэр жолооч эмэгтэй үсдээд хашаа мөргүүлээд газар унагачихсан харагдсан. Тэгээд би эхнэрээ аваад шууд хашаа руугаа гүйгээд орсон. Ер нь бол алуулах юм билээ. Их айхтар хүүхэн байсан. Яс томтой гар урттай, биерхүү хүн байсан. Уг нь бид энэ охиныг хаанаас авчирсан юм. хаанаас манай охин такси барьж суусан юм гээд асуух хооронд л тийм асуудал болсон. Уг нь их хүлээцтэй тайван хүн байсан бол ийм асуудал болохгүй байсан. тэгээд бид айгаад гэртээ орсон хойноо цагдаа дуудсан. Тэгсэн тэр хүүхэн бас хашааны гадаа цагдаа дуудаад байгаа бололтой байсан. Өөр зүйл болоогүй. Тэр хүүхэн эхэндээ бид архи уусан юм болов уу гээд бодсон чинь толгойдоо 32 оёдолтой би, толгой тархины өвчтэй хүн гээд орилоод байсан. Толгой тархины өвчнөөсөө болоод тийм амархан уурлаж уцаарласан байх. Юу юуны туханд хүрэлгүй шууд барьж аваад маажаад манай хүнийг үсдээд тэгээд тэр үсдэх явцад манай хүний шилэн хүзүүг хумсаараа маажаад хаясан байсан.Тэр нь одоо хувилаад байгаа.Манай гэр бүлийн хүнийг арай дэндүү зодсон би бушуухан аваад гэр лүүгээ орсон Тэр хүүхэн өндөр ясархуу биетэй өндөр хүүхэн болохоор их л дийлдэхгүй хүч хүрэгдэхгүй байсан. Бид 2018 оны 03 дугаар сарын 22 ний орой 20 цагийн үед аймагт орж ирээд сумаас хүний ачаа ачаад ирчихсэн Хот хүргэж өгөх ажилтай байсан юм Тэгээд ийм зүйл болчихлоо. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. миний хэлсэн бүгд үнэн.гэх мэдүүлэг /хх-ийн 42-44/

.... Би Баянхонгор аймгийн Бууцагаан суманд эхнэр Н хүүхдүүдийн хамт амьдардаг юм тэр би эхнэр Нийн хамт Улаанбаатар хот явах гээд Баянхонгор аймагт ирсэн аймгийн төв 5-р багт манай хадам ээж Цэцэгээ манай дунд охин Гантуяагийн хамт амьдардаг юм. Тэднийд 20-н цагийн үед ирэхэд манай охин Гантуяа гэртээ байгаагүй Н Гантуяатай утсаар яриад ирж байна уу гээд байгаа бололтой байсан ирж байна гээд утсаа салгаад ирэхгүй байхаар нь эхнэр бид 2 хүүхдээ тосох гээд зам дээр гарсан гудамжны үзүүрт гараад хараад зогсож байсан чинь 23 цагийн үед нэг машин гудамж руу орж ирээд хашааны үүдэнд манай хүүхдийг буулгаж өгөхөөр нь би яваад очсон нөгөө машинд ямар хүнээс байна юм асууя гэж бодоод зогсоосон тэгсэн араас эхнэр ирээд нөгөө машины дугаарыг нь зургийг нь утсаараа аваад нөгөө машин уулзахгүй нөгөө машины ар дээр гарынхаа алгаар тогшсон чинь нөгөө машинаас жолооч эмэгтэй бууж ирээд би өвчтэй хүн гэж хэлээд манай эхнэрийг өргөж авч манай эхнэр зугтаагаад хашаа руу хөөгөөд явсан харанхуй байсан. Манай эхнэрийг нөгөө эмэгтэй унгаагаад зодоод байгаа бололтой эхнэр орилоод байсан намайг очих гэсэн чинь тэр машинд сууж байсан 2 эрэгтэй хүн намайг барьж аваад тавихгүй нэг багавтар залуу намайг 2 цохихоор нь би тэр хоёрт тэр хүнээ ав манай эхнэрийг зодоод байна гэж хэлсэн тэгээд тэр нөхөр нь бололтой хүн манай эхнэрийг зодож байсан хүнийг салгаж авсан тэгээд миний утсаар цагдаагийн байгууллагад манай эхнэр хандсан. Би хүнтэй маргалдаж зодоон цохион хийгээгүй тэнд согтуу хүн байгаагүй. Тэр таксны жолооч гэх эмэгтэй машиныг нь гараараа цохисны төлөө орилж бууж ирээд манай эхнэрийг шууд аваад шидчихсэн бяртай хүн байна лээ тэгээд хашаа руу хөөгөөд доороо хийгээд нүдээд манай эхнэр орилоод байсан харанхуйд сайн харагдаагүй эхнэрийнхээ дууг сонссон. Хүзүү нүүр хэсэгт зулгарсан байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 47-49/

11. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн 225 дугаартай шинжээчийн:

1. А. Оийн биед тархи доргилт, доод уруулд зулгаралт, зүүн гуя, хэвлийд цус хуралт, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 60-61/,

12. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн 230 дугаартай шинжээчийн:

1. Л.Нийн биед тархи доргилт, хүзүү, гарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 65-66/,

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Н, А.О нар нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг 8 дугаар гудамж 3 тоот хашааны өмнө 2018 оны 03 дугаар сарын 23-ны орой 23 цагийн үед харилцан маргалдаж зодолдсоны улмаас бие биеийнхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол харилцан учруулсан үйл баримт болсон нь хавтаст авагдсан хохирогч А. О, Б. Н, гэрч Г. Гантуяа, Д. Доржготов нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн 225, 230 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А. От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Б. Нт мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх дүгнэж, шүүгдэгч Б.Н, А.О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Н, А.О нар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүхээс тэднийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт нь хуульд зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Б.Н, А.О нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ..

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-д заасан “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,...гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал,..эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэснийг баримтлах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч А. О, Б. Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А. Оийн эзэмшлийн “Sharp” маркийн хөргөгч, шүүгдэгч Б. Нийн эзэмшлийн “самсунг” маркийн гар утсыг тус тус битүүмжилсэн 2018 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, дээрх хөргөгч, гар утас зэргийг эзэмшигч А. О, Б. Н нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харчин овогт Б.Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Өөлд овогт А.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Харчин овогт Б.Н, шүүгдэгч Өөлд овогт А.О нарыг таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500000 / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч Б.Н, А.О нарт оногдуулсан таван зуун тавин / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500000 / төгрөгийг шүүгдэгч Б. Н, А.О нарыг 2018 оны 06 дугаар сарын 23-ний дотор төлөхөөр тогтоож, хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2, 160.3-д зааснаар ялтан Б.Н, А.О нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.                                     

5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Н, А.О нар нь энэ хэргийн учир энэ цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Нийн эзэмшлийн “Самсунг” маркийн гар утсыг, шүүгдэгч А. Оийн эзэмшлийн “Sharp” маркийн хөргөгч зэргийг тус тус битүүмжилсэн 2018 оны 05 сарын 11-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, дээрх гар утас болон хөргөгчийг эзэмшигч Б. Н, А.О нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б. Н, А.О нарт тус тус авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б. Н, А.О нарт авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ