| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2409021291256 |
| Дугаар | 2025/ДШМ/386 |
| Огноо | 2025-04-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2025/ДШМ/386
2025 04 01 2025/ДШМ/386
Э.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Э.М-н өмгөөлөгч А.Энхтүвшин,
хохирогч Э.М-, түүний өмгөөлөгч Р.Чинбаа,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/249 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.М-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2409021291256 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хаягт хашаанд хохирогч Г.М- “дугуйн зам хааж юм барилаа” гэсэн шалтгаанаар маргалдаж улмаар толгойн тус хэсэгт нь гараараа цохих, хөл рүү нь өшиглөх, нүүрэн тус хэсэгт прүүс модоор чичин цохиж, зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хамарт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.М-ас нийт 11,908,820 /арван нэгэн сая есөн зуун найман мянга найман зуун хорь/ төгрөгийг гаргуулж, 11,691,000 /арван нэгэн сая зургаан зуун ерэн нэгэн мянга/ төгрөгийг хохирогч Г.М т, 217,820 /хоёр зуун арван долоон мянга найман зуун хорь/ төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт тус тус олгож, хохирогч Г.М нь цаашид шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон бусад хохирлын асуудлаар шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн өөр эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.М- давж заалдах гомдолдоо “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж заасныг, мөн Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 24 дугаартай 2023 оны 05 дугаар сарын 08-ны тогтоолыг тус тус зөрчсөн байна хэмээн үзэж байна. Хавтаст хэрэг бэхжигдсэн нотлох баримтаас үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 16.2.1.6 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл...” гэж заасан байдаг ба миний хийсэн үйлдэл нь хэдийгээр гэм буруутай боловч хохирогчийг шууд санаатайгаар цохиогүй бөгөөд хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас үүссэн. Тухайлбал Э.М-н гэрчээр өгсөн “...танайд кадастрын зураг байна уу?, зөвшөөрөл байна уу? гэхэд тэр эмэгтэй “чамд ямар хамаатай юм бэ чи зайл”, “...тэгээд тэр эгч нэг шүүр бариад над руу цохих гээд дайрахад би газраас нэг түлээний мод авсан чинь Г намайг хамгаалаад зогссон...” гэх мэдүүлэг /хх 12/, гэрч О.Г-н “...Баялаг гэдэг хүү маань дугуйн замаас ирээд “ээжээ муухай царайтай 3 хүн дугуйн зам хаасан та нар битгий энүүгээр тоглоод бай явцгаа, зайлцгаа” гэж хэлээд загнаад хөөсөн... ...тэгээд би гүйж очсон чинь тэр хөгшин эгч байшингаасаа нэг төмөр иштэй жижиг шүүр бариад хаалгаараа гарч ирэх гээд М руу далайхад...” /хх 15/ гэх мэдүүлгүүдийг өгсөн бөгөөд хавтаст хэрэгт бэхжигдсэн дээрх баримтуудаар тогтоогдож байна. Мөн хохирогч Г.М ийн гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй байдаг ба эдгээр баримтуудаас үзэхэд мэдүүлэг үнэн зөв өгсөн эсэх нь эргэлзээтэй байна. Хохирол төлбөрийн тухайд шийтгэх тогтоолын 5 дахь хэсэгт “...М ас нийт 11,908,820 /арван нэгэн сая есөн зуун найман мянга найман зуун хорь/ төгрөгийг гаргуулж, 11,691,000 /арван нэгэн сая зургаан зуун ерэн нэгэн мянга/ төгрөгийг хохирогч Г.М т олгуулахаар...” дурдсан. Гэтэл хохирогч Г.М нь чухам ямар эрүүл мэндийн үйлчилгээ авсан нь ойлгомжгүй, тодорхойгүй байдаг ба хэрэгт бэхжүүлсэн баримтуудаас үзэхэд хуулийн шаардлага хангаагүй эмнэлгийн баримтуудыг өгсөн. 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр яг ямар эмнэлэгт үзүүлсэн нь тодорхойгүй байх ба ямар нэгэн эмчийн магадалгааны албан баримт биш, бичгийн цаасанд эмнэлэгт үзүүлэв 98,000 төгрөг гэх гараар бичсэн баримтыг өгсөн /хх 92/. Дээрх баримтад хохирогчид ямар зовуурь илэрсний дагуу ямар эмнэлэгт үзүүлж ямар үйлчилгээ авсан учраас 98,000 төгрөг болсон тус төлбөрийг төлж барагдуулсан эсэх нь тогтоогдоогүй. “С” арьс, гоо заслын эмнэлгээс 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр үйлчилгээ авсан байдаг ба үүний дотор Сорвины PRP эмчилгээнд нийт 5 удаагийн оролтоор 875,000 төгрөг, Салмон загасны тарилга 3 удаа гэж бичсэн хэр нь тоо хэмжээнд 5 гээд нийт 4,750,000 төгрөг, нөхөн сэргээх эмчилгээ, тарилга болон лазер эмчилгээний дараа 5 хоноод заавал хийлгэх 70,000-аар 3 удаа буюу 350,000 төгрөг, сорвины тос 45,000 төгрөг, төлбөрт үзлэг 100,000 гэж бичсэн байдаг. Гэтэл эмчилгээг дэлгэрүүлэн авч үзвэл сорвины PRP эмчилгээ нь ямар хугацаанд ямар давтамжтай хийлгэсэн нь тодорхойгүй байна. Мөн Салмон загасны тарилгын тухайд энэхүү тарилга нь охид бүсгүйчүүдийн хийлгэдэг гоо сайхны эмчилгээ байдаг ба нэг удаагийн оролт 400,000-450,000 байдаг ба багцаар орсон тохиолдолд төлбөр нь хямдардаг ба лазер эмчилгээ болон тарилгын хувьд ч мөн адил байх ба төлбөрт үзлэгийн тухайд 100,000 төгрөг байдаггүй ба төлбөрт үзлэг 30,000-40,000 төгрөгийн хооронд тогтсон байдаг. Хохирогчийн зүгээс дээрх үйлчилгээг аваад эмнэлэгт төлсөн баримт нь 100,000 төгрөг төлснөөс үзэхэд бусад үйлчилгээний төлбөрийг төлсөн эсэх, үнэхээр дээрх эмчилгээг хийлгэсэн эсэх нь эргэлзээтэй ба Э.М-н хийсэн үйлдлийн улмаас гоо сайхны үйлчилгээ авч байгаа нь ойлгомжгүй байна. Хавтаст хэргийн 97-р хуудсанд мөн төлбөрийн нэхэмжлэх байдаг хэдий ч энэ төлбөрийг хохирогч үнэхээр төлж барагдуулсан эсэх нь эргэлзээтэй, яг юунаас болж энэ өндөр төлбөртэй гоо сайхны үйлчилгээг хийлгэсэн нь ойлгомжгүй, төлбөрөө төлсөн баримтгүй байхад шүүгч бүхэлд нь хангаж 11,691,000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хохирол арилгах үндэслэл, нөхцөл гэдэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах зөвхөн хуульд заасан, эрх зүйн хэм хэмжээнд тусгагдсан, хууль дээдлэх, шударга ёсны зарчимд нийцсэн, эрх бүхий байгууллагын хууль ёсны үйл ажиллагаагаар баталгаажсан үндэслэл, нөхцөлийг ойлгодог. Хэдийгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх ёстой боловч хохирогчийн хийлгэсэн гэх дээрх тарилгуудыг судалж үзэхэд арьсны нүхжилт болон үрчлээсэнд хэрэглэгддэг тарилга байх ба гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээнд зөвхөн сорвины тарилга хийлгэсэн байдаг ба дээрх салмон загасны тарилга нь арьсны батгашилт, арьс татаж чангалах, цайруулах, залуужуулах, сэвх толбыг бүдгэрүүлэх үйлчилгээг агуулдаг тарилга юм. Мөн нөхөн сэргээх эмчилгээ, тарилга болон лазер эмчилгээний дараа 5 хоноод заавал хийлгэх шаардлагатай гэж дурдаад байгаа үйлчилгээ нь зөвхөн гоо сайхны үйлчилгээ буюу чийгшүүлэх тосоор массаж хийлгэх, цэвэрлүүлэх эмчилгээ байдаг тухай тодруулж мэдлээ. Шүүх хэдийгээр гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх боловч хохирогч, сэжигтэн, яллагдагчийн хувийн байдлыг харгалзан үзэх шаардлагатай, мөн хэрэгт бэхжигдсэн дээрх нотлох баримтуудыг бүрэн тал бүрээс нь хянаж шалгасны үндсэн дээр тогтоож, хангах шаардлагатай байсан гэж үзэж байна. Иймд хохирогч Г.М т учруулсан хохирлын эмчилгээнд хийгдсэн гэх төлбөрийн баримтууд нь эргэлзээтэй байхад шүүхийн зүгээс энэ талаар огт үнэлж дүгнэлгүйгээр шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Э.М-ас 11,691,000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж, намайг цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Э.М-н өмгөөлөгч А.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Нэгдүгээрт, Э.М-н гаргасан гомдлын агуулгын хувьд “тухайн үед гэм буруу дээр маргахдаа болгоомжгүй үйлдэл байсан, би учруулсан хохирлыг буюу гэмтлийг хүсэж учруулах зорилгоор модыг бариагүй” гэсэн агуулгаар мэтгэлцсэн. Гэхдээ миний барьж байсан модны үйлчлэлийн хүчний улмаас хохирогчийн хөмсөгний дээд хэсэгт цус гарсан гэмтлийн учруулсан дээр маргахгүй. Зөвхөн Э.М-, н.Г нарын мэдүүлгээс гадна гэрч н.Рагчаагийн “хохирогч шүүр бариад авсан нөгөө талд шүүгдэгч мод бариад салгах гээд байж байхад бид 2 унахдаа нүүр рүү цохичих шиг болсон” гэдэг мэдүүлэг байдаг. Энэ мэдүүлгүүдийг үндэслэж санаатайгаар гэмтэл учруулсан эсэх дээр эргэлзээтэй байна гэж маргасан, бусдаар хохирогчид учруулсан хохирлыг бодитоор илэрхийлсэн үнийн дүнгээр төлөхөд татгалзах зүйлгүй гэсэн байр суурьтай байсан. Хавтаст хэрэгт авагдсан төлбөрийн и-баримт, үзүүлсэн оношилгоо, тархины зураг авхуулсан баримт гэх мэт баримтууд болон сэтгэл санааны хохирол дээр маргахгүй. Харин нүүрний тарилга, Саломон загасны тарилга гэх мэт үйлчилгээнүүдийн тухайд “төлөгдөөгүй, ийм үйлчилгээ авах юм, манайх ийм үнэтэй үйлчилгээ үзүүлдэг” гэсэн баримтууд байгаа. Энэ нь янз бүр байх боломжтой. Заавал энэ газраас авах шаардлагатай эсэх нь нотлогдоогүй гэж үзэж байна. Хоёрдугаарт, энэ эмчилгээ нь гэмтлийн улмаас зайлшгүй нөхөн сэргээгдэх хийгдэх үйлчилгээ байсан уу гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс энэ эмчилгээг бодитоор авч төлбөрөө төлөөд үр дүн нь гарсан тохиолдолд Иргэний хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх байдлаар шийдвэрлэх боломжтой гэсэн агуулгаар гомдол гаргасан. ...” гэв.
Хохирогч Э.М-ийн өмгөөлөгч Р.Чинбаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Шүүгдэгчийн гаргасан гомдолд нотлогдвол зохих байдлууд нотлогдоогүй гэсэн атлаа сүүлд нь намайг цагаатгаж өгнө үү гэхээр гомдол нь агуулгын хувьд нийцээгүй гомдол гаргасан байна. Шүүгдэгчид эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн асуудал байхгүй. Гэмт хэрэг хэн үйлдсэн, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хэзээ, хаана үйлдэгдсэн нь гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдсон. Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Хоёрдугаарт, эмчилгээний зардал буюу “С” арьс гоо заслын эмнэлгийн баримт дээр маргаж байна. Хохирлын баримтын хохирогч Э.М- гаргаж өгсөн. Гэхдээ хохирогч Э.М- үйлдээгүй, үүнийг эрх бүхий байгууллага буюу тусгай зөвшөөрөлтэй эмнэлгийн байгууллагаас “ийм эмчилгээг ийм өртгөөр хийнэ” гэсэн баримтыг гаргаж өгсөн. Энэ тарилга юм уу, үнийн дүн нийцэхгүй байна, өндөр үнэтэй тогтоогдсон байна гэдгийг бид шийдэх боломжгүй. Ийм хүсэлттэй байсан бол анхан шатны шүүхэд хүсэлтээ гаргаад асуулгаж, шийдвэрлүүлэх боломжтой байсан. Улсын яллагчийн зүгээс нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан боловч ажил хийж хохирол төлбөрөө барагдуулна гэсэн учраас анхан шатны шүүхээс түүнд хөнгөн ял шийтгэл оногдуулсан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлага хангасан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Э.М- тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбар байхгүй...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Э.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хаягт хашаанд хохирогч Г.М- “дугуйн зам хааж юм барилаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар толгой хэсэгт гараараа цохих, хөл рүү нь өшиглөх, нүүр хэсэгт прүүс модоор чичиж цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Г.М ийн “...2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэртээ байж байх үед 20 цагийн орчим үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн манай гэр болох Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо 2-703 тоот хашааг дураараа давж орж ирээд улсаас үерийн хамгаалалт хийгээгүй байхад та нар хийдэг хэн бэ гэх мэт хэрүүл үүсгээд байсан тэд нарыг ирэхээс өмнө Шаргаморьтын гүүрнээс салаад дугуйн зам нь үерийн үеэр урссан тул би хааяа манайд ажил хийж тус болдог Рагчаагийн хамтаар тухайн замыг хүүхэд унаад бэртчих байх гээд өнөөдөр өдөр үерийн хаалт хийсний дагуу тэд нар бид нарын замыг хаалаа гээд уурлаад байсан. ...Орж ирсэн эмэгтэй баруун гараа миний толгой хэсэг рүү 2-3 удаа цохиод, намайг гэр лүүгээ зугтаахад араас баруун гуя болон бөгс хэсэг рүү өшиглөөд тэгээд би арай гэж гэр лүүгээ яваад орсон чинь араас гэр лүү орж ирээд дахин намайг цохиод үсдэж байгаад буцаж гараад манай хашаанд байсан хар 7*7-гийн прүүс мод авч гэрт орж ирээд миний хамар хэсэг рүү нэг удаа цохиход нь манараад хамраас цус гараад байхаар нь би доошоо тонгойгоод сууж байхад тухайн эмэгтэй намайг ална шүү би өглөө гэхэд чамайг алцан байна шүү гээд заналхийлээд хэрүүл хийгээд дахиж зодох гээд хөөгөөд байсан. ...Хамарт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий шархыг тэр үл таних эмэгтэй модоор цохиж учруулсан, бусад гэмтлүүдийг ч гэсэн тэр эмэгтэй гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр учруулсан. ...” /хх 08-09, 25-26/,
гэрч Б.Р-н “...2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн орой 20 цаг өнгөрч байхад үед би Сүхбаатар дүүргийн Шаргаморьтын зуслангийн наана голийн эргийн хажууд гүүр даваад байдаг хаягийг нь сайн мэдэхгүй нэг айлд амбаар барих ажилд ирсэн байсан. ...танихгүй эмэгтэй хүн гаднаас хашаанд орж ирээд миний ажиллаж байсан айлын М эгчтэй танайх тор татаж дугуйн зам хаагаад хашаагаа барьсан байна газрынхаа бичгийг үзүүл гэхэд М эгч жижигхэн байшингийнхаа үүдэнд зогсож байснаа тэр эмэгтэйд хандаад чи хүний газар дураараа орж ирлээ гэж хэлээд М эгч тэр танихгүй эмэгтэй хоёр маргалдаж эхлээд тэр хоёр үснээсээ хальт зулгаалцсан чинь цаанаас нь тэр танихгүй эмэгтэй нөхөр гэх залуу орж ирээд салгаад урдуур нь хориод зогссон чинь М эгч шүүр бариад чи яв манайд ингэж орж ирэхгүй чи яв чи гэхэд тэр танихгүй эмэгтэй нөхрийнхөө цаана зогсож байгаад газраас 5*7 см хэмжээтэй 2.3 метр орчим урттай прүүс мод авсан. ...Газраас авсан модныхоо үзүүрээр М эгчийн нүүрний дух хэсэг рүү нь түлхэх шиг болж таараад М эгч бид хоёр бүдэрч хойшоогоо жижиг орон дээр давхралдаж унасан. Тэгээд босоод ирсэн чинь М эгчийн духнаас нь цус гарсан байсан. ...Танихгүй эмэгтэй л модныхоо үзүүрээр М эгчийн нүүр лүү түлхэх шиг болсноос өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. ...М эгч бол эрүүл байсан ...” /хх 19-20/,
гэрч О.Г ын “...2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн орой 20 цагийн үед найз хүүхэн Мөнх-Уянгын хамт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шаргаморьтод хашаандаа саравчид “нийслэл” нэртэй 2.4 литрийн пиво задлаад ууж байхад манай 8 настай Баялаг гэдэг хүү маань дугуйн замаас ирээд “ээжээ муухай царайтай 3 хүн дугуйн зам хаасан та нар битгий энүүгээр тоглоод бай явцгаа, зайлцгаа” гэж хэлээд загнаад хөөсөн гэхээр нь би 00 орчхоод гараад ирсэн чинь М байхгүй цаана хэрүүл болоод байх шиг байхаар нь урд айл руу яваад очсон чинь М тэр айлын байшингийнх нь гадна харин нэг танихгүй хөгшин эгч байшин дотроосоо хаалга нь онгорхой тэр хоёр хэрэлдээд зогсож байсан. ...тэр хөгшин эгч М руу далайхад М газраас нэг прүүс мод авахаар би дундуур нь орж зогсоод тэр эгчийг байшингаас нь гаргахгүй хааж гараараа хашиж болиулаад Мөнх-Уянгыг бас гараараа хашиж болиулсан чинь тэнд нэг гадаа хашаа налаад сууж байсан согтуу танихгүй ах ирээд Мөнх-Уянгын барьж байсан прүүс модноос барьж аваад тэр танихгүй ах эгч хоёр хойшоо татаад байхаар нь М прүүс модоо алдаад тэр танихгүй ах, эгч хоёр мод татаж байсан эрчиндээ хойшоо модоо барьсан байдалтай савж унахдаа эрэгтэй нь газар шал руу унаад эмэгтэй нь орон дээр унаад унахдаа барьж байсан модондоо хамраа цохиод унасан. Босохдоо тэр эгч хамар нь цус болчихсон босож ирсэн....” /хх 14-15/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 8894 дугаартай “...Г.М ийн биед хамарт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдахгүй. ...” гэсэн дүгнэлт /хх 28-29/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...1 дэх бичлэгт Э.М- хаалганы гадна хэсэгт зогсож байгаа дүрс байх ба дуу чимээг юу гэж байгаа тодорхойгүй байв. ...2 дахь бичлэгт хаалганы гадна талд гэрч Э.М- нь баруун гартаа урт мод барьсан, гэрч О.Г хориглож байгаа байдалтай дүрс бичигдсэн байв. ...3 дахь бичлэгт мөн хаалганы гадна талд гэрч Э.М- баруун гартаа урт мод барьсан, гэрч О.Г нь гэрийн хаалга таглаж баруун хөл гэр дотор, зүүн хөл гэрийн гадна байрлалтай зогсож, гэрч О.Г модыг нурууны ардаа барьсан байдалтай байгаа дүрс байх бөгөөд гэрийн гадна байгаа гэрч Э.М- нь “Хардаа” гэж хэлж харин дотор бичлэг хийж байгаа эмэгтэй хүн буюу хохирогч М “Чи чи чи гэртээ очооч битгий хэрүүл хийгээд бай, чи яваач, энд хэрүүл хийгээд” гэх үгсийг хэлж байв. ...4 дэх бичлэгт дээрх бичлэгүүд дэх байрлал хэвэндээ хэн нь тодорхойгүй эрэгтэй хүн “энэ байшингийн явдаг энэ, манайхаас наашханаа” гэх...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-14/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Э.М- ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Э.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.М ийн хашаанд орж “дугуйн зам хааж юм барилаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогч Г.М ийг толгой хэсэгт нь гараараа цохих, хөл рүү нь өшиглөх, нүүр хэсэгт нь прүүс модоор чичиж цохих зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял шийтгэхдээ уг торгох ялыг 5-н сарын хугацаанд төлж барагдуулах талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул өөрчлөх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.М- “...11,691,000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж, намайг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлж, шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.М ийн хашаанд орж “дугуйн зам хааж юм барилаа” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тусгай мэдлэг бүхий шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд дээрх үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүгдэгч Э.М-н гаргасан давж заалдах гомдлын “цагаатгаж өгнө үү” гэсэн хэсгийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.
Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.М , гэрч Б.Р, гэрч О.Г нараас мэдүүлэг авахдаа үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй болохыг сануулж мэдүүлэг авсан, тэдний мэдүүлэг нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдсон байхаас гадна хохирогчийн биед учирсан гэмтэл, шүүгдэгчийн үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд хоорондоо агуулгын зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Харин, анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд үүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтаар үнэлж тогтоосон байхыг шаардана.
Тодруулбал, анхан шатны шүүх сэтгэл санааны хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлэн тооцож, 3,300,000 төгрөг, эмчилгээний төлбөрт 8,891,000 төгрөг, нийт 12,191,000 төгрөгийг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцож шүүгдэгч Э.М-ас гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэхдээ нотлох баримтуудад хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийгээгүйн улмаас тухайн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй, нотолгооны стандарт шаардлага зөрчигджээ.
Хэрэгт цугларсан хохирлын талаарх нотлох баримтуудыг судалж үзвэл, “УБ Сонгдо эмнэлэг”-ээс үйлчилгээ авсан 228,000 төгрөг /хх 33/, “Д” ХХК-иас эрүүл мэндийн үйлчилгээ авсан 150,000 төгрөг /хх 34/, “О” ХХК-иас авсан шатахууны үнэ 97,812 төгрөг /хх 34/, “Х” эмнэлгийн КТГ-ийн төлбөр 140,000 төгрөг /хх 91/, С мэс заслын эмнэлгийн төлбөрт үзлэгийн 100,000 төгрөг /хх 96/, “М” эмийн сангийн эмийн бүтээгдэхүүний 30,020 төгрөг /хх 150/, “М бадаан” эмийн сангийн 1,960 төгрөг /хх 150/, “А” трейдийн эмийн бүтээгдэхүүний 800 төгрөг /хх 151/, “А” эмийн сангийн 4,650 төгрөг /хх 151/, “О” эмнэлгийн үзлэгийн төлбөр 60,000 төгрөг /хх 151/, “О” эмнэлгийн нүдний дусаагуурын 15,000 төгрөг /хх 152/, “М” эмийн сангийн 1,650 төгрөг /хх 152/, “М” эмийн сангийн эмийн бүтээгдэхүүний 39,700 төгрөг /хх 152/, “О” эмнэлгийн LPI лазер /хоёр нүд/-ын төлбөр 240,000 төгрөг, ОСТ оношилгооны төлбөр 65,000 төгрөг /хх 153/, нийт 1,174,592 төгрөгийн нэхэмжлэл нь тухайн хэрэгт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангасан баримтууд байх бөгөөд шүүгдэгч Э.М- нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөр төлөх талаар завсарлага авч хохирогч Г.М т 500,000 төгрөг нөхөн төлсөн болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн хохирол төлбөрийн тухайд хийсэн дүгнэлт буруу байх тул нотлох баримтын шаардлага хангасан нийт 1,174,592 төгрөгөөс шүүгдэгчээс анхан шатны шүүх хуралдаанд төлсөн 500,000 төгрөгийг хасаж, шүүгдэгчээс Э.М-ас 674,592 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.М т олгосон өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.
Мөн, анхан шатны шүүх хохирогч Г.М т сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч Э.М-ас 3,300,000 төгрөгийн гаргуулж шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Учир нь, Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг болон мөн зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчилсан байна.
Тодруулбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явах эрхийн эсрэг), Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг), ...заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.
Дээр дурдсан хууль болон журмаар тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан тул хохирогч Г.М ийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад сэтгэцэд учирсан хор уршгийг хүлээн зөвшөөрсөн мөрдөгчийн танилцуулсан маягтаар /хх 39/ анхан шатны шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг 3,300,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэснийг хууль ёсны гэж үзэх боломжгүй болно.
Иймд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг дээр дурдсан хууль болон журамд заасны дагуу гүйцэтгэсний эцэст хохирлыг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
Түүнчлэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад шүүгдэгч Э.М-ас 217,820 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэхдээ баримталбал зохих хуулийг хэрэглээгүй байх тул зөвтгөх нь зүйтэй байна.
Учир нь, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэхээр нарийвчлан заасан болно.
Иймд, шийтгэх тогтоолд дээрх үндэслэлүүдээр зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, шүүгдэгч Э.М-н давж заалдсан гомдлоос “...11,691,000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэх агуулга бүхий хэсгийг хүлээн авч, шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/249 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Э.М-д оногдуулсан 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэж,
5 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.М-ас нийт 11,908,820 /арван нэгэн сая есөн зуун найман мянга найман зуун хорь/ төгрөгийг гаргуулж, 11,691,000 /арван нэгэн сая зургаан ерэн нэгэн мянга/ төгрөгийг хохирогч Г.М т, 217,820 /хоёр зуун арван долоон мянга найман зуун хорь/ төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт тус тус олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.М-ас 674,592 төгрөгийг гаргуулж хохирогч Г.М т олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-ас 217,820 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.” гэж,
6 дахь заалтын “Хохирогч Г.М нь цаашид шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон бусад хохирлын асуудлаар шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.” гэснийг “...Хохирогч Г.М нь сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой асуудлаа Иргэний журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг тайлбарласугай.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.М-н гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангасугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА