Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 210/ма2020/02147

 

 

2020

 

 

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2020/02147

 

 

 

 

 

В.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/02064 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч В.Б-ийн нэхэмжлэлтэй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учруулсан хохирол 51 039 000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулах тухай иргэний хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг 2017 оны 1 сарын 02-ны өдрөөс эхлэн иргэн Б.Г-ыг алсан гэж сэжиглэн цагдан хорьж шалгасан. Болсон зүйлсийг үнэн зөвөөр нь мэдүүлж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн 00 тоотод Б.Г-тай хамт 2 шил архи хувааж уугаад хэвтсэн. Бие засах гээд сэрэхэд гэрт хүн байхгүй, гадаа гартал талийгч дээшээ хараад хэвтэж байсан. Очоод гараас нь барьтал гар нь хүйтэн, суганаас өргөж, гэрт оруулаад цагдаа, түргэн дуудсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөн байцаагч, прокурор нь хэт нэг талыг барьж, хүн алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, шүүх рүү шилжүүлсэн. Энэ хугацаанд миний бие сэтгэл зүйн хувьд маш их дарамттай, эрүүл мэндийн байдал хэцүү байсан бөгөөд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2017 оны 02 дугаар сарын 00-ний өдөр өөрчилж, батлан даалтанд гаргасан. 2 сар гаруйн хугацаанд цагдан хоригдсон учир ажил хийж, ахуй амьдралаа залгуулах шаардлагатай байсан. Ингээд туршилтын хугацаанд хувийн компанид жолоочоор ажилд орсон боловч мөрдөн байцаах газраас хэрэг шалгах явцад урьдчилан хэлэлгүйгээр гэнэт дуудаж, мэдүүлэг авах, удаа дараа шалтгаангүйгээр дуудаж, мэдүүлэг авахгүй өрөөний гадаа суулгадаг байсан учир аргагүйн эрхэнд ажлаасаа гарсан.

Хэрэг шүүхэд шилжихэд миний бие өдөр болгон шүүх дээр очиж, шүүгчийн туслахад бүртгүүлдэг байсан бөгөөд энэ үед мөн л ажил хийх боломжгүй байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх байдлаар хөдөлмөрлөх эрх маань ноцтой зөрчигдсөн. Сэтгэл зүйн хувьд асар их дарамттай, бүтэн нойртой хоносон шөнө цөөхөн, хоол хоолойгоор давахгүй хүнд хэцүү байсан. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/394 дугаартай шийтгэх тогтоолоор В.Б- намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 56 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, 6 298 205 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн 2019 оны 4 сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/394 дугаартай шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан боловч Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 сарын 16-ны өдрийн 2019/ДШМ/702 магадлалаар дээрх шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн 2019 оны 11 сарын 20-ны өдрийн №589 дүгээр тогтоолоор магадлалыг тус тус хүчингүй болгож, цагаатгасан.

 

Улсын Дээд шүүхийн хурал болсон өдөр ажлын цаг дуусахад шүүхээс ямар нэгэн шийдвэрийг надад мэдэгдээгүй учраас амиа хорлох хэмжээний сэтгэцэд нөлөөлж байсан.

Шүүхээс намайг цагаатгаж сулласан боловч 2017 оноос хойш нийт 1022 хоног хилс хэрэгт мөрдөн шалгуулж, 267 хоног цагдан хоригдож, хууль бусаар хорих ял шийтгэгдсэний улмаас хөдөлмөрлөх, эрх чөлөөгөө хязгаарлуулан жирийн хүн шиг эрхээ хэрэгжүүлж чадаагүйдээ маш ихээр гомдож, уур минь хүрч, харамсдаг. Мөн сэтгэл зүйн хямралтай байсан учир Монгол билиг сэтгэл судлалын төв ХХК-д хандаж, сэтгэл зүйн оношилгооны дүгнэлт гаргуулсан. Иймд нийт 267 хоног хууль бусаар цагдан хоригдсоны хохиролд 13 350 000 төгрөг /1 хоногт 50 000 төгрөг/, 755 хоногт батлан даалтад шалгагдсаны хохирол 11 409 000 төгрөг /Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг өдөрт тооцох жишгээр тогтоосон/, сэтгэл зүйн эмчилгээ хийлгэх зардал 2 280 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 16 000 000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 8 000 000 төгрөг, нийт 51 039 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 

Гуравдагч этгээд Монгол улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд г болон шүүх хуралдааны гаргасан тайлбартаа: Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 4.1.1-т Засгийн газрын тусгай сан нь Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зориулалттай төсвийн тусгай данс гэж заасан бөгөөд мөн хуулийн 5, 6 дугаар зүйлд тусгай сангийн төрөл, мөн сангийн зарцуулалтын талаар хуульчилсан бөгөөд эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас учирсан гэм хорын хохирлыг тус сангаас гаргах талаар заагаагүй. Иймд эрүүгийн хэрэгт шалгагдсан гэм хорын хохирлыг шүүх Засгийн газрын тусгай сангаас гаргуулахаар шийдвэрлэх тохиолдолд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасантай нийцэхээргүй байна. Түүнчлэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр амь хохирогч нь гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогдсон бөгөөд уг хэргийг тухайн үед талийгаачтай хамт архи ууж байсан В.Б- үйлдсэн байж болох нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцахад тэрээр өмгөөлөгчид өмгөөллийн хөлс төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй, сэтгэл зүйн эмчилгээ хийлгэсэн зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийн хохиролд хамаарахгүй. Батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацааны олох байсан орлогыг нэхэмжилж буй нь үндэслэлгүй. Сэтгэл санааны хохирлын тухайд эрүүгийн хэрэгт хууль бусаар шалгагдсаны улмаас учирсан хохирлын талаарх баримтыг хэрэгт хавсаргаагүй байх бөгөөд юунд үндэслэн 16 000 000 төгрөгийг тодорхойлж гаргаж буй нь ойлгомжгүй. Хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн буй гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч прокурор Д.Д- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Б-ийн нэхэмжилж буй төлбөр юунд үндэслэж гарсан, тухайн үндэслэл, төлбөрийн хэмжээ хэрхэн нотлогдож байгаа талаар хангалттай баримт байхгүй. Сэтгэл санааны хохирлын хувьд ямар хохирол учирсан талаарх баримтыг бүрэн шүүхэд гаргаж өгөөгүй. Зөвхөн Монгол билиг сэтгэл судлалын төв гэсэн сэтгэл зүйн оношилгооны дүгнэлтийг гаргуулсан нь нэхэмжлэлийн юунд үндэслэн гаргасан нь тодорхойгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх В.Б-ийг сэжиглэх нотлох баримт байсан учир уг хэрэгт холбогдуулан цагдан хорьсон. Учир нь талийгаачтай хамгийн сүүлд уулзсан хүн байсан. Талийгаач нь гадны нөлөөтэй тархиндаа гэмтэлтэй, хувирга хугарсан байдалтай олдсон. Дээд шүүхээс уг гэмт хэрэгт гэм буруугүй гэж үзэж шүүгдэгчид ашигтай байдлыг харгалзаж цагаатгасан шийдвэрлэсэн нь хууль бусаар цагдан хорьсон гэж үзэж үндэслэл болохгүй. В.Б-ийг 755 хоног батлан даалтад шалгагдсаны хохиролд энэ үед нэхэмжлэгч ажил эрхэлдэг байсан уу гэдэг баримт байх ёстой боловч байхгүй байна. Сэтгэл зүйн үйлчилгээний зардал 2 800 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 16 000 000 төгрөг нэхэмжилсэн нь баримтаар нотлогдоогүй. Өмгөөлөгчид төлсөн өмгөөлөгчийн хөлсийн нэхэмжлэгч өөрөө төлөөгүй. Хууль зүйн туслалцаа авах гэрээ нь тухайн хүний эрхийн асуудал, сайн дурын үндсэн дээр бий болдог гэрээ, өөрийгөө өмгөөлүүлэх эрх нээлттэй учир уг хохирлын мөнгө гаргуулж өгөх боломжгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль бус ажиллагааны улмаас учирсан хохиролд 20 797 425 төгрөгийг Засгийн газрын тусгай сангаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 30 001 575 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Шүүх нэхэмжлэгчийн хууль бусаар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж, цагдан хоригдсоны улмаас олох байсан хохиролд нэхэмжилсэн 00 759 000 төгрөгөөс 15 797 425 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ цагдан хоригдсон хугацааны бус, эрүүгийн хэрэгт шалгагдсан нийт хугацаанд түүнийг хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авах боломж нь хязгаарлагдсан гэж үзсэн үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдах үедээ ажил хөдөлмөр эрхэлж байсан эсэх нь тодорхойгүй, бөгөөд хуульд заасан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ нь иргэний хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан арга хэмжээ биш юм. Өмгөөллийн хөлс 8 000 000 төгрөгийн хувьд хэрэгт авагдсан өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг нотлох баримтын шаардлага хангаагүй болох талаар дүгнэсэн атлаа нотлох баримтаар үнэлсэн, өмгөөллийн хөлс төлсөн гэх 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс өмгөөлөгч нарт олгоогүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцэхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч В.Б- нь эрүүгийн хэрэгт шалгагдаж, хууль бусаар цагдан хоригдсоны хохиролд 13 350 000 төгрөг, нийт 755 хоногт батлан даалтад шалгагдсан хугацааны цалин, орлогын хохирол 11 409 000 төгрөг, сэтгэл зүйн эмчилгээ хийлгэх зардал 2 280 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 16 000 000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 8 000 000 төгрөг, нийт 51 039 000 төгрөгийг Засгийн газрын тусгай сангаас гаргуулахаар шаарджээ. /хх1-3/

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд В.Б- нь 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн 00 тоотод Б.Г-ыг алсан гэж хэрэгт сэжигтнээр татагдаж, түүнд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/394 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ДШМ/702 дугаар магадлалаар ял ногдуулсныг, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 589 дугаар тогтоолоор холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан үйл баримт тогтоогдож байна. /хх 11-29/ 

 

Нэхэмжлэгч В.Б- нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа 755 хоног цагдан хоригдсон үйл баримт тогтоогдсон /хх 9-29/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.1-д ...Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана... гэж заасан бөгөөд мөн зүйлийн 2.2-т ...Хохирол нөхөн төлүүлэх эрх дараах тохиолдолд үүснэ: 2.2. тухайн хүнийг цагаатгасан шүүхийн шийдвэр гарсан..  гэж заасан байх тул В.Б-д олох байсан орлого 15 797 425 төгрөг, өмгөөллийн хөлс 5 000 000 төгрөг тус гаргуулан хохирлыг нөхөн төлүүлэхээр анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. 

 

Нэхэмжлэгчээс өмгөөллийн хөлсөнд төлсөн гэх 8 000 000 төгрөг гаргуулах шаардлагаас шүүх 5 000 000 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлсэн байна.

 

Хэргийн 35, 42 дугаар талд Хаан банкны 5103031469 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5027741657 тоот дансанд 3 000 000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 2 000 000 төгрөг, нийт 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс өмгөөллийн хөлсөнд төлсөн үйл баримт тогтоогдож байх тул энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн зөв дүгнэсэн, түүнчлэн нэхэмжлэгч талаас бусад асуудлын талаар давж заалдах гомдол гаргаагүй байх тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын хүрээнд шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/02064 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гуравдагч Монгол улсын засгийн газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Ш.ОЮУНХАНД